| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0752/З |
| Дугаар | 128/ШШ2024/0853 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0853
МОНГОЛ УЛСЫН *******РИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Ц.Э*******,
Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х*******,
Маргааны төрөл: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х*******гийн 2024 оны 08 дугаар сарын16-ны өдрийн 009******* дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.Э*******, түүний өмгөөлөгч К.М*******, хариуцагч Я.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Ц.Э******* Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х*******д холбогдуулан “...улсын байцаагч Я.Х*******гийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 009******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.
3. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х******* нь иргэн Ц.Э*******ыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа Бүгд Найрамдах Солонгос улсаас 1450 хайрцаг бэлэн гоймонг иргэн импортолсон гэх зөрчилд нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 009******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4.Гомдол гаргагчаас улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 009******* дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
5.Гомдол гаргагч Ц.Э******* шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл:
1/“...Ц.Э******* надад холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 009******* тоот Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгийн торгууль, зөрчилд холбогдох 1450 хайрцаг 3 нэр төрлийн БНСУ-д үйлдвэрлэсэн бэлэн гоймонг хураан авах шийдвэрийг ногдуулсныг эс зөвшөөрч тус шүүхэд дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
2/...Би өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Ж******* А*******” ХХК-ийн нэр
дээр Бүгд Найрамдах Солонго Улсаас 1450 хайрцаг 3 нэр төрлийн бэлэн гоймонг Монгол улсад авчрах зорилгоор гэтэл Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х******* нь хүнсний бүтээгдэхүүнийг иргэн импортолсон үндэслэлээр намайг торгож, бэлэн гоймонг хураан авсан. Энэ үйл явдал нь Амгалан гаалийн хяналтын бүсэд 2024 оны 8 дугаар сарын 16-ний өдөр болсон.
3/“Ж******* А*******” ХХК нь хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг. Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортолсон гоймон нь хуулийн этгээдийн нэр дээр орж ирсэн болно. Харин намайг импортолсон хэмээн торгосныг ойлгохгүй байгаа болно.
4/Би дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 009******* шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангаагүй байна. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд бэлэн гоймон импортлоход заавал тусгай зөвшөөрөл авах тухай шаардлага байхгүй байх ба стратегийн хүнсийг импортлох тохиолдолд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байна. Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил ундны усыг;" ойлгохоор зохицуулсан байна.
Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я Х*******гийн 2024 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 009******* тоот Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаанбаатар хот дах Гаалийн газрын хорио цээрийн албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Хандаамаагийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 009******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж. Үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан шаардлагыг хангаагүй байна гэсэн хууль зүйн үндэслэлээр маргаж байгаа. Нотлох баримт шинжлэн судалсны дагуу дүгнэлт хэсэг дээр бусад хууль зүйн үндэслэлийг тодруулах саналтай байна.
...Гаалийн тухай хуулийн 9 нэгдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Гаалийн байгууллага албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаар бусад шаардлага тавихыг хориглоно. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д иргэн хуулийн этгээд нь түүний эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага албан тушаалтны амаар болон бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргасан шийдвэр эс үйлдэхүйн шалтгаан үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. 12.1-д гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжид холбогдсон асуудлаар иргэн хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болох бөгөөд ийнхүү зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж заасан байгаа. Гаалийн мэдүүлэгч мэдүүлгийг алдаатай буюу буруу өгсөн тохиолдолд гаалийн байгууллагын ажилтан засаж залруулах боломжийг олгох, эсвэл хуулиар зөвшөөрсөн хэмжээнд зөвлөгөө өгөх бүрэн боломжтой байсан боловч Зөрчлийн тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасан хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил үйлдсэн гэж шийтгэсэн. Тус зөрчлийн объект нь хүнсний аюулгүй байдал байх боловч мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлснээр зөрчлийн хор уршигт хүрэхгүйгээр наана нь засуулах боломж байсан гэж миний зүгээс үзэж байгаа. Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт гаалийн удирдах төв байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ гэж байгаа. Мөн 27.1-д гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийх шаардагдах мэдээлэл бичиг баримт мэдүүлэгчээс гаргуулан авна. 27.2-т энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл бичиг баримт гаргаж өгөх хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно гэж тус тус заасан. Тодруулбал гаалийн бүрдүүлэлтийн үе шатад буюу мэдүүлгийг нөхөн гаргах боломжтой байсан. Энэ тухай хүсэлтийг улсын ахлах байцаагч н.Сэржмядаг гэж хүнд гаргасан тухай Ц.Э******* мэдүүлж байна. Ц.Э*******ын нэр дээр 40 тонны контейнер барааг тээвэрлэгч хуулийн этгээд Солонгос улсаас ачуулсан. Гаалийн бүрдүүлэлт хийх шаардлагатай мэдээлэл баримт бичгийг тухайн байгууллага, Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлд журамласнаар гаргаж өгөх үүрэгтэй байсан. Дээрх мэдээлэл баримт бичгийг тээвэрлэгчээс хангалтгүй дутуу гаргаж гаргаж өгсөн гэж үзэх юм бол мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан мэдүүлэгчээс гаргуулах боломж байсан. Үүнийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. Гаалийн тухай хуулийн 55.4 дүгээр зүйлд Гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж цахимаар хүргүүлэх боломжтой байхаар заасан. Мөн 242 дугаар зүйлд гаалийн харилцаанд оролцогчоос амаар мэдүүлэг авч болохоор тус тус зохицуулсан. Хамгийн чухал үндэслэл нь хариуцагчаас асуусан хяналт шалгалтыг ямар үндэслэлээр хийсэн бэ? гэдэг. Яагаад үүнийг асуусан гэхээр Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд Гаалийн улсын байцаагчийн эрх үүргийг журамлаж өгсөн. Журамд гаалийн улсын байцаагч шууд шалгалт хийх эрхийг хуульчилж өгөөгүй. Харин Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалын хавсралтаар шалгалт хийх харилцааг зохицуулдаг. Ц.Э*******ын мэдүүлсэн бараанд шалгалт хийхдээ энэ журмыг баримтлаагүй. Журмын дагуу заавал шалгалт хийх удирдамж байх ёстой. Удирдамжийг дээд албан тушаалтнаас батлаагүй тохиолдол байна гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т заасан нийтлэг шаардлагыг хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг тогтоож зөрчлийг шалгах зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах энэхүү ажиллагааны явцад хүн хүн хуулийн этгээдийн хууль ёсны эрх эрх ашгийг хамгаалахад оршдог. Мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон гэм буруутай этгээдийн нэг гэмт хэрэгт тохирох ялыг нэг удаа оногдуулах шударга ёсны зарчмыг нэгэн адил баримтлах ёстой. Эрүүгийн хуулийн зарчмыг мөн баримтлах ёстой гэж дүгнэж байгаа. Эрх бүхий албан тушаалтанд иргэн хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотолсон баримт бүрдсэн тохиолдолд шударга ёсны зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2.1-д заасан хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулах шаардлага нь шийтгэл оногдуулах шийдвэрийн он сар, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ, авах үндэслэл хуулийн зүйл хэсэг заалт оногдуулах шийтгэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа хэлбэр нөхцөл хураан авсан битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасан. Шаардлагыг бол хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д холбогдогчийн эрхийг хуульчилсан. Холбогдогчийн эрхүүдээс Ц.Э*******од дараах эрхүүдийг эдлүүлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад ийм дүгнэлт хийж байгаа гэхээр шууд зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны торгуулийг тэр дор нь төлсөн байдлаас дүгнэхэд буруу ойлголт өгсөн юм биш үү? Тодруулбал ямар эрхийг хэрэгжүүлээгүй байна гэхээр ямар зөрчилд холбогдож шалгагдаж байгаагаа мэдэх үндсэн эрхтэй. Миний үйлчлүүлэгч хуулийн этгээдээр хүнс импортлоод байгаа юм уу? Эсвэл бараа мэдүүлээгүй гээд байгаа юм уу? Аль үндэслэлээр нь энэ шийдвэр гаргаад байгаа гэдэг нь ойлгомжгүй. Нэгэнт мэдүүлээгүй байхад хүнээр мэдүүллээ гэж шийдэх нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах энэ эрхийг эдлүүлээгүй. Шууд хялбаршуулсан журмаар явчихсан. Хялбарших зохицуулалтыг 6.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн нь тодорхой байсан гэж тайлбарлаж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд тодорхой үндэслэлээ дурдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж байгаа бол заавал тодорхойлох ёстой. Энэ боломжийг олгоогүй.
...Энэ зөрчлийг гаргаснаас үүдэн тодорхой ажиллагаа явуулах, хүсэлт гаргах, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах, нотлох баримт шалгуулах зэрэг эрхүүдийг эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тийм учраас 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна...” гэв.
6.Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/...Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х******* би, Амгалан гаалийн хяналтын бүсэд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортолсон WHLU5559707 дугаартай чингэлэгт Ц.Э*******ын нэр дээр 02-2201004-24-133160 тоот мэдүүлгээр мэдүүлсэн 850 кг хуучин хувцас гэх бараанд иргэн Ц.Э*******ыг байлцуулан хяналт шалгалт хийхэд 1450 хайрцаг бэлэн гоймонг илрүүлж, фото зураг, холбогдогчийн тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтаар баталгаажуулсан.
Ц.Э******* нь иргэний нэр дээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон болох нь фото зураг, холбогдогчийн тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байсан тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасны дагуу /Хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ торгууль ногдуулсан.
2/Тухайн үед Ц.Э******* зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, холбогдогчийн тайлбар мэдүүлэг зэрэгтэй танилцаж гарын үсэг зурсан. Мөн өөрийн гараар хүсэлт бичиж, иргэн хүнс импортолж болохгүй гэх зөрчлөө хүлээн зөвшөөрч торгууль болох 1000 нэгжийг төлж барагдуулсан.
3/Иргэн Ц. Э******* “Ж******* А*******” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас 1450 хайрцаг бэлэн гоймонг импортолсон гэх мэдээллээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь худал ташаа мэдээлэл юм. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-аас импортолсон WHLU5559707 дугаартай чингэлгийг гаальд мэдүүлэхэд “Ж******* А*******” ХХК-ийн нэр дээр огт бүрдүүлэлт орж ирээгүй. Энэ талаар Гаалийн нэгдсэн мэдээллийн сангаас харах боломжтой.
Тухайн импортолсон бэлэн гоймон нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх шаардлага зөрчсөн /Автомашин, машины сэлбэг хэрэгсэл, хуучин хувцас зэрэгтэй хамт тээвэрлэсэн/, бүтээгдэхүүний шошго Монгол улсын стандартын шаардлага хангаагүй /Солонгос хэл дээр шошготой/, Үйлдвэрлэсэн он сар бичигдээгүй, дагалдах бичиг баримтууд байхгүй, гарал үүсэл тодорхойгүй зэрэг хүнс импортлоход тавигдах шаардлагуудыг зөрчсөн байсан.
Миний хувьд бэлэн гоймонд л хяналт шалгалт хийсэн учраас мэдүүлгийг хяналт шалгалтын байцаагч хариуцаад явдаг. Бэлэн гоймон бол Монгол улсад импортлох шаардлагыг зөрчсөн. Хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим алдагдчихсан. Мөн машинаас гадна задгай машины сэлбэгүүд, тос тосолгооны зүйлүүд давхар ачаад ороод ирчихсэн байсан. Монгол улсын хэмжээнд худалдан борлуулах боломжгүй бэлэн гоймон учраас энэ шийтгэврийн хуудсыг хэвээр болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэжээ.
2.Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хорио цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 009******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ц.Э*******од Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 1450 хайрцаг, 3 нэр төрлийн бэлэн гоймонг хураан авчээ.
3.Гомдол гаргагчаас “...хуулийн этгээдийн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас 1450 хайрцаг бэлэн импортолсон, гаалийн байцаагч хууль тайлбарлах үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагчаас “...гаальд мэдүүлэхэд “Ж******* А*******” ХХК-ийн дээр бүрдүүлэлт орж ирээгүй тул шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргасан.
4.Гомдол гаргагчийг Бүгд Найрамдах Солонгос улсаас 1450 хайрцаг 3 нэр төрлийн бэлэн гоймонг иргэн импортолсон гэх зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
5.Учир нь Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг” хэлнэ, хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заажээ.
6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “...Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл, гомдол гаргагч Ц.Э*******ын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт зэргээс харахад 1450 хайрцаг бэлэн гоймонг хилээр оруулж ирснээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.
7. Хэдийгээр гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангаагүй, холбогдогчийн эрхийг зөрчсөн буюу хуулийн дагуу ажиллагааг хийгдээгүй гэж тайлбарлаж байх боловч Гаалийн улсын байцаагч нь гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан хяналт шалгалт хийж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ талаар холбогдогчид танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг, тайлбар зэргийг авсан нь нотлогдож байна.
8. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн цахирмаар мэдүүлсэн мэдүүлэг, түүний гараар бичсэн хүсэлт, фото зураг зэргээр зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Нөгөөтэйгүүр гомдол гаргагч нь “Ж******* алтай фүүдс”ув ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэх боловч тухайн бүтэгдэхүүнийг хуулийн этгээдийн нэр дээр болон огт мэдүүлээгүй, уг зөрчилтэй нь холбогдуулж Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Одончимэгээс хяналт шалгалтыг явуулж, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0094849 дугаар шийтгэлийн хуудсаар өөрт холбогдох зөрчилд шийтгэл ногдуулж, 1450 хайрцаг 3 нэр төрлийн гоймонд холбогдох зөрчлийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан байцаагч буюу хариуцагчид шилжүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
10. Иймд гомдол гаргагчид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийтгэлийг оногдуулсан нь хуульд нийцэж байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан Ц.Э*******оос Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х*******д холбогдуулан гаргасан “...улсын байцаагч Я.Х*******гийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 009******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭ*******