Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00815

 

 

 

 

 

 

2025 02 07 197/ШШ2025/00815

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Ба******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* хороолол ******* тоот хаягт оршин суух, П******* Х******* /РД:УХ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ба******* дүүрэг, 18 дугаар хороо, дугаар хороолол, Бөхийн өргөөний зүүн урд байрлах, Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

 

9,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

П.Х******* миний бие М.Цэцэн-Эрдэний эх, хууль ёсны төлөөлөгч юм. Би охин М.Цэцэн-Эрдэнийг нэгдүгээр ангид ороход нь ах М.Мэнд-Амарын 9 жил сурсан сургуульд оруулсан юм. Ингэхдээ бэлтгэл бүлгийн төлбөрт 1 500 000 төгрөг, нэгдүгээр ангийн сургалтын төлбөрт 9 500 000 төгрөгийн төлбөр төлсөн болно. Хүүгийнхээ ч төлбөр бас бүтэн төлсөн юм. Гэтэл манайх гэнэт гэр бүлээрээ Австрали улсад амьдрах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн юм. Энэ талаараа мэдэж байсан бол би 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүтэн жилээр нь төлөхгүй байсан болно. Энэ бол гэнэт гарцаагүй үүссэн нөхцөл байдал юм.

 

Ингээд миний бие ЕБС-д хандаж хүүхдүүдийнхээ төлбөрийг сурсан хугацааг нь хасаад буцаан олгох хүсэлт тавихад манай том хүүгийн төлбөрийн буцаан олголтыг хийсэн боловч нэгдүгээр ангийн охин М.Цэцэн-Эрдэнийн төлбөрийг буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний бие удаа дараа хүсэлт гаргасан боловч гэрээ боло нсургуулийн журмаар нэгдүгээр ангийн хүүхдийн төлбөр буцаахгүй.

 

Би энэ сургуульд 9 жил хүүгээ сургахдаа нэг ч удаа сургалтын төлбөр төлөх хугацааг хэтрүүлж байгаагүй, төлбөр төлөх үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн эцэг, эхийн төлөөлөл юм. Гэнэтийн нөхцөл байдал үүсч, тухайн сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй байсан тул гэрээгээ цуцалж, төлбөр буцаахыг хүссэн. Би ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр ийм үйлдэл хийгээгүй байхад гэрээний заалт, сургуулийн дотоод журам гэх зэрэг үндэслэл муутай тайлбар өгөв.

 

Аваагүй үйлчилгээний төлбөрийг би хуулийн дагуу буцаан авах ёстой гэж бодож байна. Энэ бол зах зээлийн энгийн хууль, ******* Улсын иргэний хуулийн зохицуулалттай. Талуудын хооронд байгуулж байгаа аливаа гэрээний нөхцөл болон байгууллагын дотоод журам хуульд нийцэх ёстой. Гэтэл хариуцагч тал хууль зөрчиж, луйварчин, дээрэмчин шиг хандлага гаргаж байгаад олон жил үйлчилгээ авсан хүний хувьд туйлын гомдолтой байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

 

Иймээс миний охин М.Цэцэн-Эрдэний сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 7,552,000 төгрөг, мөн тус сургуулийн хууль, дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бидэнд хууль зүйн үйлчилгээ авах гарцаагүй шаардлага гарч, нэмэлт төлбөр, хохирол 1,500,000 төгрөг боллоо. Иймээс эдгээр хохирол, төлбөрийг хуулийн этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдэж, хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 

П.Х*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг миний бие Ерөнхий боловсролын сургуулиас сургалтын төлбөр буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Учир нь Ерөнхий боловсролын сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн юм Иймээс шүүх хуралдаан зарлах шаардлагагүй гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг миний бие итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Х******* нь хариуцагч Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан, 9,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ерөнхий боловсролын сургууль нь 9,052,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч П.Х******* нь хариуцагч Ерөнхий боловсролын сургуулиас 9,052,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 9,052,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 159,782 төгрөгийн тал хувь болох 79,891 төгрөгийг хариуцагч Ерөнхий боловсролын сургууль, тал хувь болох 79,891 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Х*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,782 төгрөгөөс үлдэх 79,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. П.Х*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ерөнхий боловсролын сургуульд холбогдох, 9,052,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 79,891 төгрөг, улсын орлогоос 79,891 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Х*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,782 төгрөгөөс үлдэх 79,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР