Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0866

 

 

  

 

     2024          11           *******                                   128/ШШ2024/0866

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******, Г.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгч Б.******* нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

          Хоёр: Маргааны үйл баримтын талаар:

          2.1.Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар “...Тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн гэрээний мэргэжилтэн ийн ******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчсөн тул удирдлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсугай” гэжээ.

          2.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн******* дугаар албан албан бичгээр хариу өгсөн.

          2.3.Б.*******ээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

          3.1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 

          “1.... Б.******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан гэх зөрчлийн тухайд:

          Нийслэлийн төр, захиргааны байр нь төрийн тусгай алба хаагчдын хяналтад байдаг тул согтуурсан эсхүл согтууруулах ундаа гаднаас авч орох ямар ч боломжгүй, аваад орлоо гэхэд түүнийг өдрийн цагаар зааланд нийтийн өмнө уугаад суух ямар ч нөхцөлгүй.

          Түүнчлэн тухайн үед цагдаагийн ахлах ахлагч Б. нь өрөөнд драйгертай байж байсан ба намайг согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн удирдлагын зүгээс үзэж байгаа бол уг драйгераар үлээлгэж, өөрсдийн зөвийг нотлох боломж байсан.

          Тэгэхээр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын зөвлөх инженерийг архи уусан хэмээн гүтгэж болохгүй шүү дээ гээд бухимдал төрөөд байж байтал ахлах нягтлан бодогч Г. юм хэлэхээр нь очтол гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгэхээр нь түргэн зангаасаа болоод бариад авсан тул уг маргааныг бол зөвшөөрнө. Гэхдээ хувь хүнийхээ хувьд маргааш нь түүнээс уучлал гуйсан болно.

          2.******* дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

          2.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-ыг эш татсан байх бөгөөд уг хэсэг нь “үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тогтоосон ерөнхий зохицуулалт” байна.

          2.2.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 /энэ хуульд заасан бусад үндэслэл/-ыг эш татсан байна. Тэгэхээр аль нэг хуульд заасан өөр үндэслэлийг тушаалд заавал эш татаж байж хууль хэрэглээний хувьд тухайн захиргааны акт нь үндэслэл бүхий болох ёстой.

          Мөн зүйлийн 48.1.4. /төрийн албанаас халах/-ийг хэрэглэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг хэрхэн зөрчсөн, албан үүргээ яаж биелүүлээгүй, зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан үзэх ёстой.

          2.3.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" 258 дугаар тогтоолыг эш татсан ч ямар үндэслэлээр уг тогтоолыг эх сурвалж болгож байгаа нь ойлгогдохгүй байна.

          2.4.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийг эш татсан ч аль заалтыг эш үндэс болгож байгаа нь тодорхойгүй байх тул үгүйсгэсэн тайлбар гаргах боломжгүй байна.

          Ер нь бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 06-ы өдрөөс үйлчилж эхэлсэн тул уг хуулийг хэрэглэх ёстой байсан.

          2.5.Газрын дүрмийн 7.1.4-т “дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сахиулах” талаарх Газрын даргын чиг үүргийг тогтоосон байна.

          2.6.        Байгууллагын дотоод журмын 3.2.11 /ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэх ...ийг цээрлэж/-ийг эш татсан байна.

          Согтууруулах ундаа хэрэглээгүй талаар урьд тайлбарласан.

          Мөн журмын 10.1-т “... ажлын байранд, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна/ гэснийг эш татсан байх бөгөөд ерөнхий зохицуулалт юм.

          2.7.“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу сахилгын зөрчлийг шалгах ажиллагааг явуулаагүй.

          3.Үйл баримтын тухайд:

          Тухайн өдөр Газрын даргын баталсан гэрээнүүдийг туслахаас нь 15 цагийн үед аваад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар батлуулахаар оруулж өгсөн. Гэтэл гэнэт л “согтууруулах ундаа хэрэглэсэн” байна гэсэн асуудал үүсэхэд нь хэрэглээгүй гэдгээ тайлбарласан. Тухайн үед хэрэглэсэн эсэхийг драйгераар тогтоох боломж захиргаанд байсан.

          Иймд үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл нь “ажлаа чөлөөтэй сонгох”, “цалин хөлс авах” тухай Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Дүрс бичлэгээс харахад драйгер барьсан цагдаагийн албан хаагч байгаа ч согтуурлын зэргийг шалгах оролдлого хийгээгүйг дурдаж байна.” гэжээ.

          3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.******* нь Нийслэлийн авто замын хөгжлийн газарт гэрээний мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдсан. Энэ тушаалын эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа юм. Ажлаас халах болсон үндэслэл нь ажлын цагаар архидан согтуурч ёс бус үг хэллэг хэрэглэж ажлын газрын хүмүүсийг доромжилсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан.

Б.******* нь тухайн үеийн процессыг хэлэхдээ Солонгос улсын өдөрлөг болж талбай дээр цагаан будааны архи авч уусан. Юу байдгийн сонирхож авч уусан. Нэг их уугаагүй. Градус нь 8 орчим байсан. Үүнийг уугаад орж ажлаа хийсэн. Гэтэл Ч. гэх зөвлөх инженерийг үлээлгээд сууж байхад нь уурлаад энэ хүн олон жил хийх юм аа хийсэн хүн архи уусан гэдгийг нь үлээлгээд суух эрх та нарт байхгүй гэж маргаан эхлээд тухайн үед огцом уураас болоод хүн заамдаж авсан. Ганц нэг эвгүй үг хэлэх нь хэлсэн гэж хэлдэг. Үүнээс биш архидан согтуураад гэрч нарын хэлж байгаа шиг зүйл болоогүй гэсэн байдлаар тайлбарласан.

Б.******* нь цагаан будааны архи ууж ёс зүйн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин цагаан будааны архи хэдэн шилийг уусан юм. Б.*******ийн согтолт нь хэр их байсан гэдгийг тогтоох ёстой байсан. Цагаан будааны архи амсаад согтохгүй байх гэж бодож байна. Мөн хамт уусан н.ыг уусан гэдгийг нотолж чадаагүй хэр нь яаж Б.*******ийг хэрхэн нотолж байгаа юм. Гэрчийн мэдүүлгээр 3 хүн уусан гэж мэдүүлдэг. Б.******* нь 10 гаруй жил Нийслэлийн замын хөгжлийн газарт ажилсан. Энэ хугацаанд байнга уусан гэдэг. Гэтэл байнга уулгаад байдаг нь ямар учиртай юм. Нийслэлийн замын хөгжлийн газарт байнгын архидан согтуурал болдог юм уу. Төрийн албан хаагчийн эрх тэгш зарчим хаана байна. 3 хүн хамт уусан байхад 1 хүнийг ажлаас чөлөөлөөд 1 хүний цалинг буруулаад үлдсэн 1 хүн ямар ч арга хэмжээ авахгүй байгаа үйлдэл нь шударга ёсны зарчим алдагдаж байна. Тиймээс Нийслэлийн замын хөгжлийн газрын 2023 оны ******* дүгээр тушаал үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Дөрөв: Хариуцагчийн тайлбар, татгалзал:

          4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

          “Тус асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дугаартай захирамжаар шүүх хуралд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 дахь удаагаа ирээгүй, нэхэмжлэгч өөрийн биеэр нэг ч удаа ирж байгаагүй тул шүүх нэхэмжлэлийг буцаасан. Дахин нэхэмжлэл гаргасан ч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалтад “төрийн албаны хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх”-ийг хориглоно” гэж заасан заалтын дагуу тус албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг хэрэгжихэд хүндрэлтэй байдал бий болгож, төрийн албаны үйл ажиллагаа хэвийн гүйцэтгэхэд саад учруулж байгааг харгалзан үзэхийг хүсье” гэжээ.

          4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Б.******* нь 3 шил макколи гэдэг архи ажлын байранд оруулж ирж уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг хуульд тайлбарласан байгаа. Ажлын байран дээр, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг зүйл заалт мөн байгаа. Мөн тухайн үеийн Б.*******ийн танхайрсан бичлэг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа. Тиймээс хууль зүйн үндэслэлтэй ёс зүйн хариуцлагын хүрээнд ажлаас чөлөөлсөн. Мөн өмнө нь Б.*******эд сануулах арга хэмжээ авч байсан болно.

Би Захиргаа, санхүү хэлтсийн даргаар 8 жил ажиллаж байна. Б.******* гэдэг хүнийг би олон удаа хамгаалсан. Ажлын байран дээр архи үнэртүүлж ирдэг. Ажлын цагаар гараад явдаг. Үүнийг би гэрчилнэ. Мөн Б.******* өөрөө ч хэлэх байх. Ажил хийдэггүй гэж хэлэхгүй. Ажлаа хийдэг. Гэхдээ архи их уудаг. 8 жил нэхэмжлэгчийг хамгаалсан. Сүүлдээ зодоон зохион хийж ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ажлын байран дээр өглөө архи үнэртүүлж ирдэг нь үнэн гэж хэлмээр байна.

Нийслэлийн замын хөгжлийн газрын хурал болоод велвет гэдэг архийг тогтоож чадаагүй. Харин цагаан будааны архи уусан гэх дүгнэлт гаргасан. Учир нь Ч., Б.******* нар цагаан будааны архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Олон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Ө.ыг велвет уусан гэдгийг гэрчүүд нотолж чадаагүй мөн гэрчийн мэдүүлэг зөрсөн тул арга хэмжээ аваагүй. Велвет хогийн савнаас гарсан гэдгийг гэрчүүд нотолдог. Харин хэзээ уусан гэдгийг тогтоож чадаагүй. Цагаан будааны архи уусан гэдгийг өөрсдөө нотолдог. Мөн манай байгууллагын хурал дээр ч танхайрсан бичлэгийг сонсгосон. Б.******* нь тухайн албан хаагчаас уучлалт гуйсан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.

          2.1.Нийслэлийн төр, захиргааны байр нь төрийн тусгай алба хаагчдын хяналтад байдаг тул согтуурсан эсхүл согтууруулах ундаа гаднаас авч орох ямар ч боломжгүй.

          2.2. Тухайн үед ажиллаж байсан цагдаагийн алба хаагч өрөөнд драйгертай байж байсан ба намайг согтууруулах ундаа хэрэглэснийг уг драйгераар үлээлгэж, нотлох боломж байсан.

          2.3. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг хэрхэн зөрчсөн, албан үүргээ яаж биелүүлээгүй, зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан үзэх ёстой.

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Б.******* нь 3 шил макколи гэдэг архи ажлын байранд оруулж ирж уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг хуульд тайлбарласан. ... Ажлын байран дээр, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг зүйл заалт байгаа. Мөн тухайн үеийн Б.*******ийн согтуугаар танхайрсан бичлэг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Тиймээс хууль зүйн үндэслэлтэй ёс зүйн хариуцлагын хүрээнд ажлаас чөлөөлсөн. Мөн өмнө нь Б.*******эд сануулах арга хэмжээ авч байсан.” гэж тайлбарлан маргадаг.

          4.Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар ...Тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчсөн тул удирдлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.  

          5.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн   3.1.4-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, ... олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ёс зүйн хэм хэмжээ батлах тухай 109 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/,

          6.Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн Авто замыг хөгжлийн газрын дотоод журмын 2.11.1-д “Хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцөлүүд”,  2.11.1.4-д “Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, ... хэрэглэсэн нь нотлогдсон...”, 3.2-д “ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, ... ажилд саад болон зан авир гаргах, үйлдэл хийхийг цээрлэж, ...”, 10-т “Сахилгын шийтгэл ногдуулах”, 10.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон заалтыг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... анх буюу давсан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны ухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж зохицуулжээ.

          7.2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1.1-д "согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг;” ойлгохоор заасанд Б.*******ийн хэрэглэсэн цагаан будааны архи хамаарч байна.

          8.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны , дугаар хамтарсан тушаалаар батлагдсан ”Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль ... илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заасан бөгөөд Б.*******ийн хэрэглэсэн согтууруулах ундааны спиртийн агууламжийг тогтоогоогүй боловч согтуугаар бусадтай маргалдаж, зүй бус авирлан байгууллагын дотоод журам зөрчсөн үйлдэл гаргасныг нотолсон аудио бичлэгийг хариуцагчаас ирүүлснийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад хариуцагчийн тайлбарт дурдсан үйлдэл нотлогдож байв.

          9.Түүнчлэн Нийслэлийн замын хөгжлийн газрын даргад ажилтнуудаас гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгүүдээр тус тус Б.******* ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа ууж, зүй бус авирласан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Мөн Нийслэлийн замын хөгжлийн газрын удирдлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн ******* дүгээр хурлаар Ч., Б.******* нарын ажлын байранд ёс зүйн зөрчил гаргасан архидан согтуурсан зөрчлийг хэлэлцэхэд Ч. “...тойрч суугаад архи уусан, ... дахиад хэзээ ч ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй” гэсэн тайлбарыг өгчээ.

          10.Дээр дурдсан үйл баримтаар нэхэмжлэгч Б.******* нь ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.”төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах;”-аар заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

          11.Түүнчлэн Б.******* нь Нийслэлийн замын хөгжлийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан байх тул төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоож, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тохирох сахилгын шийтгэлийг ногдуулахаар заасанд нийцсэн гэж үзлээ.   

          12.Иймд нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН