| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0088/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Г.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706038380024 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Н, 1967 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 6а байрны 109 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, амины орон сууцны 22-04 тоот хохирогч Ч.Баатархүүгийн гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 6 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.
Хохирогч Ч.Баатархүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед манай ангийн залуу Нямдорж над руу утсаар яриад Амгаланд хэдэн хүнтэй архи ууж байна. Намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэр рүүгээ таксидаад харь, би чамайг авах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд утас нь салсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад нь манай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 22-04 тоот хаалгыг хүн нүдэхээр би хаалгаа тайлсан чинь Нямдорж орж ирээд таксины мөнгө гарсан төл гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ төлөхгүй чи гар гэсэн чинь миний хамар руу шууд л хэд хэдэн удаа цохиод авсан...хамарны мөгөөрс хугарч хамар далийж, хамарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх5-6/,
Гэрч Д.Наранжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэтэл шөнө 23-24 цагийн үед манай гэрийн хаалга нүдсэн юм. Тэгээд манай нөхөр Баатархүү очиж хаалга тайлж өгөхөд манай нөхрийн найз Нямдорж гэх хүн согтуу байж байсан. Тэр үед би нөгөө өрөөндөө байсан ба гэнэт Баатархүү, Нямдорж хоёр ноцолдохоор нь би гарч ирээд харахад манай нөхөр Баатархүүгийн хамарнаас нь цус гарч байсан ба Нямдорж нь манай нөхрийн нуруу болон мөр хэсэг рүү гараараа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг. /хх-8/,
Яллагдагч Г.Н мэдүүлэхдээ: “...22 цагийн үед найз Баатархүү рүү утсаар яриад би архи уучихсан байна чи хүрч ирээд намайг авчих гэж хэлэхэд Баатархүү боломжгүй гэдгээ хэлсэн юм. Тэгээд орой 23 цагийн үед би Батаагийн гэрээс гарч такси бариад найз Баатархүүгийн гэрт...таксины мөнгөний асуудлаас болж маргалдаад би Баатархүүгийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж авсан юм...” гэх мэдүүлэг. /хх33-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15018 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, амины орон сууцны 22-04 тоот хохирогч Ч.Баатархүүгийн гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Баатархүү нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Н 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР