Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/02

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Байгалмаа

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Улсын яллагч: Н.Батмөнх

Шүүдэгчийн өмгөөлөгч Н.Болд

Хохирогч Л.Д

     Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Г-д холбогдох 1727000000032 дугаартай, 146/2017/0084/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овогт Д.Г.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг Шивээтийн 06 тоотод байх гэртээ төрсөн ах Д.Н-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.Н нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө ажлаасаа бууж ирээд 1 шил архи уусан. Д.Цэрэнбат ахынд сууж байхад ах орж ирсэн. Тэгээд бид хоёр гэртээ орсон. Ах надад хоол хийж үлдээсэнгүй гээд бид хоёр маргалдсан.  Би ажил руугаа явлаа гээд гарах гэхэд ах намайг хаачих гээд байгаан гээд араас тохойноос барьсан. Би гарынхаа тохойгоор дугтарсан. Тэгтэл ах орны толгой мөргөөд унасан би ахаа зүгээр үү гэхэд ах сонин болсон байсан.  Тэгээд би гэрээс гарч н.Үржээ эгчийг дуудсан. Дараа нь цагдаа нар ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Гэрч Х.Ү-ын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой манай нөхөр Т.Цэрэнбат, нөхрийн төрсөн ах Д.Н, төрсөн дүү Д.Г, манай 4 хүүхэд бид нар манай гэрт байсан юм. Тухайн үед манай нөхөр ажлаасаа хоолоо идэх гээд гэртэй ирчихсэн байсан юм. Манай нөхөр 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хоолоо идчихээд ажилруугаа явсан. Манайх нөхрийн дүү Д.Г-тай нэг хашаанд байдаг юм. Д.Г-ын ах Д.Н ах, хадам ээж, тэр гурав хамт амьдардаг юм. Манай нөхрийг ажил руугаа явсны дараахан 21 цагийн орчим манай гэрээс Д.Н ах, төрсөн дүү Д.Г-тайгаа хамт гэрлүүгээ орж унтъя гээд гарсан. Түүний дараа удалгүй 10 орчим минут болсны дараа Д.Г намайг дуудаад Х.Үржээ эгчээ Д.Намнаа ах сонин болчихлоо гээд гэрийнхээ гадаа орилсон. Би гэрээс гарсан чинь Д.Г гэрлүүгээ орчихсон байсан. Араас нь орсон чинь Д.Н ах гэрийн баруун талд орны толгойны тэнд дээшээ хараад хэвтчихсэн, толгойн зүүн талаас нь цус гарсан байдалтай сонин амьсгалаад байж байсан. Тэр үед Д.Г, Д.Н ахын хажууд өвдөглөөд суучихсан Намнаа ахаа гэж орилоод хувцаснаас нь татаад байсан. Би тэр үед Намнаа ахыг сонин амьсгалаад эвгүй болчихсон байхаар нь цээжин дээр нь хоёр гараараа 2-3 удаа дараад болохгүй болохоор нь Д.Г-ыг чи яачихсан юм бэ гээд асуусан чинь Д.Г би ажил руугаа явлаа гээд гэрээс гарах гэсэн чинь Намнаа ах хаачих гэж байгаа юм гээд миний дээлний хамцуйнаас татсан. Тэгэхээр нь би гараа хойш нь тохойгоороо нударсан чинь Намнаа ах орны толгой мөргөж унаад ийм юм болчихлоо гэсэн. Тэгээд би нөхөрлүүгээ яриад болсон асуудлын талаар хэлсэн. Манай нөхөр удалгүй ажлаасаа ирээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлэг тухайн үед машин байхгүй байна гэхээр нь манай нөхөр машин олоод бид тэр машинаар нь 22 цагийн орчимд эмнэлэг орж эмч авчирсан. Эмч ирээд Д.Н ахыг үзээд энэ хүн нэмэргүй болчихсон байна гэж хэлсэн.. Д.Г надад хэлэхдээ би өдөр шөл хийж идсэн юм. Тэгсэн Намнаа ах надад хоол тавихгүй яасан юм гэсэн гэж хэлсэн. Би бодохдоо тэр хоёрыг хоолноос болж маргалдсан юм болов уу гэж бодсон...” гэжээ.  /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэрч Т.Ц-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилтай байсан юм. Орой 20 цаг өнгөрч байхад гэртээ хоол идэх гээд очиход миний төрсөн дүү Д.Г, миний эхнэр Х.Үржинханд, 4 хүүхэд маань байсан. Би гэртээ хоолоо идээд байж байхад миний төрсөн ах Д.Н гаднаас жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд гэрт сууж байгаад буцаад гараад явсан. Би манай хашаанд байдаг гэрлүүгээ орсон байх гэж бодсон. Манай дүү Д.Г-ынх манайхтай нэг хашаанд байдаг юм. Д.Н ах тэднийд амьдардаг. Ээж маань бас хамт амьдардаг бөгөөд тухайн үед хөдөө явчихсан байсан. Би хоолоо идчихээд 21 цаг дөхүүлээд ажил руугаа  явсан. Ажил дээрээ очоод 40 орчим минут болж байхад манай эхнэр Х.Үржинхад надруу гар утсаар залгаад Д.Н ах сонин болчихлоо хүрээд ир гэсэн. Би ажлаа түгжчихээд гэртээ яваад очсон чинь Д.Н ах Д.Г-ын гэрт баруун талын орон дээр ямар ч ухаангүй, толгойны зүүн талаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед манай эхнэр, Д.Г хоёр хоёулаа Д.Г-ын гэрт байсан. Тэр хоёроос юу болсон талаар асуухад дүү Д.Г надад хэлэхдээ Д.Н ах орны толгой мөргөөд унасан гэж хэлсэн. Би Д.Г-аас чи цохичихсон юм уу гэж асуухад Д.Г би цохиогүй намайг гарах гэсэн чинь Д.Н ах дээлний хамцуйнаас бариад авсан. Тэгэхээр нь би тохойгоо нударсан чинь тохойгоороо ахыг оноод, ах унаад толгойгоороо орны толгой мөргөөд тийм асуудал болсон гэж надад хэлсэн. Дараа нь эмнэлэгт дуудлага өгч, эмч ирж үзээд нас барсан байна гэсэн. Би тухайн үед Д.Н ахыг амьсгаатай байсан үгүйг нь анзаараагүй. Ямар ч байсан ухаангүй байсан...Тэр хоёр манай гэрээс гарч гэртээ ороод удаагүй Д.Г, Д.Н ах сонин болчихлоо гээд манай эхнэрийг дуудсан гэсэн. Тэгээд Д.Н ахыг орны толгой мөргөөд газар унахаар нь тэд нар орон дээр өргөж тавьсан гэж хэлсэн...” гэжээ.  /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч Н.Б-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг эмнэлэг дээр жижүүртэй байхад орой 21 цагаас 22 цагийн орчим Хужирт сумын 4 дүгээр баг 06 тоотод гэр дотор хүн ор мөргөж ойчоод ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Д.Н гэдэг хүн гэр дотор орон дээр хэвтэж байсан. Тухайн үед ерөнхий биеийн гадна үзлэг хийхэд толгойн зүүн чихний дээд хэсэгт шархтай, хуйхнаас цус гарсан байдалтай байсан. Ил харагдах шарх, сорви, толгойноос өөр хэсэгт байгаагүй. Мөн хүнтэй зодоон цохион хийж хүнд зодуулсан байдал ажиглагдаагүй. Тухайн хүний гүрээний судасны лугшалтыг тэмтэрч үзэхэд лугшилт байхгүй амьсгал зогсож нас барсан байсан. Тэр үед гэрийнхэн хүмүүс гээд нилээн хэдэн хүн байсан. Талийгаачийг гэртээ зүгээр байж байгаад ойчихдоо орны толгой мөргөж унаад ийм асуудал болсон гэж хэлсэн. ...” /хх-ийн 47-49 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 117 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Д.Н-ийн биед зүүн чамархайн ар хэсэгт шарх, зүүн чих, санчиг, зүүн хацар, доод эрүү, хүзүү хоолой, баруун гарын сарвуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийн зүүн чамархайн ар хэсэгт үүссэн шарх гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байх боломжтой байна. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ.  /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг “...Талийгаач нь зүүн чамархайн ар хэсэгтэй үүссэн шарх, гэмтэлтэй байсан ба үүнээс үүдэж гавал тархиндаа битүү гэмтэл авсны улмаас тархиндаа цус харвасан байсан. Талийгаач Д.Н нь зүүн чамархайн ар хэсэгтэй гэмтэл авч түүний улмаас гавал тархиндаа битүү гэмтэл авч цус харваж нас барсан байсан...” /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт: “...Үзүүлэгч нь Д.Г нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй. Үзүүлэгч нь Д.Г нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэггүй. Үзүүлэгч нь Д.Г нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэггүй. Үзүүлэгч нь Д.Г нь 2017 оны 11 сарын 05-ны хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэг өвчнөөр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч нь Д.Г нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Тогтоолд тусгагдаагүй өөр нөхцөл байдал илрээгүй болно...” /хх-ийн 70 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Г тухайн үед юу болсон талаараа ярьсан бичлэг бүхий CD нэг ширхэг / хх 32 хуудас/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

     Д.Г-ыг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг Шивээтийн 06 тоотод байх гэртээ төрсөн ах Д.Н-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.Н нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь гэрч Х.Ү, Т.Ц, Н.Б нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 117 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг Шивээтийн 06 тоотод байх гэртээ шүүгдэгч Д.Г төрсөн ах Д.Н-ийн хамт байсан, хоорондоо маргалдаж шүүгдэгчийн санаатай, идэвхитэй тохойлдох үйлдлийн улмаас хохирогч Д.Н унахдаа орны толгой мөргөж улмаар тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

            Иймд шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирол төлбөргүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

            Гэмт хэрэг гарах үед талийгаач согтууруулах ундаа хэрэглэсэн, шүүгдэгч тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

            Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа шууд хохирогчид эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал,  хохирогч гомдол, саналгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Шүүгдэгч энэ хэрэгт 49 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг  дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нар барсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Э.ДУЛМАА

                                ШҮҮГЧИД                        Г.ЭНХ-АМГАЛАН

                                                                         Ц.ДАГИЙМАА