Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/723

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/658 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар эсэргүүцэлд үндэслэн М.Б-д холбогдох 2206 00644 0796 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын Б, 1993 оны _ дүгээр сарын _-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “А” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн _ дугаар хороо, _ дүгээр гудамжны _ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:_ /;

М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт С супермаркет дотор хохирогч Д.А-ын нүүрэн тус газарт мөргөсний улмаас биед нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00644 0796 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Д.А-ын шүүгдэгч М.Б-өөс нэхэмжилсэн 2,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.А-ын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон компакт дискэн дэх бичлэг зэргээр М.Б нь хохирогч Д.А-ыг “С” супермаркетаар үйлчлүүлээд гарахаар хаалга руу явж, тухайн хаалганы босгон дээр байх үед нь гараараа араас нь хүчтэй түлхэх үйлдэл хийсэн нь хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хөндсөн, улмаар хохирогч Д.А нь М.Б-ийг заамдсан үйл баримт тогтоогдож байх боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.А М.Б-ийн биед хүч хэрэглэн халдаж байгаа үйл баримт нотлогдон тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд М.Б-ийг хохирогч Д.А-ыг хаалгаар гарах үед хүчтэй түлхэх үйлдэл шууд нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж хуульчилсан байх ба тухайн довтолгоон нь таслан зогсоогдсон байх үед М.Б нь хохирогч Д.А-ын нүүрэн тус газарт мөргөж байгаа нь баримтаар тогтоогдсон бөгөөд аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхээс "...хохирогчийн зүгээс шүүгдэгч М.Б нь хаалгаар гарах үед араас түлхсэн бөгөөд камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг түлхэх мэт үйлдэл гаргасан байх боловч уг шүүгдэгчийн үйлдлийг санаатайгаар өдөөн хатгасан гэж үзэх боломжгүй байна.” гэж дүгнэсэн байх бөгөөд хохирогч Д.А нь тухайн худалдааны төвөөс гарахаар нэгэн хаалгыг чиглэн алхаж байх явцад М.Б нь хохирогчийг илтэд хүчтэйгээр түлхэж байгаа нь тухайн агшинд гэмт хэрэг үйлдэхэд шууд шалтгаант холбоог бий болгосон гэж дүгнэх үндэслэлтэй байх ба шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Шүүхээс цагаатгах тогтоолд улсын яллагчаас хэлсэн хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Дэлгүүр хаах гээд хүмүүсийг гаргах үүргийг гүйцэтгэсэн байдаг. Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр түлхсэн гэж үзсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр М.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  1. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Прокуророос М.Б-ийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” супермаркет дотор Д.А-ын нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Д.А, цагаатгагдсан этгээд М.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.

Хохирогч Д.А “...М.Б намайг гэнэдүүлж байгаад нэг л удаа мөргөсөн. ...” гэсэн, цагаатгагдсан этгээд М.Б-ийн “...Би бага зэрэг зайгаа бариад холдсон чинь намайг хүчтэй татаад өөрийгөө мөргүүлчихсэн юм. ...” гэсэн хохирогч, цагаатгагдсан нарын зөрүүтэй мэдүүлгүүд нь М.Б-ийг Д.А-ын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан, М.Б нь шууд санаатай үйлдлээр хохирол, хор уршиг учруулсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

Анхан шатны шүүх урьд хэргийг хянан хэлэлцэж, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, Г, О, Х, Г, Г нараас гэрчийн мэдүүлэг авах, СД бичлэгт харьцуулан үзлэг хийх зэрэг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хоёр удаа прокурорт буцаасан боловч мэдүүлгийн зөрүүг арилгах, үйл явдал болох үед байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хангалтгүй хийгджээ.

Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт авагдаагүй, тодруулбал, хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл нь яллаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэх болон түүний үйлдлийн шинж чанар, оролцоо, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр тогтоох гэж буй нөхцөл байдлын талаарх баримтат мэдээлэл бүрэн биш цугларчээ.

  1. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг “Хохирогч гэмтсэн учраас...” гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг бөгөөд хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон нөхцөл байдал болох Д.А нь “С” супермаркетад ажиллаж байсан ажилтнуудыг доромжилсон, улмаар М.Б рүү дайрч, түүний толгойн тус газар нь удаа дараа цохисноос хоорондоо барьцалдах явцад М.Б нь Д.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь Д.А-ын үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй тул М.Б-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/658 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ