Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/781

 

           

 

 

    2023               8             01                                   2023/ДШМ/781

Д.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогч Ц.Уийн өмгөөлөгч Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/904 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Уийн өмгөөлөгч Э.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Нд холбогдох 2306000001971 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

***** овгийн Д.Н, **** оны * дугаар сарын **-ны өдөр ******** аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл *, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Д.Н нь **** оны * дугаар сарын **-ны өдрийн ** цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “************” худалдааны төвийн *** дугаартай лангууг ажиллуулж буй хохирогч Ц.Утэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний чих рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Уийн өмгөөлөгч Э.Нарангарав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Ц.У эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шалгахгүй, Д.Нг олохгүй байна, мэдүүлэг авч чадахгүй байна гэх зэргээр хэргийн явц удааширч, зүүн чих рүү цохисны улмаас нэг чих дүлий, байнгын хатгуулж шуугина, салхи авч болохгүй, тэнцвэрийн эрхтэн тул цаашид гарах үр дагавараас шалтгаалж өмгөөлөгчөөр Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Нарангарав /үнэмлэхний дугаар 1300/-аар эрх ашгаа хамгаалуулахаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Шүүх шинжилгээний ерөнхий газар, ЭМЖЖ эмнэлэг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү явсан тээврийн зардлыг нэхэмжилсэн атал тээврийн зардал болон өмгөөлөгчид өгсөн бодит хохирлыг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан. Хохирогчоос гаргасан хохирлын хэмжээ гэдэгт хохирогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирол байдаг ба Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж хуульчилжээ. Тээврийн болон өмгөөлөгчид төлсөн зардлыг хохирогч Ц.У өөрөө төлж барагдуулсан, бусдад зодуулж чихний хэнгэрэг цоороогүй бол дээрх зардлууд гарахгүй байсан ба өөрийн эзэмшилд байсан данснаасаа төлсөн байх тул хохиролд тооцох бүрэн боломжтой байхын сацуу шүүхээс дээрх зардлуудыг хэлэлцээгүй шалтгаанаа ирээдүйд чихний хэнгэрэг нөхөх хагалгааны зардал гарвал иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж дүгнэж тайлбарласан боловч энэ талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй, хагалгаанд орох эсэхээс үл хамаарч өнөөдрийн байдлаар гарсан бодит зардлыг хожим иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх, цаг хугацаа алдах ямар хуулийн шаардлага байгаа гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүгдэгчээс хохирогчид тээврийн 138.620 төгрөг, өмгөөллийн зардалд төлсөн 1.500.000 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцсон. Өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, тээврийн зардал 138.620 төгрөгийг нэхэмжилсэн асуудал нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудал байдаг. Шүүхээс нийт 256.400 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шийдвэрлэсэн. Бинзений зардлын тухайд хэрэгт авагдсан баримтыг харахад нэг цаг хугацаанд 138.620 төгрөгийн бинзен хийсэн байдаг. Мөн өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан бодит хохирлыг 256.400 төгрөг гэж үзэн шүүгдэгчээс гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй. Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн 886 дугаар лангууг ажиллуулж буй хохирогч Ц.Утэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний чих рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Уийн “...886 дугаар лангууны түрээслэгч Нараа гэх эмэгтэй лангууныхаа урдаас гараараа чичиж байгаад “п... минь өлөн өлөн гээд хүний юм хараад байгаарай” гэж намайг доромжлоод байсан. Тэгээд над дээр ирээд лангууны урдуур байсан нойлын цаас авч шидээд би зугтаагаад лангууны ар, урдуур ортол араас дагаж ирээд миний зүүн чих рүү 2 удаа гараараа хүчтэй цохьсон. ...” /хх 10/,

гэрч Ц.Оийн “...Нараа эгч уурлаад Урнаа эгчийн лангууны урдах нойлын цаасуудыг авч шидээд байсан. Тэгээд лангуу руу нь ороод түлхэх шиг болсон. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан бөгөөд Урнаа эгч зүүн чихээ дарчихсан зогсож байсан. ...” /хх 13/,

гэрч Б.Бын “...Нараа эгч уурлаад лангуун дээр нь очоод урдуур нь байсан нойлын цаас, бараануудыг нь авч шидээд байсан. Урнаа эгч шидсэн зүйлээс нь бултаад оногдохгүй байсан болохоор Нараа эгч Урнаа эгчийн араас орж, багц нойлын цаас аваад толгой хэсэг рүү нь цохьсон, мөн гараараа нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Тэгээд Урнаа эгч зүүн чихээ гараараа дараад доошоо суусан. ...” /хх 15/,

Д.Нгийн яллагдагчаар өгсөн “...би Уранчимэгтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5861 дугаартай “...Ц.Уийн биед зүүн хэнгэргэн хальсан цооролт, хөнгөн зэргийн сонсгол бууралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний сонсгол бууралт цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Ут хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Нгийн хохирогч Ц.Уийн чих рүү цохиж, гэмтэл учруулсан хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг нягтлан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирчээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав “...шүүгчдэгчээс тээврийн зардалд зарцуулсан 138.620 төгрөг, өмгөөллийн зардалд төлсөн 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тусгайлан зохицуулжээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг.

Энэ хэрэгт хохирогч Ц.У нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, өмгөөлөгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулж /хх 11/ хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд тусгайлан заасан буюу заавал өмгөөлөгч авахаар хуульд заасан нөхцөлд өмгөөлөгч авч, тухайн ажиллагаанд оролцуулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмгөөлөгчид төлсөн мөнгийг зардалд тооцохоор хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчид төлөх зардал нь уг зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу улсын төсвөөс дээрх үндэслэлээр санхүүжигдэх зардал тул хохирогч Ц.У, өмгөөлөгч Э.Нарангарав нарын хооронд хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэхүү зардалд хамруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

Дээр дурдсан зардлуудаас хохирогч нь “эм тарианы зардал болон тээвэр болон өмгөөлөгчийн зардал” /хх 74-75/, түүний өмгөөлөгч нь “эмчилгээний зардал, тээврийн зардал, өмгөөлөгчийн хөлс” зэргийг тус тус нэхэмжилснийг анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг нягтлан хянаж үзсэний үндсэн дээр тээврийн зардал, өмгөөллийн хөлснөөс бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин шүүх ийнхүү шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...шүүхийн шинжилгээний төлбөр болох 8.000 төгрөг, “ЭМЖЖ” эмнэлгийн үзлэгийн төлбөр 39.900 төгрөг, “Мед траума” эмнэлгийн томографт харуулсан төлбөр 140.000 төгрөг, “монос” эмийн сангийн эмний үнэ 67.672 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Нгаас гаргуулан хохирогч Ц.Ут олгож, тээврийн зардал болон өмгөөллийн хөлстэй холбоотой зардлуудыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн цаашид өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Д.Н бусдад төлөх төлбөргүй” гэж тусгаж, мөн хохирлыг гаргуулах талаар заагаагүй нь буруу болжээ.

Иймд өмгөөлөгч Э.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/904 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нгаас 255.572 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ут олгож, хохирогч Ц.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “..., бусдад төлөх төлбөргүй, ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Уийн өмгөөлөгч Э.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР