Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, 

улсын яллагч С.Солонго,

хохирогч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ш.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0018 70024 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш.О, 1988 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх пүүргийн 25 дугаар хороо 62-99 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах дотор Б.Ундармааг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ш.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 сарын 25-ны ням гаригт энэ үйл явдал болсон байгаа. Хохирогч нь намайг өмнө маш их хэл амаар доромжилсон байсан тул би өөрөө эхэлж хэрүүл үүсгэсэн. Хохирогч нь өмнө удаа дараа хүмүүстэй муудалцаж маргалддаг байсан. Бид хоёрын маргалдаж зодолдсоноос болж хохирогч эмэгтэйд улайж маажилцсан юм гарсан. Тухайн үед миний биед ч тийм гэмтэл байсан. Өөрөө хуулийн мэдлэгүйгээс болж шинжээч томилуулж шалгуулаагүй. Мөн мөрдөн байцаагч надаас шинжээч томилж шинжилгээ хийлгэх үү, гэмтлээ тогтоолгох уу гэж асуугаагүй. Би тухайн үед шүүхээр орно гэж мэдээгүй байсан тул тос аваад түрхээд эдгэрсэн байсан. Миний бие Б.Ундармаад 260.000 төгрөгийг хохирол төлбөрт тооцох хүлээлгэн өгч байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ундармаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаа зүгээр хийж байхад над руу явж байгаа хүмүүст бараагаа үзүүлээд зарах боломжгүй хашгираад байсан. Яагаад байгаа юм гэхэд чи миний барааг адилхан авчирсан байна. Чи надтай муудалцсандаа насаараа харамсах юм аа хийсэн шүү гээд байсан. Мөн өмнө нь муудалцаж байхдаа танай хүүхдийг цус нөжтэй нь холино шүү гээд намайг заналхийлж байсан. Тэр өдөр ч мөн насаараа харамсах юм аа надтай хийлээ дээ гэж олон удаа чичэлж хэлсэн. Ингээд бид хоёрын зодоон эхэлсэн. Би ямар ч хэл амаар доромжлоогүй. Надад тийм хурц хэл ам байдаггүй. Маргааш нь би бараандаа явсан. Ингээд явж байхад замдаа бие хүндүүр хөдөлж чадахгүй байсан. Ингээд би уйлсаар яваад ирсэн. Хөхөрсөний чинээгээр зөндөө шарх, сорив үлдсэн. Бараандаа явж ирээд тархи толгой өвдөөд ажлаа ч олигтой хийж чадахгүй дандаа үдээс хойш ажилдаа ирж байсан. Одоог хүртэл толгой өвддөг. Өдөрт би хагас ажлаа хийж байсан. Иймээс өөрийн ашиг орлогоо алдаж байсан. Саяхан л гэхэд намайг чи цагдаагаар яваад юу ч долоодоггүй гэж байсан. Нурууны татлага, хүзүү сээрний шарлага хийлгэсэн 200.000 төгрөг, олон удаа соривны тос авч түрхэсэн 28.500 төгрөг. Шинжилгээ хийлгэхэд 15.000 төгрөг, имрайд харуулах гээд бичиг авсан байгаа үүний 750.000 төгрөгөөр хийлгэнэ, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, би сэтгэл санаагаар маш их хохирсон. Одоо хүртэл айдастай байгаа. Иймд сэтгэл санааны хохиролд 3 сая  төгрөг,  нийт 4.493.500 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...удалгүй дахиад хүмүүс ирэхэд дахиад Оюунцэцэг өмнөх шигээ хашгирсан, тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь Оюунцэцэг над руу хуруугаараа чичилж байгаад чи надтай хэрэлсэндээ насаараа харамсана гэж 2 удаа заналхийлсэн...Оюунцэцэг шууд гүйж ирээд намайг үстсэн. Тэгээд зодоон эхэлсэн, би Оюунцэцэгийн өөдөөс нь сарвалзаад хорьж байтал миний хөл, гэдэс рүү Оюунцэцэг олон удаа өшиглөсөн. Хүмүүс хориод дийлэхгүй байсан. Тэгээд миний гинжийг тасдсан бас миний нүүрэн дээр самардсан, баруун гарын бугалганд хумсаа шигтгэж базсан...” гэх мэдүүлэг. /хх13-15/,

Гэрч Ш.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нилээн хэрэлдэж байгаад зодоон сүүлдээ зодолдож эхэлсэн. Тэгээд бид хоёрын зодооныг хүмүүс ирж салгаад бид хоёр салцгаасан...Би Ундармаагийн хөл гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Хүзүүн дэх гинжийг нь тасалсан өөр хүрсэн газар байхгүй. Харин Ундармаа миний хүзүү, цээжийг маажсан...” гэх мэдүүлэг. /хх17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №8438 дугаартай дүгнэлт:

  1. Б.Ундармаагийн биед тахи доргилт, баруун дээд зовхи, эрүү, хамарт зулгаралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, цээж, зүүн суга, бугалга, шуу, баруун шуу, хэвлий, зүүн ташаа, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-7/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах дотор Б.Ундармааг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ш.О 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүнгэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ш.О нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Ундармаа нь сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, бусад эмчилгээнд зарцуулах 760.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд шүүх уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг нотолсон баримтгүй тул, өмгөөлөгчийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэлгүй тул гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна.

Хохирогч Б.Ундармаа нь хавтас хэрэгт нотлох баримтаар 243.550 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Ш.О нь хохирогчид 260.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул хохирогчид баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж байна.

Харин шүүх хохирогч Б.Ундармаа нь өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс / Ш.О / иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Ш.О 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Ш.О бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Ундармаад 260.000 төгрөгийг нөхөн төлсөн, Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Хохирогч Б.Ундармаа нь гэмт буруутай этгээдээс / Ш.О / өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР