Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт М.Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0098 303 50 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Д, 1994 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-100 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 05-85 тоотод оршин суух иргэн Д.Мэнд-Амарын гэрт нэвтрэн орж Самсунг загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийн хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэх оноож өгнө үү. Хохирол төлбөрт 400.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Д.Мэнд-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5 цагийн орчимд гэрээ түгжээд хөдөө Дундговь  аймаг руу яваад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэхэд хашааны жижиг хаалганы түгжээ  дутуу түгжигдсэн. Гэрийн хаалганы цоож зүгээр байхаар нь түлхүүрээ хийгээд онгойлгоод орсон чинь гэрийн хойморт байсан 42 инчийн самсунг маркийн зурагт байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Урд өмнө нь манай гэрт хулгай орж эд зүйл алга болж байгаагүй. 2016 оны 10 дугаар сард 550.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг. /хх7-12/,

Гэрч Э.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017.07.20-нд 1057 дугаартай падан дээр самсунг лед зурагт тавигдсан байна Тухайн үед би ажиллаагүй байсан. Өмнө ажиллаж байсан хүн мэдэж байгаа байх, би 2017 оны 8 дугаар сарын 15-наас ажиллаж байгаа. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр зарагдсан учраас одоо байхгүй...” гэх мэдүүлэг. /хх18-20/,

Гэрч М.Цэрэндондов мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг зурагтыг манай дүү Дондовдорж нь нэг согтуу хүн бариад явж байхад нь худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн үед зурагтыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батоникийн эцсийн буудал дээр байдаг ломбарданд 300.000 төгрөгрөөр тавьсан. Тухайн зурагт ломбарданд тавихаас өмнө 1-2 хоногийн өмнө Дондовдоржид байсан. Би зурагтыг Дондовдоржтой хамт яваад өөрийнхөө үнэмлэхээр тавьсан..” гэх мэдүүлэг. /хх-37/,

Яллагдагч М.Д мэдүүлэхдээ: “...Би тогтоолтой танилцлаа, Учруулсан хохирлоо барагдуулах болно, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх33-36/,

Хохирогч Д.Мэндбаярын мэдүүлэг /хх10-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-17/, гэрч Э.Ганбатын мэдүүлэг /хх18-20/, М.Цэрэндондовын мэдүүлэг /хх-37/, үнэлгээ /хх27-28/, яллагдагч М.Дондовдоржийн мэдүүлэг /хх33-36/,  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 05-85 тоотод оршин суух иргэн Д.Мэнд-Амарын гэрт нэвтрэн орж Самсунг загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийн хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Д хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Д нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. М.Д хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.Д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР