| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0193/З |
| Дугаар | 128/ШШ2024/0852 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Е******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн хилийн цэсийг мэдээллийн санд солбицлоор нь оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосоАн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалын Е******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Жаргалантын аманд 76026 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Е******* ХХК-д ашиглах эрх олгосон.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицлоор мэдээллийн санд оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр Е******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компанид нэгж талбарын ******* дугаар бүхий Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын аманд байрлах 76023 м.кв газрыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ******* дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон.
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" ******* дугаар тушаалын үндэслэл хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэжээ. Хариуцагчийн маргаан бүхий тушаалд үндэслэсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтууд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсноор дуусгавар болох зохицуулалтыг үндэслэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах 2 тохиолдолд хүчингүй болохоор зохицуулсан. Тодруулбал,
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр,
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй зэрэг байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" ******* дугаар тушаалд манай компанийн газрыг дээр дурдсан 2 эрх зүйн үндэслэлийн алийг нь ч үндэслээгүй байна. Иймд маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй.
Маргаан бүхий акт нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг баримтлаагүй тухайд.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлээр захиргааны үйл ажиллагааны зарчмыг зохицуулсан. Дээр дурдсан маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтын хуульд үндэслэх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй байна.
Үүнээс гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ." гэх зохицуулалтын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг захиргааны байгууллага баримтлах учиртай. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "хууль дээдлэх" зарчмыг баримтлахаар байна. Гэтэл маргаан бүхий актад Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг дарга зэрэг захиргааны байгууллагууд хоорондоо санал солилцоод манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж буй талаар дурдсан байна. Эндээс үзэхэд хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй болох нь харагдаж байна.
Маргаан бүхий актад холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар.
Манай компанийн маргаж буй акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" ******* дугаар тушаалын талаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" ******* дугаар албан тоотоор мэдсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн гэж үзэж ийнхүү шүүхэд хандаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа: Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаартай тогтоол хүчин төгөлдөр эсэхтэй, уг тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон шийдвэртэй маргаагүй. Тэр газарт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй. Газар маань тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаад тусгай хамгаалалттай газарт хамаарахаа больсон. Уг байршилдаа үйл ажиллагаа явуулахыг хүссэн. Тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоосон. Гэхдээ манай газрын ашиглах эрхийг хуулийн үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзсэн. гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч "Е*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Ташгайн аманд 76023 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон.
Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарахгүй болсон тул сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчөөгүй болно.
Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай "Богдхан уулын дархан цаазат газар"-ын хил заагийг нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албадын төлөөллийг оролцуулан байгуулж, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулж зурагласан хил заагийг Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн.
Дээрх ажлын хэсгийн тодруулж зурагласан хил заагийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсны дагуу Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолоор дээрх тодруулж зурагласан хил заагийг мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар хамтарсан уулзалт хийж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шинээр тогтоож, мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд маргаан бүхий сайдын ******* дугаар тушаал нь эрхийн зөрчилгүй захиргааны акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хуульд үндэслэх зарчмын хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгодог. Энэ бүрэн эрхийг Улсын Их хурлаар хуулиар тогтоосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг дотор бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байгаа. Маргаан бүхий актаар цуцалсан нэхэмжлэгчийн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт биш Нийслэлийн Засаг даргын харьяалах газар нутагт хамаарахаар болсон талаарх үйл баримтыг нотолсон баримтуудыг хавтаст хэрэгт хангалттай өгсөн. 2022, 2023 онд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 08, 03 дугаар тогтоолууд гарсан. Эдгээр тогтоолууд гарах болсон үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоож байгаа Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг тогтоохдоо шонгийн модны дугаар номероос уулын бэлдэх уулзвар хүртэлх гэх байдлаар тогтоосон.
Маргаан бүхий актад дурдагдаад байгаа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичгээр хилийн заагийг солбицлоор тогтоосныг ирүүлсэн. Хилийн заагийг кадастрын мэдээллийн нэгдсэн санд солбицлын тоон утгаар оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар ч гэсэн энэ хил заагийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж байна.
Нийслэлийн газар нутаг уу, тусгай хамгаалалттай газар нутаг уу гэж хилийн заагийн маргаан, иргэн, аж ахуйн нэгжүүд газар ашиглах эрх, газар эзэмших эрх авсан газрын давхцал, хилийн заагийн маргаантай байдлаас болоод эрх ашиг сонирхол ихээр хөндөгдөх асуудал үүссэн учраас Улсын Их Хурлын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоосон тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл хүргүүлж байгаа.
2023 оны 01 дүгээр зүйлийн 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг харвал Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргаас тусгай хамгаалалттай газар нутаг болон нийслэлийн газар нутагт газар ашиглах, эзэмших эрх олгосон асуудал үүсвэл хил заагийг бэхэлж, тэмдэгжүүлж, солбицжуулсантай холбоотойгоор эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг сонирхлыг хохироохгүйгээр гэрчилгээ олгож гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн. Өөрөөр хэлбэл, хилийн заагийн маргаантай холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгогдсон бол, нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон бол эдгээр асуудлыг иргэн, аж ахуйн нэгжид хохиролгүй байдлаар өөр өөрийн эрх хэмжээний хүрээнд газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулах ажлыг зохион байгуул гэдэг үүргийг өгсөн.
Байнгын хорооны 03 дугаар тогтоолын хүрээнд Барилга хот, байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой уулзалтуудыг хийж, тодорхой албан бичгүүдийг солилцсон байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн , 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/ дугаар албан бичгүүдээр Нийслэлийн Засаг дарга руу хандсан. дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг сүүлийн байдлаар кадастрын мэдээллийн санд солбицлоор нь оруулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт багтаагүй буюу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудалд хамаарч байгаа 80 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хэрхэх талаар хамтран ажиллах бичиг явуулсан. 80 иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг байршилтай нь хавсаргаад мөн Барилга хот, байгуулалтын яамнаас иргэн, аж ахуйн нэгжийг хохироолгүйгээр эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн 2054 дугаартай албан бичгийг хавсралтаар хүргүүлсэн.
Мөн 12 дугаар сарын 27-ны өдөр дугаартай албан бичгээр эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах шаардлагатай гэх байдлаар хандсан. Эдгээр албан бичгүүдэд Нийслэлийн Засаг дарга 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр 80 аж ахуйн нэгжийн баримттай танилцсан, Богдхан уулын дархан цаазат газарт ашиглах эрх олгогдсон байгаа 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох арга хэмжээг авч хамтран ажиллана уу гэдэг бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, танай тушаалаар олгогдсон газруудын ашиглах эрхийг хүчингүй болгох шаардлагатай гэсэн агуулгаар хариу ирүүлсэн. Үүний дагуу маргаан бүхий 634 дугаартай тушаал гарч холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актаас 2 хоногийн өмнө мөн албан бичгээр хандсан. Ингэхдээ 80 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах гэж байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газартаа зарцуулсан төлбөр хураамж, тухайн төслөөс байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, төсөлд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлсөн газрын төлбөрийн хувь хэмжээ тусгай хамгаалалттай газар нутагт 3 дахин их байдаг учраас эдгээртэй холбоотойгоор газар ашиглах эрхийг цуцалж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн эрх, ашиг сонирхол хохирох нөхцөл байдал үүсэж байгаа учраас үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргаас холбогдох арга хэмжээг авч ажилласан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналыг манай яаманд ирүүлээч гэдэг байдлаар хандсан. Эдгээр албан бичгүүдээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс холбогдох бүх арга хэмжээг Нийслэлийн Засаг даргатай харилцан тохиролцох байдлаар хийсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг авч үзвэл маргаан бүхий 634 дугаартай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон ч гэсэн энэ шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй болж байгаа. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээр газар эзэмших эрх олгогдох ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн байршилд цаашид газар ашиглах эрх олгох ямар ч хууль зүйн боломжгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хандаж эрх, ашиг сонирхол сэргээлгэхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд үндэслэсэн зөв шийдэл болж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е******* ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ашиглах эрх авсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Жаргалантын аманд байршилтай 76026 м.кв аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах зориулалттай газрын ашиглах эрхийн гэрчилгээг Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицлоор мэдээллийн санд оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар хүчингүй болгосон.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1.1. Е******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Жаргалантын аманд маргаанд хамаарах байршилд 76026 м.кв хэмжээгээр ашиглах хүсэлт гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон.
1.2. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг газар нутгийн нэр, геодезийн цэг тэмдэгтээр тогтоосон байсныг хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийн солбицлын утгыг уртраг, өргөргийн солбицлоор хөрвүүлж мэдээллийн санд оруулснаар Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр ашиглах эрх олгох дархан цаазат газрын хилийн бүсэд Е******* ХХК-ийн ашиглах эрх авсан нэгж талбар нь хамаарахгүй болсон.
Тодруулбал, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг уртраг, өргөргийн солбицлын утгаар мэдээллийн санд оруулснаар байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр ашиглах эрх олгосон нэгж талбар дархан цаазат газрын хилийн бүсэд хамаарахгүй болсон, мөн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбар дархан цаазат газрын хилийн бүсэд хамаарахаар болсон нөхцөл байдал үүссэн, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэр/-ны шийдвэрлэх асуудалд хамаарахгүй болсон нэгж талбарт өмнө аялал жуулчлалын зориулалтаар олгосон ашиглах эрхийг хүчингүй болгох шаардлага үүссэн. Нэхэмжлэгч Е******* ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 76026 м.кв 4 эргэлтийн цэг бүхий талбай бүхэлдээ дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс гарсан нь дархан цаазат газрын хилийн зааг, тус компанийн ашиглаж байсан талбайн давхцуулсан агаарын зургаар[1] тогтоогдож байна.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицлоор мэдээллийн санд оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
2. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Е******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон тогтоол, түүний хэрэгжилтийг хангуулах Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолууд, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулж, мэдээллийн санд оруулсан үйл ажиллагаатай нэхэмжлэгч маргаагүй болно.
2.2. Харин дээрх шийдвэрүүдийн дагуу оруулсан мэдээллийн сан дахь хилийн цэсээр дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон тушаалыг газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуулийн заалтад үндэслээгүй, энэ нь хуульд үндэслэх зарчмыг хангаагүй гэж хүчингүй болгуулахаар маргасан нэхэмжлэл үндэслэлгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэрээ хуульд үндэслэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.
2.3. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон талбайд өмнө олгосон ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газраас газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх зохицуулалтад нийцжээ.
2.4. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь нэхэмжлэлд дурдсан газар ашиглагчаас шалтгаалах нөхцөл байдал биш, тухайн асуудлыг харьяалан шийдвэрлэх хүрээ буюу нутаг дэвсгэрийн хил хязгаартай хамааралтай эрх хэмжээ олгогдсон эсэх асуудал байна, энэ үндэслэл нь тушаалд баримталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх хүчингүй болсон тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх заалт болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болох заалтад нийцжээ. Иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр хуульд үндэслэсэн, үндэслэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуулийн заалтад үндэслээгүй, энэ нь хуульд үндэслэх зарчмыг хангаагүй гэж маргасан нь үндэслэлгүй.
2.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох иргэн, хуулийн этгээдэд хүргүүлсэн, 11 дүгээр сарын 18-ны өдөр уг мэдэгдлийг хамгаалалтын захиргааны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэх бөгөөд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд ижил үндэслэл нөхцөл байдал үүсгэх шийдвэрийн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл ... ашиглан хүргүүлэх гэж заасанд нийцэж байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт тус хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тоотоор хүргүүлсэн саналын 2 дугаар хавсралтын 9 дэх хүснэгтээс үзвэл Е******* ХХК мэдэгдэлд дурдсан үндэслэлд тайлбар өгсөн[2] байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны сонсох ажиллагаа хийх журмыг зөрчөөгүй байна.
3. Ийнхүү нэхэмжлэгч аж ахуйн нэгжид олгогдсон ашиглах эрхтэй нэгж талбар Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаартай тогтоолоор тогтоосон дархан цаазат газрын хилийн бүсэд буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх нутаг дэвсгэрт хамаарахгүй болсноос гарсан энэ шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар зөрчөөгүй байна.
4. Шүүхийн энэхүү шийдвэр нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад хандаж тухайн нэгж талбарт газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй. Учир нь,
4.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай "Богдхан уулын дархан цаазат газар"-ын хил заагийг нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албадын төлөөллийг оролцуулан байгуулж, ажлын хэсгээс тодруулж зурагласан хил заагийг Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн,
4.2. Ийнхүү эргэлтийн цэгүүдээр солбицолжуулсан хил заагийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж,
4.3. Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолоор энэхүү хил заагийг мэдээллийн санд бүртгэж, мөрдөж ажиллахыг, нийслэлийн газар нутагт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх, тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх авсан иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн гэрчилгээ олгож гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад өгсөн,
4.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хамтарсан уулзалт хийж, Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, Богдхан уулын дархан цаазат газрын солбицолжуулсан хил заагийг мөрдөж ажиллахаар шийдвэрлэж,
4.5. Барилга, хот байгуулалтын сайд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн , тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад болон холбогдох байгууллагуудад дархан цаазат газрын хил заагийн Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын эргэлтийн цэгийн уртраг, өргөргийн солбицол, зургийг хүргүүлж, мөрдөж ажиллахыг хүссэн байдаг.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр захирамжийн Е******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Е******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА