Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/808

 

 

 

 

      2023           8            10                                           2023/ДШМ/808

 

Б.Яд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,  

хохирогч С.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Оийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Яд холбогдох 2306000000255 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Я, 1967 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжны 434 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:ЦД67021802/;

            Б.Я нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод байх гэртээ С.Оийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар С.Оийн биед халдаж, газар унагаж, толгой дээр нь дэвсэж, өшиглөж, “тархины баруун зулайн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зүүн нүдний зовхи, баруун шуу, зүүн ташаа, хоёр шагайн үений зөөлөн эдэд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Яд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Я нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Я нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.О нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг гэмт хэргийн улмаас тархины хагалгаанд орж толгойныхоо талыг нь авахуулсан. Миний бие байнга эмчийн хяналтад байдаг бөгөөд хүүхдүүдийнхээ асаргаанд байдаг. Урьд нь тогооч, гагнуурчны ажлаа хийгээд сард 850.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Анхан шатны 4 удаагийн шүүх хуралдаан болсон бөгөөд миний хохирлыг барагдуулаагүй тул эрүүл мэндийн болон ажил орлогогүй болсон хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

            Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хохирогчийн хувьд хууль эрх зүйн мэдлэггүй, тусламж аваагүйгээс үүдэлтэйгээр давж заалдах журмаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч нь шүүгдэгчээс 779.000 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэн хохирол төлүүлэх 5 хоногийн завсарлага өгч, шүүгдэгч тухайн хохирлыг нөхөн төлсөн. Тиймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Хохирогч нь өөрийн ярьж байгаа асуудлаар баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Я нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоот гэртээ С.Оийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар С.Оийн биед халдаж, газар унагаж, толгой дээр нь дэвсэж, өшиглөж, “тархины баруун зулайн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зүүн нүдний зовхи, баруун шуу, зүүн ташаа, хоёр шагайн үений зөөлөн эдэд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Оийн “...Янжмаа намайг очиход л халамцуу байсан. Тэр архинаас 2 хундага уусан. ...Маргааш нь Янжмааг ажилтай, дээрээс нь хэд хоног ажлаа тасалчихсан байсан болохоор нь чи нэмж уугаад хэрэггүй байх гээд би хундагалсан байсан архийг уусан. Тэгсэн чинь Янжмаа босож ирээд намайг хөлөөрөө цээж рүү жийж унагаад дээрээс дэвсээд байсныг санаж байна. Өөр яаж цохиж зодсоныг заримыг нь санахгүй байгаа юм. Тэгээд намайг зодож байхдаа цагдаа дуудна гэж яриад байсан. Би зодуулж байгаад яаж боссон гэдгээ санахгүй байна, байж байгаад цагдаа нар ирчихсэн намайг машиндаа суулгаад хэлтэс дээр очсон. Хэлтэс дээр очоод харсан чинь миний зүүн талын нүд хавдаад тагларчихсан байсан. ...Манай хүү Эрдэнэбат манайд ирэхэд би ухаангүй байсан тул түргэн дуудсан байсан. ...” /хх 7-9/,

гэрч Э.Нармандахын “...Алтанбагана ахын гэрт ирэх үед Янжмаа эгч тэдний гэрт байсан. ...Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй ойролцоогоор 18 цагийн орчим Алтанбагана ахын гэрт такси барьж ирсэн, ...Янжмаа эгч, Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй хоёр архи ууж байхдаа хоорондоо урьд өмнө нь болсон жоохон хүүхдүүдийнхээ зодоон, цохионы асуудлыг ярьж байгаад маргалдаж, хэрэлдэж байснаа гэнэт л Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй Янжмаа эгчийг сандал дээр сууж байхад нь өөдөөс нь хараад суучихсан үнсье гэж хэлсэн. Тэгсэн Янжмаа эгч Оюун-Эрдэнэ рүү дөхөөд тонгойтол өнөөх Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй Янжмаа эгчийг үсдээд толгойг нь доош нь дарчихсан. Тэгсэн Янжмаа эгч зөрүүлээд Оюун-Эрдэнийг үсдэж, тэр хоёр барилцаад авахаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгсэн дахиад л хоёулаа хэрэлдэж маргалдаад Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй гэр орны хамаг эд зүйлсийг өшиглөж, эвдсэн чинь Янжмаа эгч уурлаж, Оюун-Эрдэнийг үсдэж газар унагаад түүний толгой дээрээс нь хөлөөрөө дэвсэлж, толгой, нуруу, цээж рүү нь өшиглөж байхаар нь би Янжмаа эгчийг Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйгээс холдуулж салгасан. Тэгтэл Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй босож ирээд гэрээр дүүрэн ундаа цацаад асгачихсан. Тэгээд л Янжмаа эгч цагдаа дуудаж, хоёр цагдаа ирээд Оюун-Эрдэнийг аваад явсан. Тухайн үед Оюун-Эрдэнийн зүүн нүдний орчим хавдсан харагдаж байсан. ...” /хх 12-14/,

гэрч Ц.Эрдэнэбатын “...Ээж ... гэртээ байхад нь түүний нутгийн, багаасаа мэддэг танил найз болох Янжмаа гэж дууддаг эмэгтэй манай ээжийг гэртээ дуудсан байсан. ...Орой ... манай ээжийн 99562748 гэсэн дугаараас залгасан ба гар утсаа авсан чинь манай ээж биш, харин эрэгтэй хүн “цагдаагийн байгууллагаас залгаж байна, танай ээж Оюунгэрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн бусдад зодуулсан байдалтай байна, та хүрээд ирэх үү” гэхэд нь би 30 минутын дотор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна ирсэн чинь манай ээж, ороод 1 давхрын үүдэнд уйлчихсан, согтуу, зүүн талын нүд, шанаа, дух, хацар хэсэг их хэмжээний хөхөрсөн, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай байсан. ...Мөн манай ээж надад, намайг миний найз Янжмаа авгай зодчихлоо, намайг зодох үед түүний эрэгтэй дүү нь гэрт хамт байсан. Тэгээд гэрт нь байхад би Янжмаа авгайтай маргаад сууж байсан чинь Янжмаа миний нүүр рүү цохиод би газар унасан чинь нүүр, толгой тархи, шанаа, цээж рүү олон удаа дээрээс өшиглөсөн, миний зүүн шанаа руу хүчтэй цохисон гээд ярьж байсан. ...” /хх 16-20/,

шинжээч эмч Ц.Бадралын “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба энэ нь ихэвчлэн гэмтлийн шалтгаант үүсэх нь 70-80 хувьтай байдаг. Хатуу хальсан доорх цусан хураа нь хагарсан судасны хэмжээ, байрлал, нас зэргээс хамаарч тархи дарагдах хүртэл тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн харилцан адилгүй байна. Тархи дарагдах хүртэл хугацааг анагаах ухаанд саруул үе гэж нэрлэдэг. Энэ нь 1-3 долоо хоног хүртэл хугацаанд байх боломжтой. Дээрх хугацаа хүртэл өвчтөнд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огиулах зэрэг шинж тэмдгүүд, ухаан алдах, ухаан балартах, комын байдал илэрдэг. ...” /хх 42-43/,

Б.Ягийн яллагдагчаар өгсөн “...Архиа хундаганд хийгээд Оюунгэрэлд өгсөн чинь “би хундаганд уухгүй” гээд талсттай 100 граммын стаканаар уусан. Би болохоор хундаганы талаар уусан. ...Тэгээд авсан архиа ууж дуусгаагүй хамаг ундаа, архиа асгаад байсан. Тэгээд байж байснаа “юм хэлье” гэхээр нь би орон дээр сууж байгаад доошоо тонгойгоод толгойгоо ойртуулсан чинь миний үснээс хоёр гараараа зулгаагаад доош нь дараад дугтраад байхаар нь арай гэж салсан. Би ямар ч байсан тохойгоороо түлхсэн. Тэгэхэд миний тохойнд нэг цохигдох шиг болсон. Яг хаана цохисныг бол мэдэхгүй. Тэгээд Оюунгэрэл унаж тусаад босож чадахгүй байгаад байсан. ...” /хх 66/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Оийн биед үүссэн гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн 1017 дугаартай /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Ягийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн 889 дугаартай /хх 33-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Тархины дээрх гэмтэл авсан үед 15-16 хоногт биеийн ерөнхий байдал тогтвортой, ухаан санаа сарвуу, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ...” гэсэн шинжээчийн 478 дугаартай /хх 108-112/ дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 42-43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Ягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ягийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Яд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул хохирогч С.Оийн “хохирол төлбөрийг барагдуулах” талаар бичсэн гомдолд хэрэгт энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хохирогч С.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ