Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 120/ШШ2024/0025

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28-ны өдөр                           Дугаар 120/ШШ2024/0025                                       сум

                                                                                                                   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “******* ******* ******* ******* *******” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Х.*******,

Гомдлын шаардлага: “Хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Ц. (цахимаар), хариуцагч Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “******* ******* ******* ******* *******” ХХК-иас “Хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Х.******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08-00-03/22 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт байрших “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар дэлгүүрт 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүнсний өндөг, өндөгний худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “мал эмнэлгийн гэрчилгээгүй өндөг борлуулсан” зөрчил гаргасан гэж үзэж “******* ******* ******* ******* *******” ХХК-д 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 3. Хяналтын Улсын байцаагч Х.******* 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан.

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр албан бичгээр хариу өгчээ.

Гомдол гаргагч “******* ******* ******* ******* *******” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан байна.

4. Гомдол гаргагч “******* ******* ******* ******* *******” ХХК шаардлагын үндэслэлдээ: “...Өмнөговь аймгийн сумын Мал эмнэлгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүнсний өндөгний худалдаа, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Улмаар дээрх байгууллагын 06 сарын 06-ны өдрийн 98 дугаартай бичгээр хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэхийг мэдэгдсэн. Бидний зүгээс уг асуудлаар тодруулах үед “өндөг гарал үүслийн гэрчилгээгүй худалдан борлуулсан тул 3.000.000 төгрөгөөр торгоно” гэх тайлбар өгсөн. Мөн ямар зөрчил үйлдсэн, хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэж манай компанийг буруутгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, биднээс тайлбар аваагүй. Улмаар компанийн гүйцэтгэх захирлаасаа хууль ёсны төлөөлөгч томилсон итгэмжлэл гаргуулан ирээд торгуулиа гардаж ав гэсэн.

“******* Бизнес ******* ******* *******” ХХК-ийг хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал ажилтай Т. нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралттай, гадаад улс руу зорчсон тул холбоо барих боломжгүй, итгэмжлэл гаргуулан хуульд заасны дагуу компанийн төлөөлөх этгээд оролцох боломжгүй байгаа тухайгаа Улсын байцаагч Х.*******, Мал эмнэлгийн Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн зэрэг хүмүүс утсаар болон бичгээр мэдэгдсэн.

Гэтэл Өмнөговь аймгийн сумын Мал эмнэлгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101 тоот бичгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тогтоон 2024 оны 06 дугаар  сарын 19-ний дотор томилж ирүүлэхийг шаардаж 06 дугаар сарын 21-ний өдөр шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл Компанийн гүйцэтгэх захирал нь 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл амраад 21-ний өдөр ажилдаа орохыг мэдсээр байж хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн, дуудсан ирээгүй гэж хэлбэр төдий албан бичиг ирүүлж 06 дугаар сарын 21-ний өдөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2, мөн 1.13 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу холбогдогч нь тайлбар гаргах, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчил шалгах тодорхой ажиллагаа хийх зэрэг хүсэлтийг гаргах эрхтэй боловч дээрх эрхээр хангаагүй, шууд шийтгэл оногдуулсан нь хууль бус. Өөрөөр хэлбэл Улсын байцаагч Х.******* нь Зөрчлийг тогтоох, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болох “******* Бизнес ******* ******* *******” ХХК-иас тайлбар, тодруулга авах зэрэг үйл ажиллагаа явуулаагүй шууд торгууль оногдуулна гэсэн байр суурьтай байсан. “ ” ХХК-ийн малын эмчтэй Улсын байцаагч Х.******* холбогдсон улмаар худалдан борлуулж байсан өндөг нь “ ” ХХК-ийн өндөг болох нь, хэзээ үйлдвэрлэсэн зэрэг нь илэрхий тодорхой байхад гарал үүслийн гэрчилгээ шаардаж байгаа нь хууль бус.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсан бол шийтгэл оногдуулахаар тодорхой хуульчилсан. Дээрх зөрчил нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсан бол шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. Гэтэл “******* ******* ******* ******* *******” ХХК нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалах үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд манай компани худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулаг.

Иймд Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Х.*******ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

4.1 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Ц. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдаагүй. Тодруулбал Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын Улсын байцаагч  нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийсэн. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 242800382 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д  “эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” гэж заасан. Гэтэл 05 дугаар сарын 29-ний өдөр хяналт шалгалтаар зөрчил илрүүлээд ажлын 5 хоногийн дотор шийдвэр гаргаагүй. 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх ёстой байтал 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Үүнээс хойш 14 хоногийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн зөрчлийн хэргийн хугацааг 14 хоногоор сунгаж, зөрчлийг тогтоох нэмэлт ажиллагаа хийх боломжтой байсан. Гэтэл ямар нэгэн ажиллагаа явуулаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд холбогдогчийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа этгээдийг холбогдогч гэнэ, холбогдогч гэж зөвхөн хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. Гэтэл Өмнөговь аймгийн сум дахь ******* агуулах худалдааны төв нь хуулийн этгээд биш, хуулийн этгээдийн салбар гэдэг нь баримтуудаар нотлогдож байна.  Мөн тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал байна, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлнө.

Тухайн үед хариуцагчид манай компанийн гүйцэтгэх захирал Т. ээлжийн амралтаа аваад гадаад руу явчихсан учраас итгэмжлэл авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна гэдгээ удаа дараа хэлж, холбогдох нотлох баримтуудаа өгч байсан. Гэтэл “******* ******* ******* ******* *******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал эсвэл гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгогдсон хууль ёсны төлөөлөгчөөс ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй, оролцоог нь хангалгүй шууд 3.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Мөн дэлгүүрийн ажилтан Б.******* гэх хүнийг зөрчлийн хэргийн холбогдогчоор тогтоон дуудаж, тайлбар мэдүүлэг аван хэргийн материал танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Гарал үүслийн гэрчилгээ нь манай үндсэн салбар дээр байдаг. Улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээ нэхээд байсан учраас Улаанбаатар импорт агуулахаас Өмнөговь аймгийн салбар руу 500 өндөг ачигдсан гэх гарал үүслийн гэрчилгээг үзүүлэхэд танайх руу явсан өндөг гэж тогтоогдохгүй байна гэсэн. Тиймээс дахин “ ” ХХК-ийн малын эмчээс огноо дугаараар нь гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан. Нөхөж гаргаж байгаа биш зөвтгөж гаргаж байгаа явдал. Бид нар холбогдох мэдээллээ өгөөд “ ” ХХК-иас гарал үүслийн гэрчилгээ гарч байгаа. Үүнийг шалгаж тогтоох бүрэн боломжтой байхад ямар нэгэн байдлаар хяналт шалгалт хийхийг хүсээгүй, анхнаасаа торгууль оногдуулах байр суурьтай байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 08-00-03/22 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “******* ******* ******* ******* *******” ХХК-ний Өмнөговь аймаг дахь салбарт хүнсний өндөг, өндөгний худалдаа, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалт хийх явцад өндөг, өндгөн бүтээгдэхүүний гарал үүслийн мал эмнэлгийн гэрчилгээ, хөндлөнгийн лабораторийн сорилтын шинжилгээний бичиг, дотоод хяналт, шалгалтын бүртгэл, тэмдэглэл зэрэг бичиг баримт байхгүй зэрэг зөрчил илэрсэн. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох болон дотоод хяналт, шалгалтын бүртгэл, тэмдэглэл үйлдээгүй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1 .6-д заасан үүрэг, хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид магадлан шинжилгээний дүнгийн хуудасгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

“******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарыг  хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгах явцад тухайн байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шаардлагатай материалуудыг өгөөгүй. Иймд 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 2428000382 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн.

“******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын эрхлэгч Ц., менежер Б.******* нарт 2 удаа дуудан ирүүлж нотлох баримт бичгээр гарган, хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлэх талаар сумын тамгын газрын 102 тоот өрөөнд албан ёсоор мэдэгдсэн. Мөн удаа дараалан утсаар холбогдоход утасны дуудлага аваагүй тул сумын мал эмнэлгийн тархварзүйч Э.*******гийн хамтаар 2 удаа “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарт итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон, тайлбар авахаар очиход итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдож тайлбар өгөх эрх бүхий албан тушаалтан эзгүй гэсэн тайлбарыг заал зохион байгуулагч гэх ажилтан өгсөн.

Иймд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын ******* агуулах худалдааны нийлүүлэлтийн менежер Б.*******ийг 01 дугаартай дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг өгч хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох үндэслэлтэй байсан тул хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгчөөр томилон тайлбар мэдүүлгийг авч ажилласан.

Зөрчил шалгах явцад мал эмнэлгийн гэрчилгээг он, сар, өдрийг нь өөрчилж нөхөн гаргуулсан. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 55 минутад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг үүсгэсэн боловч хүчинтэй хугацааг урагшлуулан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болгон өөрчилж гаргуулсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мал эмнэлгийн гэрчилгээг гаргасан боловч тухайн өдөр өндөг худалдаанд гаран худалдаалж байсан нь тогтоогдсон. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний хамтаар тээвэрлэгдэж худалдаалах цэгт хүрдэг.

Гарал үүслийн гэрчилгээ цахимжаад, 2019 оноос хойш бид мөрдөөд явж байгаа. Гарал үүслийн гэрчилгээ хэзээ, хаанаас, хэдэн тоотой, ямар бүтээгдэхүүн ирж байгаа гэдэг нь цахимаар харагддаг. Үүний дагуу харахад “******* ******* ******* ******* *******” ХХК буюу Өмнөговь аймаг дахь салбарт гарал үүслийн гэрчилгээг огт авдаггүй байсан. Уг шалгалтаар энэ зөрчлийг илрүүлсэн.

Тухайн шалгалтаас хойш “******* ******* ******* ******* *******” ХХК гарал үүслийн гэрчилгээгээ аваад явж байгаа. Би тухайн үед шалгалтаар очихдоо дотоод хяналтын бүртгэл байна уу гэж асуусан. Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ эх хувиар, хуулийн этгээдийн  улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбарыг үзүүлж өгсөн. Зөрчлийн материалд бүгдийг нь хавсаргасан байгаа. Бусад асуудлаар маргах зүйл байхгүй.

Би уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчил илрүүлээд, хуулийн хугацаанд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

“******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зөрчлийн хэрэг (эх хувиар)-ийг шинжлэн судлаад, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

7. Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08-00-03/22 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар дэлгүүрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулжээ. Уг хяналт шалгалтаар “амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээгүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй” гэх зөрчил илрүүлэн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.

8. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор (Зөрчлийн хэрэг 1 дэх тал)  2428000382 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хяналтын Улсын байцаагч нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсаар “мал эмнэлгийн гэрчилгээгүй өндөг борлуулсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу “******* ******* ******* ******* *******” ХХК-д 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдлын шаардлагын үндэслэлдээ “...холбогдогч буюу хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй. Улмаар “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас итгэмжлэл олгогдоогүй байхад менежер Б.*******ийг холбогдогчоор тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль бус. Мөн хуульд заасан 5 хоногийн хугацааг хэтрүүлж зөрчлийн хэрэг үүсгэсэн нь хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж мэтгэлцэн маргаж буй нь үндэслэлтэй байна.

10. Хэрэгт авагдсан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (Зөрчлийн хэрэг эх хувь)-аас үзэхэд хяналтын Улсын байцаагч нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар дэлгүүрт худалдаж буй хүнсний өндөг, өндөгний худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (Зөрчлийн хэрэг 2 дахь тал) үйлдсэн байна. Улмаар Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор  2428000382 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”, 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.4 дахь заалтад “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол ажлын 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах эрх хэмжээтэй.

12. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэх асуудлыг хянан шийдвэрлэх ёстой байтал энэ тохиолдолд хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2 өдрийн дараа буюу 06 дугаар сарын 07-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор (Зөрчлийн хэрэг 1 дэх тал) 2428000382 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн болох нь тогтоогдож байна. 

13. Иймээс хариуцагч, хяналтын Улсын байцаагч нь дээрх хуульд заасан “ажлын 5 өдрийн дотор” ”зөрчлийн хэрэг нээх” хугацааг хэтрүүлэн зөрчлийн хэрэг үүсгэсэн, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “******* ******* ******* ******* *******” ХХК-д 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасантай нийцэхгүй байна. 

14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж зааснаар зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа хяналтын Улсын байцагч нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулах хуулийн зохицуулалттай.

15. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаас үзэхэд Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хууль ёсны төлөөлөгчөөр Б.*******ийг тогтоож, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан холбогдогчийн мэдүүлэг авч, зөрчлийн хэргийн материал болон Шийтгэлийн хуудсыг танилцуулан, гардуулсан болох нь (Зөрчлийн хэрэг 3, 5-7, 20 дахь тал) тогтоогдож байна.

16. Зөрчлийн хэрэгт авагдсан “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээнд (Зөрчлийн хэрэг 8 дахь тал) Б.*******ийг эрхлэгчээр томилсон бүртгэл 2022 он 07 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн байх боловч тэрээр одоо тус салбарын нийлүүлэлтийн менежер албан тушаалд ажилладаг. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Зөрчлийн хэрэг 9 дахь тал), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 71-72 дахь тал)-аар “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.г томилж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд, мөн Өмнөговь аймаг дахь салбарыг тус тус бүртгэсэн мэдээлэл байна. Аливаа салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийг эрхийг эдлэхгүй, эрх бүхий байгууллага буюу толгой компаниас баталсан холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх хэмжээтэй.

17. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон ... заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна,” 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна,” 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна,” 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн ... гүйцэтгэх захирал, ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заасан.

18. Дээрх хуулийн заалтууд болон нотлох баримтуудаас үзвэл “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. нь тус компанийн Өмнөговь аймаг дахь салбарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх тул энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр гүйцэтгэх захирал Т.г тогтоож, холбогдогчоор оролцуулах ёстой байжээ. Гэтэл “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.гаас нийлүүлэлтийн менежер Б.*******т тус салбарыг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоор оролцуулсан нь хууль бус, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны илэрхий алдаа, зөрчил гэж үзэхээр байна. 

19. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.10-д холбогдогч эдлэх эрхийг тодорхой заасан бөгөөд холбогдогч нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах, хуульд заасан бусад эрхүүдийг эдлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосны улмаас гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

20. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд Б.*******ийг ( нийлүүлэлтийн менежер) “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн  83.1, 83.8-д заасныг тус тус зөрчсөн, маргаан бүхий акт хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

21. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах, улмаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад энэ хуулийн зорилго оршиж байна.

22. Иймд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг үүсгэх, зөрчил хянан шалгах ажиллагааг явуулахдаа илэрхий алдаа гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон, улмаар гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

23. Нэгэнт эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь хяналтын Улсын байцаагчийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул “...хяналт шалгалт хийх үед холбогдох баримт бичгүүд байгаагүй..., мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг нөхөн бүрдүүлсэн...” эсэх асуудлаар буюу зөрчил гаргасан эсэхэд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурьдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж “******* ******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА