Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

иргэдийн төлөөлөгч З.Өлзийдарь,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч Э.Мөнхтулга, Ж.Нямдорж, Д.Доржпүрэв,

хохирогч Э.Нямдорж, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү,

хохирогч Ц.Эрдэнэбулганы өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1931 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Т, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхний лавлагаагаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 15/1 байр 28 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол М-5-3-5 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Г.Т нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 06-н хүртэлх хугацаанд давтан үйлдлээр буюу хохирогч Д.Доржпүрэв, Ж.Нямдорж, Ц.Эрдэнэбулган, Э.Мөнхтулга, Л.Бат-Эрдэнэ, С.Энхбат нарын 6 хохирогчоос нийт 198.480.000 төгрөгийн автомашин, холбоо дохиоллын болон цахилгааны материал, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн Г.Т нь мөрдөн байцаалтад сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Д.Доржпүрэв гэдэг хүнээс эхлэе. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн Ноёд констракшины Таравлин хотхоны Е, F блок дээр холбоо дохиолол болон цахилгааны дотор монтажны ажил хийж байсан. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр наадам болох гээд хүмүүсийн цалин мөнгө болон материалын мөнгө дутуу байсан. Тухайн үед Мөнхтулга цуг байсан. Өөрийн машин банк бус санхүүгийн байгууллага дээр байсан учир Лувсанчүлтэм гэдэг хүнд өгөөд мөнгийг нь авчихаач гэсэн саналыг гаргаж, бид 2 очиж уулзаад зөвшөөрүүлж машин өгөхөөр болсон. Тэр мөнгөнөөс Э.Мөнхтулга гэдэг хүний 6.800.000 гаруй төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллага дээрээс өөрийнх эзэмшлийн машиныг зээлээс чөлөөлсөн. Үлдсэн мөнгөөр хүмүүсийн цалин болон материалаа авж, наадмын өдрүүдээр ажлаа явуулж дуусгасан. Д.Доржпүрэв гэдэг хүнээс би нийт 3 машин авсан. Тэр машинаа ажилдаа зарцуулж байгаад мөнгийг нь өгье гэж хэлээд, 3 машины мөнгийг нь авсан. 4 дахь машинаа мөн адил тэгж хэлж авсан. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа мөнгийг өгнө, үлдэгдлийг сарын дараа өгнө гэж хэлсэн боловч 16-ны өдөр очоод энэ хүнд хугацаандаа өгөх боломжгүй болчихлоо гэсэн. Тэгээд бэлэн мөнгөний гэрээ байгуулъя гээд нотариатаар орж, бэлэн мөнгөний гэрээ хийсэн. Мөнхбаяр, Тамир, би, Лүвсанчүлтэм бид 4 очиж машиныг нь үзэж, учир байдлаа хэлж авсан. Toyota harrier маркын машин байсан. Машины мөнгийг өгч чадаагүй 2.000.000 төгрөг өгсөн. Ноёд констракшины Таравлин хотхоноос одоо хүртэл ажлын мөнгөө авч чадаагүй байна. Эрдэнэбулганы хувьд анх машинаа өөрөө үнэтэй зарчихмаар байна гэсэн санал тавьж байсан. Би машиныг чинь авахгүй, харин нотариатаар гэрээ байгуулчихвал хүмүүсд үзүүлж, харуулж байгаад мөнгийг нь өгье гэсэн. Тухайн үед Ноёд констракшины Е блокын сүүлийн ажлыг хийгээд ажлынхаа хөлсөнд 63.000.000 төгрөгийн Toyota Tundra  машин авсан. Энэ машинаараа өөрийнхөө ажлыг амжуулж байсан. Хятадуудын ажлыг амжуулчихвал зарж өгье гэж хэлж авсан. Тухайн үед Энхбатад өгөх мөнгөнөөс Эрдэнэбулганд өгч байсан. Эрдэнэбулган надад мөнгөний яаралтай хэрэг гараад байна, чи наад унаж яваа машинаа тавиад миний мөнгийг гаргаад өгөөч гэсэн. Бид нар 7-8 авто ломбардаар явж үзсэн. Тэр машин нь мостгүй учраас үнэд хүрэхгүй, байхаар нь би ломбарданд тавихгүй би өөрөө ажлаа амжуулна гэсэн. Тэгэхэд миний машиныг унаад ажлаа амжуул гэж хэлсэн. 14.000.000 төгрөгөөр авто ломбарданд тавьсан. Эрдэнэбулганд 8.000.000 төгрөгийг нь өгч явуулаад өөрийнх нь машиныг авч үлдсэн. Эрдэнэбулганы машиныг яагаад зарах болсон бэ? гэвэл Тамир гэдэг хүнээс машин авчихсан, мөнгө нь дутуу байсан. Тамир гэдэг хүн нэгэнт ажил чинь бүтчихсэн юм чинь наад машинаа зарчихаач, би хүнийг нь олсон гэсэн. Тэгээд Бямбажаргал гэдэг хүнийг дагуулж ирэхэд 1 удаа үзүүлчихээд энэ машиныг зарахгүй гэж хэлсэн. Дараа нь ятгасаар байгаад зарахаар болоод 2 хоногийн дараа зарсан. Эрдэнэбулганы ажил цаг хугацааны хувьд удах юм байна чи хүлээж чадах уу?, гэхэд өөрөө зөвшөөрч машинаа өгч явуулсан. Зарсан мөнгөнөөс 24.000.000 төгрөгийг Тамирт өгөөд, үлдсэн мөнгийг Г блокын ажил дээр хийж дуусч байсан. Нийт 4 гэрээний ажлыг хийж үлдэгдэл мөнгийг зарцуулж, сүүлийн ажлыг хийж дуусгасан. Нямдорж гэдэг хүнтэй Таравлин хотхон дээр ажилж байхдаа манай таньдаг ах танилцуулж өгсөн. Гаднах цахилгааны хувиарлах байгууламжийн болон ХТБ-ний тусгай зөвшөөрөл авхуулах зорилготойгоор таницсан. Энэ хүн зөвшөөрөл авч өгнө гэж 2.000.000 төгрөг авсан. 05 дугаар сард зуны дулаан үед ЦТБ баригдах байсан боловч зөвшөөрөл авч өгч чадахгүй байсаар байгаад, би өөр хүнд хандаж зөвшөөрөл гаргуулж авсан. Тэр хугацаанд танилцаж миний ямар ажил хийж байгааг мэдэж авсан. 12 дугаар сард ажлаа хийгээд явж байхад Нямдорж гэдэг хүн өөрөө над руу утасдаж, чи яг ямар ажил хөөцөлдөж байгаа вэ? надтай ирээд уулзаадахаач гэсэн. Танилцуулж өгсөн ах надад мөнгө зээлэх гээд явж байсан. Тэр нь бүтэхгүй байна би ажлаа хурдан гүйцэтгээд дуусгамаар байна гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр Toyota Harrier маркын машины холбогдолтой эрүү үүсгээд шалгагдаад явж байна. Төлбөрөө барагдуулахгүй бол хүнд байна гэсэн. Тэгэхэд ахад нь ийм машин байна чи үүнийг аваад тавьчих, хамгийн гол нь энэ машиныг 45.000.000 төгрөгөөр зарах хэрэгтэй байна гэсэн. Танилцуулж өгсөн ах чиний нэр дээр гайгүй машин байвал авто ломбарданд тавьж болох юм байна гэж хэлээд миний нэр дээр шилжүүлсэн. Тэр нь үнэд хүрэхгүй байсан болохоор нь та машинаа буцааж ав гэсэн. Өөрөө цуг явсаар байгаад Сайн нэртэй ломбарданд 12.000.000 төгрөгөөр тавьж тодорхой хэмжээний мөнгө энэ хүн өөрөө авсан. Чи өөрөө ажлаа амжуул би арын цагдаагийн асуудлыг чинь зохицуулъя Доржпүрэв гэдэг хүнтэй чинь би учраа олъё надтай уулзуулаад орхичих гэсэн. Тухайн үед Доржпүрэвын машиныг буцаагаад өгсөн байсан. Нямдорж гэдэг хүн энэ асуудлыг чинь зохицуулчихъя гэхээр нь буцааж, Harrier машиныг нь Лувсанчүлтэм гэдэг хүнд нь авч өгсөн. Бат-Энх, Энхбаттай ярилцаж тохиролцсоныхоо дагуу мөнгө төгрөгөө авсан, тэр хүмүүс ч гэсэн хамт байлцаж, миний хаана юу зарцуулсаныг сайн мэдэж байгаа.  RIVERSTONE дээр ажиллахад Наранлист компани Буян гэж захиралтай байсан. Ахаасаа ийм компани авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гээд байна манай нэрээр ажил олоод хийгээч гэсэн. Би Энхбаатар гэдэг инженертэй яриад  RIVERSTONE 2 төслийн менежер хийж байсан. Тэр хүнтэй ярьж би өөрөө очиж гэрээ байгуулсан. Намайг ямар компаний нэр дээр орох вэ? гэхэд нь Наранлист гэж хэлсэн. Энд би 100 хувь гэрээ байгуулж, өөрөө ажил хийж дуусгасан. Наранлист компаниас ямар ч оролцоо байхгүй байсан. Энэ ажлыг 100 хувь дуусгаж, улсын комиссд хүлээлгэж өгсөн актан дээр бүгд миний гарын үсэг, ажлын тайлан, санхүү гүйцэтгэлийн тайлан зэргийг би гаргаж өгдөг байсан. Би өөрийнхөө багийг бүрдүүлж ажилласан. Энэ 2 ажил дээр нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэрээ хийсний дагуу Наранлист компани руу гүйцэтгэлийн мөнгө нь шилжих ёстой. Дундаас нь эхлээд Наранлист компани зарагдсан байна гэдэг асуудлыг. S DIVILOPMENT компаний санхүү албанаас надад хэлэхээр нь санхүүжилтийг гаргаж болохгүй, би өөрөө 100 хувь хийж дуусгаад учраа олъё гэдэг байдлаар тохиролцож ажлаа дуусгасан. Өнгөрсөн оны 04 дүгээр сард компаниас авах 128.000.000 төгрөгийг Наранлист компани руу шилжүүлээд авчихсан байгаа. Намайг инженерийн хувьд ажилласан гэдэг байдлаар хоорондоо ярилцаж, надад мөнгө өгөөгүй. Буян захирал байх үед үлдэгдэл төлбөрийг бүрэн олгоно, барилгын баталгаат засварын хугацаа 3 жил байдаг. Женерал компанид хариуцах ёстой албан бичгүүдийг нь өгсөн боловч  S DIVILOPMENT компанийн зөвлөх шаардлага хангахгүй гэж миний мөнгийг гаргаж өгөөгүй. Энэ хүмүүсд хэлэлцэж тохиролцсоны дагуу мөнгөө авчихвал энэ хүмүүсийн өр төлбөрийг өгчих байсан юм” гэв,

Хохирогч Д.Доржпүрэв шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 07 дугаарын 10-ны өдөр Төгөлдөр над дээр ирээд та надад Harrier машинаа зээлээр өгөөч гэсэн. Манай эхнэр машингүй, би эхнэрийнхээ машиныг зарчихсан чинь хадмууд намайг дарамтлаад байна удахгүй таны мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би Төгөлдөрөөс мөнгөө авъя гэхэд одоо ажил бүтэх гэж байгаа гэж хэлээд уулзахгүй байж, байгаад 20-ны өдөр уулзахад миний машиныг Лувсанчүлтэмийн дүүд нь шилжүүлсэн байсан. Энэ юун хүн бэ? яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд би түр шилжүүлсэн, удахгүй авна гэж хэлсэн. Би удаахгүй таны мөнгийг өгнө гэж хэлээд, Ноёд консракшин болон Таравлин хотхоны гадаа эндээс мөнгө аваад гараад ирье гээд өдөрт 4-5 цаг хүлээлгээд алга болчихдог. Утсаар ярихаар худлаа яриад зугтаад байсан. Би 2010 оны 10 дугаар сард зочид буудлаас олж авсан. Би өөрөө банкинд өртэй чи миний мөнгийг өг гэж зөндөө хэлдэг байсан. Тэгээд алга болж байгаад уулзахдаа Tundra гэдэг машины гэрчилгээг үзүүлээд, таны машиныг буцаагаад өгье гэж хэлээд миний машиныг Лувсанчүлтэмээс авч өгчихөөд, миний нэр дээр шилжүүлэхгүй өдөржингөө дагуулж явсан. Нямдорж гэдэг хүний машиныг нэр дээрээ шилжүүлчихээд одоо таны машины мөнгийг гаргаж өгөх гээд байна. Та надад машинаа яаралтай өгөх хэрэгтэй байна гээд аваад явсан. Ингээд удаа дараа миний итгэлийг алдсан. Лувсанчүлтэм нь машинаа 16.000.000 төгрөгөөр зарсан юм уу гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Үнэхээр ингэж зарсан бол 10.000.000 төгрөгийг нь авч өгөөч. Таньд миний мөнгийг өгөх зорилго байна уу? үүнийгээ тайлбарлаач” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сайн ломбарданд өөрийн нэр дээрх машиныг 12.000.000 төгрөгийн зээл авч тавьж авсан. Зээл авахдаа Төгөлдөр нь хохирогч Ж.Нямдоржтой явж байсан. Зээл авж байгаа бичлэг нь хэргийн материалд байгаа. Энэ машиныг 2016 оны 10 сард битүүмжилсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад иргэний хуулийн дагуу Нямдорж, Төгөлдөр нарт мэдэгдэх хуудас явуулсан. Нямдорж  мэдэгдэх хуудсыг хүлээж авч, бид зээлийн мөнгийг төлж барагдуулна, та бүхэн түр хүлээгээч гэж 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагад хэлж мэдэгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний мөнгөн дүнг төлж барагдуулаагүй учраас барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах болно гэсэн хүсэлт гаргаж байгаа. Төгөлдөр нь Нямдоржийн эд хөрөнгийг залилан авсан нь гэмт хэргийн шинжтэй гэж харагдахгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Мөнхтулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний машин болох Land 80 маркын авто машиныг авч, надад 10 хоног хэрэглүүлээч гэсэн. ТЭЦ 3 дээр би өөрөө 09-10 цагийн хооронд машинаа аваачиж өгсөн. Тэгээд миний машиныг хааш нь яаж авч явсаныг мэдэхгүй байна. Лувсанчүлтэм гэдэг хүнд мөнгө байгааг мэдээгүй, энэ хүнийг ямар наймаа хийж, хэдэн төгрөг өгөлцөж, авсаныг би мэдэхгүй байна. Төгөлдөр мөнгө төгрөгнийхөө асуудлыг надаас байнга хол байлгадаг, би бас мөнгөнийх нь асуудалд оролцож байгаагүй. Би миний машиныг тавиад Анхбаярын машиныг гаргаад өгчих гэдэг санал тавиагүй. Би машинаа аваад хохирлоо барагдуулсан, учир одоо энэ асуудалд оролцмооргүй байна, надад ямар ч хохирол төлбөр байхгүй гэсэн саналыг тавьж байна” гэв.

Хохирогч Ж.Нямдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мятав гэж миний таньдаг залуу байдаг. 04 дүгээр сард ирээд Тул загас үржүүлгийн ажил эхлэх гээд надаас 1.000.000 зээлж авсан. Тэгээд би наадам өнгөрөөгөөд залгахад би жаахан асуудалтай байна, барилгын ажил хийж байгаа гэсэн. Надад 600.000 төгрөг өгчихөөд 400.000 төгрөгийг нь удахгүй өгнө гээд уулзаад явж байгаад, манай дүү барилгын гүйцэтгэлийн ажил хийж байгаа. Барилгын тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй байна гэсэн юм ярьсан. Би хүнээс асуугаад өгөх гэтэл мөнгөөр шийдэх асуудал байсан, тэгээд Төгөлдөрт би 5.000.000 төгрөг байхад бүтэх юм байна гэж хэлсэн. Надад 2.000.000 төгрөг байна гэсэн. Би тэр мөнгийг нь ярьж байсан хүмүүс нь хэлээд үлдсэн 3.000.000 төгрөгийг нь өгөхөөр яриад Төгөлдөрт хэлэхэд би өөр хүмүүстэй ярьсан байгаа гэж хэлсэн. Барилгын ажил хийхэд мөнгө дутаад байна. Мятав ахаас мөнгө гуйсан боловч болохгүй байна гэхээр нь надад 1 ийм машин байгаа гэж хэлсэн. Чи ажлаа амжуулчаад миний мөнгийг өгчих гэсэн. Тэгэхэд би Төгөлдөрт 5.000.000 өгчихсөн байсан. Тэгээд барилгын гүйцэтгэлийн ажлыг хийчихээд буцаагаад мөнгө өгнө гэж ярьсан байсан. Таравлин хотхоны хүмүүстэй очоод уулзахад Төгөлдөр манай дээр 40.000.000 гаруй төгрөгийн гэрээний ажилтай байгаа. Үүнийг хийж дуусгасны дараа мөнгийг нь өгнө гэсэн. Тэгэхээр нь би машиныг нэр дээр нь шилжүүлэх гэсэн боловч Болдбаатар Төгөлдөрийн нэр дээр шилжүүлж болохгүй юм байна гэсэн. Тэгээд энэ хүнтэй би өөрөө гэрээ байгуулаад 1 сарын дотор 2-3 хуваагаад өгөхөөр тохирсон байсан. Тэгээд машиныг шилжүүлж авсан. Энэ хийсэн гэрээнээсээ болоод 3 шатны шүүхээр ороод эхний шийдвэрүүд нь гараад явж байгаа. Би Болдбаатар гэдэг хүнд 45 сая төгрөгийг хүү алдагын хамт төлөхөөр шийдвэр гарсан. Би Төгөлдөрт итгээд машиныг нэр дээр нь шилжүүлсэн ломбарднаас 12 сая төгрөгийг авч, 2 сая төгрөгийг нь Доржпүрэвт өгсөн. Үлдсэн мөнгийг нь Төгөлдөр авч ажлдаа ашигласан” гэв.

Хохирогч Ц.Эрдэнэбулганы өмгөөлөгч Б.Төмөрбаатар шүүхэд хандаж хэлэхдээ: “Миний үйлчлүүлэгч Эрдэнэбулган нь Төгөлдөр гэдэг хүнд машинаа залилуулж хохирсон бөгөөд шүүх хохирлыг гаргуулж манай үйлчлүүлэгчид олгож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Доржпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны  07 дугаар сарын 10-ны өдөр Төгөлдөр гэх манай дүүгийн найз ирээд Тоеота Хариер маркийн автомашиныг 26 сая төгрөгөөр зээлээр авна гээд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 6 сая төгрөг өгнө үлдсэн мөнгийг нь 2015 оны 07 дугаар сарын 20-нд эхнэрийн зээл бүтэхээр өгнө гээд авсан. Уг машин хүрэн улаан өнгөтэй, 2005 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, Японд 130.000 км явсан, Монголд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн автомашин байсан юм. Машиныг Төгөлдөрийн нэр дээр шилжүүлээд явуулсан. 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр утсаар яриад "мөнгөө авмаар байна" гэхэд миний ажил бүтэж байгаа, таны мөнгийг удаахгүй өгнө гэж байсан. Төгөлдөр 2015 оны 07 дугаар сарын 20-нд мөн мөнгөө өгөөгүй юм. Таравлин хотхонд ажлын гүйцэтгэлийн мөнгө авахаар таны мөнгийг өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн, сүүлдээ Төгөлдөр бүр зугтаагаад утасаа авахгүй байсан, надаас авсан машинаа өөр хүнд шилжүүлсэн байсан. Миний машиныг Чүлтэмдорж гэх залууд шилжүүлсэн байсан. Төгөлдөр надаас урьд нь машин зээлээр аваад мөнгийг нь цувуулаад өгч байсан, Төгөлдөрийг сайн танихгүй. Төгөлдөртэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, гомдолтой байна. Машинаа авмаар байна...”  гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас,  хх12-13/,

Хохирогч Д Доржпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...миний машин Монгол Улсад яваагүй дөнгөж орж ирээд 4 хонож байсан, одоо номер аваад хуучраад зарим хэсгээрээ шүргэлцчихсэн байсан. Г.Төгөлдөр 2015 оны 11 сараас хойш оргоод алга болсон. Би Г.Төгөлдөрийг хайж байгаад зүүн замын "Вен Зөөв" гэдэг зочид буудлаас олж авахад 2-3 хоног намайг дагаж явж байгаад мөнгөө ав гэж хэлээд 3 хоногийн дараа мөнгөө өгөхгүй болохоор нь Лувсанчүлтэм рүү ярьхад 12 дугаар сард тэр хоёр машинаа надад авчирч өгсөн. 7 хоногийн дараа Төгөлдөр нэг тундра уначихсан, нэр дээрээ шилжүүлчихсэн байсан ба би энэ машиныг ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө, та наад машинаа Лувсанчүлтэмд өгчихөө эхнэр нь бөөн юм болоод мессеж бичээд байна гээд буцаагаад авч яваад нөгөөдөр нь Ж.Нямдорж гэдэг хүнээр 2 сая төгрөг надад өгүүлээд ор сураггүй алга болсон. Тэгээд одоо баригдаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх85-86/,

“...Би одоо өөрөө энэ хэрэгт хохирогчоор байцаагдана. Г.Төгөлдөр нь надаас машин аваад одоо 24.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. “...Ш.Төгөлдөр нь 2015 онд мөрдөн байцаалтанд шалгагдаж байх хугацаадаа оргон зугтаж 13 дугаар хороололд Хятадын зочид буудалд орогнож байхад нь миний таньдаг хүн зургаар нь таниад надад хэлж, би Г.Төгөлдөрийг байцаагчид мэдэгдэж олж өгч байсан. Үүндээ Г.Төгөлдөр нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зугтсан нь тогтоогдож цагдан хоригдсон...шүүх хуралд өөрийн биеэр сууна...” гэсэн мэдүүлэг. /3 дугаар хавтас, хх-183/,

Гэрч Э.Чүлтэмдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би хуучин машинаа зараад Тоёота хариер маркийн автомашин авах гэхэд мөнгө хүрээгүй. 2015 оны 05 дугаар сард өөрийн хамаатны ах Лувсанчүлтэмд 13 сая төгрөг бэлнээр зээлсэн. Тэгээд уг мөнгийг буцааж авах гээд асуухад Лувсанчүлтэм ах надад нэг он залуу Хариер маркийн автомашин байгаа мөнгө нэмээд авах уу гэхээр нь би 2015 оны 07 дугаар сард үзээд таалагдсан. Тэгэхэд ахын найз Төгөлдөр ирсэн юм. Би ах Лувсанчүлтэмд 6 сая төгрөг зээлээд, өөрийн сая төгрөгийг нэмээд 11 сая төгрөг Төгөлдөрт өгөөд нэрээ шилжүүлж авсан. Би ахаас авах ёстой байсан 13 сая төгрөгийг оролцуулаад авсан. Би Төгөлдөрийг ах Лувсанчүлтэмийн найз гэдгээр нь таньдаг. Мөн ажлын щугамаар мэддэг юм. “...Лувсанчүлтэм ах Төгөлдөр хоёр хоорондоо ямар наймаа хийсэн талаар мэдэхгүй. Би Лувсанчүлтэм ахаас мөнгөө авах хэрэг боллоо гэхэд "чи ийм машин авах уу" гэхээр нь би үзээд авсан юмаа. Миний авсан машин Тоёота Хариер маркийн, хосолсон Хайбрид хөдөлгүүртэй, улаан хүрэн өнгөтэй, 32-20 УНЭ улсын дугаартай, 2005 оны автомашин байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-14/,

Хохирогч Ж.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөр гэгчид найз Б.Болдбаатараасаа авсан Тоёота тундра маркийн автомашиныг өөрийн нэрээс Г.Төгөлдөрийн нэр рүү шилжүүлж төлбөр барагдуулах гэрээ хийгээд өгсөн юмаа. Өөрөөр хэлбэл 45 сая төгрөгөөр надаас худалдаж аваад мөнгийг нь 2016 оны 1 дүгээр сард багтааж 20.000.000 төгрөгөө өгөөд, үлдэгдэл 25.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард багтаан төлж дуусгахаар болсон юм. Тэгээд одоо ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, сүүлдээ миний утсыг авахгүй сураггүй алга болсон. Төгөлдөр энэ машиныг надаас худалдаж аваад төлбөр барагдуулах гэрээ хийгээд авсан ба тухайн үед бид нар хамт очиж ломбарданд тавьсан юмаа. Би найз Болдбаатараас шилжүүлж авсан миний нэр дээр байсан миний машин байсан юм. 2008 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2013 онд Монголд орж ирсэн 93-31 УНЯ улсын дугаартай Тоёота тундра маркийн автомашин байсан ба би энэ машинаа 45 сая төгрөгөөр үнэлнэ. хохирлын мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-84/,

Хохирогч Ц.Эрдэнэбулган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 03 дугаар сарын үеэр өөрийн найз Энхбатаар дамжуулан Төгөлдөртэй танилцсан юм. Энхбат тэр найз нь гээд байгаа Төгөлдөрөөс мөнгө авах ёстой байсан юм, тэгээд цугтаа уулзаж байгаад танилцсан юм. Тэгж байгаад би өөрийн унаж байсан Ланд круйзер 76 маркийн 2011 оны загварын 81-18 ӨМӨ гэсэн улсын дугаартай машинаа зарах санаатай гэдгээ хэлж байсан чинь 2015 оны 06 дугаар сард Төгөлдөр надтай уулзаад "би хятадуудтай нэг ажил хийж байгаа юм, тэр хятадууд машин авах гээд байна, би чиний машиныг зараад өгье гэхээр нь би тэг тэг мөнгөө шилжүүлчих гэсэн Төгөлдөр харин энэ хятадууд итгэхгүй байна чи машинаа над руу шилжүүлээд өгчих, би тэгээд нотриатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээгээ үзүүлж байгаад мөнгөө аваад чамд өгье гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж машинаа 65 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэгтэл мөнгө нь ирэхгүй байсан, машин надад байсан чинь хятадууд нь бэлнээр мөнгө авч ирэх гээд байна би машиныг чинь Эрээн хот руу унаад явчихаад ирье гээд аваад явсан, би шууд Өмнөговь аймаг руу яваад өгсөн юм. Тэрнээс хойш "мөнгө аваад Эрээн хотоос гарч байна" гэж яриад байснаа сүүлдээ дундын дансанд хийж байгаад мөнгөө өгнө гээд байна гэсэн тэгж байгаад алга болчихсон. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад наадмын үеэр над руу өөрөө холбогдоод "машин чинь надад миний нэр дээр байгаа асуудалгүй" гэхээр нь одоо машин хаана байна гэхэд Завхан аймгийн Ургамал суманд хятадууд унаад явж байгаа гэж хэлсэн. Мөнгө төгрөгөө яасан гэхэд "чи түр хүлээж бай, би бүтээж өгнө асуудалгүй" гэж хэлээд дахин алга болоод 2015 оны 08 дугаар сарын 05-наас 06-ны үеэр манай найз Энхбат Төгөлдөрийг хайсаар байгаад олоод над руу ярьсан. Тэгэхэд Төгөлдөр машин өнөөдөр Ургамал сумаас ирж байгаа гээд хүлээлгээд байсан. Орой болоод машин ирэхгүй байхаар нь манай найз Энхбат машин яасан байна гээд сураглаад байсан чинь миний машин аль хэдийн өөр хүнд зарагдаад, өөр улсын дугаартай болсоныг мэдсэн. Тэгээд Төгөлдөр өөрөө би чиний машиныг хүнд өгчихсөн юмаа асуудалгүй зохицуулаад өгнө гээд л дахин сураггүй алга болсон. Би машинаа 65 сая төгрөгөөр үнэлнэ. Би 2011 оны 11 дүгээр сард өөрийн машинаа "Бодь автоматив" ХХК-аас шинээр нь 93.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Машинаа л авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-153 дугаар хуудас/,

“...Би урьд олон удаа хохирогчоор байцаалт өгсөн, болсон асуудлыг дэлгэрэнгүйгээр ярьсан байгаа. “...Ланд круйзер-76 маркийн автомашиныг би 93.000.000 төгрөгөөр Бодь автомативаас худалдан авч байсан. Эдгээр материалууд хэрэгт хавсаргагдсан байгаа. Албан ёсны үнэлгээний комиссоор оруулж үнэлүүлээгүй байгаа, одоо тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэе. Би уг машинаа Төгөлдөрт 65.000.000 төгрөгөөр зарахаар гэрээ хийж нотриатаар батлуулсан, одоо би машинаа буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Зулзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Өмнө нь манай нөхөр Бямбажаргал Ланд круйзер 105 маркийн машинтай байж байгаад зарчихсан юм. Тэгээд худалдаа эрхэлж байгаад өвс хадлангийн тоног төхөөрөмжтэй байсан болохоор тариалангийн ажил хийхэд хөдөө гадаа явна гэж төлөвлөөд Ланд круйзер Прадо маркийн машин худалдаж авья гэж ярьж байгаад интернетээс зар хараад хайж байсан. 2015 оны 06 дугаар сарын сүүлчээр захын нэг ченж машин зарна гэж байна лээ гэхээр нь тэр утас руу залгаад нөхөртэйгээ 3, 4 дүгээр хороололд машиныг нь очиж үзэхэд нөхөр Бямбажаргалд таалагдаад авья гэсэн Тэр үед машины эзэн нь Төгөлдөр гэж 20 гаран насны туранхай залуу байсан. “...гайгүй машин байна гээд шууд авахаар тохирч 38.5 сая төгрөгөөр авсан санагдаж байна. Маргааш нь нотариатын газар худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө өгчихөөд шууд Авто тээврийн газар очоод шилжүүлэг хийлгэсэн. “...Төгөлдөр гэж залуу өөрийнхөө машин л гэж байсан, мэдээж өөрийнх нь нэр дээр байсан болохоор асуулт байхгүй байсан. Төгөлдөр уг машиныг анх хэлэхдээ 41 сая төгрөг гэж байсан боловч наймаа учраас ярилцаж байгаад 38.5 сая төгрөгөнд авсан...” гэсэн мэдүүлэг. 1 дүгээр хавтас, хх-154-155/,

Гэрч С.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Ц.Эрдэнэбулгантай 2011 оноос 2013 он хүртэл Удирдлагын академи сургуулийн магистрийн нэг ангид сурч байсан найзууд байгаа юмаа. 2011 оноос хойш бие биеэ мэднэ. Г.Төгөлдөрийг 2008 оноос эхэлж танина. “...2014 оны 11 дүгээр сард Төгөлдөр надад нэг ажил хийж байгаа түүнийхээ оронд байр авч байгаа намайг авах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үед байраа томруулах гэж байсан болохоор Төгөлдөрөөс 3 өрөө байр авахаар яриад 42 сая төгрөг өгсөн. Гэтэл Г.Төгөлдөр нь надад худлаа ярьсан болж таараад миний мөнгийг буцааж өгөхгүй байсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард найз Эрдэнэбулган төмөр замд байдаг 3 өрөө байраа зарна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Г.Төгөлдөртэй яриад би төмөр замд байр авахаар боллоо мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Тэр үед Төгөлдөр за мөнгийг чинь буцааж өгье түр хүлээж бай гэж хэлсэн. Би 2015 оны 4 сард Эрдэнэбулганаас байрыг нь 90 сая төгрөгт авахаар тохироод урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд Эрдэнэбулганы байрыг аваад 2015 оны 6 сард би амралтаараа Дорнод аймаг руу явахаар болоод Эрдэнэбулган, Төгөлдөр хоёрыг хооронд нь танилцуулаад Төгөлдөрийг надаас авсан мөнгөө Эрдэнэбулганд өгчихөөрэй гэж хэлээд явсан. 2015 оны 6 сарын эхээр намайг Дорнодод байхад Эрдэнэбулган над руу яриад "миний Ланд круйзер 76 маркийн автомашиныг Төгөлдөр зараад өгье гээд нэр дээрээ шилжүүлж авч яваад утсаа авахгүй болчихлоо гэж надад хэлсэн. “...2015 оны 7 сард Төгөлдөр, Эрдэнэбулган бид гурав хотод уулзаад Төгөлдөрөөс Эрдэнэбулганы машиныг яасан талаар асуухад "Завхан аймаг руу ажилд явуулчихсан" гээд худлаа яриад байсан. Эрдэнэбулган бид хоёр автомашиных нь арлын дугаараар Авто тээврийн газраар шүүлгүүлэхэд 14-88 гэсэн дугаартай болчихсон эзэмшигч нь 8800**** гэсэн дугаарын утастай хүн байна гэж хэлсэн. Уг дугаар руу утасдаж асуухад нэг ах би зар дээрээс уг машиныг олж 38.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Энэ явдлын дараа Төгөлдөр алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-175/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 06 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байнаа би машин авах гээд "Да хүрээ" зах дээр явж байтал "Ланд круйзер 76" маркийн хар саарал өнгийн машин зарна гэсэн нэг утасны дугаар байхаар нь тэр дугаар руу /дугаарыг нь санахгүй байна/ залгахад ...45 сая төгрөгт зарна хэрэв үзвэл хороололд 3, 4-т ирээд үз гэхээр нь би хороолол 3, 4-ийн модны 2-т байрладаг нэг байрны гадна очиход Төгөлдөр гэж өөрийгөө танилцуулсан залуу Ланд круйзер 76 маркийн хар саарал өнгийн автомашин үзүүлсэн. “...45 сая төгрөгт зарна гэхээр нь 38.7 сая төгрөгт авъя хэрвээ өгөхөөр бол яриарай гээд утасны дугаараа орхиод явсан. Маргааш нь тэр Төгөлдөр гэдэг залуу над руу яриад та 39 сая төгрөгт авчих гэхээр нь наймаа дундаа хийгээд 38.5 сая төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд Модны 2-ын хажуу талын нотриатаар орж гэрээ хийгээд банк орж мөнгө аваад 38.5 сая төгрөг өгч уг автомашиныг авсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-177/,  

Хохирогч Э Мөнхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөр гэх залууг анх 2007 онд байх Шинжлэх ухаан технологийн сургуульд сурдаг байхад нь найз нараараа дамжуулж анх танилцаж байсан. Үүнээс хойш би ерөнхийдөө Төгөлдөртэй холбоотой байж байгаад 2014 оны 04 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер стоун хотхоны барилга дээр цахилгаан монтажийн ажил хийж байхад нь би ажилтнаар хамт ажиллаж байсан. 2015 оны 05 дугаар сарын эхээр байх Төгөлдөр нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадаа ирж уулзаад "Би хятадаас хэдэн хүн авчирсан байгаа юм, 7 хоног хөдөөгүүр авч явах хэрэгтэй байна чи надад өөрийн машинаа 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч" гэж гуйсан. Ингээд гуйгаад байхаар нь маргааш нь би Яармагийн гүүрний орчим Төгөлдөртэй уулзаад өөрийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн саарал өнгөтэй 88-54 УБГ улсын дугаартай машинаа өгөөд явуулсан. Тэгээд 7 хоногийн хугацаа дууссан боловч Төгөлдөр нь миний машиныг авчирч өгөөгүй. Араас нь хүмүүсээс сураглаж байгаад “...100 айлын нэг хүнд 12 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэж сонсоод Төгөлдөрийг олж уулзаад миний машиныг авч өг гэсэн шаардлага тавихад удахгүй цахилгааны ажил дуусах гэж байгаа санхүүжилт ороод ирэхээр чиний машиныг авч өгнө" гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай уулзахгүй зугтаагаад яваад байсан. “...Энэ машиныг манай аав Эрдэнэбат надад анх бэлгэнд өгч байсан юм. Уг машин нь 1993 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2007 онд орж ирсэн машин юм. Миний машины зах зээлийн үнэлгээ нь 15 сая төгрөгийн үнэтэй миний нэр дээр байдаг машин юм. Одоо бол банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа, гэхдээ би тухайн зээлийн барьцаанд тавиад зээлээ төлж барагдуулсан одоохондоо нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас хх233-234/,

“...Төгөлдөр нь надад 10.980.000 төгрөгийг төлөх дутуу ба үүнийгээ Төгөлдөр өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаагч хохирлын нэгдсэн тооцоо гаргахад Төгөлдөр нь надтай хамт байлцаж байж дээрх хохирлыг миний хар дэвтрээс үзэж гаргасан, одоо дээрх мөнгөн дүнд ямар нэгэн маргаан зөрүү байхгүй. Эрдэнэчимэг нь надтай хамт нэг дэлгүүрт лангуу түрээслэдэг. Эрдэнэчимэг нь Төгөлдөрийг танихгүй. Төгөлдөр нь надаас өмнө нь 2-3 удаа бараа зээлээр болон бэлнээр аваад буцаагаад өгчихдөг байсан. Тэгээд дараа нь 2015 оны 2 дугаар сард зээлээр бараа авах гээд ирсэн. Би холбоо дохиоллын материал зардаг, Эрдэнэчимэг цахилгааны материал зардаг. Тэгээд Төгөлдөр тэр өдөр цахилгааны материал илүү ихээр авах байсан болохоор би Эрдэнэчимэгт энэ залуу найдвартай гэж хэлээд Эрдэнэчимэгээс 26.000.000 төгрөгийн бараа зээлээр авч өгсөн, надаас тэр өдөр 2.180.000 төгрөгийн бараа зээлээр аваад барьцаанд нь Ланд-80 маркийн машин тавиад явсан. Тэрнээс хойш Төгөлдөр нь Эрдэнэчимэгээс авсан барааны үнээс 17.200.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 8.800.000 төгрөгийг миний 2.180.000 төгрөгтэй хамт одоо болтол өгөөгүй, энэ хооронд барьцаанд тавьсан байсан Ланд-80 машиныг нь Хан-Уул дүүргийн Прокурорын газраас эзэнд нь буцааж өг гэсэн тогтоолыг гаргаж 2016 оны 05 дугаар сард уг машины эзэн гэх Э.Мөнхтулгад хүлээлгэж өгсөн. Эрдэнэчимэг энэ хэрэгт хэдий хохирогч ч гэсэн уг зээлсэн барааг нь би авч өгсөн болохоор би хариуцна. 2016 оноос хойш би Эрдэнэчимэгээс авсан 8.800.000 төгрөгөөс 4.400.000 төгрөгийг нь өгчихөөд байгаа. Дээрхи мөнгийг би бага багаар өгөөд байгаа, цаашид Эрдэнэчимэгийн мөнгийг би өөрөө төлж бүрэн барагдуулна тийм болохоор би Эрдэнэчимэгээс авсан 8.800.000 төгрөгийг би нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын Бумбат дэлгүүрийн 33 тоот лангууг ажиллуулдаг. Манай лангуу нь цахилгааны багаж төхөөрөмж зарж борлуулдаг юм. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр надтай адилхан цахилгааны бараа зардаг Бат-Эрдэнэ над руу яриад "би хүн явууллаа цахилгааны бараа зээлээр өгөөд явуулчих" гэсэн. Ингээд би нөгөө хүнтэй уулзаад ямар нэгэн барьцаагүй бараа өгч явуулахгүй, барьцаа өгсөн тохиолдолд бараа зээлээр өгч явуулж болно гэсэн. Ингээд Төгөлдөр гэх залуу надад Ланд 80 маркийн цагаан өнгөтэй машин авчирч өгөөд надаас 22 сая төгрөгийн цахилгааны тоног гөхөөрөмж аваад явсан, 7 хоногийн дараа надад 4 сая төгрөг авчирч өгсөн. Тэгээд дараа нь хуучин Ланд круйзер 80 маркийн машинаа зарах гэж байна та өгч байгаач гэсэн. Би Төгөлдөрт машинаа авах гэж байгаа бол оронд нь барьцаанд тавих юм авчирч өг гэсэн шаардлага тавьсан. Төгөлдөр нь ахиад өөр нэг Ланд 80 машин оронд нь тавиад нөгөө машинаа авъя гэж надтай утсаар ярьсан. Тухайн өдрөө Төгөлдөр...манай нөхрөөс өмнөх барьцаанд тавьсан байсан машинаа аваад, оронд нь өөр машин үлдээгээд явсан байсан. Төгөлдөр надад өгөх ёстой 22 сая төгрөгөөс цувуулж өгөөд одоо улдэгдэл нь 8 сая төгрөг болсон байгаа...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх-71/,

Хохирогч С.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Төгөлдөр урд нь намайг таньдаг. Бид 2 ажил хэргийн шугамаар 2013 онд танилцаж байсан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сараас эхэлж Төгөлдөр нь барилга дээр ажиллаж байгаа гээд барилгын ажлын гүйцэтгэл хийхэд мөнгө дутаад байна гээд надад байраа ашиглалтанд орохоор 3 өрөө байр өгье гэж хэлээд эхлээд 26.000.000 төгрөг, дараа нь манай эхнэрийн ажилладаг байсан "Тэргэл тэх ХХК"-наас 36.000.000 төгрөгийг манай эхнэр Мөнхцэцэг, бид хоёрын нэр дээр сарын 2%-ийн хүүтэйгээр 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлүүлж авсан. “...Ингээд Төгөлдөр нь надаас нийт 62.000.000 төгрөгийг зээлж аваад оронд нь барьж байгаа барилгаасаа 3 өрөө байрыг 110.000.000 төгрөгөнд бодож өгнө гэж хэлээд байр нь бүтэхгүй болохоор надаас зугтаагаад Тэргэл тэх ХХК-д 21.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо 41.000.000 төгрөгийг өгөх дутуу байгаа. Үүнийгээ Г.Төгөлдөрөөс авмаар байна гэсэн мэдүүлэг. /3 дутаар хавтас, хх-186/,

Хохирогч Д.Доржпүрэвийн мэдүүлэг /хх-13/, гэрч Э.Чүлтэмдоржийн мэдүүлэг /хх-14/, сэжигтэн Г.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-20/, ял шалгах хуудас /хх-22/, ажил гүйцэтгэх гэрээ /хх23-45/, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа /хх-53/, хамтран ажиллах гэрээ /хх54-56/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-70/, хохирогч Ж.Нямдоржийн мэдүүлэг /хх-84/, гэрч Л.Мөнхбаярын мэдүүлэг /хх-87/, яллагдагч Г.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-96/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-147/, хохирогч Ц.Эрдэнэбулганы мэдүүлэг /хх-153/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх-182/, хохирогч Э.Мөнхтулгын мэдүүлэг /хх-233/, иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-69/, иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-71/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-92/, хохирогч С.Энхбатын мэдүүлэг /хх128-129/, гэрч Г.Эрдэнэболдын мэдүүлэг /хх-130/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Төгөлдөрийг мөрдөн байцаалтанд сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 06-н хүртэлх хугацаанд давтан үйлдлээр буюу хохирогч Д.Доржпүрэв, Ж.Нямдорж, Ц.Эрдэнэбулган, Э.Мөнхтулга, Л.Бат-Эрдэнэ, С.Энхбат нарын 6 хохирогчоос нийт 198.480.000 төгрөгийн автомашин, холбоо дохиоллын болон цахилгааны материал, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч зарим үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Энхбатад барьж байгаа барилгаас байр авч өгнө гэж хуурч мэхлэх аргаар 62 сая төгрөгийг авч хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбат барилгын материалийн дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг Л.Бат-эрдэнээс холбоо дохиолол, барилгын цахилгааны материал зээлээр авна гэж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар авч 10.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сард Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний орчим хохирогч Э.Мөнхтулгын эзэмшлийн Ланд круйзэр-80 маркийн 88-54 УБГ улсын дугаартай автомашиныг 7 хоног унаад өгье гэж хуурч мэхлэн авч, бусдад барьцаанд тавьж 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Нямдоржийн Тоёота Тундра маркийн 93-31 улсын дугаартай автомашиныг 45 сая төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн өөрийн нэр дээр шилжүүлж аваад, ломбарданд тавьж 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэлд залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл иргэн С.Энхбат нь шүүгдэгч Г.Төгөлдөрийг барилгын ажил хийж байх явцад нь түүнтэй хамт явж барилгын материал болон ажилчдын цалин хөлс өгөх үед нь хамт байж барилгын ажил гүйцэтгэж байгааг мэдэж өөрөө хүсч мөнгө шүүгдэгч Г.Төгөлдөрт өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон,

Мөн иргэн Л.Бат-эрдэнэ нь шүүгдэгч Г.Төгөлдөрийг барилгын ажил хийж байх явцад нь түүнд барилгын материал болон бусад шаардлагатай зүйлсийг зээлээр өгөхөөр тохиролцон түүнд өгсөн болох нь өөрийнх нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон,

Мөн иргэн Э.Мөнхтулга, Ж.Нямдорж нар нь өөрсдийн эзэмшлийн автомашиныг өөрийн хүсэл зоригийн дагуу барьцаалан зээлдүүлэх газар буюу авто ломбардад тавьж, барьцааны мөнгөнөөс өөрсдөө авч ашиглаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул дээрх үйлдлүүдийг тус тус гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Дээрх үйлдлүүдийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг, Тайгын булаг авто ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Харин шүүгдэгч Г.Т нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эрдэнэбулганы эзэмшлийн 81-18 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер-76 маркийн автомашиныг Хядадуудад зарж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилж аваад, бусдад зарч 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Ц.Эрдэнэбулганы: “...Би 2015 оны 03 дугаар сарын үеэр өөрийн найз Энхбатаар дамжуулан Төгөлдөртэй танилцсан юм. …би өөрийн унаж байсан Ланд круйзер 76 маркийн 2011 оны загварын 81-18 ӨМӨ гэсэн улсын дугаартай машинаа зарах санаатай гэдгээ хэлж байсан чинь 2015 оны 06 дугаар сард Төгөлдөр надтай уулзаад "би хятадуудтай нэг ажил хийж байгаа юм, тэр хятадууд машин авах гээд байна, би чиний машиныг зараад өгье гэхээр нь би тэг тэг мөнгөө шилжүүлчих гэсэн Төгөлдөр харин энэ хятадууд итгэхгүй байна чи машинаа над руу шилжүүлээд өгчих, би тэгээд нотриатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээгээ үзүүлж байгаад мөнгөө аваад чамд өгье гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж машинаа 65 сая төгрөгөөр зарахаар болсон. … манай найз Энхбат машин яасан байна гээд сураглаад байсан чинь миний машин аль хэдийн өөр хүнд зарагдаад, өөр улсын дугаартай болсоныг мэдсэн. Тэгээд Төгөлдөр өөрөө би чиний машиныг хүнд өгчихсөн юмаа асуудалгүй зохицуулаад өгнө гээд л дахин сураггүй алга болсон” гэсэн мэдүүлгээр

-2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Да хүрээ зах дээр хохирогч Д.Доржпүрэвээс барилга бариулж байгаа, мөнгө орж ирэхээр нь өгнө гэж хуурч мэхлэх аргаар түүний зарж байсан Тоёота Хариер маркийн автомашиныг залилан мэхлэж авч 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Доржпүрэвийн: “...2015 оны  07 дугаар сарын 10-ны өдөр Төгөлдөр гэх манай дүүгийн найз ирээд Тоеота Хариер маркийн автомашиныг 26 сая төгрөгөөр зээлээр авна гээд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 6 сая төгрөг өгнө үлдсэн мөнгийг нь 2015 оны 07 дугаар сарын 20-нд эхнэрийн зээл бүтэхээр өгнө гээд авсан. …Таравлин хотхонд ажлын гүйцэтгэлийн мөнгө авахаар таны мөнгийг өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн, сүүлдээ Төгөлдөр бүр зугтаагаад утасаа авахгүй байсан, надаас авсан машинаа өөр хүнд шилжүүлсэн байсан. …Ж.Нямдорж гэдэг хүнээр 2 сая төгрөг надад өгүүлээд ор сураггүй алга болсон. Тэгээд одоо баригдаж байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн хэргийн ангилалд багтах бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Т-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Т-с гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох нийт 90.000.000 төгрөгийг гаргуулж үүнээс 66.000.000 төгрөгийг хохирогч Ц.Эрдэнэбулганд, 24.000.000 төгрөгийг хохирогч Д.Доржпүрэвт тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Т нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ланд Круйзер 76 маркийн 14-88 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, Toyota Harier маркийн 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Т-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Т-т оногдуулсан торгох ялыг өөрийн санал, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Т-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Прокуророос Г.Т-т холбогдуулж С.Энхбат, Ж.Нямдорж, Л.Бат-Эрдэнэ, Э.Мөнхтулга нарыг залилан мэхлэсэн гэх үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч Тайгын булаг ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Т-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Г.Т-н бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Т-г 10.000 нэгж буюу 10.000*1.000=10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Г.Т-т шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас, Г.Т-н урьд цагдан хоригдсон нийт 254 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 3.810 нэгж /1 хоног*15 нэгж=3.810/ буюу нийт 3.810.000 төгрөгийг, торгуулын ялаас хасч, Г.Т-н торгох ялыг 6.190.000 /зургаан сая нэг зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ланд Круйзер 76 маркийн 14-88 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, Toyota Harier маркийн 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгосугай.

  1. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Т-н ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Эрдэнэбулганд 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөг, хохирогч Д.Доржпүрэвт 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг тус тус олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Т-т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР           

 

                                         ШҮҮГЧИД                                   Б.АРИУНХИШИГ

 

                                                                                                Н.БААСАНБАТ