Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/722

 

М.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч М.Ө-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ө-ын өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нарын хамтарч, хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа, хохирогч Д.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч М.Ө-д холбогдох 2009 00000 1136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ий Ө-, 1992 оны _ дүгээр сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн _ дүгээр хороо, _ дугаар байрны _ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _ хотхоны _ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:_ /;

            М.Ө- нь үргэлжилсэн үйлдлээр:

            1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-аас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 500.000 юанийг өөрийн Хаан банкны 5555555555 тоот дансаар авч 1 юанийг 415 төгрөгөөр сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч 80.500.000 төгрөгийн шилжүүлгийг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 124.455.000 төгрөгийг,

            2. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны салбараас иргэн Х.М нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 23.480.800 төгрөгийг өөрийн “Хас” банкны 5555555555 тоот дансаар авч тухайн өдрийн рублийн ханшаар ОХУ руу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.480.800 төгрөгийг,

            3. Баянзүрх дүүргийн нутаг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г нь Япон Улс руу гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч тухайн өдрийн ханшаар сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27.000.000 төгрөгийг,

            4. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Б.Б нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шилжүүлсэн 135.237.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч 36.759.000 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 98.478.000 төгрөгийг,

            5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төвийн гаднаас иргэн Д.О- нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн 38.135.000 төгрөгийг өөрийн “Хас” банкны 5555555555 тоот дансаар авч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 38.135.000 төгрөгийг,

            6. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас иргэн Б.Ш- нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол төгрөгөөр солиулахаар шилжүүлсэн 10.000 еврог иргэн Баатаржавын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 444444444 тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 33.691.500 төгрөгийг,

            7. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Н.Б- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар 26.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 26.200.000 төгрөгийг,

8. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар тойрог, Авто худалдааны төвийн зогсоолоос иргэн Н.Э- нь интернэт банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 129.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555, Г.Б- эзэмшигчтэй “Хаан” банкны 5555555555 тоот дансаар тус тус авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 129.000.000 төгрөгийн,

9. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын _ тоот ажлын өрөөнөөсөө иргэн П.П- нь интернэт банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 456.656.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 373.568.695 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 83.087.305 төгрөгийг,

10. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Т.Г нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.400.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 20.365.098 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.034.902 төгрөгийг,

11. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын _ тоот ажлын өрөөнөөсөө иргэн Б.Б нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 14-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 119.262.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 100.031.793 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 19.230.207 төгрөгийг,

12. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Б.М- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.162,500 төгрөгийг төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 8.510.230 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 34.652.270 төгрөгийг,

13. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн С.А- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар зарын 04-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 118.737.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 5.722.500 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 113.015.000 төгрөгийг,

14. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Б.Д- нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 514.254.360 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 509.321.388 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 4.932.972 төгрөгийг,

15. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Р.Д- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 цугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 52.800.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 44.929.885 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.870.115 төгрөгийг,

16. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Г.Б- нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар зарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 197.900.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 154.397.010 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 43.502.990 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 829.766.061 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: М.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овог М-ий Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ө-ыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Ө- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий энгийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ө-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-, Ц.Г- нарын өмчлөлийг Ү-2222222222 дугаартай Баянзүрх дүүрэг, _-р хороо, _-р хороолол, _ гудамжны _ байр _ тоот хаягт байрлах орон сууц, Чингэлтэй дүүрэг, _-р хороо _ гудамжны _-р хороо _ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, Чингэлтэй дүүрэг, _-р хороо _ гудамж, _-р хороо _ тоот байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Д.Д-ын өмчлөлд шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-аас 307.084.392 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т 22.000.000 төгрөгийг, хохирогч Б.Б-өд 98.478.000 төгрөгийг, хохирогч Б.Ш-д 8.691.500 төгрөгийг, хохирогч Н.Б-т 25.900.000 төгрөгийг, хохирогч Т.Г-т 18.000.000 төгрөгийг, хохирогч Б.Б-од 18.832.207 төгрөгийг, хохирогч Б.М-эд 20.000.000 төгрөгийг, хохирогч С.А-д 53.809.500 төгрөгийг, хохирогч Д-д 7.870.115 төгрөгийг, хохирогч Б-д 33.502.990 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О-, Д.Д-, Н.Э-, Б.Д- Х.М, П.П- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-ын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож 30.000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-аас шинжээчийн зардал болох 9.500.000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2.500.000 төгрөгийг, шинжээч Б.Оюунчимэг /Итгэл найдвар од аудит ХХК/-Д 7.000.000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е0000000 дугаартай М-ий Ө-ын 1 ширхэг, Е0000000, Е0000000 дугаартай Ц-ийн Г-ийн 2 ширхэг гадаад паспорт, 888834 дугаартай С- Г- эзэмшигчтэй хадгаламжийн дэвтэр, хавсралтад дурдсан мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ө-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ө-ын өмгөөлөгч Ц.Энхбаяр өмгөөлөгч Н.Мандахтай хамтарч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар мэтгэлцэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Д.Д-, Г.Г-, Б.Б-, Н.Б-, Н.Э- нартай М.Ө- нь аливаа байдлаар уулзах, утсаар ярих зэргээр огт холбогдож байгаагүй тул эдгээр хүмүүсийг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн гэж маргасныг шүүх хүлээн аваагүй, дээр дурдсан байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар 3 дахь хэсгийн 3.2-т хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан бөгөөд хохирогч гэх Д.Д-, Г.Г-, Б.Б-, Н.Б-, Н.Э- нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд М.Ө-тай уулзаж байгаагүй талаар тодорхой мэдүүлсэн боловч анхан шатны шүүхээс хохирогч гэх дээрх нэр бүхий иргэдийн өгсөн мэдүүлгийн эсрэг дүгнэлт хийж мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоон татан оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна гэж үзсэнийг доорх байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

  1. Д.Д- нь М.Ө-ын Хаан банкны харилцах данс руу 500.000 юань шилжүүлж залилуулсан гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дээрх 500.000 юань нь Д.Д-аас бус “Ж” ХХК-ийн харилцах данснаас шилжиж орсон, Д.Д-ын мөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, “Ж” ХХК нь М.Ө-д ямар учраас мөнгө шилжүүлсэн, уг мөнгөө нэхэмжлэх эрх нь байхад хэрэгт авагдсан тус хуулийн этгээдээс олгосон гэх ойлгомжгүй албан бичгүүдийг үндэслэж Д.Д- нэхэмжилсэн нь эргэлзээтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоож оролцуулсан нь үндэслэлгүй.
  2. Г.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон 27.000.000 төгрөгийг М.Ө-д залилуулсан талаар мэдүүлэг өгсөн боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт нөхөр Н-ийн данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, найз Ч нь мөн 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар мэдүүлсэн бөгөөд Г.Г-т дээрх иргэдээс хэрхэн, ямар байдлаар М.Ө-тай харилцсан нь тодорхойгүй, тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох, мөнгө хүлээн авах эрхийг олгоогүй байхад Н болон Ч нараас шилжүүлсэн нийт 20.000.000 төгрөгийг хохирогчийн хувьд нэхэмжлэх эрхгүй атал шүүхээс Г.Г-т 27.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүйн сацуу Номун-Эрдэнэ болон Чинзориг нар нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
  3. М.Ө- нь хохирогч гэх Б.Б-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 98.478.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай ба Б.Б-өөс мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Би одоо болтол М.Ө- гэх хүнтэй уулзах, утсаар ярьж байгаагүй” гэж мэдүүлснээр шүүхийн хийсэн дүгнэлт үгүйсгэгдэж 98.478.000 төгрөгийн хохирлын хэмжээнд залилах гэмт хэрэг үйлдэгдээгүй байна.
  4. М.Ө- нь хохирогч гэх Н.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 26.200.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэснийг үндэслэлгүй бөгөөд Н.Б- “Манай дүү хэд хэдэн удаа яриад холбогдоод иен солиулаад авч байсан, манай дүү над руу хэлсэн болохоор нь би цааш М.Ө-ын данс руу шилжүүлсэн” гэж мэдүүлснээс харахад Н.Б- болон М.Ө- нар огт уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, урьд нь Н.Б-тай аливаа байдлаар эрх зүйн харилцаанд орж байгаагүй атал шүүхээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
  5. М.Ө- нь хохирогч гэх Н.Э-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 129.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Н.Э- нь “2020 оны 8 сарын 11-ний өдөр иен худалдан авахаар “S” ХХК-ийн ажилтан Г.Б-тэй холбогдоход М.Ө- гэх хүний дансыг өгөхөөр нь би интернэт банкаар 89.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 1 минутын дараа Г.Б-ий данс уруу 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм, М.Ө-тай холбогдоогүй” гэж мэдүүлснээс үзэхэд Н.Э-, М.Ө- нар нь уулзаж, утсаар харилцаж байгаагүй, өмнө нь Н.Э-тэй эрх зүйн харилцаанд орж байгаагүй нь тогтоогдсон атал шүүхээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэж үзэж ял халдааж хохирлын мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн төдийгүй шилжүүлэг хийгдсэн мөнгийг өөр байдлаар талууд шийдвэрлэх боломжтой юм.

Залилах гэмт хэргийн нэг шинж болох урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх ойлголт нь тодорхой хугацааны турш хамтран ажилласан, харилцан итгэлцэл бий болох, удаан хугацааны туршид бие биеэ мэдэх болсон байдал зэргийг ойлгох бөгөөд дээрх нэр бүхий хохирогч гэх иргэдтэй М.Ө- нь огт уулзаж, утсаар ярьж харилцаж байгаагүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдал нь залилах гэмт хэргийн шинжийг хангаагүйн сацуу нэр бүхий иргэдийг хохирогч гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцож шийдвэрлэхдээ зарим хохирогчдын тухайд алдаатай байдлаар шийдвэрлэсэн ба Б.Ш-д 8.691.500 төгрөгийг М.Ө-аас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 95 дугаар талд М.Ө-аас Б.Ш-д 0000УУУ улсын дугаартай “Prius-30” загварын автомашиныг 20.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн өгсөн тухай 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл төлбөрт тооцож шилжүүлэх гэрээг талууд байгуулсан, мөн хавтасны 96 дугаар талд 20 сая төгрөгт тооцон автомашин хүлээн авсан, бэлнээр 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон, “хохирол төлбөр бүрэн барагдуулсанд тооцон өргөдлөө татан авч байна” гэх өөрийн гараар бичиж нотариатаар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдлаар орхигдуулсан.

Уг үйлдлийн тухайд хохирол төлбөр барагдсан байхад хохирогч Б.Ш-аас шүүгчийн туслахтай утсаар автомашиныг хямд зарсан учир 8.691.500 төгрөг авах ёстой гэх ярьсан эсэх нь тодорхойгүй, шүүгчийн туслах нотлох баримт бүрдүүлдэг эрх зүйн зохицуулалт байхгүй байхад хэрэгт авагдаагүй үйл баримтыг үндэслэн 8.691.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдэл болоогүйг илтгэж байгааг харуулахын хамт шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой юм.

М.Ө- нь Хаан банкны интернэт банкаар “S” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудад ханшийн зөрүү нэрийдлээр мөнгө шилжүүлэн өгч байсан талаарх үйл байдлыг шинжээч болон шүүгдэгч нарын зүгээс мэдүүлдэг, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, хэрэгт авагдсан интернэт банкны харилцах дансны хуулгаар дээрх үйл байдал давхар нотлогдсон бөгөөд энэ талаарх тооцооллыг шүүхэд гарган өгсөн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдааны үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Хаан банкнаас интернэт банкны дансны хуулгыг нотлох баримтаар банкнаас гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй атлаа шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс хуульд заасны дагуу Хаан банкнаас албан бичгийн хамт гарган өгсөн интернэт банкны харилцах дансны хуулгыг шүүх мөнгө шилжүүлснийг нотлох дансны хуулга баримт, мөн орлого зарлагын аль нь хийгдсэн эсэх тодорхойгүй, зөвхөн мөнгөн дүн дансны дугаар бичигдсэн, эрх бүхий байгууллагын баталгаажсан тамга тэмдэггүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаагүй баримтыг шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн нь гэрч Ч.Б-ийн мэдүүлгийн зөрүүг арилгах, М.Ө-ын Хаан банк дахь интернэт банкны харилцах дансны хуулгыг үнэлж үзсэнээр хохирлын хэмжээнд өөрчлөлт орох, зарим үйлдэл үгүйсгэгдэж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх хууль зүйн боломж бий болох боломжтой байгаа юм.

Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/900 дугаартай магадлалд “...Хаан банкнаас холбогдох баримтуудыг ирүүлж, хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь эрүүгийн хэргийн мөрдөн шалгах чиг үүрэгт хамаарна, энэ нь зүйлчлэлд нөлөөлөхөөс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөө үзүүлэхээр ач холбогдолтой, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж заасан зохицуулалт нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахтай хамт заавал үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх эрх зүйн зохицуулалт биш юм.

Шүүхээс М.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн атлаа гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар 6 сарын хугацаатай үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлага байгаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулсан зэрэг нь албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар нэр бүхий хохирогч гэх Д.Д-, Г.Г-, Б.Б-, Н.Б-, Н.Э- нарын гомдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Г.Г-, М.Ш- нарт төлөх төлбөрийн хэмжээг зөвтгөж шийдвэрлэх, шүүгдэгчид авсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Ө-ын өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Энхбаяртай нэг байр суурьтай байгаа тул нэмж хэлэх тайлбар байхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Хохирогч Н.Э-ийн мөнгийг “S” ХХК-ийн менежер надад өгдөг байсан. Хаанаас ямар ченжээс мөнгө орж ирж байгааг би мэдэхгүй. Өдөрт 500 гаруй сая төгрөг орж ирдэг. Би нийт 50 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. Хохирогч Н.Э-ийн 129.000.000 төгрөгийн ханшийн зөрүүг би аваагүй. Тэр мөнгийг хасаж тооцуулаагүй. Хэн авсан болох нь миний Хаан банкны интернэт дансны хуулгыг шалгавал тодорхой гараад ирнэ. Би үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ. Г-ийн нэр дээр биш, миний нэр дээр байдаг. ...6 сарын хугацаа гэснийг хүлээн зөвшөөрнө. Танихгүй хүмүүсийн хохирлыг төлөхгүй. ...” гэв.

Хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ө-ын хэргийн зүйлчлэл шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн тал дээр маргахгүй. Шүүгдэгч М.Ө- нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч нарын хохирлыг төлөх хүсэлт гаргаж, хуульд заасан завсарлага авсан юм. М.Ө- нь шүүхээс завсарлага авснаас хойш огт холбогдохгүй явсаар, хурал болохын урд өдөр нь 2023 оны 4 дүгээр сарын 17-нд уулзаж “Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ дүгээр гудамжны _ тоотод байрлалтай, ээж Г-ийн нэр дээр газар нь өмчлөлийн гэрчилгээтэй хашаагүй задгай 699м.кв газар баригдсан мансарттай өмчлөх эрхийн гэрчилгээгүй хувийн сууцыг өрөндөө өгөх боломжтой, өөр ямар ч эд хөрөнгө, мөнгө төгрөг байхгүй, үүнийг авахгүй бол чи юу ч үгүй үлдэнэ, би ялаа эдлээд яваад өгнө” гэж санал тавьж, надад өөр ямар ч сонголт хийх боломж олгоогүй учраас түүний санал болгосон газрыг байшингийн хамт авахаар болж, М.Ө-ын хэлснээр өр төлбөр барагдсан, гомдол саналгүй гэсэн бичгийг хийж өгсөн. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Арвижих эстимейт” ХХК-ийн үнэлгээчнийг аваачиж дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн бөгөөд М.Ө-ыг “Хүрээд ирээч” гэхэд очоогүй. Үнэлгээний байгууллага газрын эзэмших эрхийн үнэлгээг 11.764.17, байшинг 8.867.06, 380в агаарын шугамыг 26.000.00 төгрөгөөр нийт 46.361.230 төгрөгөөр үнэлсэн. Байшингийн хана туурга нь хагархай битүүдээ цуурсан, ер нь хүн амьдарч ашиглах боломжгүй байшингаа хохирогчид сайн үзүүлж харуулалгүй, яаруу сандруу гэрээ хийж, хохирол барагдсан гэх бичиг хийлгэж авахаа чухалчилж, бодит байдлыг нуун дарагдуулж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн гэрээ хийлгэж аваад, нотариатаар баталгаажуулж авсан. Гэтэл одоо гар утсаа ч авахгүй холбогдохгүй байгаа болно. Иймд хохирогч Н.Э-өд учруулсан 129.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад М.Ө-аас 129.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Э-өд олгуулахаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...Хохирогч Н.Э- нь авто машин худалдаалдаг. 33 удаа М.Ө-ын данс руу Н.Э- нь өөрийнхөө нэрээр 1 тэрбум гаруй төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Хохирогч нартай харьцаагүй гэж ярьдаг. Залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийг төөрөгдөлд оруулж, өөртөө шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Б- гэдэг хүнээр зуучлуулж Н.Э-өөс 129.000.000 төгрөгийг авсан асуудлаа гэмт хэрэг биш гэдэг. Залилах гэмт хэргийн шинж байгаа. ...” гэв.

Хохирогч Н.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хашаа байшинг авахгүй, 129.000.000 төгрөгөө шүүгдэгч М.Ө-аас гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхээс шүүгдэгч М.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад хохирогч Д.Д- миний бие нь 500 юанийг солиулахаар өгч, 80.500 төгрөгийг авсан, 124.455.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй маш их хохирч байна. Шүүгдэгч 5 хоногийн завсарлага авч, Чингэлтэй дүүргийн _-р хороо, _ гудамжны _ хороо, _ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, Чингэлтэй дүүргийн _ дугаар хороо, _ мянгат _хороо, зоорийн давхрын _ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Д- миний өмчлөлд шилжүүлэхээр Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасан нь үндэслэлгүй байна. Үүгээр хохирогч дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцож авах боломжгүй болоод байна. Иймд би тус шийтгэх тогтоолоор үл хөдлөх хөрөнгө авсан мэтээр харагдаад байгаа юм. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банкны барьцаанд байсан. Хаан банкны барьцаалбараас чөлөөлсөн байдаг. Дахиад хоёр газарт хамааралтай битүүмжлэлтэй байдаг. Хохирогч миний төлбөр барагдаагүй, анхан шатны шүүхээс М.Ө-д холбогдох хэргийн ялыг хөнгөрүүлэхийн тулд төлбөр төлсөн мэтээр шийтгэх тогтоол гаргасан байгааг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Д-ын өмгөөлөгч Г.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхээс шүүгдэгч М.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад хохирогч Д.Д- миний бие нь 500 юанийг солиулахаар өгч, 80.500 төгрөгийг авсан, 124.455.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй маш их хохирч байна. Шүүгдэгч 5 хоногийн завсарлага авч, Чингэлтэй дүүргийн _-р хороо, _ мянгат _ хороо, _ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, Чингэлтэй дүүргийн _ дугаар хороо, _ гудамжны _ хороо, _ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Д- миний өмчлөлд шилжүүлэхээр Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасан нь үндэслэлгүй байна. Үүгээр хохирогч дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцож авах боломжгүй болоод байна. Иймд би тус шийтгэх тогтоолоор үл хөдлөх хөрөнгө авсан мэтээр харагдаад байгаа юм. Хохирогчийн төлбөр барагдаагүй, анхан шатны шүүхээс М.Ө-д холбогдох хэргийн ялыг хөнгөрүүлэхийн тулд төлбөр төлсөн мэтээр шийтгэх тогтоол гаргасан байгааг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Хохирогч Д.Д-ад хохирол төлөгдөөгүй. Төлөгдөөгүй байхад төлөгдсөн мэтээр шийтгэх тогтоолд дурдсан байна. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Нэр бүхий хохирогч нартай шүүгдэгч М.Ө- нь тодорхой хэмжээний цаг хугацаанд харилцаж байсан нь дансны хуулга, шүүх хуралдааны явцад хохирогч нараас өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Шүүх шийтгэх тогтоолын 26 дугаар талд энэ талаар тодорхой дүгнэсэн. Хохирогч Б.Ш-д 33.691.500 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хохирогч Б.Ш- “Нийт 25.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авсан” гэж мэдүүлсэн. Үлдсэн 8.691.500 төгрөгийг төлөөгүй байгаа талаараа гомдолдоо дурдсан байсан. Гэвч шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад шүүгдэгч М.Ө-аас 8.691.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ш-д олгохоор шийдвэрлэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 900 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй, холбогдох баримтуудыг гаргуулах асуудал яригдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааг боломжит нөхцөл байдлаар бүгдийг хийж гүйцэтгээд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдаж, урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж тухайн асуудлуудыг дахин тодруулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, 2020 оны 7 дугаар сарын 24-өөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дуусах хугацаанд уг гэмт хэрэг үргэлжилсэн байна. Хоёр компани хоорондоо шилжүүлсэн иенийн асуудал нь уг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас өмнө шилжсэн байх тул шалгах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирол төлөх үүрэг хүлээлгэсэн асуудал яригддаг. Хохирогч нар хохирлоо л авмаар байна гэх байр суурьтай байдаг. Үүнтэй холбогдуулаад шүүхээс шүүгдэгч М.Ө-д торгох ял оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар хохирол төлөх үүрэг хүлээлгэсэн. Энэ нь үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үүднээс шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Хохирогч Н.Э- болон Д.Д- нарын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд, хохирол төлбөр төлөх асуудал яригдах явцад өмгөөлөгчтэй байсан бөгөөд хууль зүйн туслалцаа авч байсан. Өмгөөлөгч нар бүрэн дүүрэн хууль зүйн туслалцаа үзүүлсэн бол өнөөдөр ийм гомдол гарахгүй байх боломжтой байсан. Тухайн эд хөрөнгийг шилжүүлж авах гэж байгаа бол тухайн эд хөрөнгийн байгаа нөхцөл байдалд тухайн үед нь дүгнэлт хийгээд хохирлын хэмжээнд хүрч байгаа эсэх талаар дүгнэлт хийх боломжтой байсан. Шаардлагатай гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад өөрчлөлт оруулаад хохирогч нарын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар зааж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Прокурорт ирсэн шийтгэх тогтоолд 6 дахь нүүр нь байна. Прокурор эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн учраас эсэргүүцэл бичээгүй гэж ойлгосон. Миний хувьд хэргийн нөхцөл байдалтай танилцахад торгох ял оногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос хорих ялын санал гаргасан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Ө-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Ө- нь үргэлжилсэн үйлдлээр:

            1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-аас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 500.000 юанийг өөрийн Хаан банкны 5555555555 тоот дансаар авч 1 юанийг 415 төгрөгөөр сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч 80.500.000 төгрөгийн шилжүүлгийг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 124.455.000 төгрөгийг залилж авсан болох нь хохирогч Д.Д-ын мэдүүлэг /1хх 27/, гэрч Э.М-ын мэдүүлэг /2хх 200/, Монголбанкны 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн юанийн хаалтын ханшийн лавлагаа /1хх 45/ зэрэг нотлох баримтуудаар,

            2. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны салбараас иргэн Х.М нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 23.480.800 төгрөгийг өөрийн “Хас” банкны 5555555555 тоот дансаар авч тухайн өдрийн рублийн ханшаар ОХУ руу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.480.800 төгрөгийг залилсан болох нь хохирогч Х.М-ын мэдүүлэг /1хх 181-182/, хохирогч Х.М-аас шүүгдэгч М.Ө-ын данс руу 23.480.800 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /1хх 166/ зэрэг нотлох баримтуудаар,

            3. Баянзүрх дүүргийн нутаг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г- нь Япон Улс руу гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч тухайн өдрийн ханшаар сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27.000.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /1хх 208-209/, Г.Г-, Г.Н, Г.Ч нараас шүүгдэгч М.Ө-ын данс руу хийсэн гүйлгээний хуулга /1хх 215-219/ зэрэг нотлох баримтуудаар,

            4. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Б.Б- нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шилжүүлсэн 135.237.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч 36.759.000 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 98.478.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /2хх 36-39/, Монголбанкны иенийн хаалтын ханшийн лавлагаа, “хохирогч Б.Б-ийн дансны хуулга, “Б.М- нь 133.130.270 төгрөгийг М.Ө-аас авах авлагатай, үүнээс хохирогч Б.Б-ийн 98.478.000 төгрөг хамт тооцсон” гэх “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаар дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар,

            5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төвийн гаднаас иргэн Д.О- нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн 38.135.000 төгрөгийг өөрийн “Хас” банкны 5555555555 тоот дансаар авч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 38.135.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Д.О-ын мэдүүлэг /2хх 57-58, 61-62/, Монголбанкны 2020 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдрийн иенийн хаалтын ханшийн лавлагаа /2хх 67-68/ зэрэг нотлох баримтуудаар,

            6. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас иргэн Б.Ш- нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол төгрөгөөр солиулахаар шилжүүлсэн 10.000 еврог иргэн Баатаржавын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 444444444 тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 33.691.500 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Ш-ын мэдүүлэг /2хх 79-80/, Монголбанкны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн еврогийн хаалтын ханшийн лавлагаа /2хх 90/ зэрэг нотлох баримтуудаар,

            7. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Н.Б- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар 26.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 26.200.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Н.Б-ын мэдүүлэг /2хх 113-114/, хохирогч Н.Б-ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /2хх 110/ зэрэг нотлох баримтуудаар,

8. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар тойрог, Авто худалдааны төвийн зогсоолоос иргэн Н.Э- нь интернэт банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 129.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555, Г.Б- эзэмшигчтэй “Хаан” банкны 5555555555 тоот дансаар тус тус авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 129.000.000 төгрөгийн залилсан болох нь хохирогч Н.Э-ийн мэдүүлэг /2хх 185-189/, хохирогч Г.Б-ий мэдүүлэг /3хх 227-228/, Хаан банк дахь хохирогч Н.Э-ийн дансны хуулга /2хх 141/, Хаан банк дахь Г.Б- эзэмшлийн дансны хуулга /3хх 222-224/ зэрэг нотлох баримтуудаар,

9. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисын _ тоот ажлын өрөөнөөсөө иргэн П.П- нь интернэт банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 456.656.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 373.568.695 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 83.087.305 төгрөгийг залилсан болох нь хохирогч П.П-гийн мэдүүлэг /2хх 248-249, 7хх 225/, хохирогч П.П- нь 83.087.305 төгрөгийг М.Ө-аас авах авлагатай гэсэн “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/, Монгол банкны 2020 оны 7 дугаар сарын 23, 27, 29, мөн оны 8 дугаар сарын 03, 05, 06, 07, 11, 13, 14, 18-ны өдрүүдийн иенийн хаалтын ханшийн лавлагаа /3хх 1-11/, Хаан банк болон Худалдаа хөгжлийн банк дахь хохирогч П.П-гийн эзэмшлийн дансны хуулга /2хх 232-241/ зэрэг нотлох баримтуудаар,

10. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Т.Г- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.400.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 20.365.098 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.034.902 төгрөгийг залилсан болох нь хохирогч Т.Г-ийн мэдүүлэг /3хх 26-27, 35-36/, хохирогч Т.Г- нь М.Ө-аас 23.034.902 төгрөг авах авлагатай гэх “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/, Монгол банкны 2020 оны 8 дугаар сарын 11, 13-ны өдрийн иенийн хаалтын ханшийн лавлагаа /3хх 42-43/, Хаан банк дахь С.Б болон хохирогч Т.Г-ийн эзэмшлийн дансны хуулга /3хх 29-32/ зэрэг нотлох баримтуудаар,

11. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын _ тоот ажлын өрөөнөөсөө иргэн Б.Б- нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 14-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 119.262.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 100.031.793 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 19.230.207 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Б-ын мэдүүлэг /3хх 78-79/, Хаан банк дахь хохирогч Б.Б-ын эзэмшлийн дансны шилжүүлгийн баримт /3хх 67-69/, хохирогч Б.Б- нь шүүгдэгч М.Ө-аас 19.230.207 төгрөг авах авлагатай гэсэн “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар,

12. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Б.М- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.162,500 төгрөгийг төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 8.510.230 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 34.652.270 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.М-ийн мэдүүлэг /3хх 124-125, 7хх 231/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /2хх 36-39/, хохирогч Б.М- нь шүүгдэгч М.Ө-аас 133.130.270 төгрөгийг авах авлагатай, үүнээс хохирогч Б.Б-ийн 98.478.000 төгрөг хамт тооцсон гэх “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар,

13. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн С.А- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар зарын 04-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 118.737.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 5.722.500 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 113.015.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч С.А-гийн мэдүүлэг /3хх 138, 141-142/, Хаан банк дахь хохирогч С.А-гийн эзэмшлийн дансны интернэт банкны хуулга /3хх 135-136/, хохирогч С.А- нь шүүгдэгч М.Ө-аас 114.119.580 төгрөгийн авлагатай гэх “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар,

14. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Б.Д- нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 514.254.360 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 509.321.388 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 4.932.972 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Д-ийн мэдүүлэг /3хх 169-170, 7хх 240/, Хаан банк дахь хохирогч Б.Д-ийн эзэмшлийн дансны хуулга /3хх 151-162/, хохирогч Б.Д- нь шүүгдэгч М.Ө-аас 4.932.972 төгрөг авах авлагатай гэсэн “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар,

15. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Р.Д- нь интернэт банк ашиглан 2020 оны 8 цугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 52.800.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 44.929.885 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.870.115 төгрөгийг залилсан болох нь хохирогч Р.Д-ын мэдүүлэг /3хх 194, 198-199/, Хаан банк дахь хохирогч Р.Д-ын эзэмшлийн дансны хуулга /3хх 192/, хохирогч Р.Д- нь шүүгдэгч М.Ө-аас 7.870.115 төгрөг авах авлагатай болохыг тогтоосон “Итгэл найдвар од” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар,

16. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Г.Б- нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар зарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 197.900.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5555555555 тоот дансаар авч, 154.397.010 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 43.502.990 төгрөгийг залилсан болох нь хохирогч Г.Б-ий мэдүүлэг /3хх 218-219/, хохирогч Н.Э-ийн мэдүүлэг /2хх 188-189/, хохирогч Г.Б-ий эзэмшлийн дансны хуулга /3хх 222-224/, хохирогч Г.Б- нь шүүгдэгч М.Ө-аас 172.502.990 төгрөгийг авах авлагатай гэсэн “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт /5хх 146-200/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны хуулга, лавлагаа, “Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ө- нь шунахайн сэдэлтээр бусдын төгрөгийг юань, иен, рубль, евро зэрэг гадаад валютаар шилжүүлэн өгнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгийг шилжүүлэн авсан боловч шилжүүлэн өгөөгүй буюу хариу төлбөр хийлгүй, хагасыг нь шилжүүлэн өгөх зэргээр залилж, хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч М.Ө-ын бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, ийнхүү зүйлчлэхдээ залилах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж  бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох, хорих ялын төрлөөс торгох ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хувийн байдал зэрэгт тус тус тохироогүй, энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй, эрүүгийн хариуцлагыг тохирсон байдлаар хүлээлгэсэн гэж үзэхээргүй ял шийтгэсэн байна.

Гэвч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээгүй тул анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хөндөлгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй, ийнхүү албадлагын арга хэмжээ хэрэглэснийг хуулиар хязгаарлаагүй байгаагаас гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтод нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд, аудитын дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээг бодитой тогтоожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Ө- гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

Улмаар, хохирогч Д.Д-аас “...Чингэлтэй дүүргийн _ дугаар хороо, _ мянгат, _ гудамжны _ дугаар байр, _ тоот хаягт байршилтай 11.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр болсон. Д.Д-ын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг хохирол төлбөрт хүлээн авахыг зөвшөөрч байгаа бөгөөд М.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн зүгээс аливаа байдлаар гомдол саналгүй, хохирлын хувьд төлбөр барагдсан гэж үзэж байгаа болохыг нотолж байна” гэсэн, хохирогч Н.Э-өөс “...М.Ө-ын ээж О.Г-ийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ тоот дахь байшин, худгийн хамт 129.000.000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцож шилжүүлэн өгч, өр барагдуулсан...” гэсэн баримтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Ө- нь дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй хэмээн дурджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.Д-ын давж заалдах гомдолд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь “өмчлөлд шилжүүлэхээр Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасан нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий, хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа “гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 129.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Ө-аас гаргуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Ө-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд зааснаар гаргуулан хохирогч Н.Э-, Д.Д- нарт олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д-, Х.М, Г.Г-, Б.Б-, Н.Б-, Н.Э- нарыг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан.

Хэргийн 9 дүгээр хавтасны 221-223, 239-241 дүгээр талуудад авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа зэргээр Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _ дугаар хороолол _ гудамж, _ дугаар байрны _ тоот, Ү-2222222222 дугаартай орон сууцны зориулалттай 73.64 м.кв үл хөдлөх хөрөнгө нь М.Ө- болон Ц.Г- нарын хоёр иргэний дундын өмчлөлд байхад анхан шатны шүүх хохирогчийн өмчлөлд шууд шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасан нь гэмт хэрэгт холбоо хамааралгүй иргэний “эд хөрөнгө өмчлөх” эрхийг зөрчиж байх тул дээрх үл хөдлөх хөрөнгөөс М.Ө-д оногдох хэсгийг хохиролд тооцуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан байхаас гадна төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт, зааварт нийцсэн, хуульд заасан бүтэц, хэлбэрийн шаардлагыг хангаснаар албажиж, түүнийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэл бүрдэнэ.

Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолын 6 дугаар хуудас дутуу, хэрэгт авагдаагүй байх боловч оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын хуудсууд бүрэн гүйцэд байх тул энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хуудасны дутуу байдлыг залруулах асуудлыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зарчимд нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа, хохирогч Д.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/424 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-ын өмчлөлийн Ү-2222222222 дугаартай Чингэлтэй дүүргийн _ дугаар хороо _ гудамжны _ дугаар байрны _ тоот үйлчилгээний зориулалттай 11.6 м.кв үл хөдлөх хөрөнгө, шүүгдэгч М.Ө-, иргэн Ц.Г- нарын өмчлөлийн Ү-2222222222 дугаартай Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _ дугаар хороолол _ гудамжны _ дугаар байрны _ тоот орон сууцны зориулалттай 73.64 м.кв үл хөдлөх хөрөнгөөс М.Ө-д ногдох хэсгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж,

8 дахь заалтын “...М.Ө-аас 307.084.392 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...М.Ө-аас 560.539.392 /таван зуун жаран сая таван зуун гучин есөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-ад 124.455.000 /нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг, хохирогч Н.Э-өд 129.000.000 /нэг зуун хорин есөн сая/ төгрөгийг...” гэж, “...хохирогч Д.О-, Д.Д-, Н.Э-, Б.Д-, Х.М, П.П- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг “...хохирогч Д.О-, Б.Д-, Х.М, П.П- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа, хохирогч Д.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч М.Ө-ын өмгөөлөгч Н.Мандах, Ц.Энхбаяр нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ