| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2311 00174 0527 |
| Дугаар | 2023/ДШМ/736 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/736
Г.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батцэцэг,
цагаатгагдсан этгээд Г.Х-ы өмгөөлөгч Т.Туул,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/344 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Г.Х-д холбогдох 2311 00174 0527 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Н-ын Х-, 1992 оны _ дүгээр сарын _-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн _ дугаар хороо, _ байрны _ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:_/;
Г.Х- нь хохирогч Ж.Д-ийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19:42 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ Голомт банкны 3333333333 дугаартай данснаас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг түүний өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г-ын Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг цагаатгахдаа шүүгдэгч Г.Х-ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс цагаатгах тогтоолдоо “...шүүгдэгчийн шинэ төрсөн хүүхдэд нь зориулж найз нөхдөөс нь мөнгө өгнө гэж амласан, дансны дугаарыг нь авсан, мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм” гэжээ. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь фэйсбүүкийн харилцсан чатуудаа устгасан гэх шалтгаанаар өөрийн эзэмшлийн гар утас болон фэйсбүүк хаягт үзлэг явуулахаас эрс татгалзсаны улмаас дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн “Танд хэзээ, хэн, хэдэн төгрөг явуулсан талаар ямар хэлбэрээр мэдэгдсэн бэ” гэх асуултад мөн нэр зааж хариулт өгөөгүй зэргээр шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж батлагдаагүй болно. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байхыг шаарддаг. Г.Х- нь өөрийн дансанд “Касс руу” гэсэн утга бүхий орсон орлогыг найз нөхдөөс нь ирүүлсэн гэж шууд ойлгосон талаарх шүүхийн дүгнэлт нь хийсвэр бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ тогтоолд улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүйгээс гадна цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэж заасан нь “шүүгдэгчийг” цагаатгасан үндэслэлийг тогтоолд тусгах тухай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. …” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Х-ы өмгөөлөгч Т.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэлд “Г.Х- нь өөрийн эзэмшлийн гар утас болон фэйсбүүк хаягт үзлэг явуулахаас эрс татгалзсан тул дээрх ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд дутуу шалгасан зүйлээ миний үйлчлүүлэгч Г.Х-аас хамааралтай мэтээр тайлбарлаж байна. Хэрэв Г.Х- өөрийнх нь гар утас, фэйсбүүк хаягт үзлэг хийхээс татгалзсан бол энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэх ёстой. Миний үйлчлүүлэгч Г.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө Одко, Учрал гэж найзуудынхаа нэрийг хэлсэн байдаг. Энэ талаар мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгах боломжтой байсан. Шүүхээр хэрэг хэлэлцэж байгаа л бол ямар нэгэн шийдвэр заавал гарна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Г.Х-ыг цагаатгах үндэслэл байгаа учраас цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Х-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Г.Х-ыг “Хохирогч Ж.Д-ийн алдаатай гүйлгээг завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар Г.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт цагаатгагдсан этгээд Г.Х- иргэн Ж.Д-ээс “KASS RUU” гэсэн утга бүхий 1.000.000 төгрөгийн гүйлгээг өөрийн охины нэр дээр эзэмшдэг дансаар хүлээн авсныг хүлээн зөвшөөрсөн боловч “Найзууд маань бэлэг өгсөн гэж бодсон” гэсэн алдаатай гүйлгээ болохыг мэдээгүй гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд нь өөр баримтуудаар давхар нотлогдоогүй, мөн “Гадаадаас найз нөхөд миний данс руу 1.000.000-2.000.000 төгрөг шилжүүлж байсан” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан “Голомт” банк дахь дансны хуулга /хх 18/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдоогүй, түүнийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах, гэм буруутай этгээдэд ял завшуулах үр дагаврыг бий болгож болзошгүйг анхаарах нь зүйтэй.
Г.Х- нь өөрийнх нь хүүхдэд найзуудаас нь бэлэг болгон мөнгө шилжүүлнэ гэж ярьж байсан талаар мэдүүлсэн боловч энэ талаарх эх сурвалжийг бодитой заагаагүй байхад түүний мэдүүлгийг ач хологдолтойд тооцон үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.
Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Б.Батцэцэгийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ