Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/001106

 

Ц.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/02068 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1270 дугаар магадлал,

Нэхэмжлэгч Ц.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Авто тээврийн үндэсний төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.8.21-ний өдрийн Б/414 тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул өмнө эрхэлж байсан Өмнөговь аймгийн Манлай сум дахь тээвэр зохицуулагчаар эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдахаас өмнөх хугацааны олгогдоогүй цалин болох 6, 7 саруудын болон 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалинг нөхөн олгуулж, мөн ажлаас халснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож, ажлаас халагдсаны тэтгэмжийн хамт гаргуулна. Би анх 2009 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр Авто замын газарт тус газрын харъяа мөн аймгийн Манлай сумын тээвэр зохицуулагчаар орж ажилласан. Ажиллах хугацаандаа 2013.01.01-ний өдрийг хүртэл Манлай суманд тээвэр зохицуулагчийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр ажиллаж, орлогын хувь болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж явж байгаад 2013.01.01-ний өдрөөс байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болж улмаар гэрээ болон Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр Авто замын газрын даргын 2014.01.23-ны өдрийн Бүтэц орон тоо батлах тухай А/01 тушаалын дагуу нэг сарын цалингийн хэмжээг төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ 4-5-д зааснаар буюу 407.917 төгрөг болгон цалинжуулж ажиллуулах болсон юм. Ийнхүү ажиллаж байх явцад Өмнөговь аймгийн Тээвэр Авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулах болсонтой холбоотойгоор намайг Өмнөговь аймгийн Тээвэр автозамын газрын даргын 2015.04.06-ны өдрийн Албан хаагчдыг шилжүүлэх тухай Б/04 тоот тушаалаар мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарт шилжүүлэн ажиллуулахаар болсон. Ямар нэг гэрээ байгуулсан талаар мэдэгдсэн зүйлгүй, мөн ирүүлсэн тушаал шийдвэр байхгүй боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэсээр байсан ба энэ хугацаанд 4, 5 дугаар саруудын цалин хэвийн байсан. Гэтэл 2015.6.22-нд 4, 5 дугаар сарын цалинг тушаал шийдвэргүйгээр. Үүнээс хойш 2015.7.16-ны өдрийн 130 албан бичгээр 2015.7.15-ны өдрөөр үнэт цаас, цалингийн орлогын тооцоог тасалбар болгон нягтлан бодогчтой тооцоо хийхийг болон цаашид гэрээ байгуулахгүй болсон талаар мэдэгдсэнийг миний бие 2015.7.22-ны өдөр хүлээн авсан. Намайг 2015.7.31-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг миний бие 2015.9.03-ны өдөр шуудангаас хүлээн авсан. 2015.9.07-ны өдрийн 199 тоот албан бичигт намайг байгууллагад өр төлбөртэй байсан талаар болон ёс суртахууны доголдолтой тул тээвэр зохицуулагчийн орон тоонд тэнцэхгүй гэж үзсэн талаар бичиж мөн Манлай сумын хэсэг иргэдээс гаргасан гэх өргөдлийг хавсарган ирүүлсэн байна боловч огт надтай холбоогүй байсан. Иймд 2015 онд хийгдсэн бичилтээр түүний цалинг 469.105 төгрөгөөр тооцож, 2015 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин 4.691.050 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж, 2.814.630 төгрөг, нийт 7.505.680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны Засгийн газрын 55 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн тээвэр, авто замын газар татан буугдаж тус аймгийн тээвэр, авто замын газрын тушаалаар шилжин ирсэн Манлай сумын тээвэр зохицуулагч юм. Тухайн ажлын байр нь орон тооны ажлын байр биш ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан болох нь тус аймгийн тээвэр, авто замын газрын даргын 2014.7.01-ний өдрийн А/19 дугаар тушаал болон хавсралтаар бүрэн тогтоогдож байгаа. Уг тушаалыг өмнө Ц.Оюундэлгэрийг энэ асуудлаар шүүхэд хандах үед Өмнөговь аймгийн архиваас олж авсан. Тус газрынхан Автотээврийн Үндэсний Төвт нэгтгэгдсэнээс хойш Ц.Оюундэлгэрийн үндсэн ажилтан эсвэл гэрээт ажилтны аль нь болох нь тодорхойгүй байснаас тухайн ажилтны цалин хөлсийг бодож олгох эрх зүйн байдлыг тодорхойлох боломжгүй болсон. Дан сургаар гэрээт ажилтан гэх боловч тэр талаарх баримт тус газарт ирээгүй болно. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал нь 2015.5.15-ны А/176 дугаар тушаалаар өмнөговь аймгийн автотээврийн төвийн бүтэц орон тоог баталсан. Энд тухайн аймгийн сумдад тээвэр зохицуулагч ажиллахаар орон тоо батлаагүй. Ц.Оюундэлгэр нь 2015 оны 4-8 сарын хугацаанд хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн тасалбар борлуулсны орлого нийт 871.366 төгрөг авто тээврийн төвд оруулсны 768.000 төгрөгийг цалин болгон өөрт нь олгосон. Тээвэр зохицуулагчийн ажил үүргийг тухайн хүн тээвэр зохицуулагчийн ажил үүргийг гүйцэтгэгдэггүй бөгөөд хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн тасалбар борлуулах ажлыг хийж ирсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан Ц.Оюундэлгэрийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/02068 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Ц.Оюундэлгэрийг Өмнөговь аймгийн Тээвэр, автозамын газрын Манлай сумын тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2.901.902 төгрөг, ажиллаж байсан хугацааны цалин 1.265.492 төгрөг, нийт 4.167.394 төгрөгийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Оюундэлгэрт олгож, ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмж, нийт 7.505.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.338.286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1270 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Тээвэр, авто замын Манлай сумын тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Авто тээврийн үндэсний  төв” ТӨҮГ-иас 3.698.289 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 3.807.391 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 81.623 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Ц.Оюундэлгэрийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Оюундэлгэр нь Өмнөговь аймгийн тээвэр авто замын газарт тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаад тус аймгийн автотээврийн төвд ажиллуулахаар шилжүүлсэн. Тухайн үед ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан гэх боловч тухайн гэрээг манай байгууллагад ирүүлээгүй, гэрээг нэхэмжлэгчээс нэхэж байсан ч огт гаргаж өгөөгүй. Шүүхэд авагдсан нотлох баримтанд Ц.Оюундэлгэрийг нь хамгийн сүүлд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулахаар тушаал гаргаж бүтэц баталсан байдаг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн маргаан гэж шийдвэрлэсэн. Мөн Ц.Оюундэлгэрт тус үйлдвэрийн газар нь өөрсдийн эрх хэмжээний хүрээнд 4-7, 8 сарын 21-ний өдрийг хүртэлх цалинг олгосон боловч олгоогүй гэж урьд ажиллаж байсан газарт авч байсан хөлсөөр тооцон нэхэмжилж түүгээр нь шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн хүнийг цаашид ажиллуулах боломжгүй хийж байсан ажил тухайн үед нотлогдоогүй тул хөдөлмөрийн хуулийн болсон тул хуулийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэн ажлаас нь чөлөөлсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2015.9.30-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээр 2015.12.21-ний өдөр шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлосон. Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдсээр байж нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан юм. Анхан шатны шүүх 2016.01.20-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авсан байдаг. 2015.12.21-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болохийг  нэхэмжлэгч мэдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйгээс нэхэмжлэлийг шүүх буцаасан. Гэвч нэхэмжлэгч нь 2016.01.20-ны дахин гаргасан байдаг нь иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байдаг. Иймд шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Оюундэлгэр нь Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт  /ТӨҮГ/ холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин болон нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.  

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлснийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандсан байна. 

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/414 дүгээр тушаалаар Ц.Оюундэлгэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрмийн 6.9.6, 6.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Төрийн өмчийн хорооны 2015 оны 174 дүгээр тогтоолын дагуу Ц.Оюундэлгэрийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тушаалаар Өмнөговь аймаг дахь салбарт шилжүүлэн ажиллуулахаар болсон үйл баримтын талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн ба шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-ийн шаардлагыг хангасан нь баримтаар нотлогдоогүй тул гомдлыг хангах боломжгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1270 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ