Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2025/00085

 

 

 

2025 01 16 317/ШШ2025/00085

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** тоотод оршин суугаа, Б овогт Д*****н С*****/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** тоотод оршин суугаа, Б овогт С*****н А*****/РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 41,560,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.С,

Хариуцагч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.С нь 1997 онд С.А-тай танилцаж, 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг анх танилцахад хүү С.Ц 5 настай байсан ба бидний дундаас хүүхэд төрөөгүй. ... Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2024 оны 9 сараас хойш тусдаа амьдарч байна. ***** тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг төрөөс үнэ төлбөргүй хувьчилж өгсөн. Уг орон сууцыг Гарьд гүрү ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 83,120,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 41,560,000 төгрөгийг гаргуулах өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрлэгчид 1999 оноос хойш 25 жилийн хугацаанд хамтран амьдарсан. 2005 онд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн. 2024 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Гэрлэлт бол сайн дурын үндсэн дээр үүсэж, сайн дурын үндсэн дээр дуусгавар болдог харилцаа нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах, хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү. Гэрлэгчдийн дундаас хүүхэд төрөөгүй тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар шийдвэрлэгдэхгүй. С.Ц гэх дагавар хүүхэдтэй ба ***** тоот ***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг эвлэрлийн гэрээнд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч С.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С****ын хувьд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд явчихсан. Манай хүү 2 удаа гар хүрсэн эсэхэд маргахгүй, гэхдээ миний хувьд Д.С*****тай хамтын амьдралаа үргэлжлүүлэхэд татгалзахгүй. Миний бие 3/1-г нь нэхэмжлэгчид өгөх саналтай байна. Бидний амьдарч байгаа байрыг зах зээлийн үнэлгээгээр 83,120,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний хувьд маргахгүй байгаа. Мөн 27,706,000 төгрөгийг Д.С****ад өгч, байрыг би авах саналтай байна. Мөн нэмээд хэлэхэд Д.С*****тай хамтран амьдарч байхдаа цалингийн зээл авсан ба үлдэгдэл нь 39,000,000 төгрөг байна. Тэгэхээр Д.С гэрлэлтээ цуцлуулвал тэр мөнгийг төлнө гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь С.А*****д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 41,560,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.С, хариуцагч С.А нар нь 1997 оноос хамтран амьдарч байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг гэрлэлтийн бүртгэлийн №***** дугаарт бүртгэн гэрлэлтийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 6 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.С нь дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 41,560,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч С.А нь шүүхэд ... Үнэлгээний хувьд маргахгүй байгаа. Мөн 27,706,000 төгрөгийг Д.С*****ад өгч, байрыг би авах саналтай байна. Мөн нэмээд хэлэхэд Д.С-тай хамтран амьдарч байхдаа цалингийн зээл авсан ба үлдэгдэл нь 39,000,000 төгрөг байна гэх тайлбар гаргасан.

***** тоотод байрлах, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б овогт Д*****н С*****, Б овогт С*****н А*****, Б овогт С*****н Ц***** нар болох нь ***** улсын бүртгэлийн дугаартай, ***** дугаартай гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 28-29, 40 дугаар тал/

Гарьд гүрү үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үнэлсэн үнэлгээний тайлангаар ***** тоотод байрлах, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 83,120,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 9-27 дугаар тал/

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар дараахь байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд:

1. Д.С-ын нэхэмжлэлтэй С.А-д холбогдох гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгө, өөрт ногдох хэсэг 41,560,000 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт зохигч дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч Д.С нь дундын эд хөрөнгө ногдох хэсэг 41,560,000 төгрөгөөс 13,853,333 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 27,706,666 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

2. Нэхэмжлэгч Д.С нь ***** тоотод байрлах, 3 хүний өмчлөлд бүртгэлтэй, орон сууцнаас өөрийн нэрийг хасахаар талууд харилцан тохиролцож байна.

Иймд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас 217,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Д*****н С*****/РД:/, Б овогт С*****н А*****/РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгч Д.С нь дундын эд хөрөнгө ногдох хэсэг 41,560,000 төгрөгөөс 13,853,333 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.А нь 27,706,666 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

3. Нэхэмжлэгч Д.С нь ***** улсын бүртгэлийн дугаартай ***** тоотод байрлах, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөрийн нэрийг хасуулахаар тус тус харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, нэхэмжлэлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас 217,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан /хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах/ үүрэг хариуцлагыг нэхэмжлэгч С.А, хариуцагч Д.С нар нь хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Уранчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН