| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00380/И |
| Дугаар | 307/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 307/ШШ2025/00073
2025 01 09 307/ШШ2025/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00380и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 30 дугаар хороолол, 3 дугаар байрны 33 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох,
"Ажилчдын цалин хөлс, кран ашиглуулсны төлбөр, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ нийт 52,220,882 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******жаргал,
Хариуцагчийн төлөөлөгч С.*******-*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажилчдын цалин хөлс, кран ашиглуулсны төлбөр, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ нийт 52,220,882 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...******* мөнх ******* ******* ХХК-тай санхүүгийн харилцаанд ороод авах ёстой мөнгө нь 232,834,262 төгрөг байгаа. Хариуцагч компани нийт 180,613,380 төгрөгийг төлсөн байгаа. Авлага нь барилгын материал, ажилчдын цалин хөлс 8,173,250 төгрөг, кран ашиглуулсны төлбөр 5,911,895 төгрөг, блокны үнэ, зам талбай ажлын гүйцэтгэл 29,000,000 төгрөг болж байна. Бараа материалын нийлүүлсэн үнийн дүнгийн үлдэгдэл нь орж ирээгүй. Бид хоёр найз нөхөрлөлийн хүрээнд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 400 тонн улаан буудайн агуулах барихаар 2023 оны 07 дугаар сараас гэрээ хийгдэж, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захиалагчаар, Копиа Монгол төв нь санхүүжүүлэгчээр энэ барилгын ажил эхэлсэн. Манай компанийн зүгээс энэ барилгын ажилд материал нийлүүлэх, хүн хүчээр хангах, санхүүжилт нь орж ирэхээс өмнө санхүүжилтийг хийсэн буюу ******* мөнх ******* ******* ХХК-ийн өмнөөс харилцагч, гүйцэтгэгч бригад, бараа материал худалдан авах газарт худалдан авалт хийсэн. Хятад руу бараа материалын үнийн судалгаа хийхэд 4,000,000 төгрөгөөр явсан. Техник хэрэгслийн түлш, арматурын худалдан авалт, туслах материалууд, багаж, барилгын суурин ажил дээр ажиллах экска түрээс, гэрээний урьдчилгаа, лего блок, холестрол блок, даацын ялуу нийлүүлсэн гэх мэт нийт 232,834,262 төгрөгийн авлагатай болсон. Үүнээс ******* ******* ******* ******* ХХК манайхтай хамтарч туслан гүйцэтгэгчээр барилгын ажлуудыг хийж байсан. Үүний үнийн дүн 14,943,780 төгрөгийг төлсөн гээд авлагаасаа суутгасан. Тус барилгын материалыг татан авахад 5,753,600 төгрөг, 42,710,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн захирал Г.Зоригтбаатарын дансанд шилжүүлсэн. Мөн 89,000,091 төгрөгийг миний хувийн дансаар шилжүүлсэн. Бетон 18,115,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн, зам талбай ажлын гүйцэтгэл 10,000,000 төгрөгийг Ургамал газар тариалангийн хүрээлэнд бэлнээр өгсөн. Ингээд тооцохоор 180,613,380 төгрөгийг төлсөн гэж тооцоод нийт авах ёстой авлагаасаа хасаад үлдэгдэл нь 52,220,882 төгрөгийг нэхэмжилж байна. Ажлын хөлс болон кранистын мөнгөн дүнг эднийхээс хүлээн зөвшөөрөөгүй гэдэг байр суурьтай орсон. Энд хүн хүч хөдөлмөр, техникийн ашиглалтын маш их зардлууд гарч байгаа. Эндээс зөвхөн блокын тооцоо оруулсан болохоос биш ачаа бараа буулгасан, бараа материал тээвэрлэсэн гээд маш их ажлууд байгаа эдгээрийг огтоосоо оруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 50 сая төгрөг болгоё... гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******жаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 2,800,000 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгаж 50,000,000 төгрөгийг гаргуулах саналыг дэмжиж байна. Энэ хоёр тал бие биедээ итгэлцээд хамтарч очоод барилгын материалын үнэ, бензин тос гээд зардлуудыг шударга төлсөн нь харагдаж байна. Талууд итгэлцлийн үндсэн дээр явж байсан боловч маргаад одоо нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдэхээс өөр гарцгүй болж байна. Манай зүгээс шаардлагатай нотлох баримт гаргаж өгсөн. Харин хариуцагч талаас эс зөвшөөрч байгаа боловч үүнийгээ нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох 50 сая төгрөг, нэмээд шинжээчийн зардлаа 2,800,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэв.
3. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...******* ******* ХХК-иас блок нийлүүлэх талаар амаар ярилцаж тохирсон. Үүнд блок бетон 342 ширхэг, нэг бүрийн үнэ 165,000 төгрөг нийт 56,430 төгрөг, блок холестрол блок 31.825 ширхэг, нэг бүрийн үнэ 165,000 төгрөг, нийт 52,511,250 төгрөг, даацын ялуу 3 ширхэг, нэг бүрийн үнэ 99,000 төгрөг нийт 297,000 төгрөг, шалны цутгалтын тор 10 ширхэг нэг бүрийн үнэ 22,000 төгрөг, нийт 220,000 төгрөг, полистрол блок 4,2 м.куб нэгж бүрийн үнэ 275,000 төгрөг, нийт үнэ 1,145,000 төгрөг, нийт 110,603,250 төгрөг манай компани төлөхөөр тохиролцохдоо блок, барилгын материалд хүргэлт, угсралтын зардлыг оруулан тооцсон юм.
Манай компани ******* ******* ХХК-нд 180,613,262 төгрөг шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэлд бичсэн байсан. Дээрх тохиролцоогоор манай компани нь 110,603,250 төгрөг өгөх ёстой. Үүнд дээр нэмээд санхүүжүүлэгч талаас үтрэмийн гадна талбайн ажилд зориулж олгосон 37,400,000 төгрөг өгөх ёстой буюу нийт 148,003,250 төгрөг өгөх ёстой байтал 180,613,232 төгрөг өгсөн байх бөгөөд 32,609,982 төгрөг илүү төлсөн байна. Манай компани нь Ургамал газар тариалангийн хүрээлэн, Копиа Монгол төвтэй гурвалсан гэрээ хийж, 400 тонны хэмжээтэй агуулахыг барих ажлыг авсан юм. Энэ ажлыг аваад гүйцэтгэх явцад ******* ******* ХХК нь лего блок, бетонон блок зэргийг нийлүүлэхээр аман байдлаар тохиролцсон байдаг. Эхний хөрөнгө оруулалтыг хийсэн гэж ярьж байна. Хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэхээс илүү ажлаа хурдан хугацаанд явуулах, аль аль нь ажлаа ашигтай хийх шаардлага байсан учраас хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнө урьдчилан зээлсэн. Манай зүгээс ******* ******* ХХК-д төлөх ёстой төлбөр 100 хувь төлсөн гэж үздэг. Нийт 180,613,380 төгрөгөөр худалдан авах ажиллагаа хийсэн. Энэ мөнгийг манайх бүрэн гүйцэт төлж барагдуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага багасгасан ч би анхнаасаа энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байсан. Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага нь ажилчдын цалин хөлс, кран ашиглуулсан төлбөр, бараа материалын үнийг нэхэмжилсэн. Нотлох баримт шинжлэн судалсан. Мөн 159,012 долларыг нотолж чадахгүй байна. Ийм учраас 50,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
5. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 420,000 төгрөгийг төлсөн баримт, 2023 оны 07 сарын 28-ны өдрийн №23/011 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 5-11/, ******* гаджест ХХК-ийн ******* ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай /1-р хх-ийн 12/, Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдах 400 тн үрийн агуулахын барилгын ажлын төсөв /1-р хх-ийн 13-49/, Стандарт Стийл ХХК-ийн харилцагчийн гүйлгээ /1-р хх-ийн 50-13/, зарлагын баримт, нэхэмжлэх /1-р хх-ийн 54-66/, 2023 оны 09 сарын 20-ны өдрийн №09/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 67-69/, Зарлагын баримт /2-р хх-ийн 6-8/, Ганбаатар Зоригтбаатарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 9/, ******* гаджест ХХК-ийн ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 10-12/, Найдандоржийн *******ы ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 13-23/, Ажил гүйцэтгэх гэрээ 2-р хх-ийн 24-27/, *******батын Батсайханы ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 28/, фото гэрэл зураг /2-р хх-ийн 32/, 2019 оны 07 сарын 31-нйи өдрийн 256 дугаартай Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал, хавсралт /2-р хх-ийн 33-34/, Хятад бичигтэй баримт 2-р хх-ийн 37, 38/, 2023 оны 09 сарын 09-ний өдрийн 0728138 дугаартай баримтыг орчуулгын баримт /2-р хх-ийн 35/, Хятад бичигтэй баримтын зураг, 2-р хх-ийн 36, 37/, Хатуу төмөр ХХК-ийн зарлагын баримт /2-р хх-ийн 38, 39/, 5068373922 дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 40/, 2,265,900 төгрөгийн Төлбөрийн баримт /2-р хх-ийн 41/, 2,986,200 төгрөгийн төлбөрийн баримт /2-р хх-ийн 42/, 2023 оны 07 сарын 16-ны өдрийн 23/09 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, фото гэрэл зураг /2-р хх-ийн 43-46/, 2023 оны 05 сарын 10-ны өдөр №23/001 дугаартай Ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ /2-р хх-ийн50-53/, 2023 оны 05 сарын 25-ын өдрийн №23/002 дугаартай Ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ /2-р хх-ийн 59-65/, Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдах 400 тн үрийн буудай агуулахын барилгын ажлын төсөв /2-р хх-ийн 66-78/, 2023 оны 09 сарын 20-ын өдрийн №09/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /2-р хх-ийн 83-84/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч талаас 2023 оны №23/011 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 84-88/ зэрэг баримтыг нотлох баримтыг ирүүлсэн байна.
6. Шүүхээс Пийк ом аудит ХХК-ийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн №24-163 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /1-р хх-105-108, 109-121, 122-193/ зэрэг баримтыг зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 52,220,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тус компанийн захирал Н.******* гэж гарын үсэг зурж ирүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг тодруулахад тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр гүйцэтгэх захирал Г.Зоригтбаатар гэж бүртгэгдсэн байгаа бөгөөд компанийн үүсгэн байгуулагчдын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 01 дүгээр шийдвэр, компанийн дүрмээр Н.******* 50,27 хувийн, Г.Зоригтбаатар 49,73 хувийн хувьцаа эзэмшихээр тогтоосон, компанийн дүрмийн 6.4-т: хувьцаа эзэмшигчдийн дотроос хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан хамгийн их хувийг эзэмшигч нь компанийн удирдах зөвлөлийн дарга буюу захирал байна гэж заасны дагуу Н.******* нь өөрийгөө ерөнхий захирал тул шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхтэй гэж тайлбарладаг.
Мөн хэрэгт 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 24/012 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.******* оролцох эрхтэй болохыг тодорхойлж, компанийн үүсгэн байгуулагчдын 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 06 дугаартай хурлын шийдвэрээр Н.*******ыг захирал албан тушаалтай, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй болохыг мөн тодорхойлж, хувьцаа эзэмшигч Н.*******, Г.Зоригтбаатар нар гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 207-217 дугаар хуудас/
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг Н.******* төлөөлөн оролцох бүрэн эрхтэй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч нь 52,220,882 төгрөг гаргуулах гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ ... ******* ******* ******* ******* ХХК-ийн барилгын ажил хийж гүйцэтгэхэд манай компаниас нийлүүлсэн барилгын материалын үнэ, барилга угсралтын ажилд кран ашигласны төлбөр, ажилчдын ажлын хөлс болон бусад зардалд нийт 232,834,262 төгрөгийн зардал гаргасан бөгөөд үүнээс хариуцагч компани 180,613,380 төгрөгийг буцаан төлсөн тул төлөгдөөгүй үлдэгдэл 52,220,882 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй... гэж тодорхойлсон байна.
4.Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан бөгөөд энэхүү татгалзлын үндэслэлээ: ... манай компани нь Ургамал газар тариалангийн хүрээлэн, Копио Монгол төвтэй хамтран 3 талт гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Хонгор суманд 400 тн багтаамжтай улаан буудайн үрийн агуулах барихаар тохирч ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ гэрээнд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ямар ч хамааралгүй. Харин манай компани агуулах барих лего блокыг захирал Н.*******тай амаар тохирсны дагуу худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгчийн тайлбараар манай компани нийт 180,613,380 төгрөг төлсөн байна. Өөрөөр хэлбэл манай компани авсан бараа материалаасаа илүү төлбөр тооцоо хийсэн байгаа тул 52,220,882 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэж тайлбарладаг болно.
5. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилчдын цалин хөлс, кран ашиглуулсны төлбөр, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ нийт 52,220,882 төгрөг гэсэн байх бөгөөд шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагыг тодруулсан боловч ажилчдын цалин, кран ашиглуулсны төлбөр, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ гэж тус тусад нь тодорхойлох боломжгүй, харин нийт нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээ, зарцуулсан зардлыг 232,834,262 гэж тооцоод түүнээс буцаан төлсөн 180,613,380 төгрөгийг хасаж үлдэх дүн нь 52,220,882 төгрөг гэж шаардлагаа тодорхойлж байна.
6. Хэрэгт 2023 оны №23/011 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ авагдсан бөгөөд тус гэрээг нэг талаас ажил гүйцэтгэгчээр ******* ******* ******* ******* ХХК, нөгөө талаас захиалагчаар Ургамал газар тариалангийн хүрээлэн, санхүүжүүлэгчээр Бүгд найрамдах Солонгос улсад төвтэй КОПИА Монгол төв ТББ-ууд байгуулсан бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 багийн нутаг дэвсгэрт баригдах 19х30 м хэмжээтэй, 400 тн багтаамжтай улаан буудайн үрийн агуулахын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, гэрээний нийт үнийн дүн 549,389,372 төгрөг байхаар тохирчээ. Мэргэжлийн төсөвчнөөр 2023 оны 07 сарын 24-ний өдөр барилгын ажлын төсөв гаргуулсан байна. /1-р хх-ийн 84-88 дугаар хуудас, 2-р хх-ийн 70-82 дугаар хуудас/
Мөн хэрэгт авагдсан 2023 оны 09 сарын 20-ны өдрийн №09/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр нэг талаас захиалагчаар Ургамал газар тариалангийн хүрээлэн, нөгөө талаас ажил гүйцэтгэгчээр ******* ******* ХХК оролцож, үтрэмийн 780 м.кв талбайн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх, ажлын үйлчилгээний нийт төлбөр 31,664,921 төгрөг байхаар тохирчээ. /2-р хх-ийн 83-84 дугаар хуудас/
Талууд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч хуулийн этгээдүүд барилга угсралтын ажлуудыг хамтарч хийж ирсэн бөгөөд ******* ******* ******* ******* ХХК-ийн үрийн агуулах барих ажилд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангах, блок нийлүүлэхээр амаар тохирсон гэж тайлбарлаж, өмнө нь хамтран ажилладаг байсан байдлаа нотлохоор тус компаниудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 сарын 10-ны өдрийн №23/001, 2023 оны 05 сарын 25-ны өдрийн №23/002 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус ирүүлсэн боловч эдгээр гэрээний дагуу шаардлага гаргаагүй. /2-р хх-ийн 54-69 дүгээр хуудас/
Мөн нэхэмжлэгч талаас 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 26/2023 дугаартай Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах үтрэмийн бетон талбайн ажлын төсөв, /төсөвт өртгийн дүн 68,980,000 төгрөг, хавсралт №17А/, 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 26/2023 дугаартай Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах үтрэмийн бетон талбайн ажлын төсөв /төсөвт өртгийн дүн 37,400,000 төгрөг, хавсралт №17А/ гэсэн төсвүүдийг ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байна. /1-р хх-ийн 26-42 дугаар хуудас/
Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлбөр тооцооны жагсаалтыг өөрөө гаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд түүндээ нэхэмжлэх, зарлагын баримтуудыг хавсаргаж ирүүлжээ. /1-р хх-ийн 43-66 дугаар хуудас/
Тус баримтуудыг шүүх хуралдаан дээр талуудаас тодруулахад хариуцагч тал өөрийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримтуудад бичигдсэн үнийн дүнгээр тухайн үеийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрдөг болно.
Тухайлбал: Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2023 оны 09 сарын 25-ны өдрийн зарлагын баримтаар 56,430,000 төгрөгийн үнэ бүхий бетон блок худалдан авсан, 2023 оны 12 сарын 07-ны өдрийн зарлагын баримтаар нийт 52,511,125 төгрөгийн үнэ бүхий полистрол блок худалдан авсан, 2023 оны 12 сарын 24-ний өдрийн нэхэмжлэхээр нийт 216,600 төгрөгийн тоног төхөөрөмжийн үнэ, 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 297,000 төгрөгийн үнэ бүхий даацын ялуу авсан, 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 220,000 төгрөгийн үнэ бүхий шалны цутгалтын тор авсан, 2023 оны 12 сарын 04-ний өдрийн нийт 1,145,833 төгрөгийн үнэ бүхий полистрол блок авсан, 2023 оны 12 сарын 24-ний өдрийн нэхэмжлэхээр 2,200,000 төгрөгийн өрлөгийн туслах ажилтны хөлс төлсөн, 2023 оны 12 сарын 24-ний өдрийн нэхэмжлэхээр 400,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн, 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 500,000 төгрөгийн нэхэмжлэхээр шат угсралтын гагнуурын хөлс төлсөн буюу нийт ******* ******* ******* ******* ХХК нь дээрх баримтаар нийт 113,920,558 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхөөр өр үүссэн байна.
Хариуцагч нь бусад баримтуудад бичигдсэн дүнг зөвшөөрөхгүй, тухайн баримтад гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн Н.*******ы Хаан банкны 5050106580 дугаартай, дансны хуулгаар нийт 36,748,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байна. /2-р хх-ийн 16-26 дугаар хуудас/
Талуудын маргаагүй үнийн дүн, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нийт 150,668,558 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 2023 оны 09 сарын 20-ны өдрийн №09/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу манай ******* ******* ХХК нь гэрээнд заасан үрийн агуулахын гадна талбайн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү гэрээний нийт үнийн дүн нь 20,000 ам.доллар байсан, санхүүжүүлэгч Копиа Монгол төв ТББ нь үндсэн гэрээ байгуулсан байгууллагатай харьцана гэсэн тул манай компани зөвшөөрсний үндсэн дээр 20,000 ам.долларыг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлсэн. Үүнийг тус компани манай компанид шилжүүлэх ёстой бөгөөд 11,000 доллар буюу 37,400,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2,500,000 төгрөгөөр 8 удаагийн гүйлгээгээр Н.******* миний дансанд шилжүүлсэн, мөн манай компанийн нэрийн өмнөөс Ургамал газар тариалангийн хүрээлэнд өгөх ёстой 10,000,000 төгрөгийг бэлнээр тус байгууллагад шилжүүлсэн буюу нийт 30,000,000 төгрөгийг өгсөн. Үүний зөрүү 7,400,000 төгрөг, мөн манай гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 9,000 доллар буюу 31,580,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй тул үүнийг шаардаж байгаа гэж тайлбарласан болно.
Хариуцагчийн төлөөлөгчөөс энэ талаас тодруулахад ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 37,400,000 төгрөг манай дансанд орж ирсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгч талын тайлбарт дурдсанаар 20,000,000 төгрөг дансаар, 10,000,000 төгрөгийг Ургамал газар тариалангийн хүрээлэнд шилжүүлэн өгсөн. Үлдэх 7,400,000 төгрөгийг тооцооны зөрүүнд суутгасан. 20,000 доллар орж ирээгүй тул 9,000 доллар буюу 31,580,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж татгалзаж тайлбарлаж байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 936 мкв талбайн ... зэрэг ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан зардал, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 71,291,451 төгрөг байна. ...БНСУ-д төвтэй Копиа Монгол төвөөс үтрэмийн талбайг өргөтгөх ажилд 20,000 ам долларыг илгээсэн тухайгаа Ургамал газар тариалангийн хүрээлэнд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай албан бичгийг ирүүлснийг хавсаргалаа гэжээ.
Мөн дүгнэлтэд БНСУ-д төвтэй Копиа Монгол төвөөс санхүүжилт ирэхээс өмнө Ургамал газар тариалангийн хүрээлэн, ******* ******* ХХК-ийн хооронд үтрэмийн 780 мкв талбайн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж 2 удаагийн гүйлгээгээр нийт 31,664,921 төгрөгийн санхүүжилт авсан болохыг дурдсан байна. /1-р хх-ийн 104-108 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлтэд дурдаж, хавсаргаж ирүүлсэн БНСУ-д төвтэй Копиа Монгол төвийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн албан бичигт үтрэмийн талбайг өргөтгөхөд 20,000 долларын санхүүжилт илгээсэн нь үнэн болно гэж тодорхойлсон боловч энэхүү 20,000 доллар бүхэлдээ хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн дансанд шилжин орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагад хамаарч буй 20,000 доллароос 9,000 доллар буюу 31,580,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
8. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд блок худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэхэд зориулж шаардлагатай зардлыг буцаан төлөх нөхцөлөөр нэхэмжлэгчээс авч байсан зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 180,613,380 төгрөгийг буцаан авсан гэж, хариуцагч нь мөн энэ төлбөр тооцоог хийсэн гэж тус тус тайлбарладаг бөгөөд талууд энэхүү үнийн дүн дээр маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь нийт 232,834,262 төгрөгийн төлбөр тооцоотой гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нийт 158,068,558 төгрөг /санхүүгийн баримтаар 113,920,558 төгрөг+Хаан банкны дансны хуулгаар 36,748,000 төгрөг+үтрэмийн талбайн засварын зардлаас шилжүүлээгүй зөрүү 7,400,000 төгрөг/-ийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч 180,613,380 төгрөгийг буцаан төлсөн талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна гэж үзэхээр байна.
Иймд ******* ******* ХХК-ийн үлдэгдэл төлбөр 52,220,882 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 420,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 52,220,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ