Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02379

 

2020.12.18                                               МАГАДЛАЛ

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02261 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О-ын  хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх 2017 онд Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож, Чулуун овоо тооцооны төвийн захирлаар шилжүүлэн ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/538 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалаар намайг гурван үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Нэгдүгээрт, бусдаас шан харамж авсан байж болзошгүй, үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж дотоод хяналт шалгалтын тайланд бичсэн. Сахилгын шийтгэлд санал оруулахдаа бусдаас шан харамж авсан зүйлийг дурдаагүй байдаг. Х.Т гэх хүн Г.От 1 000 000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан бөгөөд Х.Аын хувьд надтай холбоотой ямар ч өргөдөлд бичээгүй.. Х.Т нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Т Бны хүмүүс өөрийг нь айлган сүрдүүлж 1 000 000 төгрөгийг надад өгсөн гэж бичүүлж авсан гэдгээ, мөн 2020 оны 02 дугаар сард Т Бны хяналт шалгалтын газрын дарга н.Батмөнхтэй уулзаад ийм буруу зүйл хийсэн гээд дэлгэрэнгүй хэлсэн. Хэрвээ бусдаас шан харамж авсан бол энэ үйлдлийг өнөөдөр цагдаагийн байгууллагаар шалгуулах байсан, гэтэл өнөөдрийг хүртэл шалгуулаагүй, өөрсдөө нотолсон мэт тайланд бичигдсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс бусдаас шан харамж авсан асуудал нотлогдсонгүй. Хоёрдугаарт, З.Зоригтбаатартай холбоотой зээлийн тухайд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол тооцооны төвийн зээлийн хорооны хурлын 19/68 тоот шийдвэрээр бичил бизнесийн зээл 30 000 000 төгрөг авсан. Ингээд 2019 оны 6 дугаар сараас хойш “Т Б” ХХК-д хэрэгжсэн зээлийн урамшуулалт аян явагдсан. Урамшуулалт аянтай холбогдуулан гүйцэтгэх захирлын тушаал гарч, зөвлөмж ирсэн. З.Зоригтбаатарын зээлийг судлахад З.Зоригтбаатар нь гэрлэлт бүртгэлгүй гэж гарсан. Иймээс бизнесийн зээлийг олгосон. Гуравдугаарт, зээлдэгч Г.Чимэдцэеэг хуурч мэхэлж байхыг мэдсээр байж талсан зогсоогоогүй, зээлийн өмнөх хяналтыг хийгээгүй гэж тайлбарлаг боловч. Г.Чимэдцэеэг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0249 тоот албан бичгээр Тэди төвийн 4 давхарт 9-10 дугаар лангууг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа гэсэн “Ньюком проперти” ХХК-ийн тодорхойлолт авагдсан. Үүнээс гадна Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гүйцэтгэх захирлын тушаал гарсан байдаг. Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/150 тоот тушаалаар бүх ажилчдыг амрааж, сул зогсолтын 5 хоног эдлүүлнэ гэсэн. Үүний дагуу миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал сул зогсолт эдэлж байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гарсан байдаг. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харилцааны менежер н.Ганбилэгт ажлаа хүлээлгэж өгөөд сул зогсолтоо эдэлж байсан. Иймд намайг урьд эрхэлж байсан Чулуун овоо тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Оын тушаалд хоёр үндэслэл бий. З.Зоригтбаатарт 30 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг олгохдоо Баруун хүрээ төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан Ч.Мөнхзаяагийн зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг аваагүй. Тухайн мэдээллийг аваагүйгээс гүйцэтгэх захирлын зээлийн хэмжээ тогтоосон тушаалыг зөрчсөн. З.Зоригтбаатар нь гэр бүлийн хүнтэйгээ нийлээд 84 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад үүнийг судлахгүйгээр зээлийн эрхийг хэтрүүлж өөрт олгогдоогүй үйлдлийг хэрэгжүүлсэн зөрчлийг гаргасан. Өөрөөр хэлбэл зээлийн үйл ажиллагааны журмын 10.5.1 дүгээр зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж “Т Б” ХХК-аас үзэж байгаа. Мөн 2018 оны 5 дугаар сард Г.Чимэдцэеэд 30 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Тухайн зээлийг түрээсийн үйл   ажиллагаа явуулдаг гэж авсан боловч үүнтэй танилцсан эсэх нь тогтоогдохгүй байгаа. Т Бны дотоод хяналт шалгалтын газрын тайлангаас үзвэл Х.А гэх хэрэглэгчийн ээж болох Х.Т нь Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г.От 1 000 000 төгрөгийн мөнгөн шан харамж төлсөн талаар өөрөө тайлбар бичиж өгсөн байдаг. Үүнийг үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Нэхэмжлэгч нь тооцооны төвийн захирал буюу зээлийн хорооноос шийдвэрлэн гарч буй зээлүүдэд гарын үсэг зурдаг бөгөөд үүнийг үндэслэн зээлийг шилжүүлдэг. Иймд ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оыг хариуцагч Т Б ХХК‑ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун-Овоо тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “Т Б” ХХК-аас 8,389,206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Т Б” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч “Т Б” ХХК-аас 149 177 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5-д заасны дагуу үүрэг хүлээсэн этгээд болно. Нэхэмжлэгч нь өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд зээлдэгч Х.Атай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Х.Аын Хаан банкны 5749628030 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5 198 500 төгрөгийг “Аймуратд налайх орон сууцны илүү төлбөр буцаав” гэсэн утгатай барилга барьсан “Ц  ома” ХХК-аас буцаасан зээлдэгч нь банкийг хууран мэхлэх замаар, өндөр үнээр байраа үнэлж байр худалдан авч, зөрүү төлбөрийг барилга барьсан компаниас буцаан авсан холбогдох дансны хуулгаар тогтоогддог. Тухайн зээлийг судалж, түүнд хяналт тавих эрх бүхий этгээд захирал Г.О нь зээлийг хангалттай хяналт тавьж ажиллаагүйгээс уг олгосон зээл нь зээлийн ангилал шилжсэн, зээл төлөгдөхгүй байх нөхцөл байдалтай байна. Тус зээлийг судалж, хяналт хэрэгжүүлснийхээ төлөө зээлдэгч Х.Аын ээж Х.Тоос 1 000 000 төгрөг авсан. Түүнчлэн Х.Т бичгээр мөнгө өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч Г.О нь Т Бтай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, албан тушаалыг эрхэлдэг бөгөөд “Баянгол” тооцооны төв, “Чулуун овоо” тооцооны төвд ажиллаж байх хугацаанд тусдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч нэг талд нь Т Б нөгөө талд нь Г.О байгаа харилцаа хэвээр үргэлжилж байсан болно. Г.Оын Баянгол тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа гаргасан зөрчил нь “Чулуун овоо” тооцооны төвд ажиллаж байх үед илэрсэн бөгөөд тэрээр Т Бны ажилтан хэвээр байгаа тул ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй болно. Т Бны Хөдөлмөрийн дотоод журмын 9.16, 9.17 дахь хэсэгт ажилтны шууд удирдлага 3 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгодог бол 4-30 хүртэл хоногийн хугацаатай цалинтай чөлөөг хүний нөөцийн газарт хүргүүлсэн зөвшөөрлийн хуудас бүхий хүсэлтийг Хүний нөөцийн газрын захирал зөвшөөрсөн тохиолдолд Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулдаг. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хүсэлтээр түүнд чөлөө олгож болдог бол сул зогсолт гэдэг нь ажил олгогчийн төлбөрийн чадваргүй болсноос бусад асуудлаар ажилтан өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгодог. Тус хэргийн тухайд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулсан 5 хоногийн цалинтай чөлөө аваагүй харин 5 хоног, үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговортой сул зогсолт хийсэн. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хууль болон Т Бны хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтын дагуу чөлөө аваагүй байхад Анхан шатны шүүхээс хариуцагч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасныг дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардсаныг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалсан гэж хариуцагч маргажээ./хэргийн 1, 15 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Г.О нь 2017 онд Баянгол дүүргийн салбарын харьяа Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1665 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвийн захирлаар томилогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /1 хэргийн 107 дугаар тал /

            Ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/538 дугаартай тушаалаар Г.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.4, 7.4.7, 7.4.35, 7.4.41 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1 хэргийн 2 дугаар тал/

            Тодруулбал, дээрх тушаалд Г.О нь Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа зээлдэгч Х.Аад орон сууцны зээл олгож, зээлдэгч болон түүний ээж Х.Т нараас 1 000 000 төгрөгийг авсан нь Т Бны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2, 6 дахь зүйл, заалтыг зөрчсөн, зээлдэгч Г.Чимэдцэеэд зээл олгохдоо хуурамч баримт материал бүрдүүлсэн байхад зээлийн үйл ажиллагааны журмын 15.3 дахь заалтыг мөрдлөг болгон зээлийн хорооны хурлаас өмнө зээлийн материалд хяналт тавьж, зөрчлийг илрүүлж, таслан зогсоогоогүй, зээлдэгч З.Зоригтбаатарт зээл олгохдоо шууд удирдлагын зүгээс хяналт хэрэгжүүлээгүй, зээл судлах эрх хэмжээг хэтрүүлж зээлийн гэрээ байгуулсан, холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлээгүй нь Зээлийн үйл ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг зөрчиж, хэрэгжүүлж ажиллаагүй нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлүүдийг заажээ.

 

Уг үндэслэлүүд хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Учир нь ажилтныг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд гаргасан үйлдэл, зөрчил баримтаар нотлогдсон байх шаардлагатай. Хариуцагчаас Г.Оыг Х.Аад орон сууцны зээл олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсгэж, 1 000 000 төгрөгийг зээлдэгч болон түүний ээж Х.Таас авсан гэж тайлбарлаж байгаа боловч Х.Толхан нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ нөхцөл байдлыг няцаасан байна. Ажил олгогчийн итгэл алдах эд хөрөнгийн шинжтэй нөхцөл байдал үүссэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй. /2 хэргийн 71-92 дугаар тал/

 

Түүнчлэн, Баянгол тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайланд Г.Оыг шан харамж авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах саналыг тусгасан байх боловч уг асуудлаар эрх бүхий байгууллагад хандаагүй байна. /1 хэргийн 64-80 дугаар тал/

 

Мөн Г.Чимэдцэеэд зээл олгохдоо зээлдүүлэгч хуурамч баримт, материал бүрдүүлсэн байхад зээлийн материалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчаас тайлбарлаж байх боловч “хуурамч бичиг баримтад үндэслэн зээл өгсөн” гэх нөхцөл байдлыг Г.О үйлдсэн, Г.От хамааралтай шууд зөрчил мөн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, зээлдэгч Г.Чимэдцэеэ нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байхад зээлийн материалд хяналт тавиагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. /1 хэргийн 105 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгчээс зээлдэгч З.Зоригтбаатарт зээл олгохдоо шууд удирдлагын зүгээс хяналт хэрэгжүүлээгүй, зээл судлах эрх хэмжээг хэтрүүлж зээлийн гэрээ байгуулсан гэж хариуцагчаас тайлбарлах боловч зээлдэгч З.Зоригтбаатар, Ч.Мөнхзаяа нар нь гэр бүлийн гишүүд эсхүл өөр хоорондоо хамаарал бүхий этгээд биш болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн тэдгээр нь хамтран зээлдэгч биш байх ба нэхэмжлэгчийг ззэл олгохдоо зээл судлах эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. /1 хэргийн 103 дүгээр тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх 5 хоногийн хугацаанд сул зогсолтод  хамрагдсан болох нь харилцааны менежер Ө.Ганбилэгтэй ажил хүлээлцсэн акт болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба сул зогсолтод өөрийн хүсэл зоригоор бус ажил олгогчийн санаачилгаар хамрагдсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв. /1 хэргийн 132 дугаар тал/

 

            Иймд “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/538 дугаар Г.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 177 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ............................  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                          С.ЭНХТӨР