Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/702

 

Х.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Х.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2211 01491 0429 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ийн Э, 2003 оны _ дугаар сарын _-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн _ дугаар хороо, _ дугаар гудамжны _ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн _ дугаар хороо, _ төвийн _ давхар, _ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:_/;

Х.Э нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Peace Mall” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Г”-т худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 1.560.000 төгрөгийн бараа материалыг зарж борлуулан хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Х.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Х-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Э-д сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-оос нийт 1.360.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Т-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүхээс надад 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би одоо 4 сартай нялх хүүхэдтэй бөгөөд байнга эмнэлгийн хяналтанд байдаг. Татдаг өвчтэй, мэдрэлийн эмчийн хяналтанд явдаг. Аавынх нь нэрээр овоглосон, ааваас нь тусдаа амьдардаг болохоор асарч хамгаалах хүн байхгүй. Эх маань 3 дугаар эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь маш муу байгаа. Одоо эхийгээ асарч байгаа болохоор хохирлыг төлж чадаагүй. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэх зорчих эрх хязгаарласан ялтай. Би Баянгол дүүрэгт түрээсийн байранд амьдардаг байсан. Одоо тэндээсээ гарсан байгаа. Иймд надад торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөн “хохирлыг төлөх боломжгүй, ажил төрөл хийдэггүй, хүүхдээ хардаг. Шүүх хуралдаан болохын өмнө ар гэрийнхэндээ мэдэгдсэн” гэж хэлдэг. Өнөөдөр мөн л энэ зүйлээ хэлж байна. Хохирлыг төлөх боломжгүй байдал нь харагддаг. Иймд анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч болохыг сайн тайлбарлаж өгсөн байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace Mall” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Г”-т худалдагчаар ажиллаж байхдаа 1.560.000 төгрөгийн барааг зарж борлуулан мөнгийг хувьдаа завшсан болох нь:

хохирогч Т.Т-ийн: “...Х.Э гэх охиныг өөрийн ажил болох “Peace Mall” их дэлгүүрийн “F” гэх дэлгүүрт ажилд авсан. …2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүр дээрээ очсон. …Х.Э-той хамт манай хуучин ажиллаж байсан хүүхэд Г.О нь тооллого хийхэд хүлээлгэж өгсөн гутлаас 7 ширхэг хос гутал дутсан. …” /хх 25/,

гэрч Г.О-ийн: “...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай захирал Т.Т залгаад “Peace Mall” дэлгүүрт ороод ирээж гээд дуудсан. …“Эдний лангууны гутлыг тоол” гээд би тооллого хийгээд үлдсэн. Тэгэхэд Х.Э “Эгчээ, би хэдэн гутал зараад мөнгийг нь өөртөө хэрэглээд дууссан байгаа, та захиралд битгий хэлээрэй” гэж хэлээд гуйгаад байсан. ...7 ширхэг гутал дутаж байсан. Х.Э өөрөө ч гэсэн “Тиймээ эгчээ, би яг 7 ширхэг гутал дутаасан байгаа, зараад мөнгийг нь идчихсэн” гэж хэлээд байсан. …” /хх 56/,

шүүгдэгч Х.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 7 дугаар сард гутлын дэлгүүрт ажилд орсон. Би тэр үед 3 сартай жирэмсэн байсан. Эмнэлэг, эм тарианы мөнгөгүй болоод ойр зуурын хэрэгцээнд 7 ширхэг гутал зарсан мөнгийг хэрэглэсэн. …” /хх 98/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-д 1.560.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /хх 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Х.Э-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Э-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Х.Э-ын “Г”-т худалдагчаар ажиллаж байх хугацаандаа гутлыг бусдад худалдан борлуулсан орлогыг өөрөө захиран зарцуулах эрхгүй атлаа 1.560.000 төгрөгийн үнэ бүхий 7 хос гутлыг худалдан борлуулж, олсон орлогыг өөрийн хувийн хэрэгцээндээ хууль бусаар зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.Э “...бага насны хүүхэдтэй, эмнэлгийн хяналтанд байдаг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих боломжгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тэрээр бага насны хүүхэдтэй, эмчийн хяналтанд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийсэн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж байна.

Иймд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Х.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж.

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ