Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/780

 

           

 

 

    2023            8             01                                      2023/ДШМ/780

Р.Н, Ц.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч /хохирогч/ Р.Нын өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч /хохирогч/ Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Цийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Р.Н, Ц.Ц нарт холбогдох 2210017001476 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. *********** овгийн Раднаасэдийн Р.Н, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” их сургуулийн эрх зүйн ангийн * дугаар курсийн оюутан гэх, ам бүл *, ***** аймгийн ****** сум, * дүгээр баг, *******, ** дугаар гудамжны * тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, **** байрны **** тоотод оршин суух, /РД:**000000000/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар *** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ***** төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

2. ************* овгийн Ц.Ц, ***** оны *** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********************* их сургуулийн * дугаар курсийн оюутан гэх, ам бүл *, эмэг эхийн хамт ********** дүүргийн ** дүгээр хороо, Туул гол гудамж, ** дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул голын орчим явж байхдаа хохирогч Ц.Цтэй маргалдаж, улмаар нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Ц нь **** оны * дугаар сарын **-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ***** байрны ** тоотод хохирогч Р.Нтай маргалдаж, улмаар гарыг нь хазах, түлхэх зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Н, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Н, Ц.Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Нт 800 /найм зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Ц.Цт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Н, Ц.Ц нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Р.Наас 4.783.600 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Цт олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 4.246.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт Р.Н, Ц.Ц нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, зөрчилд ч холбогдож байгаагүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тус хэрэгт холбогдсон. Хохирогч Р.Н нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ижил төрлийн хэрэгт ижил үйлдлээр буюу У.Нандинсувдын нүүрийг 5 минут орчим маажиж хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт ял шийтгэгдсэн атлаа дахин миний нүүрийг маажиж хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд анхан шатны шүүхээс Р.Ныг 800 нэгжтэй, намайг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Миний хувьд бүтэн өнчин, тохиолдлын нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан биеэ хамгаалах зорилгоор хохирогчийг гэмтээсэн, сэтгэхүйн хувьд хоцрогдолтой, унаж татдаг өвчтэй, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, цаашид Солонгос улс руу эмчилгээнд явах төлөвлөгөөтэй байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл, оногдуулсан ялыг төлөх төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзэлгүй торгох ял ногдуулсан. Миний бие нь өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаагаа бүрэн илэрхийлж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон талаараа удаа дараа тайлбар мэдүүлэг өгч, хувийн байдлаа нотолсон баримтуудыг өгсөн байдаг. Гэтэл хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг 2 дахь удаагаа ижил арга хэлбэрээр үйлдсэн, өөрийн үйлдэлдээ гэмшиж засарсан гэх шинжгүй Р.Нтай бараг ижил ял оногдуулсанд /200,000 төгрөгийн зөрүүтэй торгох ял ногдуулсан/ гомдолтой байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хэрэгт авагдсан баримт, гэмт хэрэг гарсан нөхцөл зэргээс харгалзан үзвэл намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой. Цаашид гадаад улс руу эмчилгээнд явах визний ярилцлагад орох зэрэгт ял шийтгэгдсэн тодорхойлолт гарч ирэх нь нөлөөлөх боломжтой. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, биеэ хамгаалах явцдаа хохирогчид гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.Цт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Шүүгдэгч /хохирогч/ Ц.Цийн хувийн байдлыг харгалзаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа Ц.Ц нь группт орсон. Бүтэн өнчин, төлбөрийн чадваргүй, өвчнийг нь Монгол улсад эмчлэх боломжгүй гэдэг. Цаашдаа сүмийн чиглэлээр бүтэн өнчин хүүхдүүд Солонгос улс руу эмчилгээнд явах боломжтой байдаг юм билээ. Ц.Ц нь Анагаахын шинжлэх ухааны сургуульд сурч байгаа ч гэсэн нийгмийн халамж байдлаар тус сургуульд элсэж орсон. Сэтгэн бодох чадварын хувьд хоцрогдолтой. Хүнд юм ойлгуулах чадваргүй гэх дүгнэлт гарсан. Эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Р.Нын буруутай үйлдлээс шалтгаалж биеэ хамгаалах зорилгоор гарыг нь хазсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Р.Нын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Өмгөөлөгч С.Гангантөгс орон нутагт ажилтай явж байгаа тул би оролцож байна. Шийтгэх тогтоолыг харахад Р.Наас гаргуулах хохирлыг тооцохдоо 440.000 төгрөгийн зээлийн хүү гэсэн зүйлийг оруулаад тооцсон байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Ц.Цийн гаргаж байгаа давж заалдах гомдлын хувьд шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хугацаагаар удааширсан байдаг. Энэ нь Ц.Цээс шалтгаалж байсан гэж сонссон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаж байгаа нь эргэлзээтэй. Ц.Цийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх юм бол Р.Ныг ч мөн адил эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Цийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 төрлийн ял оногдуулахаар заасан. Уг 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, хамгийн бага хэмжээгээр оногдуулсан. Р.Нын биед ч ялгаагүй хөнгөн гэмтэл учирсан. Хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас хэн алиндаа хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул голын орчим явж байхдаа хохирогч Ц.Цтэй маргалдаж, улмаар нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **** байрны *** тоотод хохирогч Р.Нтай маргалдаж, улмаар гарыг нь хазах, түлхэх зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Цийн “...Намайг аятайхан яриач гэхээр нь би аятайхан ярьж байна, чамд ямар ч хамаагүй биз дээ гээд далангийн хажууд миний нүүрийг маажсан. ...Нинжин би чамайг энэнээс илүү аймаар болгож чадна ш дээ гээд Нинжээ хэлэхээр нь чи дандаа тэгдэг биз дээ, яасан муухай ааштай юм гэж хэлээд маргаан болоод би гарыг нь хазсан. ...” /хх 19/,

хохирогч Р.Нын “...Ядам хуруу, чигчий хуруу хазсан, үсдсэн, нэг удаа алгадсан, мөн далангаас буцаад алхаад явж байтал намайг түлхээд миний зүүн талын гуяыг шалбалчихсан. ...Би алгадуулчихаад нүүрэнд нь маажсан чинь Чулуунцэцэг бид хоёрыг салгаад Ц.Ц бид хоёр эвлэрсэн. ...” /хх 26/,

гэрч Б.Чийн “...Ц.Ц, Р.Н нар хоорондоо барьцалдаад авчихсан, Р.Н нь Ц.Цийн энгэрийг нэг гараараа барьчихсан, нөгөө гараараа нүүрийг нь самардаад байхаар нь очоод салцгаа гэж хэлээд болиулах гэтэл бие биенээ огт тавихгүй байсан. ...” /хх 32/,

Р.Нын яллагдагчаар өгсөн “...Ц.Ц ... гарнаас чанга атгаад байхаар нь уурлаад нэг удаа алгадсан, тэгтэл Ц.Ц намайг зөрүүлээд алгадхаар нь нүүрийг нь маажсан. ...” /хх 107/,

Ц.Цийн яллагдагчаар өгсөн “...Р.Н миний нүүрэн тус газарт алгадаж гарынхаа хумсаар маажсан учраас өөрийгөө хамгаалах зорилгоор хурууг нь хазсан. ...” /хх 115/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8967 дугаар “...Р.Нын биед зүүн сарвууны 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн сарвууны хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. ...” /хх 36/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8710 дугаар “...Ц.Цийн биед баруун, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 45/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Р.Н, Ц.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Р.Н, Ц.Ц нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Ц “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг тэнсэх, ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон байна.

Хавтас хэргийн 125 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ц.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, 53-69 дүгээр талд авагдсан эрүүл мэндийн талаарх баримтууд, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Р.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх 108, 218/ гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас түүнийг чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тусгайлан хуульчилжээ.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч цаашид гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг заагаагүй нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “3” дахь заалтыг “2” гэж дугаарлаж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөв.

Иймд, шүүгдэгч Ц.Цээс гаргасан “ялаас чөлөөлөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/391 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Нт 800 /найм зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Ц.Цт 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ц.Цийг чөлөөлсүгэй.” гэж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж дугаарласныг “3” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ц.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...,Ц.Ц нар...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР