Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/661

 

Л.Ч, М.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

иргэний хариуцагч Н.Б-, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

цагаатгагдсан этгээд Л.Ч-, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Ч.Даваасүрэн,

шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/576 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаар эсэргүүцэлд үндэслэн Л.Ч-, М.Э- нарт холбогдох 2102 00473 0077 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Л овгийн Л-ийн Ч, 1974 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, Х яамны ... газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ... бүс, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Ж овгийн М-ийн Э, 1976 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... бүс, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан;

Х яамны М газрын даргаар ажиллаж байсан Л.Ч-, тус яамны ... газрын даргаар ажиллаж байсан М.Э- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, 7.1.3 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохыг хориглоно”, 7.1.6 дахь заалтад заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалтад заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2- д ‘‘...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.2-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” 8 дугаар зүйлийн 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 8.6 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.” 9.1-д “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй", 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Улсын төсвийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаанд өөрийн найз Н.Б-ы үүсгэн байгуулсан, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ч” ХХК-ийг шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан:

- Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх,

- Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх,

- Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагуудыг хангаагүй “Ч” ХХК-ийг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3.000.000.000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд “Ч” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 3.000.000.000 төгрөгийн зээлээс 1.197.793.732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Мөн ... газрын даргаар ажиллаж байсан М.Э- нь Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И" XXК, “Б" ХХК, “Э” ХХК-уудыг шалгаруулах зорилгоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан:

-Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутгуудад түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадавхтай байх,

-Өвс, тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх,

-Тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх. Туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах гэсэн шаардлагуудыг хангаагүй “И" ХХК, “Б" ХХК, “Э” ХХК-уудыг ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зээлийн гэрээнүүд байгуулан “И ХХК-д 1.100.000.000 төгрөгийн, “Б” ХХК-д 190.000.000 төгрөгийн, “Э” ХХК-д 650.000.000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж, 2017 оны 12 дугаар сарын 13-аас 28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С- болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Л.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Л-ийн Ч-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж овогт М-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Ж овогт М-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч М.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

“Ч” ХХК-аас Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090033401, 100900000717 тоот дансанд хийсэн нийт 486.500.000 төгрөгийг, “И” ХХК-аас Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090033401, 100900000717 тоот дансанд хийсэн нийт 110.000.000 төгрөгийг тус тус Х яамны харьяа Мал хамгаалах санд олгохоор,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах/хязгаарлах/ тухай прокурорын зөвшөөрөл, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1662 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай” прокурорын зөвшөөрлөөр тус тус хэрэгт битүүмжлэгдсэн “Ч” ХХК-ийн эзэмшдэг “Голомт” банкны ..., ..., ..., ... тоот данс, “Ч” ХХК-ийн захирал Н.Б-ы эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ..., ... тоот данс, Н.Б-ы эзэмшил, өмчлөлийн Ү-... дугаартай, Төв аймгийн ... сум ... дугаар баг, ... гудамж ... тоот хувийн сууц, Ү-... дугаартай, Төв аймгийн ... сум ... дугаар баг, ... гудамж ... тоот үнээний ферм, Ү-... дугаартай, Хан-Уул дүүргийн ...-р хороо ... гудамж ... тоот хувийн сууц, Ү-... дугаартай, Хан-Уул дүүргийн ... хороо ... , ... гудамж ... байр ... , ... тоот орон сууц, 2,3 тоот автомашины зогсоол, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ...-р хороо, ... гудамж, ... тоот үйлчилгээний зориулалттай орон сууц, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ... -р хороо, ... гудамж, ...-р барилга -р давхрын ... тоот үйлчилгээний зориулалттай орон сууц, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол ... байр, ... тоот автомашины зогсоол, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол ... байр ... тоот орон сууц, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ...-р хороо, ... гудамж ... тоот орон сууц, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ...-р хороо, ... гудамж ... тоот орон сууц, Ү-... дугаартай, Баянгол дүүргийн ...-р хороо ... гудамж, ... тоот үйлчилгээний зориулалттай орон сууц, Ү-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...- р хороо ... гудамж ... тоот хувийн сууц, граж,Ү-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо ... -р хороолол, ... гудамж ... байр, ... тоот автомашины зогсоол, Ү-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо ... байр ... тоот орон сууц, Ү-... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... гудамж ... тоот орон сууц, Ү-... дугаартай, Төв аймгийн ... сум ...-р баг, ... гудамж цэргийн ангийн дэргэд тоот хувийн сууц, фермер, Ү-... дугаартай, Сэлэнгэ аймгийн ... сум ...-р баг ... гудамж ... тоот хувийн сууц, агуулах, Ү-... дугаартай, Сэлэнгэ аймгийн ... сум ...-р баг ... гудамж ... тоот фермер, Г-... дугаартай, Баянгол дүүргийн ... -р хороо, ...-р гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Баянгол дүүргийн ... -р хороо, ... -р гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо, ... гудамж 8 тоот газар, Г-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Баянзүрх дүүргийн ...-р хороо, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... -р хороо, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Төв аймгийн ... сум ...-р баг, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Төв аймгийн ... сум ...-р баг, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Төв аймгийн ... сум ...-р баг, ... гудамж ... тоот газар, Г-... дугаартай, Сэлэнгэ аймгийн ... сум -р баг ... гудамж ... тоот газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргагдсан “И” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК “Өвс тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах” төслийн баримт бичгүүдийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Э- нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ч-ид урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Анхан шатны шүүхээс гэрч Я.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэж асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Б.Т хэлэхдээ М.Э- дарга мэдэж байгаа. Л.Ч- дарга захисан юм байна лээ гэж байсан. Тэгээд би дэмжээд гарын үсэг зурсан. Би үнэхээр өвс тэжээл оруулаад ирэх байх гэж бодсон...” гэсэн байх бөгөөд уг мэдүүлэг нь дамжлан нотлох баримт байх ба мэдүүлгийн эх сурвалж нь Б.Т байна. Харин Б.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд гэрч Я.А-ийн мэдүүлэг үгүйсгэгдэж байх бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж болох гэрч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ удаа дараа Я.А-ийн мэдүүлэгт тусгагдсан зүйлийг огт ярьж хэлээгүй талаар мэдүүлж байх тул гэрч Я.А-ийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэн яллах талын нотлох баримтаар үнэлээгүй байна.

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэрч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй..." гэж хуульчилсан.

Х яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар баталсан “Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-д ажлын хэсгийн ахлагчаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Э-, ажлын хэсгийн гишүүдэд Б.Б-, Я.А-, Ч.Э-, Ц.Н-, Ө.Г- нарыг, нарийн бичгийн даргаар Б.Т- нар тус тус томилогдсон байдаг. Иймд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан Я.А-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг нь Б.Т-эс сонссон зүйлд тулгуурлан М.Э-ын үйлдлийг гэрчилсэн бус харин “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй байхад “Ч” ХХК-ийг өөрийн зүгээс ямар үндэслэлээр сонгон шалгаруулахаар дэмжсэн үйл баримтыг буюу ажлын хэсгийн хуралдааны үеэр болж өнгөрсөн нөхцөл байдлын талаар өөрийн мэдэх зүйлийг мэдүүлсэн байх тул түүнийг эх сурвалжийг зааж хэлээгүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Я.А-ээс шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг ажлын хэсгийн хуралдаанаар сонгон шалгаруулсан талаар мэдүүлсэн мэдүүлгийн нотлох баримт нь гэрч Б.Т-эс “...аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг ажлын хэсгийн гишүүд бүгд хуралдаж, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхийг бүгдийг нь үзэж шалгаруулсан...”, мөн гэрч М.Э-ын “...Тухайн үед ажлын хэсэг хуралдаж аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах явцад “Ч” ХХК-ийг гутлын дэлгүүр байж өвс, тэжээл импортолж худалдаалж чадах уу гэдэг асуудал яригдсан... Ажлын хэсгийн хэмжээнд “Ч” ХХК-ийг Л.Ч- захиад байсныг ажлын хэсгийн гишүүд бараг мэдэж байсан байх, Б.Т- лав мэдэж байсан....” гэх тус тус мэдүүлгүүдээр батлагдаж байх тул зөвхөн Б.Т-ийн үгүйсгэж мэдүүлсэн баримтад үндэслэн Я.А-ийн мэдүүлгийг үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд хамааруулан үнэлэх боломжтой гэж үзлээ.

1.2 Шийтгэх тогтоолд Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Ч- нь “Ч" ХХК-ийг шалгаруулах зорилгоор сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Э-т нөлөөлсөн гэх агуулга бүхий мэдүүлэг өгөөгүй болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 8 дахь хэсгийн 8.3-т тус тус зааснаар шүүгдэгч Л,Ч-, М.Э- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь дангаараа яллах нотлох баримт болохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг анхаарах шаардлагатай. Иргэний хариуцагч Н.Б-ы гар утсанд үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгээр Л.Ч-, Н.Б- нар нь хоорондоо найз нөхдийн харилцаа холбоотой байсан болох нь тогтоогдсон боловч Н.Б-ы үүсгэн байгуулсан компанийг сонгон шалгаруулахаар шүүгдэгч Л.Ч- нь М.Э-т нөлөөлөхтэй холбоотой хоорондоо харилцсан гэж үзэх зүйл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлээгүй гэж дүгнэхээр байна. Учир нь, Н.Б-ы гар утсанд хийсэн үзлэгээр Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан явагдаж буй цаг хугацаанд Л.Ч-, Н.Б- нар нь “гэрээ байгуулсан эсэх талаар асууж” хоорондоо утсаар харилцсан үйл баримт тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Н.Б-аас “...Л.Ч-ээс зөвлөгөө л авсан болохоос биш, тусламж авсан зүйл байхгүй. ...”, шүүгдэгч Л.Ч-ээс “...Тухайн үед өвөл болчихсон яаралтай өвс, тэжээл оруулж ирэх шаардлагатай байсан бөгөөд хурдан гэрээ байгуулаад хурдан тэжээл оруулж ирүүлэх хэрэгтэй байсан учраас Н.Б-тай харилцаагаа ашиглаад түүнээс гэрээ байгуулсан талаар нь асуусан юм. ...”, шүүгдэгч М.Э-ын гэрчээр “...Л.Ч- надад “Ч” ХХК-ийг дэмжээд өгөөрэй гэж хэлж байсан. ...”, яллагдагчаар “...Л.Ч- нь манай найз байгаа юм аа гэж яриагүй, харин энэ компани дээр анхаараарай гэдэг зүйл ярьсныг би үгүйсгэхгүй. ...” гэх мэдүүлгүүдийг бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан магадлахад “Ч" ХХК-ийг малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад шалгараагүй байхад Л.Ч- нь найз Н.Б-тай гэрээ байгуулах талаар харилцаж байсан болох нь тогтоогдсон буюу зөвхөн яллагдагчийн хэргээ хүлээсэн нотлох баримтад тулгуурласан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутмаг байна. Мөн Л.Ч-ийн хувьд малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаагүй мөртлөө “...хурдан гэрээ байгуулаад хурдан тэжээл оруулж ирүүлэх хэрэгтэй байсан...” гэх үндэслэлээр Н.Б-тай харилцсан, М.Э-аас “...энэ компани дээр анхаараарай гэдэг зүйл ярьсан...” гэж тус тус мэдүүлж байгаа нь сонгон шалгаруулалтын ажиллагаанд нөлөөлсөн гэх үндэслэлийг бий болгож байна. Учир нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасан тул мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Л.Ч-ээс М.Э-т нөлөөлсний улмаас нийтийн албан тушаалтан хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, шударга байх зарчим алдагдаж Н.Б-д давуу байдал олгожээ. Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд Л.Ч-, М.Э- нарын үйлдлийн үр дүнд Н.Б-д давуу байдал бий болсон учир гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

1.3 Мөн улсын яллагчаас яллах дүгнэлт үндэслэлээ болгосон нотлох баримтын нэг нь шүүгдэгч Л.Ч-, М.Э- нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг байх бөгөөд уг мэдүүлгүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчих үндэслэлтэй байх тул шүүхээс үнэлэх боломжгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, 6 дахь хэсэгт “...Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хүний үндсэн эрх хөндөгдөхөөс сэргийлсэн хуулийн зохицуулалт бөгөөд мөрдөгчөөс Л.Ч-, М.Э- нарт хуулиар олгогдсон гэрчийн уг эрхийг тайлбарлан өгч, танилцуулан гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагааг “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүхээс үгүйсгэж нотлох баримтаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

2.1. Анхан шатны шүүхээс Л.Ч- болон Ж.С-ын зүгээс шүүгдэгч М.Э-ыг ажил үүргээ гүйцэтгэж байхад буюу сонгон шалгаруулалтыг явуулахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд ашиг сонирхлын зөрчил, хувийн ашиг сонирхол бий болоогүй байна гэж үзэв. Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр “Харин шүүхийн шийтгэх тогтоолд “...Ж.С-, М.Э- нь нэг нутгийн, нутгийн ах, найзууд” гэх боловч уг нийтлэг тохиолдох нөхцөл байдлыг ашиг сонирхол нэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн нь учир дутмаг буюу хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд биш тул ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн ашиг сонирхолтой гэж үзэхгүй хэмээн хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Учир нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ойлгохоор байна. Иргэний хариуцагч Ж.С-аас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би М.Э-тай яам дээр нь орж уулзаж байсан, тэр бол үнэн. Манай нутгийн хүүхэд мөн үү мөн, хааяа нэг орж цай уучихаад гардаг байсан. Газар тариалан зэрэг бүх юмны талаар л санал солилцдог байсан. ...Ашиг орлоготой байвал эхнэрт нь дээрх байдлаар урамшуулал өгнө. Эхнэр нь сайн ажиллаад байвал компанийнхаа 20-30 хувийг эзэмшүүлье гэж ярьсан. ...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч М.Э-аас “...Ж.С-ын эзэмшиж буй Төв аймгийн ... сумын нутагт байрлах 657 га тариалангийн газарт 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. ..." гэж мэдүүлсэн зэргээр /9хх 211/ М.Э-, Ж.С- нь нэг нутгийн хүмүүсийн харилцаанаас илүүтэй ажил хэргийн хувьд ч хамтарч, байнгын хоорондоо харилцдаг болох нь тогтоогдож байна.

Дээрх байдлаас үзэхэд ажлын хэсгийн ахлагч М.Э-аас шаардлага хангаагүй байхад “И” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-уудыг дэмжин малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад шалгаруулсан нь Ж.С-ын хамаарал бүхий компаниуд байсан болохыг мэдэж байсан гэх дүгнэлтийг бий болгож байх бөгөөд М.Э- нь Ж.С-тай холбоотой асуудлаар мэдсээр байж шийдвэр гаргаснаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд хамааруулан үзэх юм.

2.2. 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын комиссын гишүүдээс 100 хувийн саналаар гаргасан шийдвэрийн дагуу гэрээ байгуулсан буюу ажлын хэсгийн ахлагч М.Э- нь дангаар сонгон шалгаруулах эрхгүй байсан нь түүний үйлдлийг үгүйсгэх бус өөрийн гэмт үйлдлийг халхавчилсан хэлбэрт хамааруулан ойлгох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн ахлагчийн албан үүргийг Л.Ч-ийн хууль бус гуйлтын дагуу баримт бичгийн шаардлага хангаагүй аж ахуйн нэгж гэдгийг мэдсээр байж дэмжин, хурлаар хэлэлцүүлэхдээ гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг процессыг ашиглан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлэлгүй тус компанийг сонгон шалгаруулж, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Ч- бичгээр гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Намайг яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудын олон заалтыг зөрчсөн гэж ялласан юм. Энд дурдсан хуулиудын заалт нь эрүүгийн гэмт хэрэг бус, тухайн хуулиудад заасан зөрчлийн асуудлыг эрүүгийн бус хариуцлага хүлээлгэхээр тусгажээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тодорхой заасан байна.

2. Намайг мөрдөн байцаалтын шатанд Я.А-ийн мэдүүлгээр М.Э-т нөлөөлсөн нь тогтоогдсон гэж прокурор бичсэн байна. Я.А-ийн мэдүүлэг худал болох нь мэдүүлгийн эх сурвалж болох Б.Т-ийн мэдүүлгүүдээр /1хх 42-43, 90/, мөн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Түүнд “надад захиагүй болохоо илэрхийлээд, Я.А- ямар зорилгоор ингэж мэдүүлснийг бол мэдэхгүй” гэжээ. Шүүх эргэлзээтэй баримтаар ял оноохгүй байх, шүүгдэгчид ашигтайгаар шийдэхээр зохицуулсан байна. Энэхүү ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд хамтын шийдвэрээр буюу 50+1 зарчмаар шийдвэр гаргаж байхад түүний нэг гишүүн болох М.Э-т нөлөөлсөн гэж үзэж байгаа нь ч логикгүй юм. Тус ажлын хэсгийн гишүүд нөлөөлөөгүй болохоо Б.Т- 2021 оны 10 дугаар сарын 04, 2021 оны 11 дүгээр сарын 23, мөн шүүх хуралдаанд 2023 оны 4 дүгээр сарын 20-нд, Ч.Э- 2021 оны 3 дугаар сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 06, Ц.Н- 2021 оны 3 дугаар сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 06, Б.Б- 2021 оны 3 дугаар сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 06, Ө.Г- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэн нэгэн шийдвэр гаргахад нөлөөлөөгүй бөгөөд, Л.Ч- нөлөөлөөгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Гэтэл энэ үеэр өөр асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан Я.А-, М.Э- нар гэнэт намайг гүтгэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг өгсөн нь ч эргэлзээтэй байдлыг бий болгодог.

Х яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаар тушаалаар миний гүйцэтгэж байсан Мал аж ахуйн газрын дэргэд олгосон эрх хэмжээ, ажлын чиг үүрэгт энэхүү сонгон шалгаруулалт огт хамаарахгүй тул “албан тушаалаа урвуулан ашиглах” боломжгүй юм.

  1. Би 2016 оны 8 сараас 2018 оны 02 сарын хооронд Х яамны М газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл Хөдөө аж ахуйн их сургуульд 1996-1997 онд нэг жил хамт суралцаж байсан Н.Б-ы үүсгэн байгуулсан компани шалгарсанд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгаж, улмаар хувийн харилцааны месенжерт “Гэрээгээ байгуулсан уу” гэж асуусан байна гэж баримт болгон авчээ. Гэтэл энэ талаар аж ахуйн нэгжүүдтэй харилцах эрхийг олгосон /7хх 166/-т Х яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны А-487 тушаалаар “Бодлогын гэрээ байгуулах эрхийг Л.Ч-ид зөвшөөрсүгэй” гэсэн эрх байгуулагдсанаас хойш 8 хоногийн дараа асуусан байна. Энэ нь олгогдсон эрхийн хүрээнд асуусан асуулт маань сэжиглэх баримт болж байгаад гайхаж байна. Мөн “Малын тэжээл импортлох ажлыг зохион байгуулах” үүрэгт ажлын хэсгийн ахлагчаар тухайн үед ажиллаж байгаа хүн, 11 сар гарчихсан үед төсөв батлагдсан, цас орсон, малын хорогдол эхэлж байхад байж болох бүхий л нөхцөлөөр шахаж шаардаж ажиллаж байсныг анхаарахыг хүсч байна.

Мөн месенжерээр харилцсан баримтад Мал аж ахуйн газрын даргын албан тушаалаас 2018 оны 02 дугаар сарын 26-аар чөлөөлөгдөөд хувиараа ажиллаж амьдарч байх үеийн харилцааг 1 дүгээр хавтаст хэргийн 212-220 хуудаст хийж баримт болгосон байгаа нь ойлгомжгүй байна.

  1. Яллах тогтоолдоо М.Э-тай үйлдлээрээ нэгдсэн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Тус ажлын хэсэгт нь ажиллаагүй, ажлын хэсэгт 7 хүн эн тэнцүү эрхтэй сонгон шалгаруулдаг байхад түүний нэг гишүүн болох М.Э-тай үйлдлээрээ нэгдэх шаардлага хаана байгаа нь ойлгомжгүй юм. Энэ ажлыг бүхэлд нь хяналт тавих ажлын хэсэг үүргээ гүйцэтгээд ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхэн бүгд ашиг сонирхол, дарамт, гуйлт ирвэл мэдэгдэнэ, татгалзана гэдгээ ухамсарласан төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн нар байсан. Одоо тэднээс төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал гүйцэтгээд явж байгаа бөгөөд дуртай нэг удирдлагад чиглүүлэгдэх хүмүүс биш юм. Миний хувьд ч хариуцсан ажлын хүрээнд олон нийтэд ил тод, өрсөлдөөнийг ханган, 1 аймаг, сумд өрсөлдөгчтэй байхуйц хуваарийг гаргуулан, мэдээллийг аппликейшнээр болон өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүргүүлэн ажлын явцыг тухай бүр мэдээлж, олон нийтийн хяналт дор ажлыг явуулсан байна. Иймд үйлдлээрээ нэгдэх боломжгүй төдийгүй ямар үйлдлээр, хаана, хэрхэн нэгдсэн бэ гэсэн баримтгүй, нотолгоогүй байна.
  2. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг прокурор бичсэн эсэргүүцлийн 3 болон 4-р хуудаст үндэслэн бичжээ. Гэтэл конвенцийг үндэслэн хууль, эрх зүйгээ боловсруулахаас бус энэ эсэргүүцэлд үндэслэл болгон бичсэн нь хууль эрх зүйн хувьд боломжгүй юм. Бүхэлд нь дүгнэн үзэхэд нэг ангид суралцаж байсан байна, тэгэхээр нөлөөлсөн байж магад гэж дүгнэн чиглүүлсэн мэдүүлгүүд авч буруутгаад байгаа нь харамсалтай юм. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Ч-ийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-ийн үгүйсгэж мэдүүлсэн баримтад үндэслэж Я.А-ийн мэдүүлгийг үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хамааруулан үнэлэх боломжтой гэж үзсэн үндэслэлийн тухайд, гэрчээр сонгон шалгаруулалтын гишүүнээр ажиллаж байсан Я.А- хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Хамгийн анх 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “Надад лав хөндлөнгийн нөлөөлөл байгаагүй” гэдэг. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Би анх гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл нарийн бичгийн дарга Б.Т- М.Э- дарга мэдэж байгаа, Л.Ч- дарга захисан юм байна лээ гэж хариулсан” гээд өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ мэдүүлгийнхээ эх сурвалжийг нарийн бичгийн дарга байсан Б.Т- гэх хүн хэлсэн гэж заадаг. Гэтэл мэдүүлгийн эх сурвалж болсон Б.Т- мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг нь үгүйсгэдэг. Тухайлбал, “Надад Э-, Ч- нар тэгж хэлээгүй. Я.А- яагаад тэгж ярьсныг би мэдэхгүй байна” гэсэн агуулгатай мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Тийм учраас Я.А-ийн зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй, мөн зарим гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14, 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад тус тус нийцээгүй. Тиймээс энэ мэдүүлгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх Я.А-ийн мэдүүлгийн эх сурвалжийг үнэлсэн. Ингэхдээ өөрийнх нь мэдүүлгийн эх сурвалжийг бусад эх сурвалжтай харьцуулан дүгнэж үнэлэлт дүгнэлт өгсөн байхад прокурор эх сурвалжийг нь зааж хэлээгүй гэж үзэх боломжгүй гэдэг байдлаар шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Мессежтэй холбоотой асуудлын тухайд, 1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дэх талд авагдсан Н.Б-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргагдсан материалуудаар гэрээ байгуулагдсан эсэх талаар харилцсан мессежийг гол нотлох баримт гэж тайлбарладаг. Прокурор энэ мессежийг цаг хугацааны хувьд буруу тайлбарлаж, сонгон шалгаруулалт явагдаж байх үед харилцсан мэтээр ярьж байгааг баримтаа мэдэхгүйгээр тайлбарлаж байна гэж үзэх боломжгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дэх талд олон мессежүүд авагдсан бөгөөд үүний 211 дэх талд байгаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 05 минутад явуулсан “Гэрээгээ байгуулсан уу” гэсэн мессежийг гол баримт болгосон. Өөр ямар нэг үйл баримт байгаагүй. Н.Б-тай найз нөхөд, танилын холбоотой гэдгээ огт үгүйсгээгүй. Гэтэл сонгон шалгаруулалт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Х сайдын А-149 дугаартай тушаалаар сонгон шалгаруулалтаар шалгарсан компаниудтай гэрээ байгуулах үүргийг Л.Ч-ид олгосон. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А-487 дугаар тушаалаар гэрээ байгуулах эрхийг олгож, зөвшөөрсөн. Тэгэхээр эдгээр эрх, үүргийн хүрээнд “Гэрээгээ байгуулсан уу” гэж харилцсан мессеж юм. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мессежээр харилцсан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээгээ байгуулсан. Тиймээс энэхүү мессежийг сонгон шалгаруулалт явагдаж байх хугацаанд бичээгүй гэдэг нь хангалттай нотлогдоно. Мөн Л.Ч-, М.Э- нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх үгүйсгэж нотлох баримтаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж гэж гаргасан. Аливаа этгээдийг яллагдагчаар татах нь тодорхой энэ нөхцөлд тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг олгосон хуулийн заалтуудыг зөрчсөн. Энэ мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Шүүх ийм байдлаар дүгнэсэн. Яллагдагч, шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй талаар эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн маш олон тогтоол, иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нэгэнт тогтоосон асуудал. Шүүгдэгч М.Э-ын гэрчээр өгсөн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Надад лав хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тавьсан албан тушаалтан байхгүй. Цаг тулчихсан байсан, хурдан сонгон шалгаруул гэх зөвлөмжийг удирдлагын түвшинд ярьж байсан” гэж байна. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт нь “Ч- “Ч” ХХК-ийг дэмжээд өгөөрэй гэж захисан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Ч” ХХК-ийн эзнийг танихгүй, Л.Ч-тэй найз гэдгийг мэдээгүй. Тухайн үед дарга энэ компанийн талаар ярьсан байсныг санаж байна. Энэ бол ямар нэгэн чиглэл биш. Ганцхан миний шийдвэрлэх асуудал биш. Ажлын хэсгийн гишүүд, энэ чиглэлээр мэргэшсэн газрын мэргэжилтэн байгаа, хамтын шийдвэр тул би ганцаараа буруутгагдах асуудал биш гэж бодож байна” гэж тодорхой мэдүүлдэг. Энэхүү шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Шүүх энэ талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ үйл баримт нь тухайн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдээр оролцож байсан Э-, Н-, Б-, нарийн бичгийн дарга Т- нарын  байцаалтаар өгсөн “Сонгон шалгаруулах явцад хэн нэгэн нөлөөлөөгүй, үүрэг чиглэл өгсөн хэн нэгэн байгаагүй” гэсэн мэдүүлгээр нотлогдоно. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх ёстой. Прокурор эсэргүүцлээ танилцуулахдаа Ж.С- гэх хүнийг Л.Ч-тэй холбож тайлбарлаж байгааг алдаа гаргасан гэж үзэж байна. Яллах дүгнэлтээр Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллагдагчаар татсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч үйлдлээрээ хамтран нэгдсэн гэдэг агуулгаар тайлбарлаж шүүх дүгнэсэн. Яллах дүгнэлтийн хүрээнд асуудал тавигдаж асуудал шийдвэрлэгдэх ёстой. Үйлдлээрээ нэгдсэн гэхээр нэг цаг хугацаанд, нэг гэмт хэрэг, нэг газар үйлдэгдэж байгаа үйлдлийг ойлгоно байх. Эдгээр тайлбаруудыг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Ч-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-ийн мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар няцаасан баримт байдаггүй. Я.А- болон М.Э- нарын мэдүүлгийг Б.Т- болон бусад ажлын хэсгийг гишүүдийн мэдүүлэг няцаадаг. Тиймээс Б.Т-ийн мэдүүлэг их чухал “Ажлын хэсгийн хуралд Л.Ч- дарга орж ирээд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй” гэх нөхцөл байдлыг мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь бусад баримтуудаар няцаагдаагүй тул прокуророос гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Мөн мессежээр “Гэрээ байгуулсан уу” гэж бичсэн ганцхан асуултын цаг хугацааны талаар өмгөөлөгч Д.Батсүх тодорхой тайлбарлаж байна. Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсны дараа буюу ажлын хэсгийн хурал дууссаны дараа мессеж явсан учраас үүнийг өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд явуулсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн талаар маргаж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас буюу зүйлчлэл тохироогүй гэж мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон. Учир нь, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтдээ Х яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаартай тушаалаар ажлын хэсгийн гишүүд байгуулсан байдаг. Ажлын хэсгийн ахлагчаар М.Э-ыг томилж, А-, Э-, Н-, Г- нарыг томилсон тухай баримт хэрэгт авагдсан. Прокуророос яллах дүгнэлтдээ А-, Э-, Н-, Г- нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас яллагдагчаар татах боломжгүй байна гэсэн үндэслэлээр хууль зүйн үндэслэлээ тайлбарласан байдаг. Эдгээр хүмүүсийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй байхад М.Э-ын үйлдэл яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа давуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй болж байгаа талаар нотлох баримтын хувьд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Прокуророос Я.А-ийн мэдүүлгийг нотлох баримт болгосон гэдэг. Гэтэл цаг хугацаа, үйл баримтаас судалж үзэхэд Я.А-ийн мэдүүлэг нь дамжмал байдлаар буюу шууд заасан байдаггүй. “Б.Т- тэгж хэлсэн” гэдэг. Б.Т-эс удаа дараа мэдүүлэг авахад “Би А- гэх хүнд тийм зүйл хэлээгүй” гэдгээ удаа дараа мэдүүлдэг. Мөн ажлын хэсгийн гишүүд болох гэрч Э-, Н-, Б- нарын хувьд “Бидэнд М.Э- болон Л.Ч-ээс нөлөөлсөн зүйл байхгүй, бид саналын эрхтэй, зөвлөлтэйгөө  хуралдаж байгаад нэр бүхий компаниудыг дэмжсэн” гэх үйл баримтыг ярьдаг. Тийм учраас энэ нь эс үйлдэхүй буюу шалгаж тодруулах ёстой зүйлээ сайн шалгаж тодруулалгүй, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулж байгаа үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж маргаж мэтгэлцсэн. Мөн прокуророос иргэний хариуцагч Ж.С- гэх хүний талаар дурдсан. Нэгдмэл сонирхолтой этгээдийн тухайд М.Э- болон түүний гэр бүлийн хүн Ж.С- гэх хүнтэй ямар нэг байдлаар салшгүй холбоотой, ах дүү, төрөл садангийн гэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Нэн ялангуяа Ж.С-ын хувьд түүний тендерт оролцож буй компани болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь шүүх хуралдаанаар хөдөлбөргүй тогтоогдсон. Тиймээс нэг нь хөдөө аж ахуйн компанитай, нөгөө нь холбогдох яаманд эрх бүхий алба хашдаг тул нэг нэгнээ мэддэг гэдэг таамаглалд тулгуурлаж яллагдагчаар татаж болохгүй. М.Э- байсан, байгаагүй ч Ж.С- нь урьд нь тендерт оролцож, авч байсан, мөн одоо ч оролцож байгаа үйл баримт байгаа тул үүнд хязгаарлалт тогтоож, таньдаг гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй гэсэн асуудлыг ярихад шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Иргэний хариуцагч Н.Б-ы өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгосон боловч бодитоор “Ч” ХХК нь 2.430.846.246 төгрөгийг авсан. Үлдсэн мөнгийг 3 удаагийн таталтаар сан буцааж татсан байсан. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 832.740.882 төгрөгийг төлсөн, шүүх хуралдаан болоход 1.567.257.000 төгрөг төлөгдөөгүй байна гэсэн дүн гарч байсан. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Тариалан эрхлэх сангаас зээлтэй холбоотой асуудлаар “Ч” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тухайн шүүхийн эвлэрлээр 2.282.000.000 төгрөг төлөх эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. Үүнээс хойш “Ч” ХХК нь мөнгөө төлж 19.475.000 төгрөг, Мал хамгаалах санд 314.000.000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 308.000.000 төгрөг, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байх хугацаанд 12 удаагийн үйлдлээр 478.000.000 төгрөг, нийт 32 удаагийн шилжүүлгээр 806.000.000 төгрөг шилжүүлсэн. Дансны барилтад 25.000.000 төгрөг авагдсан үйл баримт тогтоогддог. “Ч” ХХК-ийн хувьд авсан зээл 2.430.846.246 төгрөгийн талаар маргадаггүй бөгөөд зээлээ төлөөд явж байгаа, цаашид төлнө. Иймд миний үйлчлүүлэгчтэй холбогдуулж гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би авсан зээлээ хугацаанд нь буцаан төлж чадаагүй. Тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлс нэлээдгүй болсон. Зудын байдалтай байгаад араас нь ковид  гарсан учраас төлбөрүүд бага зэрэг хойшлогдсон. Мөн Орос улс руу мөнгөө шилжүүлээд авч чадаагүй зүйл байсан. Орос улс руу зорчих гэхээр дайн байлдааны асуудлаас шалтгаалж хил гаалиар гарч чадахгүй, авсан зүйлсээ буцааж чадахгүй нөхцөлд байна. Малын тэжээл одоо хүртэл манайд хураалттай байгаа. Төлбөрийг аль болох хурдан төлнө. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөгдөөд явж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Ч-, М.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянахад анхан шатны шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

1. Х яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-452 дугаар тушаалаар Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох ажлыг зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд үүнээс малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар тус яамны ... газрын дарга М.Э-ыг, ажлын хэсгийн гишүүд, нарийн бичгийн даргаар тус яамны хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Мал хамгаалах сангийн менежер, Залуу хоршоологчийн клубын тэргүүн зэрэг албан тушаалтнуудыг томилж, энэхүү ажлын хэсэгт сонгон шалгаруулалтын явцад нийт 48 аж ахуйн нэгж төслийн баримт бичиг ирүүлснээс баруун таван аймагт 9 аж ахуйн нэгжийг, төвийн болон говь, хангайн бүсэд 20 аж ахуйн нэгжийг шалгаруулсан байна.

Сонгон шалгаруулалтын үеэр болж өнгөрсөн үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Я.А-ийн мэдүүлэгт: “...Сонгон шалгаруулах хурлын тэмдэглэл зөндөө олон удаа өөрчлөгдсөн. Яагаад гэхээр үнийн дүн нь өөрчлөгдчихдөг байсан. Жишээ нь бид нар 2 тэрбум төгрөгийн зээл өгнө гэж ярилцсан байхад сайд дээр орж, гарч ирэхээрээ 4, 5 тэрбум төгрөг болж өөрчлөгдөөд байсан. Тийм учраас хурлын тэмдэглэл өөрчлөгддөг байсан. ...” гэсэн болон ажлын хэсгийн бусад гишүүдийн мэдүүлгээр сонгон шалгаруулалтын явц, ажлын үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдсэн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэл, бэрхшээлгүй даван туулах бэлтгэл хангахтай холбогдуулан ОХУ болон хөрш зэргэлдээ улс орнуудаас өвс, тэжээл, тосны ургамал болон гурил, малын тэжээл үйлдвэрлэх зориулалтаар үр тариа импортоор оруулах, 2018 онд шаардагдах улаан буудайн үрийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авч нөөцлөх ажиллагааны зорилгод нийцсэн эсэх нь тодорхойгүй,

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 2017, 2018 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаа, уг сонгон шалгаруулалтаар шалгаруулсан гэх хуулийн этгээдүүдийн Мал хамгаалах сантай байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаар аудитын болон бусад байдлаар дүгнэлт гаргуулах зэргээр Монгол Улсын Засгийн газар, Х яамнаас хэрэгжүүлсэн уг төсөл арга хэмжээ нь зорилгодоо нийцсэн эсэх, төслийн үр дүнгийн талаар хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох байгууллагуудад тайлагнаж байсан эсэх талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг мөрдөн шалгалтаар хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй үндэслэлд хамаарч байна.

2. Иргэний хариуцагч Н.Б-ы үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг “Ч” ХХК, иргэний хариуцагч Ж.С-, түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Б” ХХК, “Э” ХХК, “И” ХХК нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан “Өвс, тэжээл импортлох, эсхүл үйлдвэрлэн нийлүүлэх туршлагатай, аймаг, орон нутагт түгээх, малчдад борлуулах салбар, хүн хүч, материаллаг баазын чадвартай байх, өвс тэжээл үйлдвэрлэсэн 3 жилийн туршлага, түгээх худалдаалах, материаллаг баазтай байх, тэжээл худалдах, худалдан авах туршлагатай байх, туршлагыг тэжээл импортын сүүлийн 3 жилийн мэдээлэл, гаалийн мэдүүлэг болон бусад батлах бичгээр баталгаажуулах” шаардлагуудыг хангаагүй байхад “Ч” ХХК-д 3.0 тэрбум төгрөгийн, “Б” ХХК-д 190.0 сая төгрөгийн, “Э” ХХК-д 650.0 сая төгрөгийн, “И”-д 1.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг “Мал хамгаалах сан”-тай байгуулж олгосон нөхцөл байдлуудын талаарх баримтат мэдээлэл хэрэгт авагджээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд болон сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий хуулийн этгээдүүдийн удирдлагаас мэдүүлэг авч, сонгон шалгаруулалтын баримт бичгүүдэд болон бусад баримтуудад үзлэг хийсэн байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн прокуророос Л.Ч-, М.Э- нарыг Х яамны М газрын дарга, ... газрын даргаар тус тус ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус яамнаас хэрэгжүүлсэн “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагаанд Л.Ч-ийн найз Н.Б-ы үүсгэн байгуулсан баримт бичигт заасан шаардлага хангаагүй  “Ч” ХХК-ийг шалгаруулж, Мал хамгаалах сантай зээлийн гэрээ байгуулан 3.000.000.000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж, өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, “Ч” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 3.000.000.000 төгрөгийн зээлээс 1.197.793.732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж,

М.Э-ыг мөн яамны ... газрын даргаар ажиллаж байхдаа  Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн найз Ж.С-ын болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И" XXК, “Б" ХХК, “Э” ХХК-уудыг шалгаруулах зорилгоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан шаардлагуудыг хангаагүй “И" ХХК, “Б" ХХК, “Э” ХХК-уудыг ажлын хэсгийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад шалгаруулж, Мал хамгаалах сантай зээлийн гэрээнүүд байгуулан “И ХХК-д 1.100.000.000 төгрөгийн, “Б” ХХК-д 190.000.000 төгрөгийн, “Э” ХХК-д 650.000.000 төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж, 2017 оны 12 дугаар сарын 13-аас 28-ны өдрүүдэд санхүүжилтийг олгуулж Ж.С- болон түүний нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Л.Ч-ид холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүн Я.А- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх энэ гутлын дэлгүүрийг яагаад шалгаруулаад байгаа юм бэ гэдэг асуудал тавьсан. Тэгэхэд нарийн бичгийн дарга Б.Т- хэлэхдээ “М.Э- дарга мэдэж байгаа, Л.Ч- дарга захисан юм байна лээ” гэж хэлж байсан. Тэгээд би бас дэмжээд гарын үсэг зурсан. Би үнэхээр өвс, тэжээл оруулаад ирэх байх гэж бодсон. Би бол шууд гутлын дэлгүүр байна гэж мэдсэн. ...” /7хх 81/ хэмээн Л.Ч- нь сонгон шалгаруулалтад “Ч” ХХК-ийг шалгаруулах зорилгоор М.Э-т нөлөөлсөн үйл баримтыг нотолсон агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

Дээрх мэдүүлгийг авахдаа мөрдөгч хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан сануулсан байх бөгөөд эрүүдэн шүүж, тулган шаардсан буюу хуульд заасан шаардлагыг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Б.Т- мөрдөн шалгах болон шүүхийн шатанд: “...Надад М.Э- болон Л.Ч- нар ингэж хэлээгүй. Я.А- яагаад ингэж мэдүүлснийг би мэдэхгүй байна. ...Л.Ч- гэдэг хүн сонгон шалгаруулалт явагдаж байхад орж ирээгүй. М.Э- Л.Ч- гэдэг хүнд нөлөөлсөн үгүйг би мэдэхгүй. ...Саналын эрхтэй гишүүд нөлөөлөх боломж байдаггүй. ...”  /1хх 90, 13хх 59-61/ гэж гэрч Я.А-ийн мэдүүлгээс харилцан зөрүүтэйгээр мэдүүлжээ.

Эдгээр мэдүүлгүүд нь М.Э-т Л.Ч- нь нөлөөлсөн эсэхийг, тодруулбал “М.Э- дарга мэдэж байгаа, Л.Ч- дарга захисан юм байна лээ” гэсэн үйл явдлыг нэг нь гэрчилсэн, нөгөө нь үгүйсгэсэн агуулгатай буюу эдгээр хоёр мэдүүлэг нэгэн зэрэг үнэн байх боломжгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх гэрч Б.Т-ийн мэдүүлгийг “мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүддээ удаа дараа Я.А-ийн мэдүүлэгт тусгагдсан зүйлийг огт ярьж хэлээгүй талаар мэдүүлсэн” буюу нэг үйл баримтыг олон удаа мэдүүлэхдээ тогтвортой мэдүүлсэн гэсэн үндэслэлээр илүү ач холбогдолтойд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Гэрч Б.Т-, эсхүл Я.А- нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа ийнхүү зөрүүтэй буюу хэн нэгэн нь хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн, эсхүл Я.А-ийн “сонгон шалгаруулалт явуулахад Л.Ч- нь М.Э-т нөлөөлсөн” хэмээн бусдыг гүтгэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай байна.

Энэ хэргийн хувьд онцгой ач холбогдол бүхий мэдүүлэг өгч, хэргийн үйл баримтыг шууд гэрчилж буй гэрч Я.А-, Б.Т- нарын мэдүүлгүүд яагаад хоорондоо эрс зөрүүтэй байгаа, энэ нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох, аль нь зөв болохыг тогтоох ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Тодруулбал, дээрх хоёр этгээдийн мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, эсхүл хуульд заасан бусад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий нотлох баримтыг дахин нягтлан шалгахгүйгээр зөвхөн нэг баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-ын “...“Ч” компанийн эзнийг танихгүй. Л.Ч-тэй найз гэдгийг мэдээгүй. ...Тухайн үед энэ чинь гутлын дэлгүүр юм биш үү гэсэн асуудал яригдаж байсан. Би гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн. Тухайн үед Л.Ч- дарга энэ компанийн талаар ярьж байсан санагдаж байна. ...Ер нь бол хамгийн өндөр зээл хүссэн, хамгийн олон газар хүргэхээр материал ирүүлсэн газар байсан, мөн гутал худалддаг компани юм биш үү гэдэг асуудал ажлын хэсэг дээр яригдсан санагдаад байгаа юм. Тухайн үед Л.Ч- нь манай найз байгаа юм аа гэж яриагүй. Харин энэ компани дээр анхаараарай гэдэг зүйл ярьсныг би үгүйсгэхгүй. Тэгэж ярьсан санагдаж байна. Мал аж ахуйн газрын холбогдох мэргэжилтнүүд чиглэлийнхээ хүрээнд асуудлыг ажлын хэсэг дээр танилцуулсан. Би бол хуудас нэг бүрчлэн материалыг үзээгүй. Магадгүй Л.Ч- даргын компани шүү гэдэг зүйл яригдсан байж магадгүй. Гэхдээ би бол тийм чиглэл өгөөгүй. ...” /9хх 19-20/ гэсэн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл, шүүх өмгөөлөгчийн тайлбар, прокурорын санал, дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдсан үндэслэл нь хэрэгт цугларсан баримт, үйл баримттай санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

4. Анхан шатны шүүх Л.Ч-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ “...уг гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг. ...Л.Ч-, М.Э- нар нь үйлдлээрээ санаатай нэгдсэн, ...санаатай давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

Гэмт хэргийн субъектив шинжид санаатай болон болгоомжгүй /хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан/ хэлбэрийг хамааруулдаг бөгөөд хүний үйлд оюун санаа ба хүсэл зоригийн шинжийг зэрэг агуулж байвал түүний санаатай үйлдэл хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, санаатай үйлдэл нь гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан хориглосон үйлийг хийх байдлаа зорилго болгож, уг үйлийг хийх нь түүнд зайлшгүй чухал байх байдлаар илэрдэг.

Гэмт хэргийн субъектив шинжийн үндсэн элемент болох оюун санааны шинж нь субъект өөрийн үйлийн хууль бус шинж чанарыг ухамсарлах байдлаар илэрч байдаг. Оюун ухааны үүднээс субъект тодорхой хэргийг санаатай үйлдэх үед өөрийн үйлийн нийгэмд аюултай байдлыг ухамсарлаж, түүнээс би болох хохирол, хор уршгийг мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, субъект өөрийн үйл, түүний үл дүнд гарах хохирол, хор уршгийг урьдаас тооцоолон мэдсэн байдаг ба энэ шинжээр субъект өөрийн үйлдэл, эс үйлдэл Эрүүгийн хууль зөрчихийг мэдсэн хэмээн үздэг. Энэхүү оюун санааны шинжийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ухамсарлаж” хэмээн томъёолон хуульчилсан.

“Ухамсарлах” гэдэг бол субъект өөрийн үйлдэл, эс үйлдлийн бодит мөн чанарыг төдийгүй хууль зүйн мөн чанарыг ухамсарлаж, хууль бус шинжтэй гэдгийг мэдэж байхаас гадна хэрэгт өртөх субъект, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дагавар, хор хохирлыг оюун ухаанд тодорхой мэдэж байхыг ойлгоно.

Харин субъектыг “мэдээгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй ба түүнд зөвхөн хууль бус мэдрэмж болон хэргийн нөхцөл байдлыг ойлгосон шинж илрэхэд л хангалттай байдаг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж үзэх учиртай.

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Э- нь сонгон шалгаруулалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж үнэлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” баримт бичигт заасан хэд хэдэн шаардлагыг зэрэг хангахгүй аж ахуйн нэгж болох түүний найз Ж.С-, түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “И" XXК, “Б" ХХК, “Э” ХХК-уудыг сонгон шалгаруулалтад оролцсоныг болон шаардлага хангаагүйг мэдээгүй гэж үзэх баримт хэрэгт байхгүй,

            мөн сонгон шалгаруулалтын үеэр “Баримт бичигт заасан шаардлага хангаагүйг мэдсээр байж сонгон шалгаруулсан нь Л.Ч- нөлөөлөөгүй, хайхрамжгүй хандсан гэх үндэслэлгүй тул шүүгдэгч нар санаатай хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж, нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй”, “шүүгдэгч М.Э-, иргэний хариуцагч Ж.С- нар нь ашиг сонирхол нэг, харилцан хамааралтай гэж гэж үзэх үндэслэлгүй, сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэгт орж ажилласантай холбогдуулан Ж.С-ын хамаарал бүхий компанийг сонгон шалгарсантай хамааруулж ойлгох боломжгүй” хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.11 дэх заалтад "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ойлгохоор, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасан.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Ж.С- мэдүүлэхдээ “...Би М.Э-тай яам дээр нь орж уулзаж байсан. Тэр бол үнэн. Манай нутгийн хүүхэд мөн үү мөн. Хааяа нэг орж цай уучихаад гардаг байсан. Газар тариалан, бүх юмны талаар л санал солилцдог байсан. ...М.Э-ын эхнэр болох Туяа манай компаниас сарын 1 сая төгрөгийн цалин авч байгаа. ...урамшуулал цалин дээр нь нэмж өгөхөөр тохиролцсон байгаа. Ашиг орлоготой байвал эхнэрт нь дээрх байдлаар урамшуулал өгнө. Эхнэрт нь сайн ажиллаад байвал компанийнхаа 20-30 хувийг эзэмшүүлье гэж ярьсан. ...” /9хх 208-211/, шүүгдэгч М.Э- нь иргэний хариуцагч Ж.С-ын компанид хөрөнгө оруулалт хийсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна.

            Шүүгдэгч М.Э- нь Ж.С-ын компанид хөрөнгө оруулж байсан талаар мэдүүлсэн, түүний эхнэр нь Ж.С-ын компанид ажилладаг зэргээс үзэхэд тэдгээрийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх “нэг нутгийн, нутгийн ах, найзууд гэх боловч уг нийтлэг тохиолдох нөхцөл байдлыг ашиг сонирхол нэг гэж үзэхгүй” хэмээн явцуу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

            5. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй байна гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийлээ.

            Хэрэгт авагдсан гэрч Ч.Б-ы: “...Үйл ажиллагааны чиглэлд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэсэн чиглэл байхгүй. ...Импортлох туршлага дээр гадаад улсаас гутлын импорт хийдэг туршлагаараа оролцсон. ...2017 оноос өмнө бол малын тэжээл, үр тариа импортлон оруулж ирж байсан туршлага байхгүй. ...аймгуудад малын тэжээл борлуулах, хүн хүч, материаллаг бааз болон урьд өмнө нь борлуулж байсан туршлага байхгүй. ...Аймаг, сумдад тэжээл борлуулах салбар, цэг байгуулсан, ажлын байр нэмэгдүүлэн хүн ажилд авсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /8хх 194/,

            Гаалийн Ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2/933 дугаар албан бичиг /7хх 167/-ээр “Ч” ХХК нь 2015, 2016, 2017 онуудад малын тэжээл, хивэг, улаан буудай гэх мэт малын тэжээлтэй холбоотой бүтээгдэхүүн импортолсон мэдээлэл байхгүй, энэ талаарх туршлага байхгүй, дээрх онуудад зөвхөн гутал, цамц, будаг, усны сав, хувин гэх мэт бараа бүтээгдэхүүн импортолж байсан нь тогтоогдож байна.

            Гэтэл нэр бүхий хуулийн этгээдүүд нь сонгон шалгаруулалтад оролцохдоо сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй атлаа “Хангасан” мэтээр баримт бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцон эдийн давуу байдал бий болгож, улсад хохирол учруулсан үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” зорилтод нийцнэ.

6. Прокуророос цагаатгагдсан этгээд Л.Ч-ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн найз Н.Б-д давуу байдал бий болгож, “Ч” ХХК нь зээлийн сангаас олгогдсон 3 тэрбум төгрөгийн зээлээс 1.197.793.732 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

            Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнийг материаллаг болон хэлбэрийн гэж ангилдаг. Гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүн нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн дүнд Эрүүгийн хуульд заасан тодорхой хор уршиг бий болсноор уг хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогдоно. Харин заавал хор уршиг шаардагдахгүйгээр нийгэмд аюултай үйлдэл болон эс үйлдэл хийгдсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.

            Сонгон шалгаруулалтын шаардлага хангахгүй аж ахуйн нэгжид хүүгүй зээл авах нөхцөл бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа бол тухайн зээлээс хэдий хэмжээний мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд тусгагдсанаас өөр байдлаар зарцуулсан эсэхийг санхүүгийн шинжилгээгээр бүрэн тогтоох нь зүйтэй.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ... нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” хэмээн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

            Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан цагаатгагдсан этгээд Л.Ч-ид урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах, шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/576 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ