Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,                            

улсын яллагч Ч.Алтансүх,

хохирогч Ч.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0313 80402 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Г, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Түндэмүн саунд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон Чулуутын 8-58 тоотод оршин суух,

-урьд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь-Эхийн 3-80 тоотод байрлах нийтийн байранд Ч.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Уг нь Мөнгөнцэцэг эхлээд нөхөртөө зодуулсан. Таксинаас бууж ирэхэд нь нөхөр нь зодсон. Айгаад  байна оруулаад өг гэсэн тул Тэмүүлэн бид 2 гэрт нь оруулж өгсөн. Захиралтай уусан гээд хэлчих гэсэн тул захиралтай уусан гэхэд нөхөр нь архичид гээд уурласан. Би юм хэлэхгүй гарах гэхэд Мөнгөнцэцэг араас гинж татсан. Тэрнээс өмнө нөхөр нь Мөнгөнцэцэгийг маш их зодсон. Би болохгүй гэж хэлсэн ба Мөнгөнцэцэг энэ талаар өөрөө ч мэдэж байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нь төлж барагдуулна” гэв.

           Хохирогч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед Мөнгөнцэцэг бид 2 хамт ээлжинд явдаг байсан ба ажлаа тараад уусан нь үнэн. Гэртээ харихад нөхөр байхгүй байсан. 10 минут такси хүлээсэн нь үнэн. Таксинаас буухад намайг нөхөр зодсон нь худлаа. Гэртээ ороход нөхөр урд өдөр нь гэртээ оройтож ирсэн учраас үл ойлголцол гарсан байсан. Нөхөр эрүүл байсан. Гантуяагийн гинжийг тасалсан гэдгээ мэдэхгүй байна. Гантуяад би нийтийн байранд амьдарч байгаа, чи одоо яв гэхэд чи муу гуйлгачин намайг хөөдөг хэн бэ гэж хүчтэй уурласан. Тэгээд чанга дуугарч, ширүүн дуугараад суугаад байсан. Нийтийн байранд хэрүүл хийж болохгүй гэхэд намайг хэл амаар доромжилсон. Миний үснээс зулгаахад хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Ажлаа хийж чадаагүй алдсан хоногийн цалингаа нэхэмжилнэ. Өдрөөр ээлжинд гарахад 40.000 төгрөгийн цалин авдаг. Хохирлын мөнгөө нарийвчлан бичсэн ба эмнэлэгт хэвтсэн 528.000 төгрөг, эм тарианы 200.000 төгрөг, такси унааны 35.000 төгрөг, цэвэрлэгээний 15.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ч.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ ороод нөхөртэйгөө хэрэлдээд байж байтал манай найз Гантуяа манай нөхөр бид хоёрын дундуур орж ирээд намайгүсдэж аваад намайг цохиж зодоод байсан...Гантуяа миний үснээс тавихгүй байсан ба Гантяа бид хоёр хамт газар хүчтэй унасан...Гантуяа намайг 2 тийш үсдээд түлхээд эхэлсэн. Би түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа ба нэг мэдсэн чинь орон дээрээ хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хх22-23/,

Гэрч Д.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...зүс таних эмэгтэйгийн дээр нэг махлаг биетэй эмэгтэй гарчихсан үснээс нь дарчихаад нүүр рүү нь алгададд гинж төлж өг гээд орилоод байсан. Тэгж байтал нөгөө гинжээ нэхээд байсан эмэгтэй манай байрны түрээслэгч эмэгтэйгийн араас нь үсдэж аваад хойш нь татаад унагаасан чинь манай байрны түрээслэгч эмэгтэй яг нуруун тус газраараа нийлээн хүчтэй тас хийтэл унасан...” гэх мэдүүлэг. /хх24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №13976 дугаартай дүгнэлт:

  1. Ч.Мөнгөнцэцэгийн биед ууцны 4 дүгээр нугалмын хугарал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун тохой, шуу, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар жрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хаамрна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Ууцны 4 дүгээр нугалмын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар хүндэвтэр, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  6. Хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан шинжилгээний дээж цусыг авч ирээгүй болно. /хх-38/,

          Хохирогч Ч.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг /хх22-23/, гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг /хх24-25/, гэрч Б.Баянмөнхийн мэдүүлэг /хх33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13976 дугаартай дүгнэлт /хх-38/, шинжээч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь-Эхийн 3-80 тоотод байрлах нийтийн байранд Ч.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ч.Мөнгөнцэцэг нь ажилгүй байсан 14 хоногийг өдрийн 40.000 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн болэо. Шүүх түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар нотлогдсон сард 240.000 төгрөгөөр тооцож даатгал төлсөн байгааг харгалзан үзэж өдрийн 11.428 төгрөгөөр тооцож 14 хоногийн төлбөр болох нийт 159.992 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан эмчилгээний зардал болох нийт 842.878 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин гэж 159.992 төгрөг буюу нийт 1.002.870 төгрөгийг  гэм буруутай этгээдээс / Б.Г / гаргуулж хохирогч Ч.Мөнгөнцэцэгт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г 500 /таван зуу/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Г 1.002.870 /нэг сая хоёр мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мөнгөнцэцэгт олгосугай.
  3. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР