Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 16

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Б.Бахат,

шүүгдэгч Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Чойжоогийн Алтанцэцэг, Олхонууд овогт Соронзонмөнхийн Цэцэгмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003130074 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 24 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, зээ хүүгийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Бүснуурын 35 дугаар гудамж, 01 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нисэхийн 49 дүгээр гудамж, 02 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ДЕ68011504 дугаартай, Боржигон овогт Чойжоогийн Алтанцэцэг.

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Бүснуурын 35 дугаар гудамж, 01 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 40 дүгээр гудамж, 264 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ДЕ97082803 дугаатай, Олхонууд овогт Соронзонмөнхийн Цэцэгмаа.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.Алтанцэцэг нь 2017 оны 10 дугаар  сарын 29-ний өдөр 08 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын гудамж 5-413 тоотод С.Цэцэгмаатай бүлэглэн Б.Бахатыг зодож тархи доргилт, баруун бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

С.Цэцэгмаа нь 2017 оны 10 дугаар  сарын 29-ний өдөр 08 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын гудамж 5-413 тоотод С.Цэцэгмаатай бүлэглэн Б.Бахатыг зодож тархи доргилт, баруун бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь 2017 оны 10 дугаар  сарын 29-ний өдөр 08 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 5 дугаар гудамж, 413 тоотод хохирогч Б.Бахатыг нөхөр Б.Соронзонмөнхтэй хардсаны улмаас өөрийн үүрч явсан хүрэн өнгийн гар цүнхнээрээ нэг удаа цохиж, охин С.Цэцэгмаа нь гараараа 2 удаа алгадах зэргээр бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн өгсөн: “Нөхөр Соронзонмөнх бид хоёр 2017 оны 5 сараас 10 сарын хооронд төмрийн үйлдвэрт ажилласан. Манай нөхөр 2017 оны 6 дугаар сард машин худалдаж аваад ажлаа хийхээ болж, таксинд явсан. Гэрээс гараад 3-7 хоног ирээгүй. Надад охин С.Цэцэгмаа “6 сард аав надтай хамт явж байхдаа айлд 10 литр сүү хүргэж өгсөн. Тэр айлдаа очсон байх” гэж хэлсэн. Охин С.Цэцэгмаагаар тэр айлын хаягыг заалгаад тухайн өдөр ажлаасаа буугаад 08 цагийн үед хохирогчийн гэрт очиход хашаанд нь манай машин байсан. Урьд өдөр нь архи уусан бололтой, нөхөр Соронзонболд цээж нүцгэн айлын аяга таваг хураагаад зогсож байсан. Би нөхөр лүүгээ “чи надаас ичдэггүй юм бол ядаж хүүхдүүдээсээ ичээч” гээд уйлаад дайрахад нөхөр маань надад нэг ч үг хэлээгүй. Тэр үед хохирогч шалаа угаагаад сууж байснаа “би цагдаа байсан хүн, чамайг цагдаад хэлнэ шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрч хүрэн өнгийн гар цүнхнээрээ хохирогчийг цохьсон. Тэр үед нөхөр маань гэрээс гарч, машинаа асаагаад надаас зугтаасан. Би бухимдахдаа охин С.Цэцэгмааг дуудсан. Хохирогчийг цохьсон нь миний буруу” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэцэгмаагийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 цагийн үед ээж над руу ярихаар нь хохирогчийн гэр лүү такси барьж очсон. Гэрт ороход хохирогч, хоёр нялх хүүхдийн хамт байсан. Би аавдаа гомдохдоо хохирогчийг хоёр удаа алгадсан. Араас манай ах, эгч хоёр ирсэн. Өөр зодоон цохион болоогүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бахатын өгсөн: “Би шүүгдэгч нарыг танихгүй. Соронзонмөнхтэй такси бариад танилцсан. Надад Соронзонмөнхтэй гэр бүл болох бодол байгаагүй. Соронзонмөнх надад “эхнэр, хүүхэдгүй” гэж хэлсэн. Надаас шүүгдэгч нар уучлалт гуйгаагүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч С.Бүржидийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний бие ээжтэй ярихаар 08 цагийн үед залгахад уйлчихсан байхаар нь “юу болов” гэхэд “аав чинь нүцгэн айлд аягыг нь угаагаад, хоолны түмпүшикнийх нь дэргэд зогсож байна, намайг амьдаар минь доромжлолоо” гэхээр нь “за би яваад очъё хаана юм” гэхэд “Буян худалдааны төвийн ард” гэхээр нь хувцасаа өмсөөд такси бариад Буян-Налайх худалдааны төвийн ард очоод ээж рүү залгахад гараад ирсэн. Ингээд ээж намайг дагуулаад нэг айлд ороход Цэцэгмаа баруун орон дээр суусан хажууд нь 2 байна уу 3 сартай хүүхэд хэвтээд, нэг казак эмэгтэй зүүн талынхаа орон дээр суучихсан бүгдээрээ чимээгүй байсан ба ээж баруун талын орон дээр Цэцэгмаагийн хажууд очоод суухаар нь казак эмэгтэйд хандан “би таньд гар хүрэхгүй, та ах дүүсээ дууд” гэхэд “манай хүүхдүүд Турк улсад байдаг Налайхад хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл манай ээж бүл ах Цэрэндагва руу залгаад хаягийг нь өгөөд “хүрээд ир” гэхэд удалгүй Цэрэндагва ах гаднаас орж ирээд зуухны хажууд сандал тавиад суугаад юм ярих гэтэл нөгөө эмэгтэй чимээгүй суугаад байхаар нь “за явцгаая” гээд гараад явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32-33 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Соронзонмөнхийн өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр таксинд явлаа гээд өөрийн 38-58 УНӨ улсын дугаартай Т.Витз маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гараад Төв аймаг руу 2 хүн хүргэж өгчихөөд цаашаа Улаанбаатар хот Баянхошуунд ээж Хоролын гэрт очиж хоночихоод маргааш нь Налайх дүүрэгт өдөр 16 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ харилгүй шууд Бахатын гэрт очоод 40,000 төгрөг зээлээд тогны мөнгө тушаачихаад буцаад Бахатын гэрт очоод 2 шил 0,75 литрийн “Экс” гэх нэртэй архийг Бахат бид 2 хувааж уугаад нэлээн согтсон учраас машинаа хашаанд нь тавьчихаад гэрт нь хоносон бөгөөд өглөө эрт босоод аягыг нь арчиж байтал эхнэр Алтанцэцэг гаднаас орж ирээд “чи ингээд байж байдаг юм уу” гэж хэлээд над руу уурлаад байхаар нь гараад машинаа асаагаад гэр рүүгээ яваад өгсөн юм. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна ямар ч байсан эхнэр маань Бахатын гэрт үлдсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34-35 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №08шэ/571 дүгээр:

  1. “Б.Бахатын биед тархи доргилт, баруун бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 44 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 88, 99 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 90, 101 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо /хх-ийн 83, 100 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Б.Бахат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Чойжоогийн Алтанцэцэг, Олхонууд овогт Соронзонмөнхийн Цэцэгмаа нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Алтанцэцэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд, С.Цэцэгмааг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 сар хүртэл хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Бахат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ