Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/664

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

хохирогч Э.А-,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.А-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.М-т холбогдох 2310 00000 0365 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн М-, 1983 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ... төвд сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... дугаар гудамжинд Э.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гар хөлөөрөө цохиж, өшиглөх байдлаар биед нь халдан зодож, биед нь дух, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар, зовхи, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-ийн М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.А- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой Б.М-т зодуулсны улмаас дух, хөмсөг, шанаандаа оёдол тавиулж, зөөлөн эдийн хөхрөл, няцралттай болж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. Одоогийн байдлаар олон тооны сорвитой, хоёр нүд том, жижиг болсон. Б.М- нь энэ хугацаанд миний хохирол, төлбөр болох “Infinite clinic” Арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэгт үзүүлж, хоёр удаагийн хагалгаагаар сэтэлгээ хийж, зовхи өргөх, сорви арилгах мэс засал хийхэд төлбөр болох 3 сая төгрөг, 1 өдөр ажлаас чөлөө авсан ажлын хөлс зэрэг хохирлыг барагдуулаагүй. Энэ хүнтэй шүүх хуралдаан болсноос 4 хоногийн дараа хохирлоо барагдуулах талаар уулзаж ярилцах гэж очтол “Явдаг газраараа яв лалар минь” гэж урдаас салаавч гаргаж, хэл амаар доромжилсон. Иймд энэ хүн хүний гоо сайхан, эрүүл мэндэд хохирол учруулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг ухамсарлаж, ойлгоогүй байна. Иймд би энэ хүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хөнгөн байна гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Шийтгэх тогтоол хууль ёсны шаардлага хангасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн дүгнэлт хийсэн тул хохирогч Э.А-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-т оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.А-гаас 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хохирогчоос гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.М- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.А-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохих, өшиглөн зодож, эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар, зовхи, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.А-гийн: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Н гэх танил хүнийдээ ууц чануулахаар очсон. Тухайн айлд сууж байхад М- гэх зүс таних залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу орж ирээд шууд намайг ална гараад ир гэхээр нь уур хүрсэн. Хашааны гадаа ирсэн чинь шууд машинаасаа нэг хатуу төмөр юм гаргаж ирээд баруун талын толгойны хэсэгт 1 удаа хүчтэй цохисон. Би шууд газар унасан, хөлөөрөө энд тэдгүй өшиглөж эхэлсэн. Тухайн үед би толгой руу хүчтэй цохиулсан учраас хаана, хэдэн удаа яаж цохиод байгааг мэдээгүй. ...” /хх 10/,

гэрч Ж.О-ын: “...Тэгээд гадаа хүмүүс маргалдаад байгаа шуугиан гарахаар нь гараад харахад манай нөхөр Б.М-, Э.А- нар газар унаад босож ирж байсан. Наана нь яваад очсон чинь манай хүүхэд М.Б нь аавыгаа салгаж байсан. ...Тухайн үедээ анх босож ирэхдээ Э.А-гийн баруун нүдний хэсэг орчмоос цус гарсан байсан. Би нөхрийгөө “Яагаад хүнийг цустай нь хутгаад хаячихсан байгаа юм” гэсэн чинь “Өөрөө эхэлсэн шүү дээ” гэж хэлсэн. ...” /хх 15-16/,

гэрч М.Б-ийн: “...Аав, Э.А- хоёр газар уначихсан ноцолдож байсан. Аав дээр нь гарчихсан харагдаж байхаар нь би гүйж очоод аавыг салгаад, дээш нь босгосон. Тэгэхэд Э.А- орилоод аавыг ална гээд янз бүрээр хэлсэн чинь аав уурлаад дайрахаар нь би болиулсан. Намайг анх харахад аав Э.А- гэх хүний толгой руу гараараа цохиж харагдсан. Тухайн үед Э.А-гийн баруун талын хөмсөгний хэсгээс цус гарсан харагдаж байсан. ...” /хх 18-19/,

шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн үед Н-ийн гэрт орсон. Тэгэхэд манай эхнэртэй хамт ажилладаг А гэх эмэгтэйн нөхөр болох Э.А- сууж байсан. Би гэрт нь ороод Э.А-тай мэнд мэдээд, гар барих гэсэн чинь над руу “Чам шиг гөлөгтэй гар барихгүй, алнаа чамайг” гэж хэлсэн. Тухайн үед Э.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би бас бага зэргийн согтолттой байсан. Над руу дайраад янз бүрээр хэлээд байхаар нь “Айлд хэрэлдэж маргалдаад яах вэ, гарч байгаад үзье” гэж хэлээд, гэрээс нь гараад хашааны гадна гарч ирсэн. Хашааны гадаа гарч ирээд бид хоёр хэсэг зодолдсон. Э.А-г газар унасан үед толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Араас манай хүүхэд, эхнэр гарч ирээд салгаж аваад бид нар гэтээ харьсан. Би тухайн өдөр Э.А-гийн биед гэмтлүүдийг учруулсан, яг яаж хэрхэн хаана нь цохиж зодсоноо сайн санахгүй байна. ...” /хх 39/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Э.А-гийн эрүүл мэндэд  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн дух, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар, зовхи, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2781 дүгээр дүгнэлт /хх 21-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.М-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон байна.

Хохирогч Э.А- олох ёстой байсан орлого буюу ажлаас чөлөө авсан нэг өдрийн цалин, “Infinite clinic” эмнэлэгт үзүүлж сорви арилгах буюу цаашид хийлгэх хагалгааны зардал 3.000.000 төгрөг нэхэмжилсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Хохирогчийн нэхэмжилсэн дээрх нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар буюу хохирогчоос гарсан зардал бус ирээдүйд гарах зардал байх ба анхан шатны шүүх дээрх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хохирогч Э.А-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ