Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/721

 

Г.Г-, М.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/699 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдгээрт холбогдох 2108 02957 0288 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн М-ын Б-, 1987 оны _ дүгээр сарын _-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Г” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн _ дугаар хороо, _ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _ дугаар байрны _ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:_ /;
  2. Б овгийн Г-ын Г-, 1988 оны _ дугаар сарын _-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Баянгол дүүргийн _ дугаар хороо, _ дугаар хороолол, _ гудамж, _ дугаар байрны _ тоотод оршин суух, /РД:_ /,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

  1. Г.Г- нь:
    1. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 13-19 тоотоос Б.О-ийн эзэмшлийн “Samsung” загварын 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    2. 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро худалдааны төвийн автобусны буудал дээр М.Я-ыг “мөнгийг чинь тоолоод өгье” гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
    3. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны хойд талын авто зогсоол дээр П.Б-ийн эзэмшлийн “Samsung” А42 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 360.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
    4. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хос Жүрж хотхоны _ байрны _ дүгээр давхарт байрлуулсан байсан Г.Ч-ийн эзэмшлийн “Merida” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    5. 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Emerald” хотхоны _ дугаар байрны _ дугаар давхарт байрлуулсан байсан М.А-ий эзэмшлийн “XDS” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 858.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    6. 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Emerald” хотхоны _ дугаар байрны _ дүгээр давхарт байрлуулсан байсан Д.Т-ын эзэмшлийн “Jama” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 704.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    7. 2022оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хос Жүрж хотхоны _ байрны гадна байрлуулсан байсан Б.Б-ийн эзэмшлийн “Btwin” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 983.488 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    8. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Дондогдулам резиденс хотхоны _ дугаар байрны гражид байрлуулсан байсан А.О-ийн эзэмшлийн “Maximus” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 408.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    9. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 44 дүгээр байрны 2 дугаар орцны 8 давхарт байрлуулсан байсан Б.Н-ын эзэмшлийн “Trek” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
    10. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хорооллын Хаан банкны замын урд талд явж байсан Б.Б-д түүний эзэмшлийн “Soul” загварын унадаг дугуйг “зам гаргаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
    11. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, _ дүгээр байрны гражид байрлуулсан байсан Б.Б-ын эзэмшлийн “Cannondale” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 692.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,
  2. М.Б- нь:

            2.1. 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Баянзүрх дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” дэлгүүрийн гадна талын зогсоол дээр Г.Г-оос “XDS” загварын унадаг дугуйг зах зээлийн үнээс хямдаар буюу 120.000 төгрөгөөр худалдаан авч,

            2.2. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номно” хотхоны гадна Г.Г-оос “Soul” загварын унадаг дугуйг зах зээлийн үнээс хямдаар буу 50.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-од 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 328 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 3 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч М.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас, шүүгдэгч Г.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 338 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 3 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаас тус тус хасаж тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ыг эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-оос нийт 4.855.488 /дөрвөн сая найман зуун тавин таван мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.О-т 350.000 төгрөг, хохирогч М.Я-д 700.000 төгрөг, хохирогч П.Б-т 360.000 төгрөг, хохирогч Г.Ч-д 500.000 төгрөг, хохирогч Д.Т-т 704.000 төгрөг, хохирогч Б.Б-т 983.488 төгрөг, хохирогч А.О-д 408.000 төгрөг, хохирогч Б.Н-д 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Д-д 250.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор М.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдолдоо: “...Би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 3 дугаар сард нурууны хагалгаанд орсон учир эмнэлгийн хяналтад байдаг. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г ХХК-д ажилладаг бөгөөд байнгын хүргэлтийн ажлаар бүх дүүрэгт түгээлтээр явдаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, тэнсэн харгалзах ял оноож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдолдоо: “...Би хоригдох хугацаанд хийсэн хэргээ эргэцүүлэн бодож, гэмшиж, гэм буруу дээрээ маргахгүй, мэдүүлгээ үнэн зөвөөр өгч, үйлдлүүдээ сайн дураараа илчилж, хохирлоо төлж барагдуулж байгаа. Эхнэр маань савны хорт хавдрын улмаас нас барсан тул би 9 настай охин, 14 настай хүүгээ тэтгэж амьдардаг. Тиймээс хүүхдүүд болон 2 сарын өмнө түнхий булчирхайны хагалгаанд орсон эгчийгээ асрах эрмэлзлийг минь харгалзаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч М.Б- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй. Хувийн байдлын хувьд нурууны хагалгаанд саяхан орсон, эмнэлгийн хяналтад байнга байдаг. Баянзүрх дүүрэгт оршин суудаг боловч ажил нь Баянгол дүүрэгт байдаг учраас зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г-ийн хувьд өмчлөх эрхийн эсрэг нийт 11 удаагийн гэмт үйлдэлтэй, хохирол төлбөрөө нөхөн төлөөгүй, үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Б-ын хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон хорих ялыг тэнсэх боломжгүй. Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр М.Б-, Г.Г- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр хохирогч Б.О, насанд хүрээгүй хохирогч Г.Ч, хохирогч  М.А, Д.Т, Б.Батхуяг, А.О, Б.Н, Б.Б нарын “Samsung” загварын 32 инчийн LCD зурагт, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

мөн 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр хохирогч П.Б-ийн гар утас, хохирогч М.Я-аас 700.000 төгрөг, хохирогч Б.Б-аас унадаг дугуйг залилан авсан,

шүүгдэгч М.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 15, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Г-оос гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хоёр ширхэг унадаг дугуйг нийт 170.000 төгрөгөөр худалдан авсан, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

хохирогч Б.О-ийн мэдүүлэг /1хх 21-22/, хохирогч М.Я-ын мэдүүлэг /1хх 150-151/, хохирогч П.Б-ийн мэдүүлэг /1хх 203-204, 207/, насанд хүрээгүй хохирогч Г.Ч-ийн мэдүүлэг /2хх 7-8/, хохирогч М.А-ий мэдүүлэг /2хх 56-58, 60/, хохирогч Д.Т-ын мэдүүлэг /2хх 115-116, 119/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /2хх 144/, хохирогч А.О-тйнмэдүүлэг /2хх 196-197/, хохирогч Б.Н-ын мэдүүлэг /2хх 249-250, 3хх 3/, хохирогч Б.Б-ы мэдүүлэг /3хх 33-34/, хохирогч Б.Б-ын мэдүүлэг /3хх 95-96/, хохирогч М.А-ий мэдүүлэг /2хх 56-58, 60/, хохирогч Б.Б-ы мэдүүлэг /3хх 33-34/,

шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /1хх 123-124, 146-148, 3хх 146-148/, шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 153-160/,

шүүгдэгч М.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /3хх 244/,

иргэний нэхэмжлэгч Ч.Д-ын мэдүүлэг /3хх 104-105/, камерын бичлэг, сидинд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх 2-3, 164-166, 191, 238-244/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх 44-47, 184-189/, хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 41-42, 220-221, 2хх 17-18, 68-69, 2хх 122-123, 2хх 157-158, 204-205, 3хх 10-11, 36-37, 115-116/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд /1хх 84-86, 159-160, 225-226/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /3хх 42, 123-124/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Г-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч шүүгдэгч М.Б-ын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Г-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, прокуророос Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, дээрэмдэх гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжээр ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд хөрөнгө, түүний эрхийг хэрхэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан шинжээр ялгагддаг.

Шүүгдэгч Г.Г- нь хохирогч М.Я-аас мөнгийг нь авахдаа “Мөнгийг чинь тоолоод өгье” гэж, хохирогч П.Б-ээс гар утсыг нь авахдаа “Утсаар чинь яриад өгье” гэж, хохирогч Б.Б-аас унадаг дугуйг нь авахдаа “Зам гаргаад өгье” хэмээн итгэл төрүүлэн хуурч, эд зүйлийг нь буцаан өгөхгүйгээр гэсэн сэдэлтээр мөсөн өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх ба анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ.

Харин анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг ийнхүү хөнгөрүүлэн өөрчлөхдөө “...хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэх зарчмыг хангах үүднээс залилах гэмт хэргээр зүйлчлэхээр шийдвэрлэв. ...” хэмээн тодорхой бус, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байгааг энэхүү магадлалд буруутган дурдаж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ ийнхүү хуулийн хэм хэмжээг тодорхой тайлбарлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж буй тул цаашид анхаарах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тус тус тохирсон байх тул шүүгдэгч Г.Г-ийн гаргасан “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс гаргуулах талаар заасан.

Шүүгдэгч Г.Г-, М.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн нотлох баримтуудаар Г.Г- нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу 2 ширхэг унадаг дугуйг М.Б-од нийт 170.000 төгрөгөөр зарж, орлого олсон нь тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 170.000 төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г-оос гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүх нотлогдсон хэмжээгээр хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч М.Б-ын “Ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, хэргийн 2 дугаар хавтасны 211-213 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх “Г” ХХК-ийн тодорхойлолтоор  шүүгдэгч М.Б- нь тус компанид ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байгаагаас гадна тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээ нь хуульд заасан бага хэмжээний хохиролд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар болгон хөнгөрүүлж, тэрээр Баянзүрх дүүрэгт оршин суух бүртгэлтэй бөгөөд ажил эрхлэх боломжийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хүрээ хязгаарыг өргөтгөн, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б-ын гаргасан “Ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх байдлаар зохих өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/699 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...шүүгдэгч М.Б-од 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэснийг “...шүүгдэгч М.Б-од 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэж,

7 дахь заалтын “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас...” гэснийг “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас...” гэж,

8 дахь заалтын “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс...” гэснийг “...Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-оос 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Г-ийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ