| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2206 00773 1384 |
| Дугаар | 2023/ДШМ/701 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/701
Э.А-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Э.А-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1579 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нарын тус тусын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Э.А-, Б.Б- нарт холбогдох 2206 00773 1384 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.А-, Б.Б- нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 3 тоот орон сууцанд цахим орчин дахь http://backoffice.seven777.club/, http://backoffice.jamuh.club/, http://play.online777space/ нэртэй веб хуудсанд админ хэрэглэгчээр бүртгүүлэн мэдээллийн технологи ашиглан цахим тоглоом тоглуулах эрхийг авч, цахим орчинд иргэдээс арилжааны банкин дахь дансыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.А-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго нь ашиг олох зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Дээрх гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч ашиг олох зорилгоор үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тодорхойлох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдалд хамаарна. Нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний төрлийг сонгож хэрэглэдэг. ...Дээрх гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд үргэлжлэн үйлдэгдсэн, гэмт үйлдлийн улмаас олсон орлогын хэмжээ, уг орлогоосоо хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэх утга агуулга бүхий мэдээлэл бүхий нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дансны мэдээлэл зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэж олсон ашгийн хэмжээг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын явцад хийгээгүй байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдээгүй, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Э.А-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хэргийн хамт хүргүүлэхээр, Э.А-, Б.Б- нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт хяналт тавьсан прокуророос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Хаан банкин дахь Э.Б нэрээр эзэмшдэг 5555555555 дугаартай данс дахь 458.302,84 төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан. Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх данс болон тухайн дансанд хадгалагдаж буй мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн талаар шүүхээс шийдвэртээ дүгнээгүй орхигдуулсан, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус хуульчилжээ. Яллагдагч Э.А-, Б.Б- нар нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар отлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг прокурорт гаргасан. Прокуророос яллагдагч нараас гаргасан хүсэлтийг хүлэн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн дүгнэж, ялын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагч нар, тэдний өмгөөлөгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болно. Хэрэгт хяналт тавьсан прокуророос яллагдагч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх саналыг танилцуулаагүй болно. Өөрөөр хэлбэр яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. ... “ гэжээ.
Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Хаан банк дахь Э.Б нэрээр эзэмшдэг данс дахь 458.302,84 төгрөг нь гэмт хэргийн замаар олсон орлого болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Б.Б- мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөх үедээ тоглоом ажиллуулах зорилгоор компьютер 2 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, гар утас 5 ширхэг, үйл ажиллагаа явуулах байрны түрээс Орос улсаас авч, тоглоом ажиллуулах нөхцөлөө бүрдүүлсэн ба тоглоомоо ажиллуулаад олсон 20 сая төгрөгөө дээрх зээлээр авсан зүйлд төлж, үлдэгдэл болох ашиг орлог нь Э.Б нэрээр эзэмшдэг дансанд байгаа 458.302,84 төгрөг гэж мэдүүлсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад ашиг орлогыг тодорхойлох ямар ч боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Хаан банк дахь Э.Б нэрээр эзэмшдэг 5555555555 дугаартай данс дахь 458.302,84 мөнгө нь гэмт хэргийн замаар олсон орлого болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Б- нь мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөх үедээ “тоглоом ажиллуулах зорилгоор компьютер 2 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, гар утас 5 ширхэг, үйл ажиллагаа явуулах байрны түрээс, ОХУ-аас тоглоомын сайт 10.000.000 доллараар тус тус урьдчилан зээлээр авч, тоглоом ажиллуулах нөхцөлөө бүрдүүлсэн ба тоглоом ажиллуулаад олсон 20 сая төгрөгөө дээрх зээлээр авсан зүйлд төлж, үлдэгдэл болох ашиг орлого нь Э.Б нэрээр эзэмшдэг Хаан банкны 5555555555 дугаартай данс дахь 458.302,84 төгрөг юм” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад ашиг орлогыг тодорхойлох ямар ч боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.А-, Б.Б- нарын өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Хаан банк дахь Э.Б нэрээр эзэмшдэг 5555555555 дугаартай данс дахь 458.302,84 мөнгө нь гэмт хэргийн замаар олсон орлого болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Б.Б- нь мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөх үедээ “тоглоом ажиллуулах зорилгоор компьютер 2 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, гар утас 5 ширхэг, үйл ажиллагаа явуулах байрны түрээс, ОХУ-аас тоглоомын сайт 10.000.000 доллароор тус тус урьдчилан зээлээр авч, тоглоом ажиллуулах нөхцөлөө бүрдүүлсэн ба тоглоом ажиллуулаад олсон 20 сая төгрөгөө дээрх зээлээр авсан зүйлд төлж, үлдэгдэл болох ашиг орлого нь Э.Б нэрээр эзэмшдэг Хаан банкны 5555555555 дугаартай данс дахь 458.302,84 төгрөг юм” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад ашиг орлогыг тодорхойлох ямар ч боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Энэ хэрэг дээр маш олон тооны дансны гүйлгээнүүд хийгдсэн байдаг. Тухайн данснуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Энэ нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул гэмт хэргийн улмаас олсон ашиг заавал тийм байх ёстой гэх хуулийн шаардлага байхгүй. Битүүмжилсэн хөрөнгийг олсон ашиг гэж үзэж байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Э.А-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор эсэргүүцэл, шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Э.А-, Б.Б- нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр веб хуудаст админ хэрэглэгчээр бүртгүүлж, мэдээллийн технологи ашиглан цахим тоглоом тоглуулах эрхийг авч, цахим орчинд иргэдээс арилжааны банкин дахь дансыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх орон байранд үзлэг хийж, нэр бүхий этгээдүүдээс мэдүүлгүүд авсан, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсэд шинжилгээ хийлгэсэн, мөн нэр бүхий иргэдийн дансны хуулгыг эрх бүхий байгууллагаас гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээг тогтоогоогүй, нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой шийдвэр гаргахад болон үйл баримтыг тогтооход чиглэгдэн цугларсан хоорондоо шууд ба шууд бусаар харилцан холбоотой нотлох баримтуудыг тогтолцоог эрүүгийн хэргийн нотлох баримтын цогц байдал гэж тодорхойлдог бөгөөд тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг бүх талаас нь шаардлагатай бүх ажиллагаа явуулан шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсны эцэст нотлох баримтыг цогц байдал бүрэн хангагдсан гэж үзэж, шийдвэр гаргах учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, …гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогын хэмжээг нотлох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болно.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөгчийн магадлагаа гаргуулах, шаардлагатай бол шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэргээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тодорхойлох ажиллагааг хийх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг оногдуулах, хэрэглэх арга хэмжээний нэгдлийг ойлгодог бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээг бодитой тогтоох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлнө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээг тогтоох нь мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарч байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Б.Оюунцэцэгийн эсэргүүцэл, шүүгдэгч Э.А-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нарын тус тусын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1579 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурорын Б.Оюунцэцэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ