Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02344

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03141 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч Л.Гд холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн төлбөр 37 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Т.У нь Л.Гээс 25 000 000 төгрөг зээлэхээр болж барьцаанд нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот, 41,52 м.кв талбайтай 2 өрөө, Ү-2201041678 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалахаар болсон. Гэтэл Л.Г нь миний нэр дээр орон сууцаа шилжүүлж өг гэж шаардсан. Т.У нь яаралтай мөнгөний хэрэгцээтэй байсан учир Л.Гийн нэр дээр орон сууцаа дүр үзүүлж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед заавал худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн учир аргагүйн эрхэнд мөнгө зээлж авахын тулд дүр үзүүлж 25 000 000 төгрөгөө эргүүлж төлөөд өөрийнхөө орон сууцыг буцааж авна гэж амаар тохироод хуурамчаар худалдах, худалдан авах гэрээ Л.Гтэй байгуулсан. Л.Г бид 2 худалдах худалдан авах гэрээг 10 000 000 төгрөгөөр байгуулсны дараа 25 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж Т.У бид хоёр гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний дагуу Л.Г нь миний Голомт банкны 1809328767 тоот дансанд 24 960 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Би Л.Гээс авсан зээлийг Т.Ут өгсөн. Одоо Л.Г надаас Т.Уын зээлсэн 25 000 000 төгрөг гэх утгаар мөнгө нэхдэг. Би зээл авснаас хойш эргэн төлөлт хийж чадаагүй, харин Т.У нэг удаа өөрийн эгчийн дансаар Л.Г рүү 2019 оны 10 дугаар сард зээлсэн мөнгөний эргэн төлөлт хийсэн гүйлгээний утга дээр Т.У гэж бичсэн. Л.Г 99109817, 99028414 гэсэн дугаараар миний 99111129 дугаарт зээлийн хүү, үндсэн зээл нийлээд 33 550 000 төгрөг болсон, энэ байшинг би зарлаа, Миний бие худалдан борлуулах зорилгогүйгээр орон сууцыг Л.Гийн дарамт шахалтаар зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл мөн болохыг тогтоолгож, орон сууцыг миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг Л.Гд даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Л.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие иргэн С.Этай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уг байрыг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Энэ үедээ нотариатын хажууд уг гэрээний 7, 8, 9 дүгээр заалтуудын дагуу уг гэрээг тэгш эрхийн үндсэн дээр, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, бусдын дарамт шахалт, нөлөөлөл байхгүйгээр хийсэн гэдгээ нотолж С.Э болон би гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан болно. Иймд миний бие дээрх байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна . 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Э нь мөнгөний яаралтай хэрэг байна надад мөнгө зээлээч гэсэн. Гэтэл миний бие барьцаа шаардахад С.Э нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулъя, тухайн 2 өрөө байрыг таны нэр дээр шилжүүлье, тэгээд зээлээ төлөөд буцаан авна хэмээн хэлж, тухайн байрыг миний нэр дээр шилжүүлэн 25 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тутам хоногт 0.5 хувь алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг зээлж авсан. Гэвч С.Э нь одоог хүртэл 25 000 000 төгрөгөө хүү, алдангийн хамт төлөхгүй хирнээ харин ч эсрэгээрээ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн хүчин төгөлдөр бусад тооцуулж байраа буцаан авна хэмээн шүүхэд өгсөн байна. С.Э нь 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах байтал намайг хууль мэдэхгүйг далимдуулан зориудаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан надаас зээл 25 000 000 төгрөгийг авсан. Иймд С.Эгаас үндсэн зээл 25 000 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Л.Г гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээг хийж маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед ямар нэгэн маргаангүй байсан. Тиймээс өөрийн худалдаж авсан орон сууцыг битүүмжлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талууд маргаанаа шийдвэрлэсэн тохиолдолд худалдаж авсан 35 000 000 төгрөгийг бусад зардлын хамт төлбөл байшинг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Гд холбогдуулан гаргасан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн 37тоот хаягт байршилтай, 41.52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.Гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагч нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг С.Эд төлсөн болохоо нотлоогүй, нөгөөтэйгүүр маргаж байгаа орон сууцыг Л.Г өөрийн эзэмшилдээ байлгаагүй, уг орон сууц нь зээлийн барьцаа байсан болохыг тодорхой хэлсэн. Мөн зээлийн гэрээний үүрэгт 37 500 000 төгрөгийг С.Эгаас нэхэмжлэхдээ хариуцагчаар Г.Улаанбаатарыг татаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гуравдагч этгээд М.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга нь өөрийн гар утаснаасаа С.Эгийн гар утас руу 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж байсан болох нь утсанд үзлэг хийх үеэр тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад гар утаснаас үзлэг хийх үед нэхэмжлэгч талаас ирсэн бүх зуравсуудад үзлэг хийлгүүлэх гэтэл зөвхөн 9,10,11 дүгээр талд нотлох баримтаар ирүүлсэн баримтын хэмжээнд үзлэг хийнэ гэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Маргаж байгаа орон сууцны үнийг “Итгэлт эстимэйт” ХХК үнэлгээний төв 64 488 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ баримтанд хариуцагч, гуравдагч этгээд маргаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн нэр дээр байгаа маргаж буй орон сууцыг битүүмжилж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчээр нэмж хүсэлт бичиж авахуулсан тухайн өдрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа зэргийг анхаарах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Гд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан 37 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч орон сууцыг 10 000 000 төгрөгөөр худалдах, хариуцагч Л.Г нь орон сууцны үнийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот хаягт байршилтай 41.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байна. /хэргийн 38,39 дүгээр тал/

 

Түүнчлэн, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохигчид болон хамтран зээлдэгч Т.У нарын хооронд 25 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээ байгуулагдсан өдрөө хариуцагчаас 24 960 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. / хэргийн 5,55 дугаар тал/ Улмаар хариуцагч нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр М.Ц-д шилжүүлсэн байна. /хэргийн 40,41 дүгээр тал/

 

Үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр М.Цийг оролцуулах хүсэлт гаргасныг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16314 дүгээр шүүгчийн захирамжаар хангажээ./хэргийн 78,79 дүгээр тал/

 

Одоо тус орон сууцанд нэхэмжлэгч амьдарч байгаа үйл баримтын талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээнүүд нь харилцан хамааралтай эсэх, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх үйл баримтын талаар талууд маргаж байхад, энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас эд хөрөнгө өмчлөх эрхээ сэргээлгэхтэй холбоотой байх бөгөөд тодорхой үйлдэл хийхийг даалгах агуулгатай нэхэмжлэгч гуравдагч этгээдээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдийг татан оролцуусныг шүүх хангасан байна. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж, хэргийн орологч нарын эрх зүйн байдлыг зөв тодорхойлох шаардлагатай байжээ. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг хэнд холбогдуулан гаргасныг мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд бүрэн тодруулж хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой. 

 

Шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцох шаардлага нь бие даасан шаардлага болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                   С.ЭНХТӨР