Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Д.Агар,

хохирогч Б.Янжмаа,

шүүгдэгч Э.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806003350039 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.А, 1972 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өврийн задгайд хамтран амьдрагч Б.Янжмаатай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндийг нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 10 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.

Хохирогч Б.Янжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өврийн задгайд гэртээ сууж байтал нөхөр Алтанбагана ломбарданд байгаа ээмгэн дээрээ 50.000 төгрөг нэмж ав гэж намайг загнасан. Тэгээд би 50.000 төгрөг нэмж авсан. Тэгээд Алтанбагана бид хоёр Мийгаа гэх дүүгийнд очсон. Тэнд очоод 1 шил архи хувааж уусан. Тэгээд 13 цагийн орчим урд айлын Дулмаа болон Дулмаагийн нэг хамт Дарь-Эхийн ломбарданд очоод барьцаан тавьсан ээмгэн дээрээ дахин 50.000 төгрөг нэмж аваад дэлгүүрээс идэж уух юм аваад Дулмаа, Дулмаагийн найзын хамт бид гурав манай гэрт ортол нөхөр Алтанбагана намайг шууд барьж аваад халуун зуух руу түлхэж шидсэн. Тэгээд би Алтанбаганад ганц шил архинд яваад ирье гэж хэлж гараад Энх-Амгалан, Отгонцэцэгийн гэрт очсон...” гэх мэдүүлэг. /хх5-6/,

Яллагдагч Э.А мэдүүлэхдээ: “...тэгсэн би дахиад ууя гэж хэлтэл манай эхнэр үгүй яах гээд байгаа юм бэ? гэхээр нь би уурлаад намайг гараад явах гэсэн чинь өмнө минь хааж зогсчихоод явуулахгүй байхаар нь түлхсэн чинь цаашаа уначихаад босоод ирсэн юм. Тэр үед би эхнэрийгээ халуун байсан зууханд гарынхаа алгаараа хүрсэн гэдгийг мэдээгүй.  Босож ирээд хэрүүл хийсэн бөгөөд би хэрэлдэж байгаад архинд явалгүй унтаад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх27-28/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1060 тоот дүгнэлтэд: 

  1. “Б.Янжмаагийн биед зүүн гарын алга, баруун шилбэ, нуруунд хуучин, шинэ түлэгдлийн шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хх-12/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өврийн задгайд хамтран амьдрагч Б.Янжмаатай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндийг нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Янжмаа нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.А 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР