Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/762

 

Х.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогч Ж.С-, А.Т-, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

хохироогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч К.Жархынбек, Ж.Очирхуяг, Л.Намнансүрэн, Д.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.С-, А.Т-, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү нарын хамтарч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Очирхуяг, К.Жархынбек нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн Х.У-т холбогдох 1905 02127 1665 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Х-ийн У-, 1987 оны _ дүгээр сарын _-ны өдөр , дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, таван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ дугаар хэсэг, Э хотхон, _ гудамж, _ байрны _ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: _ /;

Х.У- нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С-, А.Т- нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 м.кв талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой, үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12699 м.кв талбайтай газрын компанийн хамт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй 1.597.118.064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

2. Иргэн Г.Н-д өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717.240.000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурч, Г.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам /18192/ 7 дугаар хэсэг гудамж, 242/19 тоотод байрлах 317.639.400 төгрөгийн үнэлгээ бүхий 154.4 м.кв талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан, мөн Г.Н-оос 75.107.889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111.471.480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан 281.275.809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

3. “Г” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах экспортолно гэж Ө.Д-д ойлгуулж, түүгээр дамжуулах Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн захирал Ж.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.Д-гээр дамжуулан 75.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Х.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас З овогт Х-ийн У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ж.О-ийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч З овогт Х-ийн У-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар З овогт Х-ийн У-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Х.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-ээс нийт 1.393.603.612 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.С-д 839.000.000 төгрөгийг, хохирогч Г.Т-т 382.400.000 төгрөгийг, хохирогч Г.Н-д 172.203.612 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Х.У-, Б.Х- болон “М” ХХК, “Ю” ХХК, “Г” ХХК, “Нэгүн эх групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын _ дугаар баг, _ дугаар гудамжны _ тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Ү-2222222222 дугаартай хурлын заал, Ү-2222222222 дугаартай спорт заал, Ү-2222222222 дугаартай оффис, Ү-2222222222 дугаартай зоорийн давхар, Ү-2222222222 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн Х.У-ийн өмчлөлийн Ү-2222222222 дугаартай хувийн сууц болон Ү-2222222222 дугаартай оффис, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн саналаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан “М” ХХК /555555/-ийн өмчлөлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, _ тоотод байршилтай, бүртгэлийн 0000000000000 дугаартай, 12699 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай газар, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, _ /_/, Цайз гудамж, _ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-222222222222  дугаартай, үйлдвэрлэл оффисын зориулалттай 2011,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Х.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч А.Т-, Ж.С- нарын өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хохирогч А.Т-, Ж.С- нарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээсэнгүй. Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1. Шүүх хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрэн хамаарч байна.

1. Шүүгдэгч Х.У- нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С-, А.Т- нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 м.кв талбайтай махны үйлдвэр, 12.699 м.кв талбайтай газрыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авна гэж хуурч өмчлөх эрхийг, компанийн хувьцаа эзэмших эрхийг хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. 1.5 тэрбум төгрөг нь зөвхөн махны үйлдвэр, газрын үнэ юм. “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан.

Х.У- нь залилах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох махны үйлдвэрийг 2017 оноос одоог хойш одоог хүртэл өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа байлгаж байна. Гэтэл анхан шатны шүүх Х.У-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох махны үйлдвэрийг газрын хамт хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэхээр буцаан өгч хэргийг шийдвэрлэх байтал хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тогтоол гаргалаа.

1 дүгээр хавтаст хэргийн 21-28 дугаар талд махны үйлдвэр, газар, “М” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай прокурорын 2461, 2462, 2463 дугаартай тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэж, хэргийг шийдвэрлэхдээ 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “М” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ё.Э-гийн хувь нэр рүү шилжүүлсэн хэлцэл /3хх 66/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр махны үйлдвэрийн барилгыг Д.А-ын хувь нэр дээр бүртгүүлсэн барьцааны гэрээ, бүртгэлийг хүчингүйд тооцож, гэмт хэргийн замаар алдсан эд хөрөнгийг хохирогч нарт буцаан олгох талаар өмгөөлөгчийн санал дүгнэлтдээ маш тодорхой хэлсэн бөгөөд хууль зүйн бүрэн боломжтой байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад Х.У- нь өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “Г” ХХК-аар “Н” ХХК-аас 1.3 тэр бум төгрөг зээлсэн байдаг. Ингэхдээ “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ын хувь нэр дээр барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь анхаанаас хууль зөрчсөн. Шүүх дүгнэлтдээ: “...“М” ХХК-ийн 60 хувийн хувьцааг бусдад буюу Ё.Э-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд шилжүүлж, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг төлөлгүй, их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо” гэсэн. “Г” ХХК нь “Н” ХХК-аас авсан зээлээ төлж чадаагүйгээс, мөн “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ё.Э-гийн хувь нэр рүү “М” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг бүрэн агуулж байгаа юм. Учир нь, “М” ХХК-ийн хувьцааны 60 хувийг Ё.Э- өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Хувьцаа бол өөрийн гэсэн үнэ цэнэтэй эдийн бус хөрөнгө юм. Харин компанийн нэр дээрх махны үйлдвэр /үл хөдлөх эд хөрөнгө/, газар бол тус тусдаа өөр өөрийн үнэ цэнэтэй эд хөрөнгүүд юм. Үүнээс гадна “Н” ХХК, “Г” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 396 дугаартай шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Энэ зээлийн гэрээний үүргийг “Н” ХХК шаардахдаа Д.А-ын нэр дээр байгаа барьцааны гэрээ, Ё.Э-гийн нэр рүү “М” ХХК-ийн 60 хувийг шилжүүлсэн хэлцэл зэргийг ашиглаж чадаагүй байдаг. Учир нь Д.А-, Ё.Э- нар нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлээр гэрээ байгуулсан энэ эрүүгийн хэрэгт өөрсдийнх нь мэдүүлэг, бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог. Гэтэл шүүх ийм бодитой, баримттай үйл баримт хэрэгт авагдсан түүнийг мэдсээр байж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг журамлан Д.А-, Ё.Э- нарын барьцаа, хувьцаа шилжүүлэн авсан хэлцлүүдийг хүчингүй болгож, махны үйлдвэрийн барилга, газар, “М” ХХК-ийн хувьцааг хохирогч нарт буцаан шилжүүлэх бүрэн боломжтой байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан юм.

Хохирогч нарын хувьд энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хүнд гарз хохирол амссан бөгөөд одоог хүртэл тэдний зөрчигдсөн эрх сэргэхгүй байгаад туйлын их гомдолтой байна. Хохирогч нар Х.У-т бүрэн итгэл хүлээлгэж 2017 оны 9 сард махны үйлдвэрийн эзэмшил ашиглалтыг түүний мэдэлд бүрэн шилжүүлсэн. Хэрэг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх цаг хугацаанд нийт хохирол төлбөрийн 17 хувийг төлсөн. Хохирогч нар шүүх хуралдаанд алдсан махны үйлдвэрээ газрын хамт буцаан авах, өнгөрсөн 5 жилийн хугацаанд хохирсон, А.Т-ын хувь эхнэрээ эмчлүүлэх хөрөнгө мөнгөгүйн улмаас зуурдаар алдсан зэрэг хүнд гарз хохирол амсаж буйгаа хангалттай илэрхийлж, Х.У-ээс авсан 258.600.000 төгрөгийг хор уршгийн зардалд тооцуулан шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 7 дугаар зүйлийн 3 “Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах зүйлийг тусгана”. 3.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийн алинаар нь шийдвэрлэснээ дурдаагүй, яасан нь мэдэгдэхгүй, алдсан махны үйлдвэр нь ч байхгүй, хор уршгийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь ч тодорхойгүй шийтгэх тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” 1.6 “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар” тусгах ёстой. Гэтэл шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт хохирогч Ж.С-д 839.000.000 төгрөг, А.Т-т 382.400.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хэдий хугацаанд эсхүл ямар хэлбэрээр, хэрхэн, яаж гаргуулах талаар огт тогтоолд тусгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар тогтоолд огт тусгаагүй зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэлд бүрэн хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2. 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад тус тус заасныг журамлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ж.С-, А.Т- нарын зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээж, улсын бүртгэлийн Ү-2222222222 дугаартай Налайх дүүрэг, 1-р хороо, _ гудамжны _ тоот хаягт байрлах 2011.2 м.кв талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0000000000000 нэгж талбарын дугаартай 12.699 м.кв газар эзэмших эрх, “М” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмших эрхийг тус тус хохирогч нарт буцаан олгох, хохирогч Ж.С-гийн авсан 111.000.000 төгрөг, А.Т-ын авсан 147.600.000 төгрөгийг хор уршгийн зардалд тус тус тооцож тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ж.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор хэргийг үнэн зөвөөр шүүж хохирогч надад учирсан бодит хохирлыг шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. “М” ХХК-ийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Ж.С- бид нар Налайх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн нэр дээр бүртгэлтэй, 2011 м.кв талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой, үйлдвэрлэлийн зориулалттай 2 давхар байгууламжийг эзэмшлийн газар болон компанийн хамт Х.У-ийн заль мэхэнд хууртагдсаны улмаас 2017 оны 8 дугаар сараас үнэ төлбөргүй эзэмшүүлж ашиглуулж байгаад 1 жил 2 сарын дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа гэж өгсөн бага хэмжээний мөнгийг эс тооцвол үнэ төлбөргүй, бүр мөсөн шилжүүлэн өгч, их хэмжээний эд хөрөнгөөр хохирсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор эрхээ сэргээлгэж чадсангүй.

Үйлдвэрийн хүчин чадлын хувьд 2009 онд баригдсан, хоногт 50 бод, 500 бог нядлах хүчин чадалтай, нядалгааны шугам, гэдэс дотор ялгах, ангилах цэвэрлэх, арьс шир давслах, гулууз сэврээх, болон лабораторийн өрөөнүүд, мөн нядалгааны цех, гулууз шулж мах ангилах иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шугамтай, бохир гадагшлуулах цооногтой, бууз банш бэлэн бүтээгдэхүүн хийх хөлдөөх цех, 10 тн багтаамжтай гүн хөлдөөх хадгалах цехтэй, цайны газар, 5 өрөө оффисын хэсэг бүхий объект байсан. 2014 онд А.Т-ын мэдэлд шилжсэн байдаг. 2017 оны 8 сараас Х.У-ийн мэдэлд шилжин, түүний мэдэлд 6 жил гаруй болж, одоогоор ч үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрээс гадна компани, газар гэх мэт хохирлууд ч шийдэгдсэнгүй.

Анх Х.У- нь нөхрийн хамтаар зарын дагуу өөрөө сонирхож холбогдсон. Гэтэл тийм зүйл болоогүй, бидэнтэй ч гэрээ тохиролцоо хийгээгүй гээд ярьж байх жишээтэй. Мэдүүлэг өгөхдөө хохирогчдыг их гүтгэсэн. Түүнийг шүүх онцгойлон сонсож шийдвэртээ тусгасан байгааг уншаад гайхлаа.

Х.У- нь бидэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийж объектыг өөрийн мэдэлд шилжүүлэн авангуутаа бусдын нэр дээр хууль бус хэлцлээр шилжүүлсэн байна. Хохирогч бид нар залилуулна гэж огт санаагүй харин ч авч ажиллуулах хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж өглөө, авах өгөх хоёр сонирхол яг нэгдмэл байна гэж ойлгосон. Гэтэл Х.У- нөхрийн хамтаар бүр эсрэгээрээ залилах тухайгаа аль хэдийн төлөвлөсөн байжээ. Х.У-тэй 2018 оны 9 сард худалдах, худалдан авах гэрээ хийх болсон шалтгаан нь Х.У- “Танай компанийн бүх эд хөрөнгийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банк болон санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгийг нь өгье, та нарт өгөх мөнгөний тал нь бэлэн байгаа, мөнгийг чинь 7 хоногийн дотор өгчихнө” гэсэнд итгэсэн. Гэтэл шүүх хурал дээр тэр мэдүүлэхдээ “Байсан мөнгөө засварт дуусгасан” гэх боловч түүнд эргэлтийн хөрөнгө авах ч мөнгө байгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Х.У- нь гэрээ хийх үед бусдад маш их өртэй, төлбөрийн чадваргүй байсан нь хэрэгт баримтаар авагдсан. Тухайлбал, манай өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт байгаа баримтаас тооцож Х.У- нь бусдад 7 тэрбум гаруй төгрөгийн өртэй байгааг жагсаалтаар гаргаж хэрэгт хавсаргуулахаар шүүх хурал дээр өгсөн. Одоо ч энэ нь төлөгдөөгүйн гадна Батболор шүүгч дээр 2 жил хэрэг дарагдах хугацаанд Х.У- нь нөхрийн хамтаар нэмж залилан хийж, 200 орчим иргэн аж ахуй нэгжийг тэрбумаар яригдах хохиролтой хэргүүд үйлджээ. Энэ хэргүүд нь хэд хэдэн цагдаагийн газар, хуулийн байгууллагаар шалгуулаад явж байгаа. Холбогдох хэргүүдийн тогтоолын зармыг нь хэрэгт хавсаргасан байна.

Худалдах, худалдан авах тухай яриа хэлцэл хийж эхлэхдээ л бид объектоо 750.000 ам.доллароор зарна гэсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Гэтэл шүүх улс оронд нүүрлэсэн үнийн өсөлт, ханшийн уналтыг үл харгалзан тал үнээс доогуур төгрөг олгохоор шийдвэрлэж байгаа нь хохирогчдыг хохирсон дээр нь хохироосон шийдвэр гаргасан.

Хохирогч бидний зүгээс “Х.У-т залилуулж алдсан компани, газар, түүн дээр баригдсан барилга байгууламж өмч хөрөнгөө бодитоор нь буцааж авъя, эрхийг нь сэргээж өгөөч гэсэн” гомдол гаргаж, шүүхээр хэлэлцүүлэхэд дээр дурдсан эд хөрөнгүүдийг эзэн бидэнд өгөхгүйгээр залилагч Х.У-т үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул залилуулсан өмч хөрөнгийг, “М” ХХК-ийн эрхийг минь бодитоор буцаан өгч өмчлөх эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү.

Шүүгч хурлын төгсгөлд тогтоолоо танилцуулсан ба “М” ХХК-ийн хөрөнгийг хэргийн хохиролд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр бидэнд хохиролтой шийдвэр гаргахаар тогтоолд заалт оруулсан гэсэн. Гэтэл шийтгэх тогоол дээр залилагчид буцаан өгөхөөр шийдэж байгаа нь шүүгч хүн гаргаж болохооргүй завхрал гаргалаа гэж хохирогчийн хувьд үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хурал дээр миний мэдүүлсэн мэдүүлэг, шаардлагыг огт тусаагүй, мөрдөн байцаалтад анх өгсөн мэдүүлгийг товч тусгасан байх ба шүүх хуралдаан дээр би залилуулж алдсан эд зүйлээ эргүүлж бодитоор авъя гэснийг огт тусгаагүй байна. Харин Х.У-, Х- нарын баримтгүйгээр худал мэдүүлснийг хэдэн арван хуудсаар нь дэлгэрэнгүй оруулж, шүүхийн тогтоолын үндэслэл болгосон байгаа нь хэт нэг талд үйлчилсэн гэж харагдлаа.

Бусдын өмч хөрөнгийг залилан өөрийн нэр дээр болгон, үнэ өртгийг нь өгөөгүй байж “Миний өмч хөрөнгө, миний үйлдвэрийг эд нар авах гээд байна” гэж эздийнх нь эсрэг Х.У-ийг мэдүүлэхээр шүүх “М” ХХК түүний өмч хөрөнгийг түүнээс авч салгаж болохгүй гэж шийдэж байгаа нь хууль шударга ёсонд харшилсан түүнд үйлчилсэн шийдвэр гаргалаа. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосон.

Мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар Х.У-ийн өмчлөлийн Ү-2222222222 дугаартай хувийн орон сууц, Ү-2222222222 дугаартай оффис зэргийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй гэжээ. Энэ 2 хөрөнгө нь Х.У-ийн бусдаас залилсан, үнэ өртгийг нь бүрэн төлөөгүй эд хөрөнгө байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ү-2222222222 дугаартай хувийн орон сууцны 690 сая төгрөгийг төлөөгүй гэсэн гэрч Ж.Д-ын мэдүүлэг /3хх 142/ Ү-2222222222 дугаартай оффисыг Х.У- авахаар Мастер түншлэл ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, 232.6 сая төгрөгөөр тооцож шилжүүлэн аваад хэдхэн төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, одоогоор 244.5 сая төгрөгийн өртэй байгаа гэж гэрч Г.Т-ын мэдүүлэг /2хх 107/ хэрэгт тус тус авагджээ. Үүнээс үзэхэд манайхыг залилсантай адил нөхцөл байдалтай бусдын хөрөнгийг Х.У-ийнх мэтээр дүгнэж манай хохиролд тооцуулахаар шийдвэрлэж байгаа нь ямар ч утгагүй шийдвэр юм. Түүний оронд манай компани, газар, хөрөнгийг буцаагаад бидэнд олгохоор шийдвэрлэх нь хууль ёсны дагуу шийдвэр болох байх гэж үзэж байна.

Шүүх хурал дээр Х.У- болон түүний түүний 5 өмгөөлөгчийн зүгээс гүтгэлгийн шинжтэй олон зүйлсийг баримтгүйгээр ярьсан, тус хурал дээр ч гүтгэх нь тодорхой тул тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: ...Манай үйлдвэрийн барилгыг анхнаасаа ч зөвшөөрөлгүй баригдсан барилга байсан гээд байсан. Цаад санаа нь юу гэх гээд байгаа нь тодорхойгүй. Тийм бол буцаагаад л өгчихөө ч дээ. Анхны зураг төсөл нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад л тэр газарт материалд хавсаргаж өгсөн. Тэндээс лавлагаа аваагүйгээр бидэн рүү дайрч гүтгэсэн. ...Тусгай зөвшөөрөлтэй гэчихээд зөвшөөрөлгүй байсан, зөвшөөрөл гэх зүйл нь засвартай байсан гэж гүтгэсэн. Анхнаасаа тусгай зөвшөөрөлтэй гэж түүнийг өгч авах тухай яриагүй, тийм учир гэрээнд тэр тухай үг байхгүй билээ. Мөн тэрээр бид их хэмжээний засвар хийсэн 500.000.000-700.000.000 төгрөгийн засвар хийсэн гэх мэтээр ямар ч баримт нотолгоогүй зүйл ярьж баримт шаардахад "баримуудыг мөрдөгч аваад өгөөгүй" гэсэн үгээр ам хаадаг. Эдгээрийг анхаарна уу.

Эцэст нь бидний хохирлыг залилуулж алдсан “М” ХХК-ийн эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэлгээнээс 2 дахин бага үнэлгээгээр зөвхөн төгрөгөөр төлүүлнэ гэсэн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний залилуулсан эд хөрөнгийг буцааж өгөх боломжтой, хуулийн зохицуулалт байсаар байхад буруу шийдвэр гаргасан тул залруулж өгнө үү. Хохирогч нарын зүгээс Х.У-т буцааж өгөх зүйлийн талаар шүүхээс шийдвэр гарвал өгнө гэдгээ байнга илэрхийлж байгаа. Улсын яллагчийн зүгээс Х.У-т 7 жилийн хорих ял оногдуулах санал тавихад шүүх ямар нэгэн үндэслэлгүйгээр хэт доогуур ял оногдуулсныг залруулах нь зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан буруу зүйлсийг засч, өөрчлөх эрх хэмжээ та бүхэнд байгаа тул хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүх хуралдаан дээр миний тавьсан хүсэлт гомдлыг, өөрөөр хэлбэл залилуулсан компанийг эд хөрөнгөтэйгөө авъя гэхэд тогтоолд огт тусгаагүй, зөвхөн мөнгө нэхэмжилнэ гэсэн гэж гуйвуулж тусгасан байна. Энэ нь бидний залилуулж алдсан эд хөрөнгө барилга байгууламжийг Х.У-т үлдээх гэсэн санаатай гуйвуулга байна. Миний бие залилуулж алдсан эд хөрөнгө болон түүнийг эзэмшиж өмчлөх эрхээ сэргээлгэж авъя гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн оролцогчдод ойлгомжтой ярьж мэдүүлсэн.

2. Шүүгч шийтгэх тогтоолоо танилцуулахдаа “М” ХХК болон үйлдвэр эд хөрөнгийг хурааж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэж танилцуулсан атлаа тогтоол гаргахдаа орхисон нь санаатай үйлдэл гэж үзэж байна.

3.  Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.У- болон өмгөөлөгч Ч.Намнансүрэн нар барилга байгууламжийг буцааж өгье гэсэн байтал шүүх шийдсэнгүйд гомдолтой байна. Бидний хохирлыг 6 жилийн өмнөх мөнгөөр илэрхийлсэн үнэлгээгээр хагас хугасыг нь гаргуулахаар шийдвэрлэж, зөвхөн "цаастай" буюу тогтоолтой хоцроохоор шийдсэнийг огт зөвшөөрөхгүй. Өрийг барагдуулах нөхцөл болгож түүний нэр дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжүүллээ гэсэн байх боловч тэдгээр хөрөнгүүд нь Х.У-ийн бусдаас залилж өөрийн нэр дээр болгосон, үнэ өртөг нь төлөгдөөгүй зүйлс байгаа нь хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлгээс харагдаж байгааг анхаарна уу. Гэрч Т-ын мэдүүлэг /2хх 107/, Ж.Д-ын мэдүүлэг /3хх 130/, мөн бусад нотолгоонууд байна. Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа шүүх ийм байж болох эсэхийг та бүгдээс асуумаар байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийхэд шүүгч Батболор 2 жил хэргийг өөр дээрээ дарж байсан. Хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нарын шахалт шаардлагаар арай ядан хурал хийсэн ч эцсийн шийдвэр гаргахдаа эрх тушаалаа ашиглан хохирогч биднийг хохирсон дээр хохироолоо. Шүүхэд байж боломгүй санаатай буруу үйлдэл бөгөөд шүүгдэгчээс ч илүү буруу зүйл хийлээ гэж гомдол гаргаж байна.

4. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.У- мэдүүлэг өгөхдөө болсон бүх үйл явдлыг гуйвуулж, бидний эсрэг худал ярьсан бөгөөд шүүх хуралдаан дээр би мэдүүлэг өгөхдөө Х.У-ийн яриа сайн найруулсан жүжиг байна гэдгийг хэлсэн. Бусад хохирогч нар ч түүний баримтгүй худал ярьж байгааг илэрхийлж байсан. Гэтэл шүүхийн тогтоолын үндэслэл болгосон баримт нь Х.У-, түүний нөхөр Х- хоёрын хэлсэн үг, баримтгүй худал ярьсан зүйлс байгаа нь шударга ёсонд нийцэхгүй тогтоол гарчээ.

Х.У- шүүх хурал дээр биднийг маш ихээр гүтгэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч бид түүнийг хууран мэхэлж чанар муутай хөрөнгө шахсан гэнэ. Тийм байсан бол 1 жил 2 сарын хугацаанд үнэ төлбөргүй туршилтаар ажиллуулж ашиг олж байхдаа хэлж буцааж өгөхгүй яагаад худалдаж авъя гэж шахаж шаардан гэрээ хийсэн байх вэ. Ашигтай гэдгийг тооцоолсон. Анх наймаа ярихдаа л нийт үнээс 300.000.000 төгрөг хасч засвар болон бусад асуудлуудад зарцуулах эрхийг түүнд бид олгосон боловч тэр хэмжээний засвар хийгээгүйг гэрч Э гэгч гэрчилсэн байгаа. Нөгөө талаар компанийг өртэй байсан мэтээр ярьж байх ба би түүнд 20 сая төгрөгт тооцож авах мөнгөнөөсөө хасаад, тооцуулсан байтал өртэй байсан гэж ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй. Компанийг мах экспортлох зөвшөөрөлтэй гэж худал хэлж надад зарсан гэж байна. Бид хэзээ ч тийм зүйл яриагүй бөгөөд хийсэн гэрээн дээр тэр талаар огт тусгагдаагүй нь харагдана. Хэрэв тусгай зөвшөөрөл итгэж худалдах худалдан авах гэрээ хийсэн бол гэрээнд хамгийн түрүүнд тусгах биз дээ. Тэр мэдүүлэг өгөхдөө одоогоор энэ үйлдвэрийг чинь төрөөс нураах шийдвэр гарчихсан гэж ярилаа. Энэ нь огт үндэслэлгүй бөгөөд тийм бол буцаагаад өгчих. Хохирогч бид Х.У-ээс үйлдвэр засахад гарсан зардал байгаа бол баримтыг нь үндэслэн буцаан өгнө гэдгээ илэрхийлсээр байгаа болно. Үйлдвэрийг олон зуун сая төгрөгөөр зассан гэх бөгөөд баримт шаардахад мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хураан аваад өгөөгүй гэж худал мэдүүлж байх жишээтэй. Хэрэгт авагдсан баримтаар мөрдөгч Х.У-ээс мэдүүлэг авахдаа засварын баримт шаардсан байх бөгөөд “үйлдвэр дээр байгаа” гээд авчирч өгөөгүй нь харагдаж байна гэх мэтчилэн үнэнд нийцэхгүй зүйлс ярьж байдгийг та бүхэнд танилцуулж байна.

Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд “М” ХХК-ийг Налайх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн нэр дээр бүртгэлтэй, 2011 м.кв талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой, үйлдвэрлэлийн зориулалттай 2 давхар байгууламжийг эзэмшлийн газрын хамтаар тус компанийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Ж.С- бид нарын мэдэлд шилжүүлж, эзэмших эрхийг сэргээж өгч, хохирлыг бодит байдлаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Т-, Ж.С- нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн болно. Шийтгэх тогтоолд хохирогч Ж.С-, А.Т- нарын зүгээс залилуулж алдсан “М” ХХК болон үйлдвэр, газар тэдгээрийг эзэмшил өмчлөл болон өмчлөх эрхийг сэргээн тогтоолгож буцааж авъя гэсэн гомдол, нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг,...албадан гаргуулна” гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.,

2. Хохирогч нар залилуулсан хөрөнгөө бодитоор эргүүлж авна гэснийг шүүгдэгч Х.У-, зарим өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр зөвшөөрч, “Бүгдийг нь эргүүлж өгье” гэж мэдүүлсэн байтал энэ талаар дурдалгүйгээр эсрэгээр нь “Гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч талаас учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнгээр хохирлын хэмжээг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж дүгнэлээ” гэснээ шийтгэх тогтоолд “...шүүгдэгчийн хохирогч нарт төлөх хохирлын хэмжээг талуудын харилцан тохиролцсон гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв” гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд “Х.У- нь “М” ХХК-ийг худалдах худалдан авахаар гэрээний аргаар залилсан нь тогтоогдсон” гэж заасан атлаа гэрээг хууль ёсны дагуу хийгдсэн хэлцэл мэтээр дүгнэсэн. Өмчлөх эрхийг нь залилсан гэж дүгнэсэнтэй зөрчилдөж байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсаар байтал хохирогч Ж.С-, А,Т- нарын залилуулсны улмаас алдсан эд хөрөнгө нь байсаар байтал олгодоггүй, хор уршигт нэхэмжилсэн нэхэмжлэлийг ч шийдвэрлээгүй орхисон нь дээрх хуулийг зөрчиж хэт нэг талд үйлчилсэн шийдвэр гарсан. “М” ХХК-ийн хувьцаа, нэр дээрх өмч хөрөнгө үйлдвэрлэлийн байр, газар зэргийг бүгдийг нь Х.У-ийн өмчлөлд үлдээж хууль зөрчлөө.

4. Хохирогч нарын хохирол хор уршгийн талаар тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлт саналыг тогтоолд нэг ч үг өгүүлбэрээр тусгаагүй, ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “...Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заана” гэж заасныг зөрчсөн. Тогтоолд хохирогч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо зөвхөн мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн мэтээр дурдсан нь үнэнд нийцээгүй.

5. Х.У- нь гэмт хэрэг үйлдээгүй гэж 4 өдөр хуралдсан шүүх хуралдааны туршид маргаж мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах байр сууринаас оролцсон. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтаар тооцоход Х.У- нь бусдад 7 тэрбумын өртэй байснаас гадна шүүх дээр хэрэг байх хугацаанд олон иргэд байгууллага хохироосон их хэмжээний хохиролтой гэмт хэргүүдийг үргэлжлүүлэн үйлдэж, одоогоор мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нь баримтаар тогтоогдсон. Гэтэл шүүхээс ял оногдуулахдаа, X.У- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, орлогын эх үүсвэртэй буюу хохирол барагдуулах боломжтой үл хөдлөх хөрөнгөтэй зэргийг харгалзан гэж хөнгөрүүлэх нөхцөл болгон дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

6. Шүүх Х.У-ийн өмчлөлийн Ү-2222222222 дугаартай хувийн орон сууц, Ү-2222222222 дугаартай оффис зэрэг хөрөнгүүдийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн нь биелэх боломжгүй, хохиролд тооцуулах хөрөнгүүдийг Х.У- 2 аж ахуйн нэгжээс төлбөрийг төлөлгүй залилах байдлаар авч өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн цааш нь их хэмжээний өрийн барьцаанд тавьсан болох нь гэрч болон хөрөнгөө алдаж хохирсон хүмүүсийн мэдүүлгээс харагддаг. Ийм хөрөнгөөр хохирол төлүүлэх шийдвэр гаргасан нь бусдын эрх ашгийг хохироохыг үгүйсгэхгүй. Харин ч “М” ХХК болон үйлдвэр, газар, тэдгээрийг эзэмших өмчлөх эрхийг сэргээн тогтоож, өмч хөрөнгийг хохирогчдын мэдэлд бодитоор шилжүүлэх шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэслэл байсан болно.Тодруулбал, Х.У- нь залилан авсан “М” ХХК болон үйлдвэр, газар тэдгээрийг эзэмших өмчлөх эрхийг хохирогчдоос холдуулж хууль бус хэлцлээр 2 иргэдийн мэдэлд шилжүүлэн өмчлөгчийг өөрчилсөн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үүнтэй болбоотойгоор дурдахад Х.У-ийн “Н” ХХК-аас авсан зээлийн асуудал иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн, үүргийн гүйцэтгэлд “М” ХХК болон үйлдвэр, газар, хувьцаа алинаар нь ч төлүүлэх шийдвэр гараагүй нь ч хууль бус хэлцэлтэй холбоотой байна. Иймд энэ компанийг хөрөнгийн хамт буцааж эздэд нь шилжүүлэх боломжтой. Нөгөө талаар Х.У- бусдад төлөх их хэмжээний өртэй тул “М” ХХК-ийн хөрөнгөөр барагдуулах нөхцөл үүсч байгааг хохирогч нар зөвшөөрөхгүй байгаа.

7. Залилуулсан ХХК-ийн хувьцаа, газар, үйлдвэрлэлийн байр зэрэг нь хуучнаараа байгаа бөгөөд Х.У- байшин барилга, тоног төхөөрөмжийг засч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нөхцөлийг сайжруулсан гэдэг боловч засварын зардал болон бодитой хийсэн зүйлийн талаар хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хэрхэн зассан талаар Ж.С-, А.Т- нар үзэж хараагүй, үзүүлдэггүй. Х.У-ээс зардлын баримт гаргаж ирүүлбэл оруулсан хөрөнгийн хэмжээгээр төлөх, ямар нэгэн тоног төхөөрөмж тавьсан бол эргүүлж өгнө гэдгээ хохирогч нар илэрхийлж байгаа ч нөгөө талаар Х.У-т шилжүүлснээс хойш 7 дахь жилдээ ашиглуулж тэр хугацаанд хохирогчид их хэмжээгээр хохирч байгааг тооцож нэхэмжилснийг анхаарахгүй орхиж болохгүй гэж үзэж байна. Х.У-т залилуулснаас хохирогч Ж.С- нар насаараа цуглуулсан мөнгөөрөө бий болгосон хөрөнгө амьдралын эх үүсвэрээсээ салснаас гадна үйлдвэрээ зарж, өвчтэй гэр бүлээ гадаадад эмчлүүлэх гэсэн боловч мөнгөгүйн улмаас А.Т- гэр бүлийн хүнээ эмчлүүлж чадалгүйгээс хүнд өвчнөөр амь хохирч, хэзээ ч нөхөж баршгүй хор хохирол амссан дээрээ давхар хохирох байдалд хүрээд байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарна уу.

8. Шийтгэх тогтоол уншихдаа хохирогч Ж.С-, А.Т- нарын залилуулсан эд хөрөнгийг хохирол төлбөрт тооцуулах тухай шийдвэр гаргасан гэснээ бичгээр гаргахдаа орхигдуулсан байна, шүүх хуралдааны бичлэг тэмдэглэл үзнэ гэж хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нараас зүгээс гомдол гаргахаар “Өө алдаа болж залруулга хийе” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж хуульчилсан байтал шүүгч техникийн шинжтэй алдаа байна, залруулга хийсэн гэж бидэнд мэдэгдсэн нь өөрөө хууль зөрчсөн ажиллагаа боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулахдаа хуулийг чанд сахина гэсэн заалт ноцтой зөрчсөн тогтоол гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4 -т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ж.С-, А.Т- нарын зүгээс залилуулж алдсан, 2018 оны байдлаар шинжээчийн үнэлгээгээр 1.579.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн улсын бүртгэлийн Ү-2222222222 дугаартай Налайх дүүрэг, _-р хороо, _ гудамжны _ тоот хаягт байрлах 2011.2 м.кв талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 00000000000000 нэгж талбарын дугаартай 12.699 м.кв газар эзэмших эрх, “М” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмших эрхийг хохирогч нарт буцаан шилжүүлэх, шүүгдэгч Х.У-ийн хохирогч нарт төлсөн төлбөр болон хохирогч шүүгдэгчдийн талаас харилцан гаргаж буй бусад нэхэмжлэлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх байдлаар тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хохирогчийн зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх , хохирлыг нөхөн төлүүлэх талаар бодит шийдвэр гаргаж чадсангүй. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ. Хэдийгээр шүүхийн шийтгэх тогтоолд 3 ширхэг битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хохирол төлбөрт тооцуулахаар шийдвэрлэлээ гэх боловч бодит байдал дээр хэрэгжих боломж хомс, тухайн эд хөрөнгүүдийн мөнгийг бүрэн гүйцэд төлөөгүй атлаа Х.У- нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа болох нь хэрэгт байх гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Миний үйлчлүүлэгчийн хувьд Сонгинохайрхан дүүрэг, Найрамдалд байх Ү-2222222222 дугаартай 154 м.кв хаусаа буцаан авахад хохирол төлбөр бүрэн төлөгдөх бодитой боломж бүрдэх байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч өөрөө хохирогч нарт үл хөдлөх хөрөнгүүдийг өгөх боломжтой талаар мэдүүлж миний өгсөн зөрүү мөнгийг өгөөрэй гэж хэлдэг. Хэрэгт цугларсан баримтаар уг хаусыг шүүгдэгч Х.У- нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.М- гэгчид худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг. Б.М-гээс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ш гэгчид худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг. Хэрэгт цугларсан баримтаас харахад Ш-ийн төрсөн эцэг нь М эх нь Бгэх хүмүүс байдаг. М нь Х.У-т 400 гаруй сая төгрөг зээлдэж, зээлийн өр төлбөртөө хэрэгт битүүмжлэгдсэн Дархан-Уул аймагт байх объектуудыг шилжүүлэхээр тохирсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй баримт байдаг. Хэрэг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд 3 жил гаруй болоход Мэндсайхан нараас ямар нэгэн гомдол гаргасан зүйлгүй байгаа болно. Энэ бүхнээс харахад шүүгдэгч Х.У- нь залилан мэхэлсэн эд хөрөнгөө эзэнд нь буцаан өгөхгүй байх, нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлсэн нь тодорхой харагддаг. Шүүх хуралдааны явцад ч “үл хөдлөх хөрөнгүүдийг хохирогч нарт өгчихье , зөрүү мөнгийг маань өгөөрэй” гэж шүүгдэгч өөрөө хэлдэг. Үүнээс харахад Х.У-ийн гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлого болох хаус нь бусдын эзэмшилд хууль ёсны дагуу шилжсэн гэдэг нь тогтоогддоггүй бөгөөд нотлогддоггүй. Иймд “Ю” ХХК болон Б.М- нарын хооронд хийгдсэн гэрчилгээний дугаар 2222222222, Ү-2222222222 улсын бүртгэлийн дугаартай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ , 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.М-, Ш- нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ бүртгэлийн дугаар 929 гэх хэлцлүүдийг хүчингүйд тооцож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байх Ү-2222222222 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хохирогч Г.Н-д шилжүүлэн өгөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүнд ял эдлэх гэмт хэрэг үйлдээгүй, иргэд хоорондын, компани хоорондын иргэний эрх зүйн харилцаанд орсон тул эдгээрийг үл харгалзан гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна.

Миний өмгөөлөгч нар хуульд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүгчийн бие өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас хуулийн хугацаа дууссан гэж үзээд шууд гэм буруугийн хурал хийсэн тул үүнд шүүгдэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх нь ноцтой зөрчигдөж шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Нэмэлт цагаатгах талын баримт бичгүүдийг батлах, цуглуулах ажлууд хэт нэг талыг барьж гэрчийн хэргийн бодит байдалтай нийцээгүй мэдүүлгүүд дээр суурилж хэргийн бодит байдалтай таарахгүй дүн гарч, гэм буруутайд тооцогдож, 2-оос 13 насны 5 хүүхэдтэй ээж хүний эрх ноцтой зөрчигдөж хоригдож байгаад гомдолтой байна. Шүүгчийн бие өвдсөнтэй холбоотойгоор шүүгч өөрт нь хуулийн хугацаа сэргээх эрх, боломж нь байсаар байхад анхаарч үзэж урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй гомдолтой байна. Шүүгчийн бие өвчтэй байх хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон. Цаг хугацаа таарсан байсан учраас шууд гэм буруугийн хурал зарласан гэдэг. Гэтэл энэхүү хуулийн өөрчлөлт цаг хугацааны хайчинд орж, миний эрх зөрчигдөх ёсгүй гэж үзэж байгаа тул хуулийн хугацааг сэргээж урьдчилсан хэлэлцүүлэг хийх ёстой байсан.

Хавтаст хэрэгт аудитын дүн шинжилгээ хийгээгүй. Намайг буруутгаж байгаа эрүүгийн хэргийг хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж хэргийг шийдвэрлэхэд нухацтай хандаагүй. Үүнээс үүдэн хохирлын тоо хэмжээ эцэслэн нягтлаагүйд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан 2 шинжээчийн дүн шинжилгээг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний бие буруутгагдаж байгаа “М” ХХК-ийг үйлдвэр, газрыг Дамно ХХК-ийн Э.Түвшинцэнгэл нь өөрийн биеэр очиж шинжгүй хэрнээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээчээр оролцож тайлбарлаж байсан. Ингэхдээ мөрдөгчийн тогтоолд зааснаас өөрөөр үнэлж миний нэмэлт хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулсан байх үеийн үнэлгээг буруу тооцож гаргасан. Итгэлт Эстимэйт ХХК-ийн Ганбаатар шинжээч нь “Ю” ХХК болон “Д” ХХК-ийн хоёрын Иргэний хуулийн хүрээнд хийгдсэн гэрээний амины орон сууцын үнэлгээг хийхдээ буруу байшин шинжилсэн буюу өөр 100 хувийн гүйцэтгэлтэй урд талын буруу барилга шинжилж, үнийн дүнг асар зөрүүтэй гаргасан. Барилгын гүйцэтгэл дээр дутуу байсан барилгыг андуурч буруу байшинг үнэлсэн гэдгийг шүүх хурлын танхимд Ганбаатар өөрөө хэлдэг.

“М” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр халхавчилсан Ж.С-, А.Т- нарыг залилсан гэх гомдлын тухайд гэрээгээр халхавчилж залилан хийлээ гэж шүүхийн тогтоолд дурдсан. Үүнийг эс зөвшөөрч байна. Би мөрдөн байцаалтын үеийн гэрч, сэжигтэн, яллагдагчийн байр сууриас мөн шүүх танхимд өгсөн шүүгдэгчийн өмнөөс өгсөн бүх мэдүүлэг бүгд үнэн зөв таардаг. Би 2018 оны 9 дүгээр сарын 26-нд Ж.С- А.Т- нарын өөрсдийнх нь бэлдэж боловсруулж ирсэн Иргэний хуулийн хүрээнд иргэний эрх зүйн шинж чанартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсгээ зурсан. Энэхүү гэрээний маргаан шийдвэрлэх хэсэгт аливаа маргааныг эвийн журмаар болон Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэж тусгагдсан. Энд өөрсдийнх нь бэлдэж ирсэн гэрээг нь халхавчилж яаж залилан хийх юм бэ.

2017 оны 7 дугаар сарын эхээр Unegui.mn зарын сайтаас “махны үйлдвэр 1 тэрбум төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу залгаж Н- гэх хүнтэй холбогдож, маргааш нь очиж манаач П.Э-ыг байхад очиж үзсэн. Очиход улаан тоосгон, цонхнууд нь хагарсан, коридорт борооны ус тогтсон, яг ордог үүдний амбаарын хэсэг нурсан, тоггүй 4-өөс 5 жил ашиглагдаагүй объект байсан. Манаач П.Э- энэ үед оффисын 2 давхарт тоггүй учраас гэрийн яндан зуухтай амьдарч байсан. Би 2018 оны зун иж бүрэн цоо шинэ сантехникийн шугам суурилуулсан. Ингээд очиж үзээд би хот руу орж ирж өөрийн үйлдвэрийн эзэн гэх Н- нь 5 дугаар сургуулийн хажууд дуудахад очиж бичиг баримтаа үзүүлье гэхэд компанийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэрэг хуулбар бичиг баримтууд үзүүлээд гэрчилгээний ард байх гүйцэтгэх захирал Н- гэснийг үзүүлж эзэн нь гэж дахин дахин хэлж байсан. Тэгээд “750 мянган доллароор зарна” гэхэд бид “Шууд 1 тэрбумаар зарна гэж зар тавьсан байсан биз дээ” гэхэд “Тэр бол хуучин үнэ” гэж газар дээрээ өөрчлөгдсөн. Бид тэгвэл авах боломжгүй гээд явсан. 5-аас 6 хоногийн дараа миний дугаар руу Н- яриад “Уулзъя, ярилцъя” гэсэн. Тэр үед тийм их эвдрэл гэмтэлтэй байшинг тийм өндөр үнээр авах боломжгүй юм гэхэд Н- “Ах нь ийм амжилттай ажиллаж байгаа залуучуудад зармаар байна” гэсэн. “Одоо энэ үйлдвэрийг ажиллуулж чадахгүй муудсан байгаа нь үнэн” гээд Н- “1.500.000.000 болгож буулгаж заръя” гэсэн. Шүүх хурлын танхимд хохирогч болоод тэдний өмгөөлөгч нар намайг “300 сая төгрөгт багтааж засвар хийе” гэж гуйж авсан мэтээр буруу ойлголтыг шүүгч, прокурорт өгч дайрч зандарсан. Н-аас “Бидэнд 700 сая төгрөг л бэлэн байгаа. Үүндээ тааруулаад юм хайж байгаа” гэхэд Н- нь “Миний “М” ХХК 2012 онд Оросын Холбооны Улс руу Монгол Улсаас анхны экспорт хийсэн. Түүхий эд АА зөвшөөрөлтэй. Та хоёрт юмаа зармаар байна. Өөрөө танай үйлдвэрт 2 жил үнэгүй ажилласан. Танайхыг Монгол Улсын номер нэг махны үйлдвэр болоход тусална. Би өөрөө энэ үйлдвэрийнхээ ширхэг тоосгыг мэднэ” хэмээн ятгасан. Ж.С-, А.Т- нарыг хэрхэн, хэзээ, хаана танилцаж мэдсэн тухайд, 2017 оны 8 дугаар сард Н- гэх хүн гэнэт алга болоод Ж.С-, Н-, Б- гэх 3 хүн гарч ирээд манай нөхөртэй уулзсан. Араас нь А.Т- гарч ирсэн. Би энэ үед 4 дэх хүүгээ төрүүлээд эмнэлэгт байсан. Эдгээр нь бүгд хоорондоо найз, нөхөд хүмүүс. ...Тэгвэл Н- ахтай ярьснаар “Та нар зөвшөөрч байгаа бол гэрээгээ хийцгээе, бид гэрээгээ хийгээд та нарт 700 сая өгье” гэхэд Ж.С- нь “А.Т- тамга аваад ОХУ руу явсан” гэсэн. Ингээд 2017 оны 9 сараас эхлээд гэрээ байгуулъя гэхээр гадагшаа явчихдаг, мөнгө авах болохоор Монголд байдаг. Та нар дулаан цагт засвар юмаа хийгээд ав гээд биднийг. Өөрсдийн мөнгөөр заавал засвар хийлгэж эхэлсэн энэ үед 2017 оны 9 дүгээр сарын 05-нд А.Т- манай нөхрөөс “Ахад нь мөнгө маш их хэрэгтэй байна, 150 сая төгрөг өг” гэсэн. Бид “Ямар нэгэн гэрээ хийгээгүй байхад ийм мөнгө өгч чадахгүй” гэхэд “Үнэхээр тулсан хэрэг” гээд гуйхад бид 30 сая төгрөг зээлийн гэрээ хийгээд зээлдүүлж байсан. Ж.С-, А.Т- гэх 2 ах манай нөхрийн толгойг эргүүлсэн байсан. Ингэж 2017 оны 9, 10, 11 сард өөрсдийнхөө мөнгөөр баахан засвар хийсэн. Гэрээгээ хийе гэхэд А.Т- гадаад явсан л гэдэг үгтэй, бид итгэсээр байсан 2017 оны өвөл бид үйлдвэрт засвар хийсээр байхад 12 сар болоход сангийн шугам эвдрэлтэй, халааж чадахгүй зогссон. Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас үйл ажиллагаа зогсоосон. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч 9 саяар торгоод үйл ажиллагаа, засвар бүх зүйл зогссон. Арай гэж 9 саяын торгуулийг 3 сая болгоод төлөөд цааш ажиллах гэхэд тог тасалсан. Бид засвар хийж эхлэх үед 32 саяын тогны өртэй байсан бөгөөд бид бүгд төлөөд тог залгуулаад ашигласан. Ингээд нөхөр бид 2 хийсэн ажил байхгүй, олсон орлого байхгүй, бидэнд зарах, үгүй нь мэдэгдэхгүй Ж.С-, А.Т- гэх хүмүүстэй хүний байшинг хүний аманд итгэж засварласан хүмүүс байв. Бид ингэж их итгэж мөнгө зээлүүлсэн, засвар өөрсдийн мөнгөөр хийсэн хүмүүс байтлаа яаж Ж.С-, А.Т- нарыг залилах юм бэ. Энэ 2 хүнтэй танилцсандаа харамсаж байна.

2018 онд би Я гэх Өвөр Монгол хүнээс энэхүү үйлдвэр нь шүүх, цагдаа дээр гомдолтой яваад байгааг олж мэдсэн. Ж.С-, А.Т- нар тухайн үед Улсын дээд шүүх дээр энэ үйлдвэртэй холбоотой эздийн өмчийн маргаантай байсан. Гэрээгээ хийж чадахгүй байсан гол шалтгаан нь энэ байсан. Би Ж.С-д “Та нар яагаад ийм чухал зүйлийг надаас асууж, мөн засвар хийлгэж, худал итгэл төрүүлж байгаа юм бэ” хэмээн уурлахад Ж.С- “Ах нь та нарт зарна, А.Т- ахыг нь худал хэлж залилж миний компанийн 50%-ийг шилжүүлж авчихаад буцааж өгөхгүй байгаа тул маргаантай байгаа юм. Та нарын энэ хийсэн завсрыг өөрийн биеэр батална” гээд 2018 оны 01 дүгээр сарын 28-нд Ж.С- өөрөө баталгаа бичиж өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Ж.С-, А.Т- нар худал итгүүлж, хоорондоо хуйвалдаж бодит үнэнийг нуусан. Би 2018 оны 01 дүгээр сарын 28-нд Ж.С- баталгаа бичин өгч, итгэл төрүүлэхэд дахиад итгэж эхэлсэн. Ж.С-, А.Т- нар Улсын дээд шүүх дээрх маргаан нь 3-аас 4 жил үргэлжилсэн байсан бөгөөд 2017 онд үйлдвэр зарах тухай яриа хэлцэл эхлэхэд нуун дарагдуулж, бидэнд итгэл төрүүлж, хуучирч муудсан байшиндаа засвар хийлгэсэн нь илэрхий. Тухайн үед А.Т-т мөнгөний хэрэгцээ гарахад миний нөхрийг уран үгээр уярааж мөнгө авч байсан нь бүгд илэрхий байхад бид яаж эдгээр хүмүүсийг залилах санаа, зорилго байх юм бэ. Эндээс харахад Ж.С-, А.Т- нар өөрсдөө бидний итгэл дээр тоглож, залилах үйл явдал явж байгаа. Хэрвээ Ж.С-, А.Т- нар 2017 онд анхнаасаа бүх юмаа илэн далангүй яриад, Улсын дээд шүүх дээр ийм маргаан байгаа гэдгээ хэлсэн бол би өдийд ийм маргаантай зүйлд зууралдахгүй, бие сэтгэл санааны хохирол амсахгүй байх байсан.

Би энэ хугацаанд үйлдвэрийн сантехникийн иж бүрэн засвар, оффисын сантехникийн цоо шинээр бүрэн засвар, бүх цонхны шил, амлагаа, дээврийн бүрэн цогц засвар гадна талд, бүрэн дотор хана тааз бүрэн, цахилгааны иж бүрэн засвар, хөргүүрийн иж бүрэн засвар хийсэн. Эдгээр нь 700 гаруй сая төгрөгөөр тооцогдох тул өнөөдрийг хүртэлх дээрх хөрөнгө оруулалтыг та бүхнээс нэхэмжилнэ гэсэн. Тэр үед Ж.С- “А.Т-тай ярилцаад шийдэлд хүрэх талаас нь шийдье” гээд салсан. 2018 оны 9 дүгээр сарын 26-нд “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийг барьж иргэний эрх зүйн хүрээнд хийсэн. Ж.С-, А.Т- нар нь надаас урьдчилаад мөнгө зээлсэн. Мөн урьдчилаад миний мөнгөөрөө засвар хийлгэсэн буюу 1,2 жилийн туршид хуучирсан үйлдвэрийн объектоо шинэчлүүлж сайжруулсан. Надад зарах, өгөх сонирхолгүй байсан бөгөөд намайг шүүх цагдаад хандах болох үед Улсын дээд шүүх дээр хэрэг маргааныг намайг ашиглаж эвлэрсэн байдаг. Ийм байхад би Ж.С-, А.Т- нарыг яаж залилах юм бэ. Шүүх хуралдааны танхимд А.Т- “Х.У- үйлдвэрт их хэмжээний засвар хийгээд ердөө эмэгтэй хүний өдөр тутмын нүүрний будаг шиг засвар хийсэн” гэж хэлсэн байдаг.

Ж.С-, А.Т- нар санаатай худал мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдааны танхимд өгсөн хохирогчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын үеийн гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй ба аливаа цаг хугацаа, үйлдэл, үйл явдлын өрнөл, тооцоо, зөвшөөрлүүд тэдгээрийг дагалдах баримт бичиг гэх мэт зүйлсийг санаатайгаар худал мэдүүлж, шүүгчид болон прокурорт шууд болон шууд бус байдлаар намайг гүтгэж, харлуулсан.

Ж.С-, А.Т- нар “Х.У- банкнаас зээл авч өгнө гэж гэрээ байгуулаад мөнгөө өгөөгүй” гэх гомдлын тухайд:

2018 оны 9 дүгээр сарын 26-нд “М” ХХК хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед Ж.С-, А.Т- нар нь Х.У-т өгсөн баримт бичиг нь “М” ХХК-ийн гэрчилгээ дүрэм, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ кадастрын зураг, АА зөвшөөрөл зэрэг баримтыг өгсөн. Бусад дагалдах эрх, зөвшөөрөл, баримт, зураг аваагүй. Би банканд хандсан тус арилжааны банкнууд 1 дүгээрт барьцаа хөрөнгө хардаг бөгөөд түүний барилгын зургийг би “Ж.С- ахаа барилгын зураг маш хэрэгтэй байна” гэхэд “Архивд байгаа авч өгнө” гээд өнөөдрийг хүртэл үйлдвэрийн объектын барилгын зургийг өгөөгүй. Ингээд барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй үндэслэлээр арилжааны банкнаас зээл авч чадаагүй.

Ж.С-, А.Т- намайг “Бонд авчхаад мөнгө өгсөнгүй залилчихлаа” гэх гомдлын тухайд. Манай “Г” ХХК-д нийгэмд эзлэх байр суурь, шагнал урамшуулал, бүх зүйлээ иргэд олон нийтэд тайлбарлан таниулж байж 543 сая төгрөгийн бондыг 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад босгосон бөгөөд тухайн үед “М” ХХК дээр босох гэхэд 5-аас 6 жил ямар ч хөдөлгөөнгүй хар түүхтэй байсан. Өөрийн танил “Н” ХХК-ийн захирал Д.А- ах дээр очиж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хэрэгтэй, бүтээгдэхүүнээ хийж борлуулалтаа хийж, үйлдвэрийн төлбөр төлөх тухайгаа хэлж, 2016 онд манай “Г” ХХК Топ-100 Гранд Авардын эзэн болж байсан амжилт бүтээлүүдийг үнэлж, дээрх бонд босгож өгч байсан. “Г” ХХК дээр босгож, дээрх 543 сая төгрөгийн бондыг би өөрийн иргэний эрх зүйн гэрээний өр төлбөрт захиран зарцуулж болохгүй. Гэсэн ч бид тухайн үед үйл ажиллагааны орлогоос 140 саяыг Ж.С-, А.Т- нарт цувуулж өгсөн. Гэрч Ё.Э-гийн өгсөн гэрчийн мэдүүлгийн задаргааг шүүх нарийн нягтлаагүй буюу үндсэн бонд хэдэн төгрөг болох, хүү, алданги хэд болохыг тусад нь тусгайлан авч үзэхгүй бүх л дүнгээр базаж үзээд дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Ийнхүү “М” ХХК дээр биш өөр тусдаа компанийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулж бонд босгосон нь ийм учиртай. Ж.С-, А.Т-, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн танхимд цоо шинэ үйлдвэрийг нь шилжүүлж, барьцаанд тавьчихсан мэт гүтгэж ярьдаг. Үүнийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд би 1,2 жилийн туршид бүх төрлийн засварыг өөрийн 700 сая төгрөгөөр хийж, засан сайжруулсны эцэст ашиглаж, бондын барьцаанд тавьж, өөрийн урьдчилгаа “М” ХХК-д засвар хийж, эргэлтийн хөрөнгийг зарцуулчихсан мөнгийг хагас дутуу босгосон.

Би 2018 оны 9 дүгээр сарын 26-нд гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө буюу А.Т-т 30 сая гэх мэтээр төлбөр төлөөд эхэлчихсэн байсан. Одоо Ж.С-, А.Т- нарт 317.100.000 төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Би үргэлж төлбөрөө төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдох болно. Нэг. Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, Э хотхон, _  тоот 157.3 м.кв 4 өрөө өөрийн цоо шинэ орон сууц 450 сая төгрөгийн үнэтэй, Сүхбаатар дүүргийн Нарны замд 112 м.кв 4 өрөө 2015 онд ашиглалтад орсон байр 280 сая төгрөгийн үнэтэй, Хан-Уул дүүргийн _ дугаар хороо, Д хотхон 46,5 м.кв 2 өрөө байр 116 сая төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүргийн 154,4 м.кв амины орон сууц гүйцэтгэл тооцож авна гэвэл гүйцээж өгнө гээд 242 сая төгрөг Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, Нүхтийн 365 м.кв шинэ амины орон сууц 1,2 тэрбум гэх мэт үл хөдлөх хөрөнгийг Ж.С-, А.Т-, Н- очиж үзсэн бөгөөд дандаа 50 хувь үнэ хэлээд байсан.

 Ж.С-, А.Т- нар нь. “М” ХХК-ийг Х.У-т худалдах үедээ үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрэн бүтэн өгөөгүй байж хугацаандаа төлбөр төлөөгүй гэх гомдлыг би эсэргүүцэж байна. Учир нь 2018 оны 9 дүгээр сарын 26-нд надад өгсөн ганц зөвшөөрөл нь АА зөвшөөрөл юм. Өөр ямар ч зөвшөөрөл дагалдах бичиг баримт өгөөгүй. Энэхүү өгсөн зөвшөөрөл нь 2016 оны 8 дугаар сарын 17-нд буюу 2 жилийн өмнө хугацаа нь дуусаж ашиглах боломжгүй болсон нь зөвшөөрлийн хугацааг засаж 2019 он хүртэл хүчинтэй гэж хуурч зарсан. Ж.С-, А.Т- нарын надад өгсөн дээрх АА зөвшөөрөл нь хөрш орнуудад мах экспортлох Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын зөвшөөрөл бөгөөд чухал зөвшөөрөл. Мөн би энэхүү үйлдвэрийг авах шийдвэр гаргах хүртэл ятгасан Н- өөрөө энэхүү зөвшөөрлөөр ОХУ руу мах экспортолсон гэж ярьж итгүүлэн итгүүлсэн явдал юм. Ийм илэрхий тодорхой баримтууд байсаар байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. А.Т- нь шүүхийн танхимд АА зөвшөөрлийн талаар “2015 онд Раднаасэд МХЕГ-ын дарга байхдаа махны компанийн эздийг бүгдийг нь цуглуулаад шалгалт авахгүйгээр нэг жил тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан” гэж амаараа хэлсэн. Шүүгчийн туслах О.Жавхлан А.Т-ын хэлсэн үгнээс “Амаараа” гэдэг үг хасаж бичсэн байна. Монгол Улсад ажил албан тушаалаа ашиглаж тусгай зөвшөөрөл амаараа сунгадаг нэг ч дарга байхгүй. Худал ярихаа болих хэрэгтэй. Би өөрөө өөрийнхөө мөнгөөр бүгдийг хөөцөлдөж авсан ба одоо дутуу зөвшөөрөл байхгүй бүгд бүрэн болсон байгаа. Үүнд махны үйлдвэрийн ажлын байрны дүгнэлт, мал нядлах, тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн, галын аюулгүй байдлын дүгнэлт, усны худгийн паспорт гэрчилгээ, Эрчим хүчний сайдын тушаалаар гардаг өндөр хүчдэлийн техникийн нөхцөл, өндөр хүчдэлийн газардуулгын протокол, мал махны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл, үйлдвэрийн шугамын дагуух барилгын зураг, үйлдвэрийн барилгын сантехникийн зураг, үйлдвэрийн цахилгаан хэсгийн зураг, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл эдгээр бүх баримт бичгийг Ж.С-, А.Т- нар надад хүлээлгэж өгөөгүй тул би өөрөө бүгдийг нь эхнээс нь хөөцөлдөж авсан. Эдгээрт зарцуулагдсан бүх мөнгөн төлбөрийг би Ж.С-, А.Т- нарт өгөх төлбөрөөс хасаж тооцоолох болно. ...Ингээд бэлэн мөнгө, бартер хэмээх зүйлсээ санал солилцоод явж байх үед Баянгол дүүргийн цагдаад 2019 оны 4 дүгээр сард гомдол гаргасан байсан. ...Ковид-19 дэлгэрч Монгол Улс онц байдал зарлаж хилээ хааж, бүх бараа экспорт зогссон. Иймээс Ж.С- А.Т- нарын өөрсдөөс нь шалтгаалах зүйлсээс болж, мөн улс орны ковид-19 нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс давхар шалтгаалан бизнесийн эрсдэл бий болсон байхад анхан шатны шүүх эдгээр олон хүчин зүйлсийг нягтлан харж үзээгүй. Гэрчийн мэдүүлэгт суурилсан нь учир дутагдалтай гэж үзэж байгаа бөгөөд ковид-19-ийн үед бүх бизнес дампуурч, олон компани хаалгаа барьж бүх бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд байгааг анхаарч үзнэ үү.

Миний төлбөр төлж чадахгүй байсан бас нэг шалтгаан бол 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд миний нэр дээр бүх үл хөдлөх хөрөнгө зарж борлуулах шилжилт хөдөлгөөнийг хийхгүйгээр битүүмжилсэн. Одоо эдгээр бүх хөрөнгийн битүүмж тавигдаагүй байгаа. Мөн миний өөрийн дансыг битүүмжилсэн бөгөөд 51-ээс 100% хувьцаа эзэмшдэг бүх компанийн, тэр дундаа махны компаниас тусдаа өөр үйл ажиллагаатай компаниудын дансыг бүгдийг нь битүүмжилсэн. Зүгээр ажиллаж байсан бизнесүүдийг хүртэл давхар эрсдэлд оруулж дампуурахад хүргэсэн. Мөн миний нөхөр хүүхдүүдийн дансыг хүртэл бүгдийг битүүмжилсэн. Би Иргэний хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээний 1.500.000.000 төгрөгийг өөрийн төлсөн 317.100.000 төгрөг, барилгын зураг 25.000.000 төгрөг, 2014 оноос 2018 оны 9 дүгээр сарын 02-ыг хүртэл үл хөдлөх хөрөнгийн газрын татвар болох 37.200.000 төгрөг, торгуульд төлсөн 3.000.000 төгрөг, бусад зардлын тооцоо гаргаж нэмээд нийт үнийн дүнгээс хасаж тооцож, үлдэгдэл өр төлбөрийг үнэн зөвөөр иргэний журмаар нэхэмжилбэл төлөх болно.

Манай “Ю” ХХК нь 2014 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр дундаа барилгын арматур төмөр, цемент худалдан борлуулдаг байсан. Сонгинохайрхан дүүргийн Эрчим импекс ХХК-ийн талбайд 2014 оноос БНХАУ-ын үйлдвэр болох “Ваодан” үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар төлөөлөгч “Э” ХХК-аас төмөр авч борлуулж байсан бөгөөд Г.Н- манай “Ю” ХХК урьд хожид огт төмөр худалдаалахгүй гэх бөгөөд түүнийг үгүйсгэж гомдож байна. “Ю” ХХК, “Д” ХХК хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан иргэний эрх зүйн хэм хэмжээнд хийгдсэн бараа худалдах худалдан авах гэрээнд хохирогчийг буруу тогтоосон.  Гэрээний үүрэг биелэгдээд явж байхад манай “Ю” ХХК 1, 2 дахь төмрийн захиалгыг бүрэн гүйцэд, доголдолгүй нийлүүлсний дараа 3 дахь татан авалт дээр “Д” ХХК өөрсдөө дутуу төлбөр шилжүүлж, бараа татах үйл явц удааширсан бөгөөд манай компанийн зүгээс дутуу шилжүүлсэн төлбөрийг буцааж “Д” ХХК руу шилжүүлсэн. Гэрээний үүргийг манай компани зөрчөөгүй. “Д” ХХК түрүүлж зөрчсөн болно. Сонгинохайрхан дүүргийн Найрамдалд байрлах 154.4 м.кв амины орон сууцыг гүйцэтгэл дутуу акт үйлдэж хүлээлцээгүй. Манай “Ю” ХХК бартерын бараа нийлүүлж дуусаад газрыг шилжүүлж авах гэрээгээр зохицуулагдсан харилцаа байсан бөгөөд 2 хуулийн этгээдийн гэрээний маргаанд намайг гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна. Объектын ордерыг буцааж өгөх албан бичиг солилцож өөрийн биеэр аваачиж өгч гэрээ цуцлах мэдэгдлээ өгч байсан. Тухайн үед манай бартераар нийлүүлсэн төмрийн мөнгийг 12 сард өгнө гэхэд ордерыг хадгалж байгаад 2019 оны 10 дугаар сарын сүүлээр махны үйлдвэрийн өр төлбөр төлөх мөрдөгчийн дарамт шахалтаас болж өдрийн мөнгө хүүнд Б.М- гэх залууд барьцаанд тавьсан. Энэ үед сэтгэл санааны хямрал, ажил бизнесээ явуулж чадахгүй, дарамтад байсан болохоор мөнгө хүүлэгчид хандахаас өөр замд байгаагүй. Тэгээд энэ 60 саяын хүү нь нэг өдөрт 600 мянган төгрөг өгөөд 120.000.000 төгрөг болсон гэж нөгөө мөнгө хүүлэгч Б.М- дарамталж эхэлсэн. Ингээд би тухайн үед 5 сартай жирэмсэн байсан ба эдгээр дарамтыг дийлэхгүй 2020 оны 02 дугаар сарын 17-нд Б.М-д 292 сая төгрөг тооцож шилжүүлж өгсөн. Зөрүү 172 сая төгрөг одоо болтол байхгүй. Энэ мөнгө нь орж ирэхээр “Д” ХХК төлбөрийг төлөөд дуусгачих боломжтой гэж үзээд шилжүүлж өгсөн нь өөрөө хохирогч болоод байгаа. Манай өмгөөлөгч нар Б.М-д гомдол гаргасан байгаа. Б.М- өөрийгөө хууль бус мөнгө хүүлдэг байдлаа нуух замаар худал мэдүүлэг өгсөн байсан тул бодит байдалтай нийцээгүй мэдүүлэгт суурилж намайг яллаж байна. Шинжээч Ганбаатар нь үнэлгээг гаргахдаа мөрдөгчийн тогтоолд зааснаас өөр хаус үнэлсэн байх ба гүйцэтгэл дутуу хаусыг гүйцэтгэл 100 хувь хаус харж буруу шинжилсэн төдийгүй өөрөө шүүх хурлын танхимд буруу үнэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Манай “Ю” ХХК нь “Д” ХХК-тай байгуулсан иргэний эрх зүйн гэрээний хүрээнд 2 талаас акт үйлдэж, тооцоо нийлж дээрх асуудлууд шийдвэрлэж, үнэн бодит гаргасан төлбөр тооцоог төлөхөд татгалзахгүй зүйлгүй. Би 2 компанийн хоорондох иргэний эрх зүйн маргаанаас болж гэмт хэрэгтэн болж хохирох ёсгүй. 2020 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг шалгагдаж байхад иргэний эрх зүйн маргаан байна гэж хавтаст хэрэг нээгдэхгүй, хаагдаж хэрэгсэхгүй болсон байтал яагаад өнөөдөр намайг ялтан болгож байна вэ.

Мөрдөгч Н.Хатанболдын надад тулгаж байсан эрүү шүүлтийн тухай:

2019 оны 5 дугаар сарын 31-нд би Х оффисын 2 давхарт компанийн үйл ажиллагаа зохиогдож байхад мөрдөгч Н.Хатанболд энгийн хувцастай ирж, машиндаа суулгаад аваад явсан. 17-22 цаг хүртэл өрөөндөө мэдүүлэг авахгүй, миний гар утсыг хурааж аваад ирсэн яриа, дуудлага, мессеж бүгдийг шалгаж байсан. Ингэж хувь хүний нууцад халдахдаа ямар ч тогтоол шийдвэргүй утас хурааж, утас нэгжсэнд гомдолтой байна. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагт 461 дүгээр хорих анги руу авч явсан. Авч ирээд хаалгаар оруулаад төмөр тортой камертай өрөөнд оруулж цоожилж, орхиод явсан. Чамайг цагдан хорьж байна гэсэн. Хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй сууж байтал үүдний хүн ирээд чамайг дуудаж байна гэсэн. Гараад иртэл мөрдөгч Н.Хатанболд зогсож байсан. Тэгээд “Чи маргааш 14 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одон авах гэж байгаа юм байна. Тэрийг чинь бодоод прокурорын тогтоол ураад хаялаа шүү. Одоо хоёулаа Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү явж мэдүүлгээ авна” гэсэн. Ингээд буцаад явах замд “Одоо А.Т-т 20 сая төгрөг өг” гэсэн. Би “Шөнийн 1, 2 цаг болж байхад хаанаас өгөх юм. Нягтлан унтсан байгаа шүү дээ” гэхэд “Одоо өгч чадах хэд байна” гэхэд “8.6 сая” гэсэн. “За тэгвэл наад 8.6 саяыг одоо өг” гээд манай нөхрийн дугаар руу залгаж “Эхнэрийг чинь Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү авч явж байна. Чи наад мөнгөө бэлнээр аваад ир” гэж өөрийнхөө дугаараас залгаж ярьсан яриа нь манай машины хар хайрцагт бичигдсэн байсан. Тэр шөнө 02:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр А.Т- ирчихсэн байж байгаад тэр 8.6 сая төгрөгийг аваад явсан. Би мэдүүлэг өгөөд шөнийн 4 цагт гэртээ ирсэн. Энэ цагаас хойш миний сэтгэл санаа, ажил хийх чадваргүй болж сэтгэл зүйн. Гүн хямралд орж бүх зүйл орвонгоороо эргэж эхэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 01-ээс хойш өдөр бүр 11 цагт очиж цаг бүртгүүлдэг байсан. 2019 оны 6 дугаар сарын 08-нд намайг гадаадад явсан үед манай ажил дээр ирж туслах болон нягтлан хоёрын компьютерын процессор болон компаниудын санхүүгийн хавтас файл авч явахад 2017, 2018 онд “М” ХХК үйлдвэрт засвар хийсэн баримтуудыг хамт авч явсан. Тэдгээр баримтууд хавтаст хэрэгт байхгүй байгаад гомдолтой байна.

Гэрч П.Э- нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны танхимд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байх бөгөөд гүтгэлгийн шинжтэй. Гэрч Н- мөн адил мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн танхимд худал мэдүүлэг өгсөн ба бартерт өгөх байрнуудын үнийг 50 хувь буулгаж байсан хүмүүсийн нэг юм. Тэрээр манай үйлдвэр 60 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг гэж илт худал гүтгэсэн. Монголын №1 “Мах импекс” ХХК 60 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэггүй. Гэрч Б- зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба хохирогчийн талын 3 гэрч бодит байдлыг нуух замаар худал мэдүүлгүүд өгсөн. Шийтгэх тогтоолд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг оруулсан байх ба дээр нь ямар ч төлбөр тооцоогүй хүмүүсийг дуудаж мэдүүлэг авсан. Тиймээс хэргийн бодит байдлыг үнэн зөв илэрхийлэхүйц материал бүрдээгүй байхад намайг гэрч гэх үнэн байдлаас зөрүүтэй мэдүүлгүүдийн хүрээнд яллаж байна. Ж.С-, А.Т- нарын өмгөөлөгчид шүүх хуралдааны үед хавтаст хэрэгт огт авагдаагүй компаниудын дансны мэдээлэл болон манай хүүхдүүдийн 2021, 2022 оны дансны хуулгыг хууль бусаар шүүлгэж, мөнгөний орлого зарлагын гүйлгээг хэлж байсан. Энэ бол хууль бус үйлдэл. Мөн компани, хувь хүний, хүүхдийн дансны мэдээлэлд халдсанд гомдолтой байна. Тухайн дансны мэдээллийг хууль бусаар олж авсан байх бөгөөд тэрхүү цаасан дээр бичсэн мэдээллээ шүүх танхимд өгч шүүгч болон прокурорт шууд болон шууд бус байдлаар нөлөөлж, миний хувийн байдлыг дордуулж, их хэмжээний өр төлбөртэй гэж ямар ч баримтгүй гүтгэж байна.

Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хохирогч Ж.С-, А.Т- нарт олон удаагийн банкны гүйлгээ болон бэлнээр нийт 317 сая төгрөг өгсөн. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад үнийн дүнг зөрүүтэй бичсэн байна. Мөн би 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хурлаас хойш дараах төлбөрүүдийг мөн Ж.С-, А.Т- нарт төлөх төлбөрөөс хасуулж тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд 1. “М” ХХК-ийн барилгын зураг байгаа гээд Ж.С- А.Т- нар надад огт өгөөгүй ба өөрийн 25 сая төгрөгөөр энэхүү зургийг 2019 онд хийлгэж авсан. Энэхүү зураг хийлгэсэн төлбөрийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. 2. “М” ХХК-ийн өөрийнх нь надад зарахаас өмнөх буюу 2014-өөс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх үеийн газрын болон үл хөдлөх хөрөнгийн татварыг төлөөгүй бөгөөд би өөрт хамааралгүй үеийн 2014-өөс 2018 оны 9 дүгээр сарын 26 хүртэлх хугацааны 37.200.000 төгрөгийг мөн Ж.С-, А.Т- нарын надад хүлээлгэн өгөөгүй. Эрх зөвшөөрөлгүй улмаас мэргэжлийн хяналтын газарт торгуулсан 3 сая төгрөг, мөн дагалдах бичиг баримтууд бүрэн гүйцэд өгөөгүйн улмаас түүнээс үүдэн гарсан нэмэлт зардлуудыг хасаж тооцуулах хүсэлтэй байна. “М” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан тул иргэний журмаар явах ёстой байсан. Төлбөр тооцоо гэж үзэж үнэн бодит хохирлыг тогтоосон. Үнийн дүнг иргэний хэргийн журмаар нэхэмжлэхэд тухайн үнэн бодит хохирлыг би төлөхөөс татгалзах зүйлгүй бөгөөд үнэн зөв, бодит үнийн дүнтэй хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой болно. Би урьд нь үнэн зөв хохирлыг барагдуулах тухайгаа хэлж байсан. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хохирлын хэмжээг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Мөн иргэн Г.Н-д олгохоор шийтгэх тогтоолын 6 дахь заалтад заасан хохирол төлбөрийн хохирогчийг үнэн зөв тогтоож, шинжээчийн дүгнэлтийг зөв хийж, хоёр хуулийн этгээдийн хоорондох иргэний эрх зүйн шинжтэй гэрээний маргааныг иргэний эрх зүйн хүрээнд иргэний журмаар тухайн 172.203.588 төгрөгийг нэхэмжлэх юм бол манай “Ю” ХХК нь “Д” ХХК-д төлөхөөс татгалзах зүйлгүй бөгөөд төлөх бүрэн боломжтой. ...Би гэмт хэрэг үйлдэхүйц харилцаа бий болгоогүй гэж үзэж байна. ...Би хүнд, өндөр ял эдлэх ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй. Иргэний эрх зүйн хүрээнд иргэний эрх зүйн харилцаанд орсон тул бизнесийн үйл ажиллагааг үнэн зөвөөр шийдвэрлэж гэмт хэргийг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн өмгөөлөгч Ч.Ганхүүтэй хамтарч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн буюу болсон бодит үйл баримтад нийцэхгүй, түүнээс зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс хууль ёсны болоогүй бөгөөд үндэслэлгүй болсон. Учир нь, анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн хувьд гэм буруутай гэж тооцохдоо хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн дараах мэдүүлгүүдийг хуулиар тодорхойлсон үндэслэл, журмын дагуу шударгаар үнэлж, хууль, эрх зүйн дүгнэлт огт хийж чадаагүй. Үүнд, Х.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 92-95, 3хх 136-137/, хохирогч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 86-88/, гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 105-110/, худалдагч А.Т-, Ж.С-, худалдан авагч Х.У- нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “М” ХХК-ийг 1.500.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ зэрэг цагаатгах талын нотлох баримтуудын талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна.

Дээрх нотлох баримтуудаар хэргийн бодит болсон нөхцөл байдал илүү тодорхой болж байгаа бөгөөд эндээс А.Т-, Ж.С- нар гэрээг байгуулах болсон нөхцөл байдлыг өөрсдөө олон удаагийн идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаагаар бүрдүүлсэн болох нь хангалттай тогтоогддог болно. Үүнд:

Гэрээний талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах харилцааны харилцан илэрхийлэл, тэр дундаа А.Т-, Ж.С- нарын үл хөдлөх хөрөнгөө Х.У-т худалдах туйлын чин хүсэл байсан, түүнийгээ тасралтгүй идэвхтэй илэрхийлсэн байдал, Х.У-тэй гэрээг байгуулж, уг гэрээг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгч, уг гэрээг үндэслэн өөрсдийн хооронд үүссэн байсан иргэний маргааныг эвлэрч шийдвэрлүүлсэн байдал, тус эвлэрлийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа байдал, А.Т-, Ж.С- нар нь Х.У-тэй гэрээгээ байгуулаагүй байж үйлдвэрийг Х.У-ийн ашиглалтад шилжүүлэхийг зөвшөөрсөн, бодитоор шилжүүлэн өгсөн байдал, А.Т-, Ж.С- нар нь Х.У-тэй гэрээгээ байгуулаагүй байж засвар хийж байхыг зөвшөөрсөн байдал, бүтэн 1 жил гаруйн хугацаанд засварыг хийлгүүлээд, түүнийг дэмжээд явсан үйл баримт, гэрээ цуцлагдах тохиолдолд “Х.У-ийн хийсэн бүх засварын зардлыг буцаан төлнө” гэсэн баталгааг хийж, гарын үсэг зурж өгсөн идэвхтэй үйлдэл, гэрч Б.Х-т “Ах нар нь бүх талаар дэмжиж тусалж өгнө” гэж байнга итгүүлж,  итгэл үнэмшил төрүүлж байсан идэвхтэй үйлдэл, А.Т-, Ж.С- нар нь Х.У-тэй гэрээгээ байгуулаагүй байж урьдчилгаа нэрээр мөнгө авч, эсхүл өөрийн дулаан зогсоолыг барьцаалж удаа дараа мөнгө авч байсан идэвхтэй үйлдэл, уг мөнгийг урьдчилгаанд тооцуулан авсан байдал, гэрээний хугацааг удаа дараа сунгаж байсан зэрэг дээрх А.Т-, Ж.С- нарын бүх идэвхтэй үйлдлүүд нь хангалттай тодорхой тогтоогдож байгаа бөгөөд энэ хэргийн тогтоогдож байгаа байдал нь Х.У- тэднийг гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэх шүүхийн дүгнэлтийг бүхэлд нь үндэслэлгүй болохыг тодорхойлж байна. Шүүх энэ нөхцөл байдлын талаар цагаатгах талын нөхцөл байдал хэрхэн тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийх ёстой нөхцөл байдал үүссэн байхад шударгаар дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

Түүнчлэн дээрх тогтоогдож байгаа үйл баримтаас А.Т-, Ж.С- нар гэрээг байгуулах шаардлагын үүднээс Х.У-ээс бодит байдлыг нуусан, үүгээрээ Х.У- гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлөх боломжгүй нөхцөлд хүргэх үр дагаварт хүргэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн нөхцөл байдал мөн тогтоогдож байгаа болно. Тухайлбал, гэрээ байгуулахаас өмнөх үед Улсын Дээд шүүх дээр А.Т-, Ж.С- нарын хооронд маргаан шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг нуусан, үйлдвэр “АА” зөвшөөрөлтэй гэх зарыг байршуулж, ийнхүү ойлгуулж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч бодит байдал дээр уг “АА” зөвшөөрөл нь 2016 онд хүчингүй болсон болох нь илэрсэн бөгөөд үүнийг мөн нуусан, уг худалдаж байгаа үйлдвэр нь “Барилгын зураг байхгүй” болохыг нуусан, уг зураг нь өнөөдрийг хүртэл байхгүй, А.Т-, Ж.С- нараас гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэн аль нь барилгын зургийг өгөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь Х.У-ээс үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж зээл авах боломжгүй, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахаас татгалзах нөхцөл, үр дагаварт хүргэсэн болох нь гэрч Б.Х-ын мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн Х.У- нь гэрээний харилцаа хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай бүрд гэрээг дуусгавар болгох талаар удаа дараа илэрхийлсэн үйл баримт Х.У-, гэрч Б.Х-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад энэ нөхцөл байдлаас гэмт хэргийн шинжгүй буюу залилах гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн субъектив санаа зорилго байхгүй, үгүйсгэгдэж байхад шүүх шударгаар дүгнэлт хийж чадаагүй. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

Хохирлын талаар шүүх дараах үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, хохирлын үнэлгээтэй холбоотой дараах ноцтой зөрчлийн асуудлууд байгааг анхаараагүйгээс шийхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тухайд:

Шүүх хохирлын талаар дүгнэлт хийхдээ мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн буюу “хохирогч нарт төлөх хохирлын хэмжээг талуудын харилцан тохиролцсон гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн байгаа нь гэрээ иргэний эрх зүйн маргаан болохыг бүрэн илэрхийлж байгаа болно. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Ер нь үйлдвэр залилсан гээд байгаа юм уу, мөнгө залилсан гээд байгаа юм уу. Энэ байдал огтхон ч тодорхой болоогүй байгаа бөгөөд прокурор болон хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч нар 4 өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн туршид хохиролд мөнгө гаргуулах, үйлдвэр гаргуулах зэргээр байр суурь нь хэд дахин өөрчлөгдөж, юу шаардаад байгаа нь ойлгомжгүй төөрөгдөлд орсон шүүх хуралдаан болсон. Энэ нь иргэний маргааныг хүчээр эрүүгийн журмаар шалгасны ноцтой үр дагавар юм. Шүүх энэ байдалд ул суурьтай үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Тиймээс 1.5 тэрбум төгрөгөөр үнээ тодорхойлсон гэрээний үлдэгдэл толбор болох мөнгийг гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь гэрээний үүргийн шаардлагыг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн үр дагаврыг үүсгэсэн. Эрүүгийн хуулиар бодит хохирлыг тогтоох хуулийн үзэл санаа, зарчимтай бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт, шийдвэр нь хуулийн тус агуулга, зарчмыг бүхэлд нь маш ноцтой зөрчсөн. Учир нь гэрээний үнийн дүн нь өөрөө эрүүгийн хэргийн тухайд бодит хохирол гэх ойлголтыг хууль зүйн хувьд бүрдүүлэх ямар ч боломжгүй юм. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн агуулгыг зөрчсөн.

Х.У-ээс хохирол оруулан тооцож өгсөн 400.000 төгрөг хаана байгаа нь тодорхойгүй байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Үүнийг прокуророос хүчээр хохирол оруулан тооцох санал гаргасныг хохиролд төлсөнд тооцож шийдвэрлэсэн нь ноцтой зөрчлийг бий болгосон бөгөөд үүний цаана уг мөнгөтэй холбоотой ноцтой үйл баримтыг бүгд дарагдуулсан гэж үзэх хууль зүйн үр дагаврыг үүсгэсэн. Хохирогч гэх А.Т-, Ж.С- нар уг мөнгийг аваагүй байж яагаад авсанд тооцоод байгаа нь анхаарал татах нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх хүнийг ноцтойгоор эрүүдэн шүүсэн үйл баримт бий болсон байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, уг эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа үйл баримт нь хэргийн дүгнэлтэд нөлөөлөх, цаашлаад хүний эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, гажуудуулсан нөхцөл байдлыг бүрдүүлсэн байхад анхаараагүй. Өөрөөр хэлбэл, хүнийг шүүхийн шийдвэргүйгээр 461 дүгээр хорих ангид оруулж суулгасан, хэсэг хугацааны дараа гаргаж ирсэн, шийдвэрийг би урж хаялаа шүү гэх байдлаар сэтгэл, санаа, бие махбодид дарамт шахалт үзүүлсэн, үүгээрээ дарамт үүсгэж, хохирогчид мөнгийг нь гаргуулж өгөх ажил хийгдсэн талаарх хууль бус бусармаг, эрүү шүүлтийн шинжтэй нөхцөл байдал яригдаж байхад эдгээр асуудлыг бүрэн дүүрэн шалгах, тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлийг давхар давхар бий болгоод байна. Мөн мөрдөгчөөс үйлдвэрт засвар хийсэн баримтуудыг хураан авсан гэх агуулга яригдаж, тэр нь хэрэгт байхгүй байгаа нөхцөл байдал ч гэрч Б.Х-ын мэдүүлгээр бий болсон байхад эдгээр ноцтой асуудлуудын талаар дүгнэлт хийгээгүй, мухарлан шалгаж шийдвэрлээгүй.

Анхан шатны шүүх Х.У-ийг иргэн Г.Н-ийг залилж хохироосон гэж дүгнэхдээ хэргийн буюу болсон бодит үйл баримтад нийцэхгүй, түүнээс зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс хууль ёсны болоогүй бөгөөд үндэслэлгүй болсон. Учир нь, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ иргэн Г.Н- тус үйл баримтад хохирогч гэж үзэх үндэслэл бүрэн дүүрэн байгаа эсэх талаар зөв дүгнэлт хийж чадаагүй. Учир нь гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Д” ХХК-тай байгуулсан. “Д” ХХК нь 67 хувьд бэлэн мөнгө, 33 хувьд бартераар төлөх гэрээ хийсэн хийсэн. Тус гэрээнд тусгагдсан 33 хувийн бартерт Найрамдал зусланд байрлах 154 м.кв амины орон сууцыг санал болгож 236.689.200 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. Уг гэрээ нь бодитоор хэрэгжиж,  1 дүгээр татан авалт 67, 33 хувиар хийгдэж “Д” ХХК хүлээн авсан, хүлээн аваагүй талаар ямар нэгэн маргаан байхгүй буюу хүлээн авснаа “Д” ХХК хүлээн зөвшөөрдөг. 2 дугаар татан авалт мөн хийгдсэн. “Д” ХХК үүнийг мөн л хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар мөн маргаан байхгүй. 3 дахь татан авалтын хэрэгжилтийн хүрээнд нэг 53.000.000 төгрөг төлөөд арматур авах захиалга ирсэн боловч гэрээнийхээ дагуу төлөх төлбөрөө “Д” ХХК бүрэн шилжүүлээгүй буюу 20.000.000 төгрөгийг төлсөн. Түүнээс үүдэлтэй маргаан бий болж, улмаар гэрээг цуцлах санал талуудын хооронд хэрэгжиж, гэрээ цуцлагдах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 20.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн уйл баримт бий болсон энэ талаар талуудын хэн аль нь ийм үйл баримт бодитой болсон талаар мэдүүлдэг болно. Дээрх гэрээг цуцлах маргаан үүсэх болсон үндсэн шалтгаан нь “Д” ХХК 53.000.000 төгрөгийг төлөх өөрийн үүргээ биелүүлээгүй байж 53.000.000 төгрөгт дүйцэх арматурыг шаардсан шаардлага өөрөө зүй бус шаардлага болсон, үүнээс шалтгаалж 7 дугаар сарын 08-ны өдөр энэ 20.000.000 төгрөгийг буцаан “Д” компанийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэ бол тухайн хэргийн бодит үйл баримт юм. Өөрөөр хэлбэл, 33.000.000 төгрөгийг төлөөгүй байж уг дүнд дүйцэх арматур төмрийг шаардсан шаардлага нь хуульд үл нийцэх, нөгөө тал хүлээн зөвшөөрөх боломжгүй, “Д” ХХК-ийн өөрийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буруутай болох нь хэргийн мэдүүлэг, тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, гэрээ цуцлах мэдэгдлээр тус тус тогтогддог болно. Дээрх гэрээний бодитой хэрэгжилтийн үр дүнд 110.000.000 төгрөгийн томор бодитой нийлүүлэгдсэн. Үүний 76.000.000 төгрөгийг “Д” ХХК-д төлсөн. 36.000.000 төгрөг нь бартерын үнийн дүнгээс хасагдсан. 236.689.200 төгрөгийн бартераас 36.000.000 гаруй төгрөг хасагдсан гэдгийг “Д” ХХК нь хүлээн зөвшөөрч шүүхийн шатанд мэдүүлдэг. 7 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд уулзалт хийсэн. Гэрээний харилцааг зогсоох талаар хэлэлцсэн, үлдэгдэл төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулах талаар илэрхийлсэн болох нь талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогддог. Дээрх үйл баримт нь хохирогч Г.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй нийцдэг. Мөн гэрч Х-ын “Д” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар мэднэ. Манай ээж нас барж Ховд яваад ирсэн. Ирэхэд Х.У- энэ компани төмрөө авахаа больж байгаа гээд албан бичиг аваачиж өгч байсан. Ялалт плазад очсон. Төлбөрийн хувьд Э хотхоны байр, Д хотхоны байрыг бид санал болгож байсан” гэх мэдүүлгээр гэрээг цуцлах галаар албан бичгийг хүргүүлж байсан, төлөх ёстой төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө санал болгож байсан талаарх үйл баримтууд тодорхой болж тогтоогддог. Гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6хх 12-13/-ээр арматур нийлүүлэх гэрээний үүргээ хэрхэн хэрэгжүүлж байсан болохыг нотолдог.

“Ю” ХХК болон “Д групп” ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ /5хх 167-170/ болон дээрх гэрээний харилцаа хэрэгжсэн байдал, маргаан үүссэн, гэрээ цуцлах талаар шийдвэр гаргаж хүргүүлсэн зэрэг нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй үүссэн. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлбэл зохих иргэний маргаан болох нь хангалттай тогтоогдож байхад цагаатгах талын нотлох баримт, түүгээр тогтоогдож байгаа үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй, хэт нэг талыг барьж бодит байдалд нийцэхгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Тухайн гэрээний хэрэгжилтийн явцад бартерын хаусыг шилжүүлэн авах үед 50 хувийн гүйцэтгэлтэй гэж хэлж байсан, дотор заслыг хийгээгүй, сантехник, цахилгааны утас ороогүй нөхцөл байдалтай, очиж үзэхэд бодит байдал тийм байсан нь Х.У- болон гэрч Б.Х-, гэрч Ц.Ц-гийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ талаар Г.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагдаа хаус хэдэн төгрөгийн үнэлгээтэй юм гэж хэлсэн. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагад үнэлүүлсэн. Гурван адилхан хаус байгаа. Гэтэл үүнийг өөр байна гэж яригдаж байгаа. 20 хаус байгаагийн гурав нь адилхан, 17 нь адилхан. Үнэлсэн дүн нь 321.000.000 төгрөг. Би тэр дүнгээр нэхэмжлэхгүй. Анх тохирсон 236.689.200 төгрөгөөр нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлгээр иргэний эрх зүйн маргаан болох нь тодорхой болж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, гэрээний харилцаа тул гэрээний үнийн дүнгээр нэхэмжилж байгаа, нөгөө талдаа бүрэн дуусаагүй барилга байсан тул үнийн дүнгээс 100 гаруй сая төгрөгийг хасаж, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, гэрээний үнээ тодорхойлсон гэдгээ шүүх хурал дээр олон удаа тайлбарлаж хүлээн зөвшөөрсөн ба уг үнийг шүүх барьж хохирлыг тодорхойлсон нь үндэслэлгүй. Энэ үнэ нь Эрүүгийн хуулиар тодорхойлж өгсөн бодит хохирол гэх хууль зүйн ойлголтод огт нийцэхгүй бөгөөд талууд гэрээг байгуулахдаа өөрсдийн үзэмжээр үнээ тодорхойлж хийсэн буюу тухайн үедээ өөрсдийн субъектив хүсэл зоригийн илэрхийллээр тодорхойлсон үнэ юм. Энэ нь цэвэр иргэний эрх зүйн хүрээд хийсэн, хэлцлээр тодорхойлсон үнэ юм. Тиймээс гэрээний үүргийн шаардлагыг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгосон.

Иргэний эрх зүйн хэлцлээр тодорхойлсон гэдэг нь Г.Н-ийн мэдүүлэгт дурдагдаад байгаатай адилаар дутуу баригдсан байсан тул 100 гаруй сая төгрөгийг хасаад гэрээг хийсэн гэх мэдүүлгээр илэрхий болж байгаа болно. Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндсэн зарчмаар бодит хохирлыг тогтоох ёстой. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн агуулгыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Х.У-ийг гэм буруутайд тооцсон хэсгийг цагаатгаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн тохиолдолд шүүгдэгч Х.У-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Х.У- нь өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Ж.Очирхуяг өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, К.Жархынбек нартай хамтарч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг харгалзан үзээгүйн улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, миний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6, 3 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан боловч хэрэглээгүйд гомдолтой байна.

Шүүгдэгч өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирол учруулсан гэм буруугаа бүрэн ухамсарлаж сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын төлбөрөөс Ж.С-д 110.000.000 төгрөг, А.Т-т 167.600.000 төгрөгийг, Г.Н-д 64.485.588 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө төлсөн байгаа, харин хохирлын үлдэх төлбөр болох 839.000.000 төгрөгийг Ж.С-д, 382.400.000 төгрөгийг А.Т-т, 172.203.612 төгрөгийг Г.Н-д шүүх хуралдааны үеэр төлж барагдуулахаар тодорхой бодит оролдлогуудыг хийсэн юм. Тодруулбал, Х.У-т холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өмчлөл, эзэмшлийн бүх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, битүүмжилсэн байсан тул тухайн эд хөрөнгүүдээ худалдан борлуулах, эргэлтэд оруулах замаар хохирогч нарын хохирлыг барагдуулах боломж нь хязгаарлагдсан юм.

Тухайлбал, Х.У- нь “М” ХХК-ийн эзэмшлийн хувьцаа болон тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй Налайх дүүргийн 1-р хороо, _ гудамж, _ тоот хаягт байрлах 2011 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2222222222 дугаартай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрлэл, оффисын зориулалттай 2 давхар байгууламж, Налайх дүүргийн _-р хороо, _ тоотод байршилтай бүртгэлийн 000000000000000 дугаартай, 12.699 м.кв талбайтай газрыг Ж.С-, А.Т- нараас 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, нэмэлт хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулсны үр дүнд үнэлгээг нь 3.5 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй болгосон. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах зорилгоор эдгээр хөрөнгийг “Н” ХХК-д 3.1 тэрбум төгрөгөөр худалдахаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа харилцан тохиролцсон боловч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр прокурорын тогтоолоор тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан тул бодитоор хэрэгжиж хохиролд төлөх мөнгийг гарах боломжгүй хаагдмал байсан. Шүүгдэгч Х.У- нь орлого болон хөрөнгийн эх үүсвэртэй буюу хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой, хохирол төлж барагдуулах хугацаа хожимдсон нь мөрдөн шалгах ажиллагаанаас шууд хамааралтай зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Н” ХХК-тай харилцан тохиролцож дээр дурдсан үйлдвэр, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдаж, үүнээс олох орлогоор хохирогч Ж.С-, А.Т- нарын хохиролд төлж барагдуулах бүрэн боломжтой болсон. Шүүхээс 3 жил 6 сар хорих шийтгэлийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, шүүгдэгчийг хорьсон тул тэрээр нөхрөөрөө дамжуулан “Н” ХХК-тай байгуулах гэрээ хэлцлийг үргэлжлүүлж байгаа. Харин хохирогч Г.Н-д 172.203.612 төгрөгийг өөрийн нэг орон сууцаа худалдан борлуулж олсон орлогоор түргэн шуурхай төлж барагдуулах бүрэн боломжтой байгаа юм.

Хохирогч Ж.С-, А.Т- нарын Х.У-т анх худалдсан Налайх дүүрэг дэх мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж нь үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу биет байдлын болон эрхийн зөрчилтэй байсны улмаас түүний зүгээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулах, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн үйлдвэрлэл явуулахад бэлэн болгоход маш их хугацаа алдаж, төлбөрийг нь төлөхөд саад учирч байсан. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн тогтоосон байдаг. Иймээс хохирогч Ж.С-, А.Т- нарт төлбөл зохих мөнгийг бүрэн гүйцэд төлөлгүй, дутуу төлж хугацаа хоцроосон нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хохирогч нарын тодорхой хэмжээний Иргэний хууль зөрчсөн, зүй бус үйлдэл буюу биет байдлын болон эрхийн доголдолтой үйлдвэр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээс шалтгаалсан гэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч анх Ж.С-, А.Т- нараас мах боловсруулах иж бүрэн үйлдвэр худалдан авч, богино хугацаанд мах боловсруулж экспортод гаргаж, олсон орлогоороо худалдаж авахад зарцуулсан зээл болон бусад хөрөнгийн эх үүсвэрээ нөхөж олохоор төлөвлөж зорьсон боловч дээр дурдсанчлан маш их нэмэлт зардал, цаг хугацаа алдагдсан, нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн юм. Иймээс шүүгдэгч Х.У- нь анх нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд ороход нөлөөлсөн гэж үзэж,байна. Хэдийгээр Х.У- нь анх 2017 оны 9 дүгээр сараас дээр дурдсан үйлдвэрийн барилга байгууламжийг худалдаж авахаар хэлэлцэн тохиролцсоор албан ёсны гэрээ байгуулалгүйгээр худалдагч талын зөвшөөрлөөр засан сайжруулалт хийсэн, гэрээ байгуулах боломжгүй байсан шалтгаан нь худалдагч талууд буюу хохирогч нар нь өөр хоорондоо шүүхэд хөрөнгийн маргаантай байсан, мөн бичиг баримт нь байхгүй байсан зэрэг олон шалтгаанууд байсан болох нь тогтоогддог. Улмаар нэгэнт их хэмжээний засан сайжруулалт хийсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, албан ёсоор худалдаж авсан байдаг. Худалдаж авснаас хойш мөн үйлдвэрлэл явуулах шаардлага хангах үртэл засан сайжруулалт хийж, бичиг баримтыг нь гаргуулан авахаар олон шат дамжлагатай бэрхшээлтэй тулгарч, хугацаа алдаж явсаар 2020 оны эхээр үйлдвэрлэл явуулахад бүрэн боломжтой болгож чадсан үйл баримт тогтоогддог. Гэтэл үйлдвэр ажиллах боломжтой болохтой зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний гол худалдан авагч, импортлогч Бүгд Найрамдах Хятад Ард Улс хилээ хааж, Монгол Улс ч гадагш болон дотогш чиглэсэн хилээ хааж, дотооддоо бүх нийтийн бэлэн байдалд шилжиж онцгой дэглэм тогтоож үйлдвэрлэл бүрэн зогсонги байдалд орж орлогогүй болох, өрийн дарамтад орох нөхцөл үүссэн. Энэхүү онцгой нөхцөл байдал нь шүүгдэгчид төдийгүй дэлхийн бүх улс орны санхүүгийн нөхцөл байдалд хүндээр туссан нийтэд илэрхий үйл баримт билээ. Гэтэл шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа энэхүү онцгой нөхцөл байдал нь түүний гэмт хэрэг үйлдсэн байдалд нөлөөлсөн болохыг харгалзан үзэж хөнгөрүүлээгүй үндэслэл болгож хуулийг хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Х.У- нь 2-13 насны 5 таван хүүхэд төрүүлсэн эх хүн бөгөөд хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй билээ. Харин шүүхээс Х.У-т 3 жил 6 сар хорих ял шийтгэснээр түүний хүүхдүүд ээжгүй өсөх, тэжээгчээ тодорхой хугацаагаар алдаж өнчрөх, хүүхдүүдийн эрх зөрчигдөхөд хүрээд байна. Шүүгдэгч Х.У- нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хор уршиг нь бүрэн арилах бөгөөд гэм буруугаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5, 6.1 дүгээр зүйлийн 1,2, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.6, 3, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус зөрчсөн буюу хэрэглэвэл зохих хуулийг бүрэн гүйцэд хэрэглээгүй гэж үзэж байна. Бодит нөхцөл байдлуудад бүрэн гүйцэд дүгнэлт хийж, тал бүрээс харгалзан үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан ялаас арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Энэ нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж, 5 хүүхэдтэйгээ элэг бүтэн хамтдаа, иргэний үүргээ ухамсарлан амьдрах боломж олгохыг хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдэг нь тодорхой баримтуудаар бүрэн тогтоогдсон. Барилгын тухай хууль болон холбогдох барилгын норм дүрмийн шаардлагыг хангахгүй барилга байгууламжийг ашиглалтад оруулж, улсын бүртгэлд хууль тогтоомж зөрчиж бүртгүүлээд үйлдвэрийн зориулалттай барилга гэдэг байдлаар үнэнийг нуун дарагдуулж зарсан гэдэг нь тогтоогдсон. Учир нь, барилгын зураг байхгүйгээр тухайн барилгыг барих, ашиглалтад оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй. Цахилгааныг нь сүүлд хийлгэсэн байдаг. Энэ талаарх баримтууд нь байдаг. Техникийн нөхцөл байхгүй, зураг байхгүйн улмаас тухайн барилга байгууламжид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу үйл ажиллагааг зогсоосон байдаг. Хохирогч нар анхнаасаа Х.У-т худал, зөрүүтэй мэдээлэл өгч хууран мэхэлж үйлдвэрийн зориулалттай байр гэж зарсан. Үүний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, маш их зардал гарч амласандаа хүрэхгүй байх нөхцөлүүд үүссэн. Үүнийг шүүх онцгойлон анхаарах ёстой. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байна. Мөн Г.Н-ийн хувьд “Д” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх байхгүй. “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу Компанийн тухай хуульд заасны дагуу төлөөлөх эрх бүхий этгээдээс нь гомдол гаргаагүй. Хохирсон талаар энэ хэрэгт хохирогчоор оролцоогүй байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Н-оос “Танд төлөөлөх эрх байна уу” гэж асуухад “Би 50 хувийн хувьцаа эзэмшигч” гэж хариулдаг. Х.У- болон “Д” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцаатай холбоотой тодорхой баримтууд байдаг. Гэрээнээс татгалзъя гэдэг мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн. Үүнд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Хэрэв татгалзсан тохиолдолд хаусыг буцааж өгнө, “Д” ХХК-нд нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ болох 64.000.000 төгрөгийг буцааж төл гэх шаардлагыг Х.У-ээс тавьсан байдаг. Төлөөгүй учраас хаус шилжээгүй. Хаус Х.У-ийн өмчлөлд нь байсан. Мөнгө хүүлэгч нарт шилжсэн нөхцөл байдал үүссэн. Анхнаасаа Г.Н-т арматур нийлүүлэхгүй, гэрээ байгуулах замаар тухайн хаусыг өөртөө шилжүүлж авъя гэдэг санаа зорилго байгаагүй. Гэрээг цуцлах санаачилга гаргасан. Гэрээг Иргэний хуульд заасны дагуу татгалзах тухай мэдэгдэл өгсөн. Х.У- нийлүүлсэн барааны үнийг төл гэсэн төлөгдөөгүй. Иймд гэрээний харилцаа байдаг. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Г.Н-ийн өмгөөлөгчөөс хаусыг бүхэлд нь гаргуулъя гэж байна. Хаусыг гаргуулъя гэж байгаа бол эхлээд Х.У-ээс авсан арматур төмрийнхөө үнийг буцааж төлөх ёстой. Гэрээнээс татгалзсантай холбоотой төлбөр авах, өгөх асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байхад яагаад гэмт хэрэг гэж үзсэн юм бэ. Г.Н- хохирогч биш юм гэдэг нь хангалттай баримтаар нотлогдсон. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар “Д” ХХК-ийг төлөөлөх эрх Г.Н-д байхгүй, хохирогч биш. “Д” ХХК нь хохирсон талаар гомдол гаргаагүй. Үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй. Х.У- хохирлыг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн. “Н” ХХК-аас 1.5 тэрбум төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх талаар гэрээ байгуулж, А.Т-, Ж.С- нарт олгохоор гэрээнд тусгасан. Мөн албан бичгээр үүнийгээ илэрхийлсэн. Тэгэхээр хохирлыг төлөх бүрэн боломжтой байх тул хорих ялыг торгох ялаар солих хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Г.Н-ийн хохирлыг төлөх боломж Х.У-т байдаг. “Д” ХХК-тай холбоотой асуудлыг тусад нь шийдвэрлэх бүрэн боломжтой. ...” гэв.

Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Надад итгэдэг байсан юм бол 30 сая төгрөгийг Н-ын данс руу яагаад хийсэн юм бэ. Би тэнд мөнгө нэхээд сууж байсан шүү дээ”, мөн Х.У- мэдүүлэхдээ “А.Т- надад хандаж “Би энэ үйлдвэрийг аваад шатсан шүү. Чи авахдаа засал ном хийлгээрэй. Надад махны бизнес эрхэлдэг захирлууд энэ бизнес бузартай, нүгэлтэй гэж хэлж байсан шүү” гэж хэлж байсан” гэсэн байдаг. Хохирогч А.Т- нь энэ үйлдвэрийг 4 жилийн өмнө худалдаж аваад мөн төлбөрөө дутуу хийсний улмаас 4 жил ажиллаагүй зогссон байдаг. Гэрч Н-, Э-, Ж.С- нарын мэдүүлгээр нотлогддог. Хохирогч Ж.С- мэдүүлэхдээ “А.Т-т 750.000 доллароор зарсан. А.Т- гэрээ ёсоор улиралд 200.000.000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Эхний хоёр төлөлтийг өгсөн. Тэгээд шүлхий өвчин гараад А.Т-ын бизнес доголдсон. “Төлбөрөө төлөөгүй учраас бид зарах болсон” гэсэн байдаг. А.Т-ын үйлдэл Х.У-ийн үйлдэлтэй адилхан байдаг. Хохирогч нар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө авъя гэдэг. Тэгснээ гэнэт анхан шатны шүүх хуралдаанд “Бид үйлдвэрээ авна” гэдэг. Тэгэхээр А.Т-ын худалдах, худалдан авах үйлдэл, Х.У-ийн худалдах, худалдан авах гэрээний үйлдэл адилхан. Гэхдээ Х.У-ийн хувьд тэр үйлдвэрийг хөл дээр нь босгосон. Гэрчийн мэдүүлгээр энэ байдал нь нотлогддог. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан байдаг. “Д” ХХК-аас Г.Н- хаусаа нэхэмжлэх ёстой байсан биш үү. Энэ хоёрын хооронд ямар гэрээ байсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Бүх асуудал иргэний эрх зүйн харилцаа гэж анхан шатны шүүх хуралдаанд маргасан. Нэгэнт шүүх гэм буруутайд тооцоод шийдвэр гарчихсан болохоор бусад өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. “Н” ХХК-аас хохирлыг төлөх талаар илэрхийлсэн байдаг. Бид Ж.С-, А.Т- нарыг “Н” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзуулж тохиролцоонд хүргэх гэж оролдсон. Х.У- нь “М” ХХК-ийн эзэмшлийн хувьцаа болон тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй Налайх дүүргийн _-р хороо, _ гудамж, _ тоот хаягт байрлах 2011 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-222222222 дугаартай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрлэл, оффисын зориулалттай 2 давхар байгууламж, Налайх дүүргийн _-р хороо, _ тоотод байршилтай бүртгэлийн 222222222дугаартай, 12.699 м.кв талбайтай газрыг Ж.С-, А.Т- нараас 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, нэмэлт хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулсны үр дүнд үнэлгээг нь 3.5 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй болгосон. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах зорилгоор эдгээр хөрөнгийг “Н” ХХК-д 3.1 тэрбум төгрөгөөр худалдахаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа харилцан тохиролцсон боловч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр прокурорын тогтоолоор тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан тул бодитоор хэрэгжиж хохиролд төлөх мөнгийг гарах боломжгүй хаагдмал байсан. Шүүгдэгч Х.У- нь орлого болон хөрөнгийн эх үүсвэртэй буюу хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой, хохирол төлж барагдуулах хугацаа хожимдсон нь мөрдөн шалгах ажиллагаанаас шууд хамааралтай зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Н” ХХК-тай харилцан тохиролцож дээр дурдсан үйлдвэр, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдаж, үүнээс олох орлогоор хохирогч Ж.С-, А.Т- нарын хохиролд төлж барагдуулах бүрэн боломжтой болсон. Шүүхээс 3 жил 6 сар хорих шийтгэлийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, шүүгдэгчийг хорьсон тул тэрээр нөхрөөрөө дамжуулан “Н” ХХК-тай байгуулах гэрээ хэлцлийг үргэлжлүүлж байгаа. Харин хохирогч Г.Н-д 172.203.612 төгрөгийг өөрийн нэг орон сууцаа худалдан борлуулж олсон орлогоор түргэн шуурхай төлж барагдуулах бүрэн боломжтой байгаа юм. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Х.У- нь хоригдож байх хугацаандаа бөөрний өвчнөөс болж удаа дараа хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ талаарх тодорхойлолтыг мөн шинээр гаргаж өгч байна. Х.У- нь 5 хүүхэдтэй бага нь 2 ой 9 сартай. Алдарт эхийн одонтой, дээд боловсролтой. Дээрх байдлуудыг харгалзаж үзээд торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.У-ийн 5 өмгөөлөгчийн 3 нь хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж байна. 2 өмгөөлөгч нь цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэж ойлголоо. Анхан шатны шүүх үйл баримтад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгсөн. Шүүгдэгч Х.У-ийн үйлдэл нь яагаад залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэдгийг тодорхой дурдсан. Ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг дүгнэсэн. Анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж прокуророос 7 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан байхад 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Мөн шийтгэх тогтоолд “М” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг орхигдуулсан талаар ярьж байна. Үүн дээр шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачилгаар залруулга хийсэн. Энэ нь хуульд нийцсэн. Улмаар залруулга хийгээд Х.У- болон бусад хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Хохирогч нар мөрдөн шалгах болон шүүхийн шатанд тодорхой хэмжээний хохирлоо авсан байдаг. Иймд битүүмжилсэн эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээд улмаар дуудлага худалдаа явуулах аргаар хохирол хор уршгийг арилгах нь зүйтэй. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн маргаан байсан. Улсын Дээд шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байсан. Үйлдвэрт засвар хийсэн гэх боловч энэ талаарх баримт байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Х.У-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Х.У-ийг үргэлжилсэн үйлдлээр Ж.С-, А.Т- нарыг хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй их хэмжээний хохирол учруулж залилсан,

хохирогч Г.Н-ийг хуурч, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөнгө дансаар шилжүүлэн авч, харилцан тохиролцсоны дагуу нийлүүлэх арматур төмрийг дутуу нийлүүлэн, үл хөдлөх хөрөнгийг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилсан,

хохирогч Ж.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Ө.Д-гээр дамжуулан 75.000.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулан залилсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, 2023/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

  1. Шүүгдэгч Х.У- нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С-, А.Т- нараас Налайх дүүргийн _ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 м.кв талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12.699 м.кв талбайтай газрыг компанийн хамт 1.500.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцож, 1 жилийн хугацаанд үйлдвэрийг ажиллуулсны дараагаар үйлдвэрийг барьцаанд тавьж, тохиролцсон мөнгийг гаргаж өгнө гэж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч,

тус компанийг барьцаалан “Н” ХХК-аас 1.300.000.000 төгрөгийн зээл авч, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хохирогч Ж.С-, А.Т- нарт мөнгийг төлөх боломжтой байсан боловч төлөлгүйгээр залилж, их хэмжээний буюу 1.500.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.С-гийн: “...Х.У- нь албан ёсоор 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ хийж үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...Үнийн саналыг Н-аар дамжуулж хэлэхэд “1.500.000.000 төгрөгөөр худалдаж авъя, харин 300.000,000 төгрөгт засвар оруулах шаардлагатай юм байна” гэж тохиролцсон. ...Х.У- нь анх ярихдаа бол “Надад 700 сая орчим төгрөг бэлэн байна, үлдсэн мөнгийг би үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банкинд барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь шууд өгнө" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ “Ингэж болохгүй” гэдэг зүйлийг яриад хэсэг хугацаанд явсан боловч 2018 оны 9 сард над дээр ирээд “Одоо үйлдвэрийг барьцаанд тавихад бүх зүйл болчихсон байгаа, тийм учраас та хоёр нэрээ над руу шилжүүлээд өгчих, 7 хоногийн дотор үйлдвэрийн төлбөрт надад 90.000.000 төгрөг, 2018 оны 12 сард багтааж өгөх ёстой мөнгөний 70 орчим хувийг төлнө, хэрвээ төлбөрийг бүрэн төлж дуусгаж чадахгүй бол 2019 оны 3 дугаар  сарын 15-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусгана” гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Гэрээн дээр бол энэ бүгдийг тусгасан байгаа. ...Шууд гэрээ хийж үйлдвэрийг авчихаад мөнгөө өгнө гэсэн боловч өгөхгүй тэр чигтээ яваад байсан юм. ...” /1хх 92-95, 3хх 132-133/,

хохирогч А.Т-ын: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрийн бүрэн эрхийг Х.У-т шилжүүлсэн. Тухайн үедээ Х.У- бид нараас үйлдвэрийг аваад банкны барьцаанд тавиад 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусахад бүх төлбөр мөнгийг хийхээр тохиролцсон боловч “Та нар энэ хугацаандаа амжиж төлж чадахгүй” гэдгийг нь хэлээд, гэрээгээ 2019 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээ хийснээс хойш 100 сая төгрөг өгөөд надад нэмж өгөөгүй. ...Тэгээд үлдэгдэл “Мөнгөө авъя” гэж хэлэхээр “Ойлголоо” гэж хэлчихээд алга болоод байсан юм. ...” /1хх 86-88/,

гэрч Н.Н-ын: “...2018 оны 9 сарын 26-ны өдөр тус үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээгээр 1.5 тэрбум төгрөгөөр бусдад шилжүүлсэн юм. Тэгээд Х.У- нь “Компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлж авч байж хөрөнгө оруулалт татна, тийм учраас бүтнээр нь шилжүүлж өгөөч” гэж хүсэлт гаргасны дагуу гэрээ хийгээд эцсийн байдлаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг ямар нэгэн үлдэгдэлгүйгээр төлж дуусгахаар тохиролцсон юм. ...Х.У- “БНХАУ-аас хөрөнгө оруулалт авна, мөн банкнаас зээл аваад төлчихнө, эсвэл би өөрөө үүнийг бусад бизнесээр төлж барагдуулах боломжтой” гэж хэлдэг байсан. ...” /1хх 120-122/,

гэрч Ё.Э-гийн: “...“Н” ХХК-аас албан ёсоор “Г” ХХК-ийн захирал Х.У- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж түүнээс хойш 1.000.000.000 төгрөг хүртэлх зээлийг нэг сарын 2,39 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд тухайн үед манай байгууллагаас зээлийг олгосон графикийг харахад 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн гүйлгээгээр 1.300.000.000 төгрөгийг олгосон байна. ...Гэтэл Х.У- нь уг хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 110.844.555 төгрөгийг хүүгийн төлөлт байдлаар хийснээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. ...Тухайн байгууллагын зээл хүссэн шийдвэрийг үндэслээд би өөрөө Х.У-ийн хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэр дээр очиж танилцаад барьцаа хөрөнгөн дээр үндэслээд зээл олгосон. ...Тухайн үед намайг очиход нэлээдгүй олон хүн үйлдвэрт мах боловсруулаад үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байсан. ...Тухайн зээлийн сарын хүүгийн төлөлт байхгүй, мөн зээлийн нийт үнийн дүн өсөөд байсан учраас нэмэлт барьцаа шаардахад ямар нэгэн барьцаалах хөрөнгө байхгүй гэж яригдсан учраас тус компанийн 60 хувийг шилжүүлж авахаар болсон. ...” /2хх 72-75/ гэсэн мэдүүлгүүд,

Ж.С-, А.Т- болон Х.У- нарын хооронд байгуулсан “М” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ /1хх 179-181/,

“М” ХХК-ийн хувьцааны 60 хувийг Ё.Э-д шилжүүлсэн мэдээллийг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 153/,

“М” ХХК-ийн үйлдвэрийн барилгыг 1.362.186.564 төгрөгөөр, газрыг 234.931.500 төгрөгөөр, нийт 1.597.118.064 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №БГ1-20-351 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3хх 79-109/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар,

  1. Мөн шүүгдэгч Х.У- нь хохирогч Г.Н-той өөрийгөө “Хятад улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, 717.240.000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж тохиролцож, төлбөрийн 67 хувийг бэлнээр, 33 хувийг бартераар буюу Г.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн _ дугаар хороо _ гудамж _ тоотод байрлах 317.639.400 төгрөгийн үнэ бүхий 154.4 м.кв талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөртөө шилжүүлэн авч, мөн Г.Н-оос 75.107.889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29, 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч, түүнд 111.471.480 төгрөгийн үнэ бүхий 2 удаагийн нийлүүлэлтээр арматур төмрийг хүлээлгэн өгч,

            үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг Б.М-гээс авсан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1578 дугаар зээлийн гэрээний төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 929 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар гэрээгээр халхавчлан төөрөгдөлд оруулж, 236.689.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Г.Н-ийн: “...Х.У- “Манайх арматур төмөр нийлүүлж болно” гэхээр нь “Хэчнээн тонныг нийлүүлэх вэ” гэхэд “5-10 мянган тонныг оруулж ирж нийлүүлж чадна, харин бартераар солилцох журмаар үнийн дүнгийн 30-40 хувьд оролцуулна” гэж тохироод салсан. Дараа нь өөрсдийн ажилтан нараа Х оффист байрлах Х.У-ийн компанид очиж гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр 420 тонн арматур төмөр авахаар тусгасан. “Үнийн дүнгийн 67 хувийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 33 хувьд нь бартер оролцуулж үнийн дүнгээс хасуулахаар тохиролцон хаусаа өгье” гэсэн. Тэгээд ажил эхлэх үеэр эхний ээлжид 40 тонн төмөр авах захиалга өгөөд үүний 67 хувьд ойролцоогоор 48 сая төгрөгийг Х.У-ийн компанийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа арматур төмрөө хүлээн авсан бөгөөд 14 хоногийн дараа дараагийн захилга өгч, 25 сая төгрөгийг мөн дээрх компанийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш манайх огт арматур төмөр хүлээж аваагүй. Х.У- рүү ярихад “Хятадад байна, би урдаас захиалчихсан байгаа, ирэхээр нь өгнөө, хүлээж бай” гэхээр нь итгээд хүлээхэд ирээгүй. Ингээд манайх өөр газраас арматур авсан. ...Одоо түүнээс хаусаа буцааж авъя гэхээр өөр хүнд зарчихсан байсан. ...” /5хх 230-231/,

            гэрч Ц.Ц-гийн: “...Х.У- нь Г.Н- гэх хүнтэй албан өрөөндөө уулзалт хийсэн. ...Бугат хотын арматур гээд Хятадаас оруулж ирдэг худалдаачидтай уулзаж, бөөнөөр нь арматур авч, авах газарт нь нийлүүлдэг байсан. ...” /6хх 12-13/,

            гэрч Б.М-гийн: “...2019 оны сүүлээр Х.У- ганцаараа ирж уулзаад “Мөнгө зээлээч” гэхээр нь 120.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн. Тэгээд дараа нь би мөнгөө нэхэхэд өгөхгүй болохоор нь очиж уулзахад “Надад нэг хаус байгаа, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал зуслан явах замд байгаа" гэхээр нь уг хаусны гэрчилгээг Б.Х- гэх нөхрийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Миний хувьд Х.У-ээс авах ёстой байсан 120.000.000 төгрөгт бодож авсан. ...Одоо хаус нь М.Ш- гэх манай талийгаач найз охин М.Ш-ын дүүгийн нэр дээр байгаа гэж бодож байна. Миний хувьд 2018 оноос эхлэн Байгальмаа эгчээс 100 гаруй сая төгрөгийг зээлж байсан мөнгөндөө бодож уг хаусыг дүү М.Ш-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. ...Энэ хаус ямар нэгэн маргаантай гэдэг талаар огт мэдээгүй. ...” /6хх 25-27/ гэсэн мэдүүлгүүд,

            шүүгдэгч Х.У- нь хохирогч Г.Н-оос шилжүүлэн авсан Сонгинохайрхан дүүргийн _ дугаар хороо, _ гудамжны _ тоот хаягт байрлах 154.4 м.кв талбайтай амины орон сууцыг Б.М-д худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /5хх 161/,

            “Ю” ХХК болон “Д групп” ХХК-ийн хооронд байгуулсан барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ /5хх 167-170/,

            шүүгдэгч Х.У-ийн хохирогч Г.Н-оос шилжүүлэн авсан орон сууцын үнэлгээг 317.639.400 төгрөгөөр тогтоосон “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний дүгнэлт /6хх 30-51/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.У-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч, шүүгдэгч нарын хооронд болон шүүгдэгчийн нэр бүхий иргэдтэй байгуулсан гэрээнүүд, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Х.У- нь (1) хохирогч Ж.С-, А.Т- нараас үл хөдлөх хөрөнгө болох үйлдвэрийн байр, газрыг нь худалдан авах гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсны дараа “Н” ХХК-ийн барьцаалуулан зээл авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Ж.С-, А.Т- нарт мөнгийг буцаан өгөлгүй залилсан, (2) хохирогч Г.Н-той арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үнийн дүнгийн 33 хувьд бартер /арилжааны гэрээ/-аар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан боловч дээрх үл хөдлөх хөрөнгийг Б.М-гээс авсан зээлийн төлбөрт худалдах, худалдан авах гэрээгээр Б.М-гийн өмчлөлд шилжүүлэн өгч, арматур төмөр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн арматур төмрийг нийлүүлэх үүргээ зориуд биелүүлэлгүйгээр гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний энэхүү үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй.

Харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, биелүүлэх нөхцөл, боломж бүрдсэн байхад үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний харилцаагаар шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн хариу төлбөрийг хийхгүйгээр, гэрээний үүргээ зориуд биелүүлэлгүйгээр ашиглах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах, эргэлтэд оруулах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогдоно.

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.У- нь хохирогч Ж.С-, А.Т- нараас үл хөдлөх эд хөрөнгийг залилж авсан бус худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөхгүй залилсан хэмээн дээрх байдлаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг өөрчлөн дүгнэсэн бөгөөд ийнхүү өөрчлөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

Шүүгдэгч Х.У- нь хохирогч Ж.С-, А.Т- нараас худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан үйлдвэрт “засвар, барилгын зураг, татвар, торгууль зэрэгт 700 сая төгрөг зарцуулсан, ковид-19 цар тахлын улмаас бизнест эрсдэл, хүндрэл учирсан, зөвшөөрөл хөөцөлдөж авсан, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь урьд маргаантай байсан” талаар дурдсан.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн байр, газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний үр дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд үйлдвэрийг өөрт шилжүүлэн авсны дараа гарсан зардал, төлсөн татвар, эрх бүхий байгууллагаас нэмж зөвшөөрөл авсан, урьд маргаантай байсан зэрэг асуудал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин Х.У- нь үйлдвэрийн барилга, газар зэргийг бусдад барьцаалан зээл авсан атлаа өмнөх гэрээгээр хүлээсэн үүргээ зориуд биелүүлэлгүй, биелүүлэхээс зайлсхийсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Харин шүүгдэгч Х.У- нь хохирогч Г.Н-той байгуулсан арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний дагуу түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн гэрээний төлбөрт тооцуулахаар бусдын өмчлөлд шилжүүлсэн, мөн гэрээнд зааснаар арматур төмрийг бүрэн гүйцэд нийлүүлээгүй нь залилах гэмт хэргийн шинжтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн үйлдлийг гэрээгээр халхавчилсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

            Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзахаас гадна хуулийг тайлбарлан хэрэглэхдээ шүүгдэгчид илүү ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эрүүгийн хариуцлагын хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу орлогын эх үүсвэртэй, хохирол барагдуулах боломжтой, үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг нөхцөл байдалд тохирно гэж үзэж оногдуулсныг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг талуудын харилцан тохиролцсон гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр тооцсон, тодруулбал шүүгдэгч Х.У- нь хохирогч Ж.С-, А.Т- нарт гэрээний дагуу төлөх ёстой байсан мөнгөө төлөлгүй залилж, 1.500.000.000 төгрөгийн хохирол учруулсан, харин хохирогч Г.Н-той байгуулсан 717.240.000 төгрөгийн дүн бүхий гэрээний 33 хувийг бартераар буюу үл хөдлөх хөрөнгөөр тооцож шилжүүлэн авсан тул энэ дүнгээр буюу 236.689.200 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасанд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Х.У- нь хохирогч Ж.С-, А.Т-, Г.Н- нартай харилцан хүсэл зоригоо илэрхийлсний үр дүнд байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан, улмаар үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсны гэрээний үндсэн дээр гуравдагч этгээд болох Б.М-, “Н” ХХК-д шилжүүлсэн, барьцаалуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээргүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч нарт буцаан шилжүүлэхгүйгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хохирогч Ж.С-, А.Т- нар нь “М” ХХК-ийн хувьцааны эзэмшлийн асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах асуудал нээлттэй болохыг магадлалд дурдаж байна.

Мөн, шүүгдэгч Х.У- нь давж заалдах гомдолдоо  “...компаниудын дансны мэдээлэл болон миний хүүхдүүдийн дансны хуулгыг хууль бусаар шүүлгэсэн, хувь хүний нууцад халдсан...” талаар дурдсан ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад хандан тусад нь шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж байна.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.У-ийн хохирогч Ж.О-ийг залилсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

            Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ж.О-ийн “...2019 оны 4, 5 дугаар сард Ө.Д- над руу ирж уулзаад “Мах чанаж боловсруулж өгнө” гээд эхлээд гэрээ хийсэн ба ажлын дунд явж байхад махаа чануулж дуусаад илүү гарсан мөнгөө авъя гэхэд өгөөгүй юм. Тэгээд Ө.Д- нь “Хятад руу мах экспортолж гаргах квот байна, 8 машин квот байгаа” гэж хэлэхээр нь түүнээс тодорхой хувийг нь авахаар тохиролцоод, урьдчилгаа болгож 75.000.000 төгрөгийг өгсөн чинь одоо болтол квотгүй, миний мөнгийг мөн өгөхгүй байгаа юм. ...”  /6хх 72/,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-ийн: “...Ө.Д-гийн Хаан банкны данс руу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 75.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Ө.Д- нь манай захирал Ж.О-тэй тохиролцохдоо тухайн мах гаргах квот нь “Г” ХХК-ийн нэр дээр гэрээгээр гаргахаар тохиролцсон. ...” /4хх 247-248/,

            гэрч Ө.Д-гийн: “...Х.У- нь “Манай компани Хөдөө аж ахуйн яамнаас 8 машин мах Хятад улс руу гаргах эрх авчихлаа. Чи надад хүн олж чадах уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “Надад таньдаг хүн байгаа, асуугаад хариу хэлье” гэж хэлсэн. Үүний дагуу танил Ж.О-тэй холбогдсон. Ж.О- ах зөвшөөрсөн. Ж.О- ах мах гаргуулахаар болоод урьдчилгаа мөнгө болох 75 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ...” /5хх 2-3, 6хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд,

            “Г” ХХК-ийг төлөөлж Ө.Д-, “А” ХХК-ийг төлөөлж Ц.Г нарын хооронд байгуулсан экспортын квот ашиглах, ашиглуулах тухай гэрээ /5хх 58/, Хаан банк дахь Ө.Д-гийн эзэмшлийн дансны хуулга /5хх 87-94/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.У- болон гэрч Ө.Д- нар мах бэлтгэн нийлүүлэхээр хамтран ажилладаг байсан ба Ө.Д- нь Ж.О-ээс мөнгө авч, Х.У- рүү дамжуулан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Х.У- нь Ж.О-ийг хуурч, залилж мөнгө авсан гэж үзэх үндэслэлгүй, энэ нь Х.У-ийн үйлдэлтэй шууд холбоо хамаарал, шалтгаант холбоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Тус хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хэрэгт хяналт тавьж, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаар яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд шүүх хэргийг хүлээн авснаас хойш 1 жил 11 сар орчим хугацаанд нийт 14 удаа шүүх хуралдаан хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шуурхай” байх зорилтод нийцээгүйг байх боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тооцогдохгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Шүүх хуралдааныг үндэслэлтэй, үндэслэлгүй шалтаг гарган хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа байдалд анхан шатны шүүх цаашид анхаарч ажиллавал зохино.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хохирогч Ж.С-, А.Т-, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Х.У- нарын тус тусын, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү нарын хамтарч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Очирхуяг, К.Жархынбек нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.С-, А.Т-, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүгдэгч Х.У- нарын тус тусын, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү нарын хамтарч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Очирхуяг, К.Жархынбек нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.У-ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 102 /нэг зуун хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ