Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г******* /РД:*******/

Хариуцагч: дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б /РД:/ нарын хоорондын “...Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүрэг, , тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г******* нь “Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүрэг, , тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагаар маргаж байна.

2. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Б.Б нь шинээр газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжаар Б.Бт тус дүүргийн 24-р хороонд 411 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0 дугаар гэрчилгээ олгон, дүүргийн Газрын алба, Б******* овогтой Б нар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 011******* дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 15 жилийн хугацаатай байгуулсан,

3. Иргэн Г.Г*******ын тухайд, тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж дүүрэг, , ийн тоотод газрын гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан, түүнчлэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09/146 дугаар албан бичгээр иргэн Г.Г******* нь 2017 онд хүсэлт гаргаж байгаагүй, мөн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн,

4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01******* дугаар албан бичгээр иргэн Г.Г*******т 2022 онд л газар эзэмших хүсэлт гаргасан, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэх заалтыг зөрчсөн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мөн мэдэгдсэн байна. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Г******* нь тус газрын нэгж талбарын хил, заагийн газарт эргэлтийн цэгийг бэхжүүлж, кадастрын зураг гаргуулж, мөн холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж “газар эзэмших эрх олгуулах захиармж” гаргуулахаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт өгсөн.

Гэтэл Г.Г*******ын хүсэлтийг шийдвэрлээгүй 5 жил болсны дараа буюу 2022 онд иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан нь цаг хугацааны хувьд өмнө нь хүсэлт гаргасан миний эрх ашгийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулаад байна” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Г.Г******* нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар олгохыг хүссэн өргөдөл өгсөн. Энэхүү өргөдлийг Газар зохион байгуулалтын алба хүлээж авч 2008 онд хэрэгжиж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу өргөдөл гомдол хүлээж авсан тодорхойлолтыг Д******* гэх хүн үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурж өгсөн. Үүнээс үзэхэд газар эзэмшихийг хүссэн иргэн хууль болон захиргааны хэм хэмжээний актад заасан үүргээ биелүүлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсний үндсэнд шаардлага хангагдаж өргөдөл гомдол хүлээж авсан тодорхойлолтыг үйлдэж өгсөн. Гэтэл дүүргийн Засаг дарга болон газар зохион байгуулалтын албанаас хүсэлт шийдвэрлэж хариу өгөөгүй. Үүнээс шалтгаалж дахин дахин өргөдөл өгч тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өргөдөл өгч, газрын кадастрын зургийг хоёр удаа хийлгэж байсан.

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмнө өгсөн өргөдөл, хүсэлтүүдтэй холбогдуулж дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Засаг даргад гомдол гаргахад шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хариу ирүүлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хууль, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээр газар эзэмшихийг хүссэн өргөдөл, хүсэлтийг харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албан өгсөн. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.

Гол зүйл нь иргэн газар эзэмших өргөдөл өгч түүнийг хүлээн авч “өргөдөл гомдол хүлээж авсан тодорхойлолт” өгснийг Газар зохион байгуулалтын албанаас тайлбарлаж чадахгүй байна. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө”, 4.3 дахь хэсэгт “Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд бүрэн шаардлага хангасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамлын үйл ажиллагааг заасан”, 4.3.1 дэх хэсэгт Өргөдлийн маягт дээр холбогдох бичилтийг хийх, 4.3.2 Өргөдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Өргөдөл бүртгэх дэвтэр”-т бүртгэх ба өргөдөл бүртгэх өгөгдлийн сан байгаа тохиолдолд уг санд бүртгэх, 4.3.3 Газар эзэмших, ашиглах өргөдөл хүлээн авсан талаарх тодорхойлолтыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-ын дагуу бичих гэж тодорхой заасан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгана” гэж заасан. Хуульд заасан үүргүүдийг хариуцагч этгээд биелүүлээгүй. Гуравдагч этгээдэд газар олгохдоо хээрийн болон суурин судалгаа хийхгүй газар олгосон” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “... Иргэн Г.Г******* 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших өргөдөл өгсөн. 2017 онд өргөдөл өгсөн гэж байгаа боловч шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй. 2017 онд өгсөн засвартай баримтыг ямар замаар олж авсан нь тодорхойгүй. Иргэн Г.Г******* 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших өргөдөл өгсөн нь тогтоогдож байна.

 Гуравдагч этгээд Б.Б дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ тоот захирамжаар 411 м.кв газар эзэмшүүлсэн. Б.Б нь Г.Г******* хүсэлт гаргахаас өмнө 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан. Тиймээс Г.Г*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэдгийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны байгууллага өргөдөл, гомдлыг тодорхой хугацаанд хянан шийдвэрлэх үүрэгтэй. Өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг гомдол гаргах, дэд шатны байгууллагад хандах, Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гомдлын хариуг авах боломж нээлттэй байсан. 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А дугаартай захирамж хуульд нийцэн гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн үзлэг, хариуцагчийн хариу тайлбараар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх өргөдөл, гомдол хүлээж авсан бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн. Г.Г*******ын өргөдөл 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл хүлээж авсан баримт байна.

 Гуравдагч этгээд Б.Бийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших өргөдөл өгсөн. Хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож газар эзэмшиж байгааг хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Б.Б 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших хүсэлт өгсөн. Нотлох баримтаар гаргаж өгсөн тухайн газрын 2019 оны зурагт зөөврийн сууц, хуучин хашаа байсан.

Захиргааны хэргийн шүүхэд гаргасан Г.Г*******ын нэхэмжлэлд дүүргийн ийн , тоот хаягт байрлалтай газрын хаяг одоогоор хаягжаагүй, өөр айл амьдардаг. тоот хаягт хоёр айлын өрхийн бүртгэлийг тухайн хорооны Засаг дарга албан бичгээр нотлох баримтаар ирүүлсэн. тоот хаягт маргаан бүхийн газрын байршил биш гэдгийг нэмж хэлмээр байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч тал 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших өргөдөл өгсөн нь нотлогдохгүй байна. Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт нь эргэлзээ бүхий, засвартай учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

Эргэлтийн цэг, кадастрын зураг ялгаатай. Кадастрын зургийг Газар зохион байгуулалтын албанаас гаргадаг. Эргэлтийн цэгийг газрын кадастрыг хэмжих эрх бүхий мэргэжилтнүүд төлбөртэйгөөр эргэлтийн цэг тогтоодог. Нэхэмжлэгч Газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгөхдөө эргэлтийн цэг тогтоолгосон баримтыг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                 ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэг:  “...Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Нэхэмжлэгч Г.Г*******аас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Г.Г*******ын хүсэлтийг шийдвэрлээгүй 5 жил болсны дараа буюу 2022 онд уг газрыг иргэн Б.Бт олгосон нь хууль бус, би 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших өргөдөл өгснийг хариуцагч хүлээн авч “өргөдөл гомдол хүлээж авсан тодорхойлолт” өгсөн...” гэж тайлбарласныг хариуцагч “2017 онд өгсөн гэх өргөдөл нь албаны архивт байдаггүй,...Б.Б нь Г.Г******* хүсэлт гаргахаас өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан тул захирамж хуульд нийцсэн” гэж, гуравдагч этгээд “...Б.Бийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших өргөдлөө Г*******аас өмнө өгсөн...” гэж тайлбарлан маргаж байна.

1.2 Маргаан бүхий захиргааны акт болох дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/ дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус үндэслэн хүсэлт гаргасан иргэн Б.Бт дүүрэг, , эд зуслангийн зориулалтаар 411 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ..

1.3 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.

1.4 Хэрэгт цугларсан баримтууд, бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл гуравдагч этгээд Б.Б 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж, түүндээ кадастрын зураг, гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлснийг мэргэжилтэн Т.Э******* хүлээн авч өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын 01125-******* дугаарт бүртгэсэн, улмаар уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжаар дүүрэг, 24-р хороонд 411 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших 0 дугаар гэрчилгээ олгосноор 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 011******* дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг байгуулсан болох нь тогтоогдов.

1.5 Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”, 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар”, 32.2.2-д “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасантай нийцсэн, түүнчлэн хариуцагчийн шийдвэр мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана”, хуулийн 29.9-д “Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.  

1.6 Харин нэхэмжлэгч Г.Г*******ын тухайд, 2017 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр дүүргийн газрын албанд анх зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан гэж тайлбарлан, үүнийг нотлохоор тухайн өргөдлийг бүртгэлд бүртгэсний тодорхойлолт болох “Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 7 дугаар хавсралтын иргэнд өгөх хувь” гэх дүүргийн газрын албаны тамга дарагдсан, хүлээн авсан хүний гарын үсэг хэсэгт “Д*******” гэж гараар бичсэн баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.

1.7 Гэвч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу тайлбарт “Г.Г*******ын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдөл архивт байхгүй” гэж тайлбарлан маргаснаас гадна  тухайн баримтын 2017 он /2018 он/ гэж бичсэн сүүлийн цифр нь засвартай, аль онд хамаарах нь тодорхойгүй байсан тул шүүх эх баримтыг нь дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдлын 2017-2022 онуудын бүртгэлээс нэг бүрчлэн шүүж үзэхэд тухайн хүсэлт бүртгэлд авагдаагүй байсан болно.

1.8 Түүнчлэн уг үзлэгийн явцад нэхэмжлэгч Г.Г******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн газрын албанд хандаж “... дүүрэг, , ийн тоотод байрлалтай 448 м.кв газарт 2017 оноос хойш амьдарч байгаа тул Ганг овогтой Г******* надад зохих журмын дагуу гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан, гуравдагч этгээд Б нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан болох нь тус тус тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй.

1.9 Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д “Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ”, 29.8.1-д “өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор”, 29.8.2-д “энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор” гэж тус тус заасан.

1.10 Хуулийн, дээрхи заалтуудаас үзвэл хариуцагчаас маргаан бүхий газарт хамгийн түрүүлж, хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргасан иргэн Б.Бийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, түүнд маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд, хуулиар тогтоосон чиг үүрэгт нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Г.Г*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Г.Г*******аас гаргасан “...Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хоёр: “...Газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүрэг, , тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...“Г.Г*******ын хүсэлтийг шийдвэрлээгүй 5 жил болсны дараа буюу 2022 онд иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан нь цаг хугацааны хувьд өмнө нь хүсэлт гаргасан миний эрх ашгийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулаад байна” гэж тодорхойлсныг, хариуцагчаас “...гомдол гаргах, дээд шатны байгууллагад хандах боломжтой байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй” гэж, гуравдагч этгээдээс “...Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт гэх баримт нь эргэлзээ бүхий, засвартай учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж тус тус маргав.

            2.2 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Г******* нь нэхэмжлэлдээ “...2017 оны 01 дүгээр сарын 14, 2017 оны 10 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 20, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргасан” гэж, мөн “...2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр тус дүүргийн Газрын албанд, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Засаг даргад гомдол гаргасан” гэж дурдсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан гэх үйл баримтууд нь нотлогдоогүй ба нэхэмжлэгчээс энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй,  харин 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж шинээр газар эзэмших хүсэлт гаргасны хариуд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01******* дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг зөрчсөн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”-г мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.

            2.3 Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно, хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг захиргаа зөрчсөн, уг зөрчил нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн” гэж тайлбарласан.  

2.4 Гэвч нэхэмжлэгч Г.Г******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж шинээр газар эзэмших хүсэлт гаргах үед уг газрыг гуравдагч этгээд Б.Бт олгогдсон байсныг болон өөрийнхөө газар эзэмших хүсэлтийг албан ёсны бүртгэлд бүртгэгдээгүй болохыг мэдэж байсан атлаа энэ талаар гомдол хүсэлт гаргаагүй, шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

2.5 Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн газарт аливаа эзэмшил хууль ёсоор үүсээгүй байсныг харгалзан, хуульд заасан журмын дагуу ирүүлсэн өргөдөл, холбогдох баримтуудыг үндэслэн гуравдагч этгээд Б.Бт газар эзэмших эрх олгосныг захиргааны байгууллагын буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хариуцагчийг “хууль бус эс үйлдэхүй гаргасан, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн” гэх үндэслэлгүй.

2.6 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж  тус тус заасан,

2.7 Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан гэх хүсэлт хууль ёсоор бүртгэгдээгүй нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, энэ талаар хуульд заасан журмын дагуу маргаагүй 7 жил өнгөрсөн, тухайн баримт нь бичиглэлийн хувьд засвартай, өөр дэмжих баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлээгүй тул эдгээр үндэслэлүүдээр хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

            Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан “...Газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүрэг, , тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3-т хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Г*******аас гаргасан “...Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүрэг, , тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Н.ДУЛАМСҮРЭН