Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/779

 

           

 

 

    2023           8             01                                       2023/ДШМ/779

Г.Д, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч /хохирогч/ Б.Эын өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Д, Б.Э нарт холбогдох 2306000000227 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ************овгийн Г.Д, **** оны * дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**************” дэлгүүрт хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***** оны * дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дугаар зүйлийн **-* дэх хэсэгт зааснаар * жил * сарын хорих ялаар шийтгүүлж байсан;

2. **** овгийн Б.Э, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр, хүү, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян уулын **-*** тоотод оршин суух бүртгэлтэй, /**00000000/;

Ховд аймаг дахь Сум дундын * дүгээр шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

Ховд аймаг дахь Сум дундын * дүгээр шүүхийн *** оны * дугаар сарын **-ний өдрийн ** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дүгээр зүйлийн * дахь хэсэгт зааснаар * сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Б.Э нь ** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт “Чулуун-Овоо”-ны ойролцоо “Алтангадас” ХХК-ийн “**************” дэлгүүрийн гадна талбайд хохирогч Г.Дг “байгууллагын хашаанд бие засч болохгүй” гэж шаардлага тавьсан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Г.Дгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь 5 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Г.Д нь тухайн  нутаг дэвсгэр, цаг хугацаанд Б.Этай маргалдаж, улмаар хамгаалагчийн байранд дагаж орон резинэн бороохойгоор Б.Эын нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 31.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Дд, шүүгдэгч Г.Дгээс 148.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эт тус тус төлүүлж, Г.Д, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалж, харин битүүмжлэгдэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хариуцлагыг өөрчлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Учир нь, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудад нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл “эрүүгийн хариуцлагын зорилго”, мөн хуулийн 1.3 дугаар зүйл “шударга ёсны зарчим”-д эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг маш сайн харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэр гаргадаг гэж ойлгодог. Миний үйлчлүүлэгч Б.Эын хувьд эхнэр, хүү, 2 зээгийн хамт амьдардаг. Эхнэр нь өвчний учир хөдөлмөр хийх чадваргүй, хүү нь 12 настай, сурагч, бага насны 2 зээтэйгээ амьдардаг. Энэ гэр бүлээс ганц ажил хийж амьжиргаагаа залгуулдаг нь Б.Э, тэрээр том даацын машины жолоочийн ажил эрхэлдэг байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чулуун-Овоо”-ны ойролцоо “Алтангадас” ХХК-ийн “Гэр бүл маркет” дэлгүүрийн гадна талбайд хохирогч Г.Дг “байгууллагын хашаанд бие засч болохгүй” гэж шаардлага тавьсан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Г.Дгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь 5 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Г.Д нь тухайн  нутаг дэвсгэр, цаг хугацаанд Б.Этай маргалдаж, улмаар хамгаалагчийн байранд дагаж орон резинэн бороохойгоор Б.Эын нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын “...Би хамгаалагчийн байр руу ороход хамгаалагч над руу уурлаад, бид муудалцаад бороохойгоор миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би хамгаалагчийг түлхсэн. ...” /1хх 9/,

хохирогч Г.Дгийн “...Миний шүд, ам хэсэг рүү гараараа нэг удаа цохичихоод пүтик рүүгээ зугтаад явчихсан. ...” /хх 30/,

Г.Д /хх 40-41/, Б.Э /хх 61-62/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1061 дүгээр “...Г.Дгийн биед 5 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 14/ гэсэн,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 919 дүгээр “...Б.Эын биед баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 20/ гэсэн тус тус дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд, Б.Эыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Д, Б.Э нар хоорондоо маргалдаж, улмаар бие биедээ хүч хэрэглэснээс шүүгдэгч Г.Дгийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Эын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Гансүх “...торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Э нь Г.Дгийн тавьсан “байгууллагын хашаанд бие засч болохгүй” гэсэн зүй ёсны шаардлагад дургүйцэн маргалдсан буюу харилцааны таарамжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР