Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/809

 

 

 

 

      2023           8            10                                           2023/ДШМ/809

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл, 

хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдуламнарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Бын өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ат холбогдох 2208014821630 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Б.А, 1998 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 17 дугаар гудамжны 2б тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3 дугаар гудамжны 28 тоотод суудаг оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП98070784/,

Б.А нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 17 дугаар гудамжны 2б тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч Ч.Жамъянбаатарт худалдсан боловч 2022 оны 4 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад зар байршуулан бусдад худалдан борлуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг хохирогч Ж.Бд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч худалдан 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Жт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Бын нэр дээрх 000984435, 000690632 дугаартай газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хохирогч Ч.Жыг уг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Б /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 2-35 тоотод оршин суух, РД:чн83110801, утас:88600516/-д олгож, хохирогч Ж.Б гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохооор шийдвэрлэжээ.

            Хохирогч Ж.Бын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Ж.Б нь хохироогүй хашаа байшинг шударгаар худалдаж авсан тул шударга эзэмшигчээр тогтоож хашаа байшинг түүний эзэмшилд үлдээж өгнө үү гэж маргаж оролцсон.

Шүүх тогтоолдоо “...Б.А нь маргаан бүхий хашаа байшинг хохирогч Ч.Жамъянбаатар, П.Мөнхзаяа нарт 21.000.000 төгрөгөөр худалдаж 21.000.000 төгрөгийг нь авсан ба улмаар өв залгамжлалаар авсан хашаа байшинг шилжүүлж өгөлгүйгээр зарын сайтад хашаа байшин зарах зар байршуулан хохирогч Ж.Бтай худалдах худалдан авах гэрээ байгуулж хашаа байшинг шилжүүлэн өгч Ж.Быг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдлсэн байна гэж дүгнэсэн мөртлөө хохирогч Ч.Жамъянбаатар шүүгдэгч Б.Атай хэлцэл хийж 21 сая төгрөгөөр хашаа байшинг авахаар тохиролцож үнийг бүрэн төлж эд хөрөнгө эзэмших эрхийг олж авсан тул хохирогч Ж.Быг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Залилах гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрх ашиг нэгэн адил зөрчигдсөн.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хохирогч нар өмчлөх тухайд маргаан үүссэн байхад Иргэний хуульд зааснаар хохирогч Ч.Жамъянбаатар хэлцлийн үндсэн дээр үнийг бүрэн төлж хүсэл зоригийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсоор мэдэлдээ авсан нь тогтоогдож байна гэж хохирогч Ч.Жамъянбаатарт давуу байдал олгон Ж.Бын нэр дээрх газар болон хашаа байшингийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож хохирогч Ч.Жамъянбаатарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Хохирогч Ж.Бын хувьд мөн хохирогч Ч.Жамъянбаатарын адил шүүгдэгчид залилуулж байгаагаа урьдчилан ухамсарлах боломжгүйгээр нэгэн адил хохирсон эрх нь зөрчигдсөн байх тул хэн аль нь илүү эрхгүй. Хохирогч Ч.Жамъянбаатар, Ж.Б нар нь нэг нь нөгөөгөөсөө илүү давуу эрхтэй гэж үзэх бодит үндэслэлгүй хэн нь ч зөрчигдсөн эрхээ хамгаалах хамгаалуулах тэгш эрхтэй.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ааас хохирогч нарт учирсан хохирлыг тогтоогдсон хохирлын хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэж, Ж.Бын нэр дээр шилжүүлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран гудамжны 2б тоот хаягт байршилтай 340 м.кв үл хөдлөх газар, 41 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалтай байшин зэргийн гэрчилгээг хүчингүй болгож хохирогч Ч.Жамъянбаатар, Ж.Б нарт учирсан хохирлыг барагдуулахад зарцуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуут 3 дугаар гудамжны 28 тоот хаягт 4 хүүхдийн хамтаар 3 дахь жилдээ амьдарч байна. 2020 онд ээж минь өвчний улмаас нас барсан ба дүү Ангир минь 3 настайгаасаа над дээр үлдсэн. Дүү Ангир 6 настай, том охин Гэрэл-Ирээдүй 6 настай, дунд хүү Тэгш-Ирээдүй 4 настай, бага хүү Тэгштулга 1 настай билээ. 2020 онд ээжийгээ алдаад сэтгэл санаа тогтворгүй байх үедээ авто тээврийн осол гаргаж их хэмжээний өрөнд орсны улмаас өөрийн эзэмшлийн хашаа, байшингаа 2020 онд Ж.Бд, 2021 онд Ч.Жамъянбаатар нарт зарж түүгээрээ хохирлоо барагдуулсан. Өөрийн алдаанаас болж 2 хүнийг хохироосондоо маш их харамсаж байна. Мөн өөрийн дүү болон хүүхдүүдээ асран хамгаалах хүнгүй үлдээж байгаадаа санаа зовож сууна. Дүү, хүүхдүүд нараа тэжээн тэтгэхээс гадна бүх боломжоороо хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэх буюу сонгох санкцитай гэмт хэрэг юм. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна хохирол төлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг агуулдаг. Шүүгдэгчийн хувьд хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, хохирол төлөхөө илэрхийлж, дахин гэмт хэрэгт холбогдоогүй.

Мөн шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр зохицуулсан ба шүүгдэгч Б.Аын хувьд бага насны буюу 11 сартайгаас 6 насны гурван хүүхэдтэй, тодорхой оршин суух хаягтай зэргийг нь харгалзан үзнэ үү.

Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина. ...” гэж хуульчлан шүүхэд эрх олгосон байдаг.

Иймд анхан шатны шүүхээс Б.Ат оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулахаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хашаа байшинг авахдаа ямар нэгэн асуудалтай гэж бодоогүй. Сургууль, цэцэрлэгт ойрхон гэж худалдаж авсан. Гэтэл Ч.Жамъянбаатарт хашаа, байшинг минь өгөөд бага багаар миний хохирлыг төлнө гэж байна. Би Б.Ат мөнгөө бөөнөөр нь өгч хохирсон байхад түүнээс бага багаар аваад яах юм бэ. Би одоо 5 хүүхэдтэйгээ хашаа, байшин түрээсэлж амьдарч байна. Б.Аын бага багаар өгөх мөнгийг би түрээсэндээ өгсөөр хохироод л явна. Би зориг гаргаад дүүгийнхээ урьдчилгаа байрыг зээлж аваад, буцаад банкинд тавьсан. Банкны хүү төлж байгаа. Гэтэл энэ хүн намайг хохироочихоод Ч.Жамъянбаатарт хашаа, байшингаа өгчихсөн, надад өрөө бага багаар төлнө гэж байна. Би хэзээ, яаж, хэдэн төгрөг авах вэ. Бага багаар авсан мөнгө надад юу болох вэ. Би үнэхээр их хохирч байна. Хашаа байшин, мөнгө аль аль нь байхгүй би одоо яах вэ. Би хашаа байшингаа алдаж шөнө ч унтаж чадахгүй байна. Би Б.А, Ч.Жамъянбаатар нарт хоёуланд нь гомдож байна. Намайг хоёулаа нийлээд залилсан юм шиг санагдаж байна. Зорьж хашаа байшин авсан биш хүнд байдалд орж, хохирлоо. Надад хэлэх ч үг олдохгүй байна. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ч.Жамъянбаатар, Ж.Б нар хоёул энэ хэргийн хохирогч бөгөөд хохирогч нар эрх тэгш байх нь зөв. Тийм ч учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдсан хашаа байшинг хэн алинд нь өгөхгүйгээр битүүмжилсэн. Шүүхэд хохирол төлбөрийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ байдаг. Гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь эхлээд Ч.Жамъянбаатарыг залилсан. Ингэхдээ Ч.Жамъянбаатар нь уг хашаа байшинг зээлээс чөлөөлүүлэхээр мөнгөн дүн болох 4.500.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж худалдаж авсан. Тухайн үедээ Б.Атай худалдах, худалдан авах хэлцэл бичгээр байгуулсныг хүчин төгөлдөр гэрээний адил үзнэ. Тухайн үед өвийн асуудал яригдаагүй бөгөөд өв нээгдэнгүүт хохирогч Ч.Жамъянбаатар бичиг баримтаа хөөцөлдөж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан бол түүний өмчлөлд хашаа байшин очсон байх нөхцөл бүрдэнэ. Гэтэл хохирогч өөрөө “надад хашаа байшингийн гэрчилгээг өгсөн байсан учраас би итгэсэн” гэж мэдүүлдэг. Хохирогчид хашаа байшингийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэлцэл хийгдсэн баримтууд бүгд байгаа тохиолдолд өвлөх эрх нээгдэх үед миний болно гэж ойлгосон байсан тул улсын бүртгэлд бүртгүүлэх, хориг саад тавиулах зэргийг хууль зүйн талаас нь мэдэхгүйгээс болж хийгээгүй байх. Ч.Жамъянбаатарт өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх шилжсэн байсан тул хохирогч Ж.Быг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Харин илүүтэйгээр хохирогч Ч.Жамъянбаатарыг шударга эзэмшигч гэж харж байна. Гэхдээ хэргийн тухайд шударга эзэмшигч, өмчлөг гэж ярихаас илүүтэй гэмт хэргийн хохирлын хэр хэмжээ, хор уршиг учруулсан байдлыг харгалзах нь зөв. Прокуророос шүүхийн Б.Аын үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй залилах гэмт хэрэг гэж тооцсонтой санал нэг байна. хохирогч Ч.Жамъянбаатарын хувьд 21.000.000 төгрөгийн бэлнээр өгч, зээлийг нэмж төлснөөрөө Ж.Баас илүү хохиролтой бөгөөд маргаан бүхий асуудал үүссэн эд хөрөнгө болох хашаа байшин нь хэлцэл хийгдсэнээр Ч.Жамъянбаатарын өмчлөлд шилжсэн байсан гэж ойлгоно. Үүнээс сүүлд Ж.Б 17.000.000 төгрөгийг бэлнээр өгч хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж авснаараа уг эд хөрөнгөд зөвхөн Ж.Б шударга өмчлөгч гэж үзэх хууль зүйн ойлголт байхгүй. Ийм байдлаар анхан шатны шүүх хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэж, хохирогч Ч.Жамъянбаатарт хашаа байшинг өгсөн нь үндэслэлтэй. Энэ хэрэг дээр өмнө гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогч Ж.Б, өмгөөлөгч Д.Бурмаа нар гомдол гаргаж, хэрэг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Энэ үед өмгөөлөгч Д.Бурмаа “хашаа байшинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдаагаар оруулж, зарсан мөнгийг хоёр хохирогчид хувь тэнцүүлж олгох нь үндэслэлгүй. Ж.Б нэр дээрээ хууль ёсны дагуу шилжүүлж авсан учир хашаа байшин түүнд үлдэх ёстой” гэж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хамгийн анхны анхан шатны шүүхийн шийдвэр зөв байсан мэт гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Ж.Б хууль ёсны дагуу нэр дээрээ шилжүүлж авсан нь үнэн ч энэ хэрэг нь иргэний хэрэг биш. Эрүүгийн журмаар залилуулсан хоёр хохирогч байгаа, хохирогч нарын хохирлыг барагдуулахын тулд хохирол, хор уршгийн хэмжээг заавал харгалзан үзнэ. Тэгэхээр хохирогч Ч.Жамъянбаатарт илүү хохирол учирсан бөгөөд энэ хэргийн эхний хохирогч гэдэг үндэслэлээр түүнд хашаа байшинг үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв юм. Шүүгдэгч Б.Аын гомдлын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар хойшлуулах эрх шүүхэд бий. Гэхдээ энэ тохиолдолд прокурор эсэргүүцсэн байр суурьтай байна. Учир нь, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үздэг. Мөн энэ нь эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцсэн байх учиртай. Гэтэл шүүгдэгчийн хувьд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн. Тодруулбал, хашаа байшинг эхэлж Ч.Жамъянбаатарт худалдсан ч түүний эрхийг шилжүүлэх санаа зорилго агуулалгүй, доош нь хямдруулсан үнээр дараагийн хохирогчид худалдсан. Магадгүй улбаалаад цааш нь 3, 4 гээд хэдэн хохирогчид, хэдэн төгрөгөөр худалдах байсныг бид үгүйсгэхгүй. Мөн өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх талаар нэг ч санал санаачилга гаргаагүй. Гэтэл энэ шүүх хуралдаанд “Би хэрвээ гарчихвал ажил хийгээд төлнө” гэж байна. Гэтэл анхан шатны шүүх энэ хэргийг 2 удаа шийдвэрлэж байгаа. Эхний шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан. Гэтэл тэр цаг хугацаанд хохирлыг төлж барагдуулах талаар санаачилга гаргаагүй, хохирогч нартай уулзаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол цаг хугацаа орсон. Энэ хугацаанд өөрөө болон ар гэрийнхэндээ хандаж ямар нэг байдлаар хохирол төлөөгүй байж хорих ял сонссоныхоо дараа шийдвэрийг хойшлуулж өгөөч, ажил эрхэлж хохирол төлье гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, залилах гэмт хэрэг үйлдэж өөрийнхөө ар гэр, санхүүгийн асуудалд зарцуулсан нөхцөл байдал тогтоогддог учраас хохирол төлөх боломжгүй байгааг дурдаж хэлмээр байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Залилах гэмт хэрэг нь сонгох санкцитай боловч шүүгдэгчид гэм буруугаа ойлгож ухамсарлах, хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг нөхөн төлөх, заавал сулласнаар ажил хөдөлмөр эрхэлж Ж.Бын хохирол төлөгдөнө гэж үзэх үндэслэл байхгүй. Ар гэрийнх нь зүгээс буюу хамтран амьдрагч залуу төлөх гээд явдаг талаар өмгөөлөгч ярьж байгаа ч тухайн хүн өөрийнхөө үр хүүхдийг асран халамжилж явах боломжтой тул ажил хөдөлмөр эрхэлж хоорондоо ярилцаад хохирлыг төлөх боломж байгааг харгалзан үзэх ёстой. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 17 дугаар гудамжны 2б тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч Ч.Жамъянбаатарт худалдсан боловч 2022 оны 4 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад зар байршуулан бусдад худалдан борлуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг хохирогч Ж.Бд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч худалдан 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Жамъянбаатарын “...Би хамар хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар гудамж, 26 тоот хашаа байшин, газрыг 21 сая төгрөгөөр худалдаж авахаар Б.А гэдэг эмэгтэйтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцаж тохирсон. Тэгээд өөрийн 5020908513 тоот дугаарын данснаас уг хашаа байшин өрөнд байсан болохоор 5.147.000 төгрөгийн зээл хааж чөлөөлсөн. Мөн өдрөө Б.Аын данс руу 3.783.000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ангарын данс руу 50.000 төгрөг,  20,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би зээл хөөцөлдөж байгаад үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ангарын данс руу шилжүүлсэн. ...Би гэрчилгээг нь харахад Байгал, Ангар гэсэн хоёр хүний нэр дээр байсан. Тэгээд “Ангарын нэр дээр шилжиж байгаад авна” гэж ярьж тохирсон. 2021 оны 9 дүгээр сард нэр шилжүүлж авахаар болсон. Тэгээд 9 дүгээр сард Ангартай холбоо барихад дандаа худлаа ярьж явсаар одоог хүрч байна. ...Ангар 2022 оны 04 сарын 08-ны өдөр ирээд хашаа байшингаа зарахаа болилоо гээд маргалдаад явсан байсан. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд Ангараас энэ хашаа байшинг 17.000.000 төгрөгөөр худалдаж авсан, бичиг баримтаа дүүрэгт нэр шилжүүлэх гээд өгчихсөн байгаа гэж эхнэрт хэлсэн байсан. Би Ангарт мөнгө өгсөн гэсэн баталгаа болгож нотариатаар орсон, гомдолтой байна. ...” /хх 17-18/,

хохирогч Ж.Бын “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 17-26 тоот хашааг 25.000.000 төгрөгөөр худалдана гэсэн зарын дагуу залгаж нэг эрэгтэй хүнтэй ярихад “Надад бэлэн 10.000.000 төгрөг байна, хэдэд өгөх үү” гэхэд “21.000.000 төгрөгт өгнө” гэхээр нь би “үлдэгдлийг өмчилж авчихаад банк бус санхүүгийн байгууллагад тавиад өгье гэхэд эхнэртэйгээ ярилцаад хэлье” гэсэн. Маргааш өдөр нь нөгөө 25.000.000 гэсэн зар 18.000.000 төгрөг болсон байхаар нь дахиад залгахад нэг эмэгтэй хүн аваад “17.000.000 төгрөгөд өгнө” гэсэн. “Яагаад ийм хямдхан өгч байгаа юм, байшингийн зураг байгаа юу” гэхэд “Сүүлийн 4 жил хүн амьдраагүй, хараад байх юм байхгүй, би хадмындаа амьдардаг юм” гэхээр нь очиж үзэхээр болсон. Тэр эмэгтэй “Би очиж чадахгүй боллоо, та үзээд авна гэвэл эргээд холбогдоорой” гэсэн. Уг хашаанд орох гэтэл хаалга үүд нь цоожтой, голын хамар хашаа нь байхгүй байхаар нь урд айлын хаалгыг нүдэхэд хүн гарч ирээгүй. Дахиад нөгөө эмэгтэй рүү залгаад “урд айлын чинь утас байна уу, ороод харчихаад явъя” гэхэд наад айлын чинь хүн хөдөө явчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр авахаар болоод тэр өдрөө “Б.А” гэдэг эмэгтэйтэй нотариатын газар уулзаад худалдах, худалдан авах гэрээ хийгээд 17.000.000 төгрөгөө шилжүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэр шилжүүлэх хүсэлтээ өгсөн. 7 хоногийн дараа бичиг баримтаа хүлээн авсан. Гэтэл Жамъянбаатар гэдэг хүн энэ байшинг худалдаж авсан гээд оруулахгүй байна. ...Миний бие 17.000.000 төгрөгөөр газар худалдаж авсан, хуулийн дагуу эзэмшиж байгаа. Миний хувьд гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 28/,

хохирогч П.Мөнхзаяагийн “...2022 оны 4 дүгээр сард 21.000.000 төгрөгөөр худалдан авсан хашаа, байшинг Ангар нь өөр хүнд зарж улмаар гэрчилгээ нь гарсан учир манай гэр бүл ярилцаад цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэр бүл Ангартай гэрээ хийгээгүй бөгөөд аман байдлаар хэлцэл хийгээд тохиролцоод салсан. Дээрх шилжүүлэн өгсөн 21.000.00 төгрөг нь манай гэр билүүн дундын өмч бөгөөд нөхрийн данснаас гарсан. Өнөөдрийг хүртэл Ангар нь уулзаагүй зугтаад байгаа. ...” /хх124-125/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Миний бие ээжээс өвлөж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 17-26 хашаа байшинг 2 хүнд давхардуулж зарж борлуулсандаа харамсаж байна. Миний бие хохирлыг одоогоор төлөөгүй байгаа, хамтран амьдрагчтайгаа ярилцаж байгаад цалингийн зээл авахуулж өгнө гэж ярьсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөнөөр шийдэж өгнө үү. ...” /хх 84/ гэсэн мэдүүлгүүд,

үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 54-57/, хашаа, байшин худалдан авсан мөнгөний баримт /хх 7-13, 58/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /хх 62-63, 67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Аын гэр бүлийн хувийн байдлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэлгүй, шалгах ажиллагааг дутуу хийгдсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан “...Бага насны хүүхдүүдтэй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн, хохирогч Ж.Бын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан “...хохирогч нарын хохирлыг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт үүрэг болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Аын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн 6 нас 4 сартай А.Гэрэлт-Ирээдүй, 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн 4 нас 6 сартай А.Тэгш-Ирээдүй, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 1 нас 2 сартай М.Тэгштулга нар нь түүний асран хамгаалалтад байсан нь хорооны тодорхойлолт /хх 128/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүд /хх 129-131/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн, хохирогч Ж.Бд байгаа тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг хүчингүй болгож, хохирогч Ч.Ж, Ж.Бын нарын хохиролд тооцуулан хохирлыг төлж барагдуулах зүйтэй бөгөөд дээрх хоёр хохирогчид тухайн эд хөрөнгийг худалдан борлуулж, хохирлыг төлж барагдуулан, үлдэгдэл төлбөрийг шүүгдэгч Б.Ааас гаргуулан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина. ...” гэж хуульчилсан заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт  зааснаар “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна. ...” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх нэмэлт заалтуудыг оруулж,

 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож,

 4 дэх заалтад “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Жт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. ...” гэснээс “...хохирогч Ч.Жт төлөх төлбөргүй. ...” гэснийг хасаж,

 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Б /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 2-35 тоотод оршин суух, РД:чн83110801, утас:88600516/-д олгож, хохирогч Ж.Б гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 38.000.000 /гучин найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.Жамъянбаатарт 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг, хохирогч Ж.Бд 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг тус тус хохиролд олгосугай. ...” гэж өөрчилж,

хохирогч Ж.Бын нэр дээрх 000984435, 000690632 дугаартай газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, хохирогч нарын хохирол тооцуулан төлж барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.  

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх нэмэлт заалтуудыг оруулж, зарим заалтуудыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хохирогч Ж.Бын өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.Аыг нэн даруй суллаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хойшлуулсугай. ...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана. ...” мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах. ...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт  зааснаар “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулсугай. ...” гэж,

хохирогч Ж.Бын нэр дээрх 000984435, 000690632 дугаартай газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, хохирогч нарын хохирол тооцуулан төлж барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Жт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. ...” гэснээс “...хохирогч Ч.Жт төлөх төлбөргүй...” гэснийг хассугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Б /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 2-35 тоотод оршин суух, РД:чн83110801, утас:88600516/-д олгож, хохирогч Ж.Б гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 38.000.000 /гучин найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.Жамъянбаатарт 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг, хохирогч Ж.Бд 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг тус тус хохиролд олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хохирогч Ж.Бын өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.Аыг нэн даруй сулласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ