| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0025/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч Б.Чинзориг,
шүүгдэгч Б.Очнэмэх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нэмэхүүд овогт Батбаярын Очнэмэхэд холбогдох эрүүгийн 1707003220078 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 16 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УЕ86040612 дугаартай, Нэмэхүүд овогт Батбаярын Очнэмэх.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Очнэмэх нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байрлах “М Клуб” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Б.Чинзоригтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Очнэмэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Очнэмэх нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байрлах “М Клуб” бааранд хоёр найзын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн бүжгийн талбайд бүжиглэх явцдаа хохирогч Б.Чинзоригийг “түлхэж унагаалаа” гэх шалтгаанаар түүнийг баарны гадаа тамхи татаж байхад нь толгой тус газар гараараа цохиж биед зүүн хөмсгөнд сорив бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Очнэмэхийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хоёр найзтайгаа “М клуб” караокед орж архи уусан. Тэнд архи ууж нэлээн согтсон байсан. Тэгээд хохирогчтой хоорондоо шүргэлцсэн чинь намайг түлхэж унагаасан. Гадаа гараад хохирогчийг цохьсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлоо барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Чинзоригийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би гурван найзтайгаа караокед сууж байгаад “М клуб”-д орсон. Бүжгийн талбайд бүжиглэж байхад Очнэмэх түлхээд байхаар нь би хажуу тийшээ болчихсон чинь Очнэмэх хажуу тийшээ уначихсан. Тэгээд би гадаа гараад сууж байтал Очнэмэхийг гараад ирэхээр нь би “чи яагаад түлхээд байгаа юм бэ” гэсэн чинь намайг цохиод авсан. Манай эхнэр намайг авах гээд ирчихсэн байсан болохоор цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг Очнэмэх гараараа цохьсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Оюун-Эрдэний өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой манай нөхөр Чинзориг Налайх дүүргийн 2 дугаар хороо “М Клуб” бааранд байна гэхээр нь авах гээд очсон. Намайг очиход манай нөхөр бааран дотор хүмүүстэй маргалдсан шинжтэй байсан. Тэгээд манай нөхөр түрүүлээд гадагшаа гарсан ба би хойноос нь гараад ирэхэд “М Клуб” баарны эзэн эмэгтэй “танай нөхрийг хүн цохиод зугтаалаа” гэнгүүт нөхрөөсөө асуухад “надтай маргалдсан хүн намайг цохиод зугтаалаа” гэсэн. Тэгээд би тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан ба цагдаагийн ажилтнууд хүрч ирээд манай нөхрийн хөмсөг рүү цохиж биед нь гэмтэл учруулсан өндөр нуруутай эрэгтэй хүнийг аваад явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08шэ/28 дугаар:
/хх-ийн 15 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 24 дүгээр тал/
Эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа,
/хх-ийн 25 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 26 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Очнэмэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Очнэмэхийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Очнэмэхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Очнэмэх нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Б.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...зураг авахуулах гэж 160,000 төгрөг нэхэмжилсэн байснаа авчихсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэмэхүүд овогт Батбаярын Очнэмэхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Очнэмэхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Очнэмэхэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Очнэмэхэд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Очнэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Очнэмэхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ