| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00377/И |
| Дугаар | 197/ШШ2025/00418 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00418
2025 01 27 197/ШШ2025/00418
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******, Витафит Юу Би ХХК-ийг төлөөж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжаргалын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,, холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.223.935 /нэг сая хоёр зуун хориг гурван мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Витафит Юу Би ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжаргалаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэйгөөр бараа худалдан авч, 9 хүсэл хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан.
2024 оны 08 сарын 22-ны өдөр авсан барааны тооцоог нийлэхэд 2.266.250 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба үүнээс хойш 1.042.315 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.223.935 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Манай байгууллагын зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулахыг тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүрдээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл 1.223.935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ж.Сүхрагчаа нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
...Витафит Юу Би ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.223.935 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. 1.223.935 төгрөгийг 2025 оны 2-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 3-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 4-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 5-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 6-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 7-р сарын 17-ны өдөр 203.985 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн эрх бүхий этгээдээс шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, харилцагчийн зээлийн хүсэлт, Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа баримт болон хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК-ийг төлөөлж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжаргал нь хариуцагч 9 Хүсэл хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг гэх Ж.Сүхрагчаад холбогдуулан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.223.935 /нэг сая хоёр зуун хориг гурван мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ж.Сүхрагчаа нь нэхэмжлэлийн шаардлага 1.223.935 төгрөгийг 2025 оны 2-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 3-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 4-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 5-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 6-р сарын 17-ны өдөр 203.990 төгрөг, 7-р сарын 17-ны өдөр 203.985 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Сүхрагчаагаас Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.223.935 /нэг сая хоёр зуун хориг гурван мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулахыг хүссэн Витафит Юу Би ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Сүхрагчаагаас 16.962 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.925 төгрөгийн тал хувь болох 16.962 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Витафит Юу Би ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Сүхрагчаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД