Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/737

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч,

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Урангоо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урангоогийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Г-т холбогдох 2308 00000 0308 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Г-ын Г-, 1978 оны _ дугаар сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн _ дугаар хороо, _ дугаар гудамжны _ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн _ дүгээр хороо, _ тоотод оршин суух, /РД:_ /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Г.Г- нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн _ дүгээр хороо, _ дүгээр гудамжны _ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун суганы доод хэсэгт хутгаар зүсэж, улмаар талийгаачийн цээжний баруун хөндий нэвтэрч уушгийг гэмтээж амь насыг хохироосон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар Г.Г-ийг 15 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Г.Г-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-оос 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өмд 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, нойтон салфетка 2 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй дэвсгэр даавуу 1 ширхэг, цэнхэр эрээн 2 хэсэг даавуу, цэнхэр эрээн дэр 1 ширхэг, ягаан дэрний уут 1 ширхэг, ягаан жимсний зурагтай дэвсгэр даавуу 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-аас 7.169.210 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч-д олгохоор, шүүгдэгч Г.Г-ийн эдлэх хорих ялыг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Урангоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Г.Г-ийн болон гэрч Г.Г нарын мэдүүлэгт амь хохирогчийг орон гэрээсээ хөөгдөж, орох оронгүй явахад дэргэдээ авч гэртээ хамтран амьдарч, ар гэрийнхнийхээ дургүйцлээс хамгаалдаг, хайрладаг байсан зэрэг нөхцөл байдлуудыг илэрхийлдэг. Хоёулаа архины хамааралтай байсан, өс хонзон зэрэг хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, үнэн санаанаасаа амь насанд нь халдах зорилго байгаагүй, агсам тавиад байхаар нь айлгаж, тайвшруулах зорилгоор мэс барьсан, согтуурхалд автаж амь насанд хүрсэн зэрэг байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хор уршиг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж хүнлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг харгалзан үзэж Г.Г-т анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бууруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Учир нь, шүүгдэгч бидний нэхэмжилсэн хохирол, төлбөрийг төлөөгүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдчихээд хорих ялын хугацааг бууруулж өгнө үү гэж байгаа нь ойлгомжгүй байна. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 15 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г-ийн 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урангоо “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Г.Г-ийн эх нь удаа дараа “Г.Г- архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга талийгаачийг зоддог байсан” гэдэг. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон болох нь тогтоогддог тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Г.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн _ дүгээр хороо, _ дүгээр гудамжны _ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Б-ыг баруун суганых нь доод хэсэгт хутгалж алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ч-ын: “...Н.Б нь хамтран амьдрагч Г.Г-тай хамт амьдраад 3-4 жил болж байгаа. …Манай дүү болон Г.Г- нар хоорондоо хэрүүл маргаан хийж, зодолдож байсан. ...” /1хх 46-48/,

гэрч Ч.А-ийн: “...Г.Г- “Цагдаа дуудаж яах гээд байгаа юм” гээд байсан. Би цагдаагийн байгууллагад “Согтуу хэрүүл маргаан хийгээд байна” гэж дуудлага өгсөн. Цагдаа нар манай гэрт ирэх үед Г.Г- яасан нь мэдэгдэхгүй, үг хэлэлгүй шууд цонхоор гараад зугтаасан. ...” /1хх 86-87/,

гэрч Г.Ц-ийн: “...Бодвол Г.Г- талийгаачийн амь насыг хохироосон байж магадгүй. Учир нь манай ах Г- архи уусан согтуу үедээ агсам согтуу тавьж, Н.Б-ыг ална гэж заналхийлж, хутга бариад дайрдаг байсан. Энэ явдлыг би болон манай ээж Алтанцэцэг хориглодог байсан. ...” /1хх 90-95/,

гэрч М.Г-ийн: “...Г.Г- нь архи уусан үедээ хамтран амьдрагч Н.Б-ыг зодсон, агсам согтуу тавьсан гэх байдлаар удаа дараа дуудлага болж орж ирж надаас нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүхээр оруулж 14 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан. ...” /1хх 101-102/,

шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Талийгаач бид хоёр унтах гээд хэвтэж байхад талийгаач өөрт нь архи өгөлгүй 2-3 удаа алгасаад явсныг мэдээд тэрнээс болж надтай хэрүүл өдөөд “Чи муу надаас архи харамлаад” гээд над руу салаавч гаргаад байхаар нь би өөдөөс нь “Чи надтай зэрэгцэж архи уух ёстой юм уу” гээд уур хүрээд айлгах санаагаар гэрийн гал тогооны шүүгээнд хутга байдаг хэсгээс шар, хуванцар игтэй, богино хутгыг аваад, тухайн үедээ нэлээн согтолттой байсан болохоор баруун суганд нь хутгалсан гэдгээ мэдээгүй. Талийгаач надад “Чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь “Битгий худлаа яриад бай” гэсэн чинь баруун суганы доод талаас нь цус гарч байсан. ...” /1хх 195-196/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогчийн цээжний баруун хөндийнд нэвтэрч баруун уушгины дээд дунд дэлбэнг зүссэн шарх, цээжний зүүн тал, баруун мөр, бугалганы цус хуралт, духны зулгаралтын улмаас цээжний баруун хөндий нэвтэрч, уушги гэмтээсэн шархнаас цус алдаж үхэлд хүргэсэн, мөн цээжний баруун хөндий нэвтэрч уушги гэмтсэн шарх нь ажлын хэсэг нь 2,0 см өргөн, 6,0 см орчим урттай ир үзүүртэй зүйлээр, бусад цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэх болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 527 дугаар дүгнэлт /1хх 115-118/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Ганболдын “...Амь хохирогч нь үхэлд хүргэсэн гэмтлийг авснаас хойш 2-3 минут орчим хугацаанд амьд байх боломжтой. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломж цус алдалт явагдаж байгаа хүн тэр даруй ухаан алдахгүй, ухаантай байдаг. Эмнэлгийн яаралтай тусламж, эмнэлгийн үйлчилгээ авсан ч амь аврагдах боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх 125-127/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн хэргийн үйл баримтыг үндэслэлтэй, зөв тогтоосон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Н.Б-ыг хутгалж, амь насыг нь санаатай хохироосон түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, зүйлчлэл тохирсон байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 169-170 дугаар талд авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Г- нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримтгүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогджээ.

Хуульд заасан зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 15 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорин байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд шүүгдэгч Г.Г- нь амь хохирогч Н.Б-ыг зодож, Зөрчлийн тухай хуульд зааснаар хоёр удаа баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан, мөн амь хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлж байсан боловч энэхүү хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй дахин хүний биед санаатай халдаж, амь насыг нь хохироосон нөхцөл байдалд тус тус тохирсон гэж үзэж, “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урангоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

            Амь хохирогч Н.Б нь 2009 онд төрсөн 14 настай Б.Б, 2015 онд төрсөн 8 настай Б.А гэсэн хоёр хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх боловч анхан шатны шүүх эдгээр хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

Хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоогдсон этгээд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Урангоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б-ын Х /УУ99999999/, Б-ын А /УУ00000000/ нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Урангоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Г-ийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                                                 Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                                  Ц. ОЧ