Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/03

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд

Хохирогч Ц.А

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

     Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Д-д холбогдох 1727000000025 дугаартай, 146/2017/0080/Э индекстэй,  эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймагт оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Б.Д

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өглөөний 06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орой Г.Отгон манайд ирээд С.Бэхбатын хоньтой танай хонь нийлчихсэн байна гэсэн. Би С.Бэхбатын хониноос 8 ямаагаа авах гээд С.Бэхбатын гэрт иртэл Ц.А гэртээ согтуу байсан. Би тэгээд гэрээс нь гараад явсан. Маргааш өглөө нь 7 цаг өнгөрч байхад би С.Бэхбатын гэрт очиход С.Бэхбат хонио туугаад явж байсан. Ц.А намайг нөхөртэйгөө хардаад замбараагүй гэдгийг чинь мэдэж байна гээд байсан. Урд нь С.Бэхбат, Ц.А хоёр нэг нэгнээ хардаж, сэрдэж цагдаа сэргийлэхээр явж байсан. Энэ хүн яагаад намайг ингээд байгааг би мэдэхгүй байна гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө би үнээгээ сааж байтал Б.Д ирсэн. Б.Д над дээр ирээд ийш тийшээ харж байснаа чи яасан овоо хүүхэн бэ, хонь ялгуулдаггүй гээд намайг араас цохисон. Босч ирэхийн хооронд шилбүүрийн мод булааж авсан. Тухайн үед манай нөхөр хонио туугаад ирж байсан. Тэгээд би гэртээ орж цагдаад мэдэгдсэн. Гар хөлөө үзүүлсэн, гомдолтой байна. Б.Д одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй. Уучлаарай ч гэж хэлээгүй. Гомдолтой байна гэв.

Хохирогч Ц.А-гийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 10 минутын орчим үхрийн зэлэн дээрээ үнээгээ сааж байсан чинь манай саахалт айлын Б овогтой Д явган хүрч ирээд чи ямар овоо хүүхэн бэ? Чамайг би ална гэж хэлээд 1 метр орчим урттай шилбүүр модоор миний нуруу руу 2 удаа цохьсон. Би шилбүүр модоор цохиулаад газар унасан чинь уг модоороо миний зүүн хөл рүү 5 удаа цохьсон мөн зүүн гар луу нэг удаа модоороо цохиод намайг зодсон. Тэгээд зодоод байхаар нь босоод шилбүүрийг нь гараараа бариад авсан чинь шилбүүрээ гараас суг татаж аваад яваад өгсөн. Манай нөхрийг хонио наашлуулж байсан чинь өөдөөс нь очиод хашигчаад байгаа бололтой байсан. Одоо миний бие хөх болчихсон өвдөөд байх юм. Би маш их гомдолтой байна. Б.Д бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 22-ны үед хонины хулгайд хардсан гээд маргалдаж байсан...” гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Г.О-ы 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө Б.Д-г Н.Бэхбатаас ямаагаа ялгаж туугаад ирж байхаар нь би тэднийхээс тарагны хөрөнгө авах гээд очсон юм. Тэр үед Б.Д надад хэлэхдээ Ц.А-г үнээгээ саагаад сууж байхад нь нүдчихээд ирлээ гайгүй ээ Ц.А-г мөчийг нь санжуулнаа, урд шөнө ерөөсөө нойр хүрсэнгүй. Ц.А шуламыг бодоод гэж байсан. Мөн шүүх, цагдаа дуудвал зодоогүй гэж гүрийнэ гэж байсан. Б.Д ямаагаа тууж ирэхдээ хонь малаа туудаг шилбүүрээ барьчихсан ямаагаа туугаад ирж байсан. 2016 оны намар Б.Д нь Ц.А-г зодсон гэж Ц.А-гаас дуулж байсан...” /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч С.Б-ын 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт:“...Хонио өвөлжөөнийхөө гаднаас туугаад гэрлүүгээ явж байсан чинь манай үхрийн зэлэн дээр Б.Д манай эхнэр Ц.А-тай маргалдаад, барьцалдаад байх шиг байсан. Би гэртээ яваад орсон чинь манай эхнэр Ц.А үхрийн зэлэн дээр Б.Д намайг зодчихлоо гээд байж байсан. Тухайн үед Б.Д манай эхнэрийг зодоод зүүн гар нь хавдаад баруун ташаанаасаа доош хүрэн ягаан, шилбэ нь хүрэн ягаан болсон байсан. Манай эхнэр надад хэлэхдээ Б.Д намайг шилбүүр модоор нүдчихлээ гэж байсан. Б.Д ямаагаа ялгаж авахдаа гартаа бургасан шилбүүр барьсан ирсэн. Б.Д 2016 оны намар манай эхнэрийг зодож байсан. Тэрнээс болж манай эхнэр Б.Д хоёр маргалдаж байсан. Б.Д манай гэрт ирж эхнэрийг зодоод манай гэрийн зурагт, суурин Жи мобайлын утас, мөнгөн аяга зэргийг эвдэж байсан.Тэгээд сүүлд нь манай эвдэрсэн эд зүйлийг төлж өгсөн...” гэжээ. /хх-ийн 44-49 дүгээр хуудас/

Гэрч Ц.Н-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө үнээгээ саагаад байж байсан чинь манай төрсөн дүү Ц.А гар утсаар залгаад Б.Д намайг ирээд зодчихлоо би нөхөр С.Б-ын хамт Хужирт сумын эмнэлэг явж үзүүлэх гэсэн юм, хонь харж байгаарай гэсэн...” гэжээ. /хх-ийн 50-52 дугаар хуудас/

Гэрч Э.О-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс өмнө 11-12 цагийн орчим Ц.А гэх эмэгтэй, хөдөө саахалт айлынхаа эмэгтэйд зодуулсан гээд биеэ үзүүлэхээр орж ирсэн. Тухайн үед үзэхэд дух хавдаж хөхөрсөн, зүүн тохой нь хавдаж хөхөрсөн, жижиг шархтай, зүүн шууны урд хэсгээр хавдаж хөхөрсөн, зүүн гарын чигчий, ядам хурууны уг хэсгээр хавдаж хөхөрсөн, зүүн ташаа, гуяны гадна дээд хэсгээр хөхөрч, хавдсан, зүүн шилбэний гадна хэсэг хөхөрч хавдсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 57-60 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 339 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ц.А-гийн биед тархи доргилт, дух, зүүн гар, зүүн хавирга, нуруу, зүүн хөлөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Архаг хууч өвчинг тогтоогдсонгүй. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 80 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 339 дугаартай шинжээчийн дүгнэлт нэмэлт: “...Ц.А-гийн биед зүүн гарын шуунд хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэжээ. /хх-ийн 90 дүгээр хуудас

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-16, 18 дугаар хуудас/

Хохирогч Ц.А-г цохисон гэх шилбүүрийг хохирогчийн аман зургаар гаргасан зураглал /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Д-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-28 дугаар хуудас/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 17, 79, 89 дүгээр хуудас/

    CD-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 29 дүгээр хуудас/

    Б.Дг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өглөөний 06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ц.А, гэрч Г.О, С.Б, Ц.Н, Э.О нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 339 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтуудаас Хужирт сумаас Хархорин суманд ирсэн 2 удаагийн тасалбар нийт 12000 төгрөг, гэмт хэрэг гарах үед Хужирт сумаас “Ар булаг”, Хархорин явсан унааны зардалд 90000 төгрөг нийт 102000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.А-д олгож, бусад баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар, тамга тэмдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн 5 үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт Б.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 102,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 5 үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА