Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02300

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02300

 

 

 

 

                                           Г.Бий нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02604 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Бий хариуцагч ЭГЦболовсрол, сургалтын байгууллагад холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 9 405 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Б нь 3 настай охин Б.М, охин Б.Э нарыг ЭГцэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 18 810 000 төгрөг төлсөн. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комисс 2020 оны 1 сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэрлэсэн. Энэ хугацаанд бидний хүлээж байсан хичээлийн хагас жилд төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, (бие бялдрын хөгжлийн чухал хичээлүүд болох биеийн тамир, балет, усан бассейн зэрэг/ сургалтууд явагдаагүй, хоол хүнсийг огт авч чадаагүй. ЭГцэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 4 сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс 2020 оны 4 сарын 27-ны өдөр ЭГцэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 20/12 дугаар албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнүүдээс татгалзаж гэрээний дагуу төлсөн төлбөрийн 50 хувь болох 9 405 000 төгрөгийг 2020 оны 6 сарын 10-ны өдөр буцаан олгох тухай мэдэгдлийг 2020 оны 6 сарын 04-ний өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл сургалтын төлбөр болох 9 405 000 төгрөг төлж барагдуулахаар ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд 2019 оны 08 сарын 23-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт заасны дагуу ЭГболовсрол сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 9 405 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: ЭГЦнь Г.Бтэй 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж, түүний 3 настай охин Б.М, Б.Э нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч сургалтын төлбөрт 18 810 000 төгрөгийг төлсөн. Улмаар ЭГцэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд Ковид-19 буюу шинэ төрлийн короновирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол улсын онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар Улсын онцгой комиссоос шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. ЭГцэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг эхчүүдээс сургууль цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. Гэрээний хугацаа 10 сарын хугацаатай байсан. Нэхэмжлэгч талын гэрээний 50 хувийг нэхэмжилж байгаа бөгөөд уг гэрээний 7.5.2-д зааснаар төлбөрөөс 20 хувийг суутгана. 9 405 000 төгрөгийн 20 хувь буюу 3 762 000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 5 643 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭГболовсрол сургалтын байгууллагаас 9 405 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165 430 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ЭГболовсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 165 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч байгууллагын зүгээс үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулахыг хичээж зорин ажиллаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ”-ний хугацаа 10 сар, сарын төлбөр 990 000 төгрөг болно. Цар тахлын улмаас цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сар 27 хоногийн хугацаанд тасралтгүй явагдсан. Сургалтын хөтөлбөрийг гэрээний нийт хугацааны 50 хувьд явуулсан талаар талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд гэрээний 7.5.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9 405 000 төгрөгийн 20 хувь 1 881 000 төгрөгийг хариуцагч суутган авах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 881 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч ЭГЦболовсрол, сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын төлбөр 9 405 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний төлбөрөөс 20 хувийг суутгаж, үлдэх хэсгийг төлнө гэжээ.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг зөв дүгнэсэн боловч гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврын талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Нэхэмжлэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч “ЭГцэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагатай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг 10 сарын хугацаатай байгуулж, охин Б.Э, Б.М нарыг суралцуулах, сургалтын төлбөрт 19 800 000 төгрөг төлөх, хариуцагч нь тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн хүсэл сонирхол, нас, хөгжлийн онцлогт тохирсон хүүхдийн авьяас чадавхийг нээн илрүүлэх сургалтын ажлыг зохион байгуулахаар харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч нийт 18 810 000 төгрөгийн төлбөр төлж, Б.Э, Б.М нар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ЭГцэцэрлэгт хамрагдсан байна. Тэрээр дэлхий нийтэд Ковид 19 цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, нэхэмжлэгч хүүхдүүдээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш цэцэрлэгт хамруулаагүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ, нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтад үндэслэгдсэн байна. /хх5-12, 13-15/

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний нөхцөл бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсонд зохигчдын хэн аль нь буруугүй бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Зохигчид гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан нөхцөлд төлбөрийг буцаан олгохдоо үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчаас зайлшгүй гаргах гэрээний 7.5-д заасан цэцэрлэгийн үйл ажиллагааны явц дахь зардал, ажиллагсдын орон тоог тогтоож, багш ажилчид болон бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ байгуулж цэцэрлэгийн зүгээс үүрэг хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэрэг зардлыг харгалзан үзэхээр тохиролцсон байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино.” гэж, Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага дагаж мөрдөнө” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нь хууль болон гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй зардал гаргахаар байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй ...” гэж зааснаар нэхэмжлэгч нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой хариуцагчид гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчид гарсан зайлшгүй зардлыг тодорхойлох боломжгүй тул гэрээний 7.5.2-т “эцэг эх нь хүүхдээ гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20 хувиар суутган авна” гэж заасантай дүйцүүлэн нэхэмжлэгчийн 2 хүүхдийн цэцэрлэгт хамрагдаагүй хугацаанд ногдох төлбөр 9 405 000 төгрөгөөс 20 хувийг хасч суутган, хариуцагчаас 7 524 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Уг шийдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасантай нийцнэ.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭГЦболовсрол, сургалтын байгууллагаас  7 524 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 881 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  2 дах заалтын “165 430 төгрөгийг” гэснийг “135 334 төгрөгийг” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

                                   

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД

 

 

                                                      А.МӨНХЗУЛ