Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00070

 

 

 

 

 

 

2025 01 09 307/ШШ2025/00070

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/01857/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй

Хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийнээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1967 онд төрсөн, Ерөнхий боловсролын дунд сургуулиа 1983 онд төгсөөд Барилгын Техник мэргэжлийн сургуульд суралцаж өрлөгчний мэргэжил эзэмшсэн. Би Дархан хотоос цэргийн албанд 1986 оны 07 сарын 06-ны өдөр татагдаж, Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид хуваарилагдан 2 жилийн хугацаагаар цэргийн жинхэнэ алба хааж 1988 оны 08 сарын 03-ны өдөр халагдаж байсан. Иймд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 ангид 1986 оны 07 сарын 06-ны өдрөөс 1988 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан хугацааг тогтоож өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан **** регистрийн дугаартай ******* *******ийн ДА-1 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 06 сарын 06-ын өдрийн 08/1799 дугаартай тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын27-ны өдрийн 135/ШЗ2024/07101 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 17/1060 дугаартай албан бичгээр М.*******ийн маягт ХААТР-1 баримт, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 12 сарын 06-ын өдрийн 90 дугаартай тодорхойлолт, Монгол Улсын Батлан хамгаалах төв архивын 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 563 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 сарын 06-ын өдрийн 08/650 дугаартай тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч М.*******ын гаргасан цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч М.******* нь Хилийн цэргийн 0119 ангид 1986 оны 07 сарын 06-ны өдрөөс 1988 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч М.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Шүүхээс хүсэлтийн үндэслэлтэй холбоотойгоор архивын лавлагааг гаргуулахаар шүүгчийн захирамжийг хүргүүлсэн бөгөөд Батлан хамгаалахын төв архив, Хилийн цэргийн тусгай архив, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас тус тус ирүүлсэн албан бичгээр 0119 дүгээр ангийн 1986-1988 оны татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг шилжүүлэн ирүүлээгүй үндэслэлээр лавлагаа гаргах боломжгүй хариу ирүүлжээ.

Хэрэгт авагдсан ДА-1 дугаартай, *** регистрийн дугаартай *******ын *******ийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн 3 дугаарт хуудаст Цэргийн албанд татагдсан байдалд 1986 оны 07 сарын 06-ны өдөр Цэргийн жинхэнэ албанд татаж 0119 дүгээр ангид хуваарилав. гэх бөгөөд тус үнэмлэхийн 5 дугаар хуудаст Цэргийн тангаргийг 119 ангид 1986 оны 08 сарын 10-ны өдөр өргөв. Цэргийн жинхэнэ албанаас хугацаа дууссан учир 1988 оны 08 сарын 03-ны өдөр бэлтгэлээр халав. Тушаал №435 ЦМД71*626 0119 ангийн захирагч Баатар гэх гарын үсэг зурсан цэргийн үүрэгтний үнэмлэх болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр М.*******ийг Хилийн цэргийн 0119 ангид 1986 оны 07 сарын 06-ны өдрөөс 1988 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас цэргийн алба хаасан талаар цэргийн үүрэгтний үнэмлэхийг олгож, зохих тэмдэглэгээ хийгдсэн байгаа нь түүнийг цэргийн алба хаасан байдлыг нотолж байна гэж дүгнэлээ.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *** регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* Хилийн цэргийн 0119 ангид 1986 оны 07 сарын 06-ны өдрөөс 1988 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ