Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 31

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                          Танхимын тэргүүн М.Батсуурь,                

Шүүгчид:                            Х.Батсүрэн,

                                            Б.Мөнхтуяа,

                                            Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:      Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол Сайдын дээрх тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт "тус газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Гомдол шилжүүлэх тухай” 05/8782 дугаар албан бичигт “…газар ашиглах эрх эхэлж үүссэн “Э т” ХХК-ийн эрх, ашгийг зөрчиж шийдвэрлэсэн…” гэх агуулга тусгагдсан, мөн 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа “Э т” ХХК-ийн тухайд 2.0 га газрын байршлыг жалганы зүүн бус баруун талд байхаар солбицлыг тогтоосон нь газрын үр өгөөж, байршлын хувьд ашиггүй байхыг үгүйсгэхгүй, Авлигатай тэмцэх газрын дээрх шаардлага ч энэ хүрээнд гарсан байх магадлалтай” гэж хууль зүйн үндэслэлгүй Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны актын биелэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр "жалганы баруун талд 2 га, түүнээс их хэмжээгээр олгох боломжтой...хэн хэнийх нь эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх боломжтой" гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/225 дугаар тушаалаар "Э т" ХХК-д жалганы баруун талд 2 га газар олгож шийдвэрлэсэн. Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд газрын үр өгөөжийн талаар зохицуулалт байхгүй бөгөөд газрыг эзэмшиж ашиглаж байж газрын үр өгөөжийг ашиглах юм.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2017 оны А/290 дугаар тушаал гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, сонсох ажиллагааг хийгээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, тухайн акт анхнаасаа гарахдаа эрх зүйн алдаатай гарсан. Газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл байхгүй байхад хариуцагч нь 2017 оны А/290 дүгээр тушаалдаа тус хуулийн заалтыг үндэслэж, огт хамааралгүй шинээр газар ашиглах эрхийг зохицуулсан хуулийг хэрэглэсэн.

6. Давж заалдах шатны шүүх хариуцагч захиргааны байгууллагыг тухайн алдаагаа засах, улмаар дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчих, шинэ акттай холбогдуулан дахин шүүхэд маргаан үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байх бөгөөд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь бодитой үндэслэл бүхий болж чадаагүй.

7. Хэргийн нөхцөл байдлын тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэрхэн яаж хэтэрсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/225 дугаар тушаал нэгэнт гарсан ба үүнд "Э т" ХХК урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Хожим сүүлд ямар ч чиг үүргийн бус хамааралгүй Авлигатай тэмцэх газарт хандаж түүнээс ирүүлсэн албан бичгийг ирснээс хойш олон сарын дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж нэр барин нэхэмжлэгчийн эрхэд халдсан актыг гаргасан.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/225 дугаар тушаал нь ямар нэгэн алдаа байхгүй, хүчин төгөлдөр болсон бөгөөд эрх зүйн зөрчилгүй актыг  Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлах бөгөөд ийнхүү цуцлах үндэслэл байхгүй юм.

9. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт "...А/225 дугаар тушаал гаргахдаа "Э т" ХХК-ийн эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэн нь...олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц  нөхцөл байдлыг бий болгож байна" гэж дүгнэсэн бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц  нөхцөл байдлаар үйл ажиллагаа явуулсан талаар огт дурдаагүй, тогтоогоогүй байна.

10.  Авлигатай тэмцэх газар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгах чиг үүрэгтэй болохоос төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэр нь хэн нэгний эрх ашгийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй байхад давж заалдах шатны шүүх тус газрын албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

11.  Хамгийн гол нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу маргаан бүхий акт хууль зөрчсөн эсэхийг шалгах ёстой байтал "...газрын үр өгөөж, байршлын хувьд ашиггүй байхыг үгүйсгэхгүй, Авлигатай тэмцэх газрын шаардлага ч энэ хүрээнд гарсан байх магадлалтай" гэж огт үндэслэлгүй, шүүгчийн үзэмжээр хандсан дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Газрын налуу, ташуу байх нь үр өгөөжийн хувьд хэрхэх гэдгийг яг ямар хууль зүйн үндэслэлээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй, Газрын тухай хуульд налуу гэсэн ойлголт байхгүй, газрыг ашиглаж байж үр шимийг хүртдэг.

12.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

13.  Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг тушаалд хэлбэрийн төдий үндэслэл болгосон гэж үзсэн нь хуулийн заалтыг шүүх судлаагүй, хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хуульд хамгаалалтын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан бөгөөд саналыг шууд бүхэлд нь шийдвэр гаргахдаа тусгана гэж заагаагүй.

14.  Мөн магадлалд хэн хэнийх нь эрх ашгийг хохироохгүй "Э т" ХХК-д 2 га, "Э" ХХК-д 3 га газрыг олгох ёстой гэж дүгнэж Төрийн захиргааны төв байгууллагын газар ашиглах эрх олгох бүрэн эрхэд шууд халдсан байна. Үүнээс үзвэл шүүх газар ашиглах эрх олгодог, хэнд хэдэн га газар ашиглуулахыг шийддэг газрын алба болсон байна.

15.  Магадлал бүхэлдээ тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг хэрэглэж биш өмнөх шүүхийн шийдвэрүүдийг тайлбарлах байдлаар гарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байгаа юм.

16.  Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглагч нарын газар ашиглалтын байдал, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж буй нөхцөл байдал зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч холбогдох байгууллагын санал зөвлөмжийг харгалзан шийдвэрээ гаргасан тул 2017 оны А/290 дүгээр тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

17.  Гуравдагч   этгээд   “Э   т”   ХХК   хяналтын   журмаар   гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс өмнө нь нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын газар ашиглах эрхийн тухайд дүгнэж, харин  газрын хэмжээний тухайд дүгнээгүй байхад “Э” ХХК 3 га газар ашиглах эрхтэй гэж өмнөх шүүхийн шийдвэрээр дүгнэсэн мэтээр тайлбарлаж, “газрын хэмжээг багасгасан нь хууль бус” гэж дүгнэж байгаа нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримтыг нотлохгүй байх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д заасныг зөрчиж давж заалдах шатны шүүхээс хэдэн га олгох тухай хариуцагчид зааж захиргааны байгууллагын бүрэн эрхэд шууд халдаж байгаа нь хууль бус юм.

18.  Анхан шатны шүүх тухайн газрын ашиглалтын явц байдалд үзлэг хийгээгүй, газар дээр хийгдсэн хөрөнгө оруулалт, манай компанид учрах бодит зээлийн өр төлбөр, хохирлыг тооцоогүй, хэрэгт холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж шинжлэн судлаагүй зэрэг Захиргааны хэргийн шүүх нотлох ажиллагаа хийх үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар маргаан бүхий акт гарч талуудын ашиглах газрын хэмжээг шинэчлэн тогтоож, тус компанид газрын гэрчилгээ шинэчлэн олгогдож газар ашиглах гэрээ хийгдсэний дараа уг аманд баригдах Аялал жуулчлалын цогцолборын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар шинээр хийлгэж, тухайн газарт баригдах барилга байгууламжтай холбогдсон зам талбай, газар шорооны ажил хийгдээд байгаа билээ.

19.  Маргаан бүхий газрын үйл баримтын тухайд анх 2005 онд Д.Ц гэгч иргэнд манай компанийн ашиглалтын газартай давхцуулан газар олгосныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хийсэн шалгалтаар “Э т” ХХК нь төрийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанаас улбаатайгаар газар ашиглах эрхийн гэрчилгээний ард кадастрын тэмдэглэгээ хийгээгүйгээс газрыг давхцуулан олгосон байх тул тэмдэглэгээг хийж, төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барьж, газраа зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй буюу дахин үнэлгээ, төлөвлөгөө хийлгэх шаардлагагүй гэж дүгнэсэн. Үүний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2007 онд манай компанид шинээр газрын гэрчилгээ олгогдож, газрын кадастрын зураг хийгдэж ашиглах газрын хэмжээг баталгаажуулж өгсөн бөгөөд тухайн үед манай компанийн ашиглалтын талбайтай давхцалтай бүхий газрын асуудал нэг мөр шийдэгдсэн болно.

20.  Гэтэл 2011 онд Д.Ц нь өөрийн эзэмшлийн компани болох “Э” ХХК-ийн нэр дээр хууль зөрчин, тухай үеийн төрийн эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдлээр “Э” ХХК-д манай компанийн ашиглалтын газартай давхардуулан газар олгох шийдвэр гаргуулсан байдаг. Нөгөөтэйгүүр “Э” ХХК нь маргаан бүхий газрыг 2011 оноос хойш 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу огт ашиглаагүй, хувийн ганц нэг байшин барихаар төлөвлөж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасныг ноцтойгоор зөрчиж, Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутагт хувийн орон гэр барьж, байгалийн унаган төрх болоод Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжийг хааж, эрх мэдэлтний хувийн зугаа цэнгэлийн газар болгож нийтийн үйлчилгээний зориулалт алдагдаж олон түмний эрх ашиг зөрчигдөж байна.

21.  2015 онд “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2015 оны 5 дагаар сарын 20-ны 01/3019 тоотоор шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт "...Э т ” ХХК-д тус газрыг ашиглах эрх эхэлж үүссэн бөгөөд түүний газар ашиглах эрхийг зөрчиж "Э” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл давхардуулан олгосон байх тул сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А/491 тоот тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байна” гэж тодорхой байр сууриа илэрхийлсэн байхад тухайн үед анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тайлбар, байр суурийг харгалзан үзэлгүйгээр маргаж буй талуудын газар ашиглах эрхийг хэн хэнийх нь эрх ашгийг зөрчилгүйгээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлсэн 0024 дүгээр шийдвэр нь маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, тодорхой бус дараа дараагийн маргааны эс үүсвэр болсон шийдвэр гэж үзэж байна.

22.  Нөгөөтэйгүүр хариуцагч өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг харгалзан өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд талуудад газрыг шударга ёсны зарчмын дагуу, хуулиар тогтоосон журмыг баримталж А/290 дугаар шийдвэрийг гаргаад байхад дахин захиргааны шинэ акт гарга гэж шүүхээс буцаагаад байгааг ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэх үнэн бодит хардлага хүрэхийн зэрэгцээ шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна гэж үзэхээр байна.

23.  Яам дээрх шийдвэрийг гаргахдаа холбогдох газрын оролцоотой комисс газар дээр нь ажиллуулж өөр эзэнгүй сул газар байхгүй байна гэж үзсэн. Манай компанийн тухайд анх 20 жилийн өмнө маргаан бүхий газрыг тодорхой үүрэг нөхцөлтэй авч түүнийгээ биелүүлэн энэ олон жил үлэмж хэмжээний зардал, цаг хугацаа зарцуулан тодорхой хөрөнгө оруулалт хийж, газрыг зориулалтын дагуу ашиглахаар тогтвортой ажиллаж байхад төрийн эрх бүхий албан тушаалтан нь нэр нөлөө бүхий этгээдийн нөлөөгөөр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын чин ариун хөдөлмөрөөр бүтээн байгуулсан нөр их хичээл зүтгэж, мөнгө, цаг хугацааг үнэгүйдүүлж, газрыг луйвар дээрэм хийж, бусдын үйл ажиллагаанд зориуд санаатайгаар саад учруулж байгаа нь хууль бус бөгөөд энэхүү зөрчигдөөд буй эрхээ шүүхийн байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлж чадахгүй байгаадаа туйлын гомдолтой байна.

24.  Хэрэв энэхүү газрын асуудал хуулийн дагуу, үнэн зөв шийдэгдээгүй нөхцөлд манай хамт олонд үлэмж хэмжээний хохирол учрах бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол туйлын ихээр зөрчигдөх юм. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

25.  Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг захиргааны байгууллага дахин тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэснийг дараах хууль зүйн үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

26.  Нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг тушаалаар Богд хаан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд “Э т” ХХК-д 2.84 га, “Э” ХХК-д 1.36 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон байна.

27.  Нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын хэмжээг тодорхой заасан байхад уг хэмжээг багасгаж, гуравдагч этгээдийн газрыг нэмж, тэгш бус хандсан” гэх үндэслэлээр маргажээ.

28.  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0304 дүгээр магадлалаар “нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины эрхийг зөрчихгүйгээр газрын давхцлыг арилгах бүрэн боломжтой” гэж дүгнэж байсан, ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь эрх зүйн байдлын хувьд адилхан нөхцөл байдалд байгаа буюу хэн аль нь анх газар ашиглахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч байгаагүй, мөн газрын солбицлыг газар дээр нь буулгаж тэмдэгжүүлээгүй, газрын байршил тодорхойгүй, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, газраа хашаалаагүй гэх үйл баримт тогтоогдсон байна.

29.  Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Б.Ц-аас 3 га газрыг шилжүүлсэн авсан /өмнөх эзэмшигчийн газар ашиглах эрх үүссэн тушаал байхгүй/, гуравдагч этгээд “Э т” ХХК-ийн тухайд 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар ашиглах гэрээгээр 2 га газрыг ашиглах эрх үүссэн /тухайн үеийн Сайдын тушаалгүй, гэрчилгээгүй/, улмаар “1.32 га газрын хэмжээгээр давхцал үүссэн” гэж хэргийн оролцогчид маргаж байгаа боловч хэн алины газрын солбицол тодорхойгүй, холбогдох баримтууд бүрэн биш учраас цаашид хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, газрын давхцлыг арилгах нь захиргааны байгуулагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

30.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь анх газар ашиглуулахдаа газрын солбицлыг тодорхой болгож, хэн нэгний газартай давхцуулахгүйгээр шинжлэн судалсны эцэст Сайдын тушаал гаргаж, гурвалсан гэрээ байгуулж, газрын солбицлыг мэдээллийн санд бүртгэж, хөтлөх үүрэгтэй байсан. Эдгээр үүргээ биелүүлээгүй болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоож, газрын давхцлыг арилгасан шинэ акт гаргахыг даалгасан байхад хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буруутай байна.

31.  Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэдэгт өмнөх шүүхийн шийдвэрийн үед тогтоогдож байсан “давхцал бүхий хэсэг болох жалганы зүүн талд ямар ч барилга баригдаагүй, газар нэмж ашиглуулах боломжтой” гэх нөхцөл байдал одоо байгаа эсэх, өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хамгаалалтын горимыг зөрчихгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын солбицлыг өөрчлөн, хэн алины газрын хэмжээг багасгахгүй газар ашиглуулах боломж байгаа эсэхийг шалгах, хэрэв ийнхүү газрын солбицол өөрчлөх боломжгүй бол одоо “давхацсан” гэж маргаж байгаа 1.32 га газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд адил тэнцүү хуваан ашиглуулах замаар газрын давхцлыг арилгах нь зүйтэй юм.

32.  Харин давж заалдах шатны шүүхээс “Залаатын амны жалганы зүүн талд нэхэмжлэгч “Э” ХХК 3 га, баруун талд гуравдагч этгээд “Э т” ХХК 2 га газрыг тус тус ашиглах үр дагаварт хүрэх болно” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд захиргааны байгууллагаас газрын байршил, тусгай хамгаалалтын горим, байгалийн унаган төрхийг гол үндэслэл болгож, газрын байршлыг болон газрын хэмжээг тодорхой тогтоосон шийдвэр гаргах үүрэгтэй. Тодруулбал, захиргааны байгууллага эрх бүхий мэргэжлийн байгууллагын шийдвэр, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, газрын зүй тогтлыг харгалзаж, газрын байршил, хэмжээг тогтоох шаардлагатай, энэхүү ажиллагааг захиргаа хийгээгүй, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй учраас шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэв.

33.  Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд газар ашиглах эрхгүй” гэх, гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчид газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй” гэх гомдол харилцан хууль зүйн үндэслэлгүй буюу энэ асуудлаар өмнөх шүүхийн шийдвэрийн үед маргаагүй, тухайлбал “...Э т ХХК 2 га ашиглах эрхтэй байна”, “...Д.Ц-д 3 га газар ашиглуулсныг буруутгах үндэслэлгүй” гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тухайн үедээ гомдол гаргаагүй атлаа одоо маргаж буйг хүлээн авах боломжгүй.

34.  Иймээс магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ    

     ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ