Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00668

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00668

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******, Усны гудамж өөрийн байранд байрлах Капитрон банк ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******,*******,*******,*******,*******,*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.103.396 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00518 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Голомт банк ХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Ж.Ганхүлэг нь 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдөр MN750030003095009774 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 6.304.000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 07 дугаар сараас хойш төлөлгүй зөрчил үүсгэсээр байна.

Иймд Ж.Ганхүлэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 5.568.095 төгрөг, зээлийн хүү 527.708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.593 төгрөг, нийт 6,103,396 төгрөгийг гаргуулж Капитрон банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ж.Ганхүлэг нь шүүхэд гаргасан хариу тайлбарт:

Капитрон банкны нэхэмжилсэн 6.103.396 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр буюу 2025.03.05 өдрөөс эхлэн 500.000 төгрөгөөр төлж 2026.02.05-ны өдөр буюу сүүлийн төлөлт дээр үлдэгдэл 603.390 төлөх хүсэлтэй байна. Миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй, такси үйлчилгээнд явж эхнэр 3 хүүхдээ тэжээж байна. Манай дунд хүү болох Г.Энх-Эрдэнэ нь тусгай хэрэгцээт хүүхэд буюу байнгын асаргаа шаарддаг тул эхнэр маань ажил эрхлэх боломжгүй, мөн хүүхдүүд эрүүл мэндийн шалтгаанаар үе үе санхүүгийн төлбөр гардаг. Миний бие төлж байгаа өөр өр төлбөрүүд байгаа тул сардаа 500.000 төгрөгөөс илүү төлөлт хийх боломжгүй байгааг харгалзан үзэж, хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим цалингийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч Ж.Ганхүлэгт холбогдуулан тэдгээрийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдөр байгуулсан MN750030003095009774 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж, үндсэн зээлийн үлдэгдэл 5.568.095 төгрөг, зээлийн хүү 527.708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.593 төгрөг, нийт 6,103,396 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ж.Ганхуяг нь Капитрон банкны нэхэмжилсэн 6.103.396 төгрөгийг 2025 оны 03 сараас 2026 оны 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.Ганхүлэгээс цахим цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.103.396 төгрөг гаргуулахыг хүссэн Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Ганхүлэгээс 56.302 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.604 төгрөгийн тал хувь буюу 56.302 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Ганхүлэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД