| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0899/3 |
| Дугаар | 2018/ШШ2024/0957 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШШ2024/0957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******,
Маргааны төрөл: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******гийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Б*******д холбогдох 063******* дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллгаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******д холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******гийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Б*******д 063******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.
2.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С******* 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Б*******д холбогдулан 3-******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 063******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Б*******г “1 ширхэг хөлдөөсөн тарюага худалдан бүорлуулах зорилгоор авсан явсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
3.Иргэн С.Б******* нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн 1009000******* тоот дансанд хохирол нөхөн төлбөрийн 820,000 төгрөг (найман зуун хорин мянган төгрөг)-ийг, мөн өдөр 1002000******* тоот дансанд торгуулийн 30,000 төгрөг (гучин мянган төгрөг)-ийг тус тус төлсөн байна.
4.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллгаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...эрх бүхий албан тушаалтан нь Экологийн цагдаагийн албанаас илрүүлж, шалгуулахаар шилжүүлсэн “...1 ширхэг хөлдөөсөн тарвага худалдан борлуулах зорилгоор авч явсан.” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр С.Б*******г Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 820,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн 000******* дугаартай материалыг шалгалтын явцад хянав.
Зөрчлийг шалгасан материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийг илрүүлсэн тухай 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл (1-р хуудас), С.Б*******гээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр холбогдогчоор авсан “Би энэ оны 9 дүгээр сарын 10-ны хавьцаа өөрийн нутаг болох Ховд Мөнххайрхан сум руу явсан намайг явахад манай хамаатан садангууд 5 ширхэг тарвага өгсөн. Тэгээд надад дагалдах бичиг бас өгсөн... 1 ширхэгээ зарах гэж байсан юм.” гэх мэдүүлэг (2-4-р хуудас), гэрч Э.Баясгалангийн өгсөн “...хүүхдээ авах гээд 37 дугаар сургууль руу явж байтал миний танил эмэгтэй тарваганы мах өгөөд хүн ирээд авна гэсэн. Тэгээд би бариад явж байсан юм. Надад бол ямар ч хамаагүй.” гэх мэдүүлэг (5-6-р хуудас), эрх бүхий албан тушаалтны эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7-8, 10-р хуудас), мэрэгч амьтны дуудлагад үйлчилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл (9, 11, 13-р хуудас), С.Б*******гээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр холбогдогчоор авсан “... нутгийн айлууд надад өгсөн юм... хот руу гэртээ авч ирсэн...зар тавьсан... цагдаагийн хүн байсан тэгээд тарвагыг хурааж авсан... хэзээ агнасанг бол би мэдэхгүй... нэг айл надад бичиг өгсөн...” гэх мэдүүлэг (19-21-р хуудас), 063******* дугаартай шийтгэлийн хуудас (24-р хуудас) зэрэг баримтуудаар:
С.Б******* нь 2024 оны 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдийн орчим Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрт хамаатан садны хүмүүсээс нь өгсөн гэх тарвагыг авч, Ховд аймгаас Улаанбаатар хотод авч ирэн, улмаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бусдад худалдан борлуулахаар авч явсан болох нь тогтоогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны едрийн 17/193 дугаартай тушаалаар монгол орны тарваганы тоо толгой, тарха нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаагаар хориглосон байсан бөгөөд энэ хугацаа нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад ““Агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг ойлгоно.” гэж,
Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.3 дахь заалтад “урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл” хугацаанд агнах, барихыг хориглосон ба уг 10 сарын хугацаанд тарвага агнах хориотой үе байх бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан “...амьтныг агнах хориотой үед...” хамаарч, амьтныг барьсан, агнасан болон тээвэрлэсэн үйлдлүүд байхаар,
харин жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үргэлжлэх 2 сарын хугацаанд тарвага агнахыг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ Амьтны тухай хууль болон холбогдох журамд зааснаар төлбөр, хураамжийг төлж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч, улмаар тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолттойгоор худалдах, худалдан авах талаар хуульд заасан ба энэ цаг хугацаанд:
агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан зөрчил болохоор,
харин гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зөрчил болохоор тус тус хуульд заажээ.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь тарвага агнахыг Амьтны тухай хуулиараа зөвшөөрсөн 2 сарын хугацаанд үйлдэгдсэн буюу “тээвэрлэсэн” үйлдлийг зөрчилд тооцож шийдвэрлэх ёсгүй байхад С.Б*******г “...1 ширхэг тарвага агнуурын бүс нутгаас бусад газар тээвэрлэсэн” гэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэсэн, мөн “Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх” гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******н 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №063******* дугаартай шийтгэлийн хуудсаар С.Б*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 820,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.
5. Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “...1/ Экологийн цагдаагийн албанаас 2024 оны 10 дугаар 02-ны өдрийн 14-******* дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлсэн 3-******* дугаартай ЧД-ийн 17 дугаар хороо Баянхайрхан 4-45 тоотод оршин суух С******* овогтой Б******* нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 103 дугаар цэцэрлэгийн орчимд 1 ширхэг хөлдөөсөн тарвага худалдан борлуулах зорилгоор авч явсан гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад холбогдогч С.Б******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ "....2024 оны 09 дүгээр сарын 13-н хавьцаа сайн санахгүй байна Ховдын Мөнххайрхан суманд нутагтаа оччихоод ирсэн. Тэгэхэд нутгийн айлууд надад өгсөн юмаа. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 16-н хавьцаа хотод хүний машинд дайгдаж хот орж ирсэн" гэх мэдүүлэг, "... Айлаас 5 тарвага авахын хувьд авсан. Гэхдээ ховд аймагтаа чанаад идчихсэн. 1 ширхэгийг нь хот руу гэртээ авч ирсэн. Тэгээд мөнгөний хэрэг гараад "Шорлог Хорхог боодог, дурлагсад" гэсэн фэйсбүүк зарын групп дээр 2024 оны 09 дүгээр сарын 31-ний орой дугаараа тавиад зар тавьсан..." гэх мэдүүлэг, тарвага хураан авсан тэмдэглэл зэргээр 2024 оны 09 сарын 10-16-ны өдрүүдийн орчим Ховд аймгаас Улаанбаатар хот руу 1 ширхэг тарвага тээвэрлэн орж ирсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу Агнуурын бүс нутгаас бусад газар амьтныг тээвэрлэсэн үндэслэлээр торгууль 300,000 төгрөг, нөхөн төлбөр 820,000 төгрөгийг тус тус ногдуулж холбогдогч С.Б******* нь торгуулийн 30,000 төгрөг, нөхөн төлбөрийн 820,000 төгрөгийг барагдуулсан байна.
2/ Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйл /Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа/-ийн 9.1.3."урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл" хугацаанд агнахыг хориглоно гэж заасны дагуу тарвага агнахыг зөвшөөрсөн хугацаанд тээвэрлэсэн байгаа хэдий ч тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. "Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна", 25.3. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно" гэж заасны дагуу холбогдогч С.Б*******д тухайн тарвагыг агнах эрхийн бичиг болон гарал үүслийн тодорхойлолт байгаагүй нь тухайн тарвагыг хууль бусаар агнасан гэж үзнэ. Мөн Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9. "агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг хэлнэ гэж заасны дагуу Ховд аймаг нь тухайн тарвагын агнуурын бүс нутаг газарт хамаарах ба Нийслэл Улаанбаатар хотод тээвэрлэн орж ирснийг Агнуурын бүс нутгаас бусад газар тээвэрлэсэн гэж үзэн мен хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. "тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно" гэж заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар /Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ холбогдогч С.Б*******д хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******гийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 063******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Б*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 820,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
2.Иргэн С.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Улаанбаатар хотруу 1 ширхэг тарвага хүний машинд дайгдаж оруулж ирсэн талаар эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэгт дурьджээ.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"тархац нутаг" гэж тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг”, 4.1.9-д “"агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг” хэлнэ гэж тус тус заажээ.
3.Дүгнэлт гаргагчаас “агнахыг зөвшөөрсөн хугацаанд тээвэрлэсэн, зөрчил мөн эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тогтоох ёстой” гэж, хариуцагчаас “тээвэрлэсэн нь зөрчил, тарваганы түүхий махыг хот, тосгонд оруулахыг хориглосон” гэж тус тус маргажээ.
Амьтны тухай хуулийн 11.1-д “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэжээ.
4.Дээрхээс дүгнэвэл иргэн, хуулийн этгээд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөгдсөн хугацаанд агнасан, бусдаас авсан эсэхээс үл хамаарч түүхий /тулам, шулсан, зээрчилсэн/ тарвагыг хот, тосгонд оруулах, нэвтрүүлэхийг хориглосон байх тул иргэн С.Б*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Улаанбаатар хотруу 1 ширхэг тарвага тээвэрлэсэн үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
5.Учир нь тархац нутаг, агнуурын бус нутагт Ховд аймгийн Мөнххайрхан сум хамаарах бөгөөд тухайн нутгаас гадагш, тэр дундаа хот, тосгонлуу түүхийгээр нь тарвага тээвэрлэхийг хуулиар тухайлан хориглосон тул уг үйлдлийг зөрчилд тооцсон нь үндэслэл бүхий байна.
6.Нөгөөтэйгүүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гээд 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасан бөгөөд иргэн С.Б******* нь Эклогийн цагдаагийн алба болон хариуцагчийн холбогдогчоос авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй байна.
7.Харин зөвшөөрлийн эрхийн бичигтэй, зөвшөөрөгдсөн хугацаанд тухайн хэдэн тарвагыг агнасан эсэхийг хариуцагч буюу Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С******* шалган тогтоох үүрэггүй бөгөөд зөрчил гаргагч нь бусдаас авсан, тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул тухайн үйлдэл нь хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцжээ.
Иймд дээрх үндэслэлээр дүгнэлт гаргагчийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 11.1.9-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С*******гийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Б*******д холбогдох 063******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ