Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00108

 

 

 

2025 01 20 307/ШШ2025/00108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хэргийн индекс:135/2024/02047/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ***** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө багт байрлах ******* банк ХК,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1***** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* нарт тус тус холбогдох,

"Зээлийн гэрээнүүдээс зээлдэгч нэрээ хасуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******,

Хариуцагч: Н.*******

Хариуцагч: ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* банк ХК, Н.******* нарт холбогдуулан Ипотекийн болон цалингийн зээлийн гэрээнүүдийн хамтран зээлдэгчээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь 2020 онд ******* овогтой *******тэй танилцаж, Дархан-Уул аймагт хамт амьдрахаар ирсэн. Тухайн жилдээ ******* нь орон сууц худалдан авах гээд түүний урьдчилгаанд өгөх мөнгийг олохын тулд цалингийн зээл авах шаардлага үүсэж тэрхүү зээлд нь намайг зээлийн хамтрагчаар ороод өгөөч гэж гуйхад нь би зөвшөөрч цалингийн зээлийн хамтрагчаар орсон. Үүний дараагаар нь орон сууцны ипотекийн зээлд хамтран зээлдэгчээр орохыг гуйхад нь би мөн адил зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Хэдийгээр бид хамтран амьдарч байсан хэдий ч бид хоёрын дундаас төрсөн хүүхэдгүй, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Жил гаруйн хугацаанд хамтран амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас 2023 оноос эхлэн хамт амьдрахаа больсон. Ингээд бид огт холбоогүй тусдаа амьдарч эхлээд байж байтал өмнө нь хамтран зээлдэгчээр орсон учраас *******гийн цалингийн зээл болон байрны зээлээ төлөөгүй тохиолдолд миний данснаас *******гийн зээлийг автоматаар татаж авдаг бөгөөд түүнчлэн одоо би өөрийн гэсэн тусдаа амьдралтай, гэр бүлтэй болсон тул өөрт түүнчлэн одоо би өөрийн гэсэн тусдаа амьдралтай, гэр бүлтэй болсон тул өөрт хэрэгцээт зээл авахад миний дансны мэдээллийн санд өр, орлогын харьцаа таарахгүй байна гэдэг асуудлууд үүсч байна.

Энэ талаар Хаан банкны зээлийн эдийн засагчтай уулзаж учир байдлаа тайлбарлан, хамтран зээлдэгчээс нэрээ хасуулах хүсэлтээ илэрхийлэхэд таныг анхнаасаа хамтран зээлдэгчээр оруулсан нь буруу байна. Таны оронд өөр хүн хамтран зээлдэгчээр орох бөгөөд миний бие Н.*******гээс хамтран зээлдэгчээ солихыг шаардсан. Гэвч Н.******* нь надад хамран зээлдэгч болж өгөх хүн олдохгүй байна гэсэн шалтгаанаар одоог хүртэл хамран зээлдэгчийн нэрээс намайг хасуулахгүй байна. Иймд миний бие ******* овогтой *******гийн цалингийн зээл болон байрны ипотекийн зээлийн хамтран зээлдэгчээс өөрийнхөө нэрийг хасуулахаар нэхэмжлэл гаргасан... гэв.

2. Хариуцагч ******* банк ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Н.*******, Б.******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 56,895,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар ипотекийн зээлийн гэрээг байгуулж, жилийн 6 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай авсан байдаг. Одоо үлдэгдэл нь 53,219,000 төгрөг байна. Мөн цалингийн зээл 2020 оны 12 дугаар сард гэрээ байгуулж, 10 сая төгрөгийн зээл авч байсан. Энэ зээлийн үлдэгдэл 1,300,000 төгрөг байхад нь нэмж 53 сая төгрөгийн зээл авахдаа хамтран зээлдэгчээр Б.******* мөн гарын үсэг зурсан. Энэхүү цалингийн зээл хэвийн төлөөд явж байгаа. Одоо 12 сая төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасны дагуу үүрэг дуусгавар болох үндэслэл бий болоогүй байна. Мөн Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие ******* овогтой ******* нь *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох № дугаартай ипотекийн зээлийн гэрээ, **** дугаартай зээлийн гэрээ, № дугаартай барьцааны гэрээнүүдээс Б.*******ын нэрийг хасуулахыг зөвшөөрч байна. Б.*******ыг оролцуулахгүйгээр өөрийн зээлийг цаг тухайд нь бүрэн төлж байсан цаашид ганцаараа зээлээ төлөхөд өр орлогын харьцаа бүрэн хангаж байгааг харгалзан үзэж дээрх зээлийн гэрээнүүдээс Б.*******ын нэрийг хасаж өгнө үү... гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 08 сарын 24-ний өдрийн №ЗГ/202146543412 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, 2021 оны 08 сарын 24-ний өдрийн №БГҮ/202146543412 дугаартай барьцааны гэрээ, 2023 оны 08 сарын 25-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 08 сарын 25-ын өдрийн №БГХ202352614438 дугаартай барьцааны гэрээ зэрэг нотлох баримтууд ирүүлсэн байна.

5. Хариуцагч Н.*******гээс ******* банкны дугаартай дансны хуулга, дугаартай дансны хуулга зэргийг ирүүлсэн байна.

6. Шүүхээс тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 307/ШЗ2025/00332 дугаартай захирамжаар ******* банк ХК-аас 2021 оны 08 сарын 24-ний өдрийн №ЗГ/202146543412 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, 2021 оны 08 сарын 24-ний өдрийн №БГҮ/202146543412 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 12 сарын 30-ны өдрийн №ЗГ/202045893163 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 12 сарын 30-ны өдрийн №БГХ202045893163 дугаартай барьцааны гэрээ, 2023 оны 08 сарын 25-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 08 сарын 25-ын өдрийн №БГХ202352614438 дугаартай барьцааны гэрээ зэрэг баримтуудыг зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******ын ипотекийн болон цалингийн зээлийн гэрээнүүдээс өөрийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч Н.*******тэй хамтран амьдрах хугацаандаа түүний хүсэлтээр ипотекийн болон цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Одоо бид тусдаа амьдарч байгаа, энэ зээл надад хамааралгүй тул тус гэрээнүүдийн хамтран зээлдэгчээс хасуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Н.******* Б.*******ын ярьж байгаа үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би энэ зээлийг өөрөө төлөөд явах боломжтой гэж тайлбарладаг болно.

4. Хамтран хариуцагч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлаа зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, ийм үндэслэл үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

5. Хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/202146543412 дугаартай Ипотекийн зээлийн гэрээгээр нэг талаас ******* банк ХХК, нөгөө талаас зээлэгчээр Н.*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.******* нар тохиролцон, амины орон сууц худалдан авах зориулалтаар 56,895,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж авахаар гэрээг талууд байгуулжээ.

Мөн хэрэгт 2020 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ/202045893163 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус авагдсан бөгөөд тус гэрээгээр 10,000,000 төгрөгийг цалин барьцаалан зээлж авсан, 2023 оны 08 сарын 25-ны өдөр тус зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,348,287.31 төгрөгийн үлдэгдэл дээр 23,500,000 төгрөгийг нэмж, нийт 24,848,278.31 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар, цалингийн орлогыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байна.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээнүүдээр зээлдэгч болох Н.*******, Б.******* нарын зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т: Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т: Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд байгуулсан гэрээг талууд өөрсдөө дуусгавар болгох, үүргээс чөлөөлөх талаар тохиролцоогүй байхад шүүх үүрэг гүйцэтгэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хамтран хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлээ би өөрөө төлөх тул нэхэмжлэгч Б.*******ыг гэрээний үүрэг гүйцэтгэгчээс хасах боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний нөгөө тал болох зээлдүүлэгч банк үүнийг зөвшөөрөөгүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй, үүрэг дуусгавар болох үндэслэл бий болоогүй байх тул энэхүү тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

7. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Н.*******, ******* банк ХК-д холбогдуулан гаргасан зээлийн болон барьцааны гэрээнүүдийн зээлдэгчээс хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ