Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00407

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 197/ШШ2025/00407

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******,*******, Боржигон овогт Цэндсүрэнгийн Ганчимэгийн гаргасан ,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,*******,,,,т холбогдох, зээлийн төлбөрт үндэслэлгүйгээр илүү төлсөн 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00878 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагч Г.Ганхүлэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт:

Ц.Ганчимэг нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд хариуцагч Г.Ганхүлэгээс 11 удаагийн гүйлгээгээр нийт 56.500.000 төгрөгийг 5 хоногийн 10 хувийн хүүтэйгээр, аман хэлцлийн үндсэн дээр зээлж авсан байдаг.

Ганчимэг нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 22 удаагийн гүйлгээгээр 69.000.000 төгрөгийг хариуцагчид буцаан төлсөн нь түүний дансны хуулга баримтаар тогтоогдоно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно" гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан, Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид "бүртгэл" гэх/-д бүртгэж, гэрчилгээ олгоно гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "Зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна гэж, мөн хуулийн 18 дугаар 18.6-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 22.1-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна гэж тус тус заажээ.

Хариуцагч Г.Ганхүлэг нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах талаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаагүй, албан ёсоор бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй байна. Өмнө дурдсан хуулиудын холбогдох заалтыг харвал зохигч нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөнгө зээлэх тухай зөвхөн амаар тохиролцсон учир хүүгүйгээр мөнгө зээлсэн гэж тооцогдоно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 56.500.000 төгрөг зээлж авснаас 69.000.000 төгрөгийг төлсөн, хуулийн холбогдох заалтыг үндэслэн тооцоолол хийвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 12.500.000 төгрөг илүү төлсөн тооцоо гарч байна. Хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байж асар өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, зээлийн төлбөрийг төлөхийн тулд нэхэмжлэгч нь өөрт байдаг хамаг эд хөрөнгөө зарж, бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж, эдийн засгийн хүнд байдалд орж хохироод байгаа учир хууль бусаар илүү төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

2. Хариуцагч Г.Ганхүлэгээс нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна, нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн надаас зээлж авсан зээлийн 56.500.000 төгрөг дүн, буцааж төлсөн 69.000.000 төгрөгийн дүн тус тус таарч байна. Ганчимэг нь хүнсний дэлгүүрийн лангуу ажиллуулдаг, бараа эргэлтээ сайжруулах шаардлагатай байна гээд анх зээл хүссэн. Тухайн үед эхнэр бид хоёрын байрны урьдчилгаа төлбөрт хуримтлуулж байсан багахан хэмжээний мөнгө байсан учир эргэлтэд оруулж, эхнэрийн дансаар дамжуулан Ганчимэгт мөнгө зээлж байсан.

Г.Ганхүлэг би Ц.Ганчимэгт 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 9 удаагийн банкны гүйлгээгээр зээлийг эхнэрийн дансаар дамжуулж авсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Ганчимэгт шилжүүлсэн, зээлсэн бөгөөд данс руу шилжүүлсэн банкны гүйлгээг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.

Ц.Ганчимэг нь зээл авахдаа ...анх удаа зээл авч байгаа эгчийнхээ дэлгүүрийг түрээсэлдэг, бараа татах шаардлагатай, нөхөргүй, ганц бие ээж, хүүхэдтэй, хүүхэд нь цэцэрлэгийн насных гэж байсан тул миний хувьд ганц бие ээжийн зовлонг мэдэх учраас Ц.Ганчимэгт мөнгө зээлдүүлсэн. Энэ тухайгаа Ганчимэг өөрийн гараар бичсэн гэрээ байгуулж мөнгө зээлдүүлсэн.

Тухайн үед хамаатны эгчийнх нь дэлгүүр гэх Тулуга ХХК гэх хүнсний дэлгүүр дээр нь очиж нүдээр харж, зураг дарж бичгээр тохиролцож, нүдээр харж, зураг дарж тохиролцож байгаад бичгээр зээлийн гэрээ хийсэн. Ганчимэг нь олон удаа хоорондоо хийсэн гэрээг зөрчиж байсан бөгөөд зээлээ аваад зээлийн хоног болон гэрээгээ зөрчиж алданги хоногийн илүү хүүг нь төлөх болохоор хэд хоног хүлээгээд өгөөрэй гэж өдөр болгон холбоо барьж, залгахад хойшлуулдаг байсан.

2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк, вайбер хаягаас найзаасаа хасаж фейсбүүк дэх бүх зураг болон мэдээллүүдээ устгаж, мессенжер гар утасны дуудлага, зурваст хариу өгөхгүй, вайбер хариу өгөхгүй, ор сураггүй алга болсон учир би дэлгүүр дээр нь очиход хаалттай байсан учир түрээсэлсэн гэх хүнтэй нь холбогдоход Ганчимэгийг хамаатны хүн биш, манай дэлгүүрийг түрээслэхээ болиод 2 сар болох гэж байна гэж хэлсэн. Мөн Ц.Ганчимэгийн *******,*******, 14 дүгээр хороолол,*******, 707 тоот хаягт 4-5 удаа очоод уулзаж чадаагүй. Иймд ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад нь миний бие гомдолтой байгаа бөгөөд Ц.Ганчимэгт зээлсэн мөнгөө авч чадахгүй залилуулсандаа гомдолтой байна. Мөн Ц.Ганчимэгийг хайгаад олохгүй байсан учир би Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл бичиж өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс холбогдож иргэн Ц.Ганчимэгээс нэхэмжлэл гаргасан, ирж гардаж авах хэрэгтэй гэсэн. Ц.Ганчимэг бид хоёр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулж зээл олгосон байгаа. Бид хоёр хоорондоо тохиролцоогүй байсан бол би Ц.Ганчимэгийн данс руу мөнгө хийхгүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн талуудаас гаргасан хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь хариуцагч Г.Ганхүлэгт холбогдуулан зээл, тооцооны үүрэгт үндэслэлгүйгээр илүү төлсөн гэх 12.500.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 56.500.000 төгрөг зээлж аваад буцааж 69.000.000 төгрөг төлж, 12.500.000 төгрөгийг илүү төлсөн байна. Хариуцагч Г.Ганхүлэг нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, маш өндөр хүүтэйгээр буюу өдрийн 5-10 хувийн хүүтэй гэж хүү тогтоож, өндөр хүүтэй мөнгө зээлж, мөн Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хүү тооцож авсан тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 12.500.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаа дэмжиж байна хэмээн тайлбарлажээ.

2. Хариуцагч Б.Ганхүлэг нь ...нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн надаас зээлж авсан зээлийн 56.500.000 төгрөгийн дүн, буцааж төлсөн 69.000.000 төгрөгийн дүн тус тус таарч байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Ц.Ганчимэг нь анх хувиараа хүнсний бүтээгдэхүүний лангуу ажиллуулдаг, бараа эргэлтээ сайжруулахад шаардлагатай байна гээд зээл хүссэний дагуу, харилцан тохиролцож, тухай бүрд нь өөрөөр нь бичгээр хүсэлт гэрээ бичүүлэн зээлийн гэрээг бичгээр байгуулсны эцэст зээлийг дансанд нь шилжүүлдэг байсан. хэмээн тайлбарлаж маргасан байна.

3. Хэргийн талууд зээлсэн, зээлдүүлсэн мөнгөн дүн 56.500.000 төгрөг, буцаан төлөгдсөн мөнгө 69.000.000 төгрөг гэсэн үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй. Харин хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд ашиг олох зорилгоор богино хугацаатай өндөр хүүтэй зээл олгож, илүү мөнгө авсан гэх үйл баримтад маргасан байна.

4. Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан гэх зохигчоос хэрэгт гаргасан банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтаас нэхэмжлэгч Ц.Ганчимэг, хариуцагч Г.Ганхүлэг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тооц, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.

Тухайн нөхцөлд хариуцагч Г.Ганхүлэг нь хэд хэдэн удаагийн давтамжтай 5-10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй мөнгө зээлүүлэв гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгч Ц.Ганчимэгт мөнгөн хөрөнгө буюу зээлийг шилжүүлж байсан нь дансны хуулга баримтууд, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар баримтуудаар нотлогдсон бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүйгээр зээлдэгч зээлийг олгосон. гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Түүнчлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол улсын иргэн эрхэлж болно. гэж тус тус хуульчилсан бөгөөд хариуцагч нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэх байдлыг нотлох баримт хэрэгт үгүй байна.

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ганхүлэгээс ...Зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр илүү төлсөн 12.500.000 төгрөгийг буцаан гаргуулна гэх нэхэмжлэгч Г.Ганчимэгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ганхүлэгээс 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ганчимэгт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхүлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 274.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД