Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/810

 

 

 

 

    2023              8            10                                          2023/ДШМ/810

 

Ж.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд, 

шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.Зт холбогдох 2302002520152 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бат овгийн Ж.З, 1979 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улс судлаач мэргэжилтэй, хувиараа судалгааны ажил хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 15 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УХ79062810/,

Ж.З нь 2022 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 Тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 12.7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 15 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ж.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бат овогт Ж.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Зт оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бортого хэлбэртэй тугалган цаас, 12.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Жавзандулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх дүгнэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тодруулбал нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай. ...” учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж буруу дүгнэлт гаргасан байна.

Гэтэл шүүгдэгч Ж.З нь өөрийн мэдүүлэгтээ “...эрүүл мэндийн улмаас их өвддөг өвчнөө намжаах гэж судлах зорилгоор хадгалсан тухайгаа өөрийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд гэмт хэргийн сэдэл нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавар учруулахаар хадгалж хэрэглээгүй бөгөөд өөрөө ч хар тамхи мансууруулах бодисын эсрэг тэмцдэг гэдгээ хэвлэсэн ном зохиолдоо бичсэн тухайгаа мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хор уршиг тарих зорилгоор бэлтгэж хадгалаагүй сэдэлтэй байна. Шүүх тухайн бодисыг хадгалсан гэх үндэслэлээр ял оноосон атлаа олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хор ихтэй гэдэг дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тукай хуулийн 16.2 дугаар зүйлд “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг харгалзаж үзээгүй ба мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ...шүүгдэгчийн яллах цагаатгах, ял хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно. ...” гэсэн заалтыг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ж.З нь бусдад төлөх төлбөргүй, хохиролгүй болохыг дурьдсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх Эрүүтийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, заалтыг хэрэглэх ёстой байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Анхан шатны шүүхийн 395 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь талд “...гэмт хэргийн обьектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж, ...хадгалсан нь идэвхтэй үйлдэл байна гэснээр төгсдөг гэмт хэргийн үйлдэл бөгөөд хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг. ...” гэж дүгнэсэн атлаа 8 дахь талд “...уршиг ихтэй энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд нийгэмд хортой үр  дагвартай. ...” гэж нөхцөл байдлыг зөрүүтэй дүгнэсэн байна.

Шүүгдэгч Ж.З нь мальяри гэх шумуулаар дамждаг өвчний улмаас беөрний архаг дутагдалд орж 2011 оноос бөөр орлуулах аппаратад 7 хоногт 3 удаа ордог байсан бөгөөд 2019 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон, одоо сар бүрийн эхний 15 хоногт шинжилгээг өгч эмчийн хяналтад байдаг. Ажлын чадвараа 79 хувь алдаж групп тогтоолгосон архаг өвчтэй байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна.

Мөн 1999 онд уушгины цооролтоос нэг талын уушиг тайрах хагалгаанд орсон. 2014 онд духны баруун доод хэсэгт тархины гавлын яс нөхөж суулгаж, хамарын салст, хамарын дайврын хөндийг тайрсан зэрэг эрүүл мэндийн байдал нь муу, өдөр бүр аналгин, демодрол тариагаар тариулж байгаа тул биечлэн хорих ял эдлүүлэхэд саад учруулж болохуйц нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Шүүгдэгч Ж.З нь урьд өмнө нь ял шийтгэлгүй, дэлхийн 86 улс орноор судалгаа хийж олон ном хэвлүүлсэн судлаач бөгөөд хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд түүний аав Ц.Жамбалсүрэнгээс мэдүүлэг авахдаа “...миний хүү хэд хэдэн ном бичихдээ хар тамхи, мансууруулах бодисын эсрэг байр суурь илэрхийлдэг...” гэснийг “...хар тамхи мансууруулах бодисын талаар бичсэн байдаг. ...” гэх мэтээр яллах дүгнэлтэд бичсэн, Ж.Зт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн үндэслэлээр тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авагдсан зэрэг нь хэт яллах талыг баримтлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн байж болзошгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийг танилцуулахдаа шүүгдэгчийн санал гомдол гаргах эрхийг тайлбарлаж гарын үсэг зуруулаагүй байхаас гадна шинжээчийн дүгнэлтийг танилцуулах цагийн эхлэх цаг нь 15 цаг 30 минут, танилцуулж дуусах цаг нь 15 цаг 30 минутад дуусгасан байх тул /хх 104/ дүгнэлттэй танилцах боломж өгөөгүй, байх ба шүүгдэгч Ж.Зын биологийн дээжээс авсан цусанд уг бодис илэрсэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй байхад эргэлзээ бүхий тайлбаруудыг шинжээчид хийжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “...тусгай мэдлэгт хамаарахгүй бол дүгнэлт гаргахаас татгалзах эрхээ хангаж ажиллаагүй байгаагаас гадна манай улсын нэгдэн орсон 1961 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц нь 1971 онд өөрчлөлт оруулсан ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хэвлэл мэдээлэл”-д уг конвенцийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтаас хассан тухай албан ёсны мэдэгдэл гарсан байгааг шинжээч дурьдаж өгөөгүй нь эргэлзээ бүхий байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэглэж шүүгдэгч Ж.Зт оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Нямдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.З нь хариуцагч өвс гэх зүйлийг хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Шүүгдэгч нь өөрөө шүүх хуралдаанд оролцъё гэж байсан боловч 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд оролцож чадаагүй. Гэмт хэргийн сэдлийн хувьд криминологи талаасаа шүүгдэгчийн тухайн бодисыг хадгалах гол шалтгаан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тетрагидроканнабинол гэх бодисыг хар тамхины жагсаалтаас гаргасан мэдэгдэл байсан. Уг мэдэгдлээр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцоор шүүгдэгчийн хэрэглэсэн, хадгалж байгаа зүйл нь хасагдсан байгааг харсан. Мөн уналт таталтын өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн маш олон давуу талтай талаар Олон улсын коммунитын 41 дүгээр хороо гээд эксперт шинжээчийн тогтоол гарсан нь сайтад байдаг. Үүнийг өөрийн бөөрний болон бусад архаг өвчинд хэрэглэх үүднээс авч хадгалсан. Олон улсын жагсаалтаас хассан зүйл нь тухайн олон улсад нэгдэн орсон улсууд ердийн хууль учраас дотоодын хуулийн адил шууд дагаж мөрдөх ёстой боловч Монгол Улсын Эрүүгийн хууль болон бусад Улсын Дээд шүүхийн тайлбар зэрэгт бусад орнуудын адил хэрэглэх боломж байхгүй, нэмэлт өөрчлөлт оруулахад Засгийн газраас ажиллагаа хийх шаардлагатай ажил юм билээ. Бөөрний архаг үрэвсэл нь 2, 3 дугаар шат гээд Хууль зүй дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/366 дугаар тушаалаар баталсан хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад зүй ёсоор багтаж байгаа. Уг жагсаалтын 2.1.15.3-т амьсгалын замын халдвар, мөн бөөрний архаг дутмагшлаас болж бөөр солиулсан. Энэ нь хэрэгт баримтаар авагдсан. Уушгины үрэвсэл /хх 71-75/-ээс болж уушгины нэг талыг нь тайрсан тул амьсгалын архаг үрэвсэлтэй болсон, хамрын ясны дайвар хөндийг тайрсан нь амьсгалах процесст нөлөөлсөн /хх 62-67/, бөөр шилжүүлэн суулгасан /хх 32-83/ гэсэн 2011 оны Улсын Нэгдүгээр эмнэлгийн тодорхойлолт хэрэгт авагдсан байдаг. Эдгээр нь хэдийгээр ял шийтгэл авсан ч шүүхийн шатанд хорих ялаас чөлөөлөх бүрэн боломжтой гэж үзэхээр байна. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 цагаас дээш хугацаагаар байцаасан, эрүү шүүлт тулгасан зэрэг ноцтой зөрчлүүд байдаг боловч энэ талаар хэрэгт авагдсан зүйл байдаггүй. Цусанд “THC” гэх бодис илэрсэн гэж шинжилгээний хариу гардаг боловч гомдол, санал гаргаснаар үнэн зөвөөр гарч бодис илрээгүй болох нь тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүх хадгалсан гэдэг үндэслэлээр хорих ял оногдуулсан гэж бодож байна. Дээр нь уушгины цооролттой гэдэг баримт хэрэгт авагдсан хэдий ч энэ нь амьсгалын замын өвчний жагсаалтад хамаарахгүй бол бөөрний архаг дутмагшил гэдэг зүйл нь хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтаж байна. Шүүхээс хорих ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулах, эсхүл тэнсэж өгөхийг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар 10 хоног эмнэлэгт хэвтэж, өдрийн 5-6 ширхэг эм уух, нэмэлтээр байнга дархлалын эм гаднаас авчруулж уух зэргээс болж бөөр өвчилсөн, идээт үрэвсэл битүү явагдсан, арьс, тархи, хамар, амны салстуудаар идээт үрэвсэл гарсан учраас ярих боломжгүй байдалтай байгаа. Мөн зүрхний хавхлага нээгдэх, хаагдахад нь саад учруулж байгаа учраас хүсэлт гаргаж Ж.Зыг тусгаарлаж өгөөч, хүнд нөхцөл байдалтай хүн хэзээ ч нас барахад бэлэн байна гэсэн учраас ганцаараа өрөөндөө үлдсэн байгаа. Мөн эрхтэн шилжүүлснээс болж дархлааны систем эрс муудсан байгаа учир ариун цэвэр сахих ёстой тул нийтийн душ, усанд орох боломжгүй байсаар хүнд нөхцөлд байна. Тийм учраас хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улс НҮБ-ын 1961, 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенциудад нэгдэн орсон бөгөөд тухайн конвенциудад тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж байсан боловч дагаж мөрдөж байгаа Монгол Улсын хууль хүчин төгөлдөр. Ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон актыг хүний эрхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн мэдээллийг Монгол Улсын хууль, эрх зүйн системд дагаж мөрдөөд нэгдэн орсон конвенциосоо татгалзсан нөхцөл байдал байхгүй. Тухайн 2 конвенц Монгол Улсын хэмжээнд дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн асуудал яригдаж, бөөр шилжүүлэн суулгасан. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Гэсэн хэдий ч тухайн шүүгдэгчийн бөөр шилжүүлэн суулгасантай холбоотойгоор эмчлэгч эмчээс гэрчийн мэдүүлэг авахад бөөртэй холбоотой асуудал байхгүй, тодорхой хугацаанд бөөрний эмчийн хяналтад байдаг, шүүгдэгчийн дурдаад байгаа шиг өвчин намдаахаар хэрэглэдэг зүйл байхгүй, есөн салаат гэдэг ургамлыг хэрэглэх шаардлага байхгүй, эмчийн хувьд үүний талаар зөвшөөрөл олгоогүй гэж мэдүүлсэн. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан ялтныг ялаас чөлөөлөх журам ёсоор шинжээчийн дүгнэлт гарч, ялтныг ялаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл Ж.Зын хувьд ялтан гэх нэр томьёонд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байгаа тул уг журмыг хэрэглэх нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болно гэж үзэж байна. Нөгөө талаар хэрэгт авагдсан процессын зөрчилтэй шүүгдэгч танилцахдаа, мөн яллах дүгнэлт гардаж авахдаа тодорхой хэмжээнд эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал байсан. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөх эрхээр нь хангаж мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын өмгөөлөгч Дэлгэрийг оролцуулж, анхан шатны шүүх хуралдаан дуустал оролцуулсан. Өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан гэж ярьж байгаа ч анхан шатны шүүх яагаад хэрэглээгүй, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг яагаад хангаагүй талаараа шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нийгмийн хор аюул гэдэг нөхцөл байдлыг тодорхой дурдаж саналыг хүлээж аваагүй үндэслэлээ тайлбарласан. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч нь цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж “Есөн салаат” гэх нэрээр сэтгэцэд нөлөөт бодис болох ургамлыг өвчин намдаах зориулалттай, хэрэглэж болно, дээр үеэс Монгол Улсад хэрэглэж байсан гэх үйл баримтыг судалж байсан гэсэн нь нийгмийн хор аюулыг үүсгэсэн гэдэг үндэслэлээр улсын яллагч танилцуулсан. Шүүх ч уг байдлыг дүгнэж шийтгэх тогтоолоо гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон заалт биш. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тус зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн дотоод итгэлийн асуудал. Прокурорын хувьд шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд шийтгэх тогтоол болон шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж байх үед тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Ж.З нь 2022 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 Тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 12.7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 15 тоотод хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

дуудлага лавлагааны хуудас /1хх 2/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-16/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-20/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 21-22/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 32, 2хх 95/, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 34-42/, цахим сайт нүүр хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 43-89/,   

гэрч Б.Хулангийн “...Золбаярыг өвс татдаг гэдгийг нэг гэрт хамт амьдарч эхэлсэн цагаас мэддэг байсан. Өвчтэй гэртээ хэвтэрт байхдаа бас татдаг байсан. Энэ өвс сайн, өвчнийг мартуулдаг байсан гэж хэлдэг байсан. Ингээд яваандаа бие нь эрүүл болоод өвсөө хэрэглэхээр ааш авир нь өөрчлөгдөөд шал өөр хүнтэй байгаа юм шиг өөдөөс дайрч, бүх зүйлийг миний буруу болгох гээд байдаг болсон. ...Золбаяр өвс яаж олж авдгийг мэдэхгүй байна. Найз нөхдөөсөө авдаг юм шиг байсан. ...” /1хх 139/,

шинжээч эмч Б.Ламчингийн “...Дээрх “Делта 9 Тетрагидроканнабинол” болон “каннабинол” нь нэг төрлийн изомер бодисууд юм. Энэ нь 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтана. ...” /2хх 99-100/,

Ж.Зын яллагдагчаар өгсөн “...Олон жил аян замд явахад бөөрнөөс гадна нуруу, зүрх, үе мөч, шөрмөс татах гээд олон эрхтэн өвдөж тогтмол зовиуртай байгаа. ...Миний хэрэглэсэн өвс гэх баруунаар Хемп гэх ургамал нь эрүүл мэндийн ач тустай болохыг Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сангаас олж мэдсэн бөгөөд өндөр хөгжилтэй улс орнууд эмчилгээнд өргөн ашиглаад эхэлсэн. Миний хувьд өдөр тутамдаа олон тооны эм уудаг, дархлаа байхгүй болсон учраас байнга бие өвддөг. Энэ ургамал нь хамгийн тохиромжтой эмчилгээ бөгөөд олон өвчтөнүүдэд энэ ургамлын ач тусыг хүргэхийн төлөө тэмцэх болно. ...” /2хх 138-139, 141/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон ууттай ургамал мэт зүйл мөн бортого хэлбэртэй тугалган цаас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон ууттай ургамал мэт зүйл мөн бортого хэлбэртэй тугалган цаас тус бүрээс “Делта 9 Тетрагидроканнабинол” болон “каннабинол” илэрсэн. “Делта 9 Тетрагидроканнабинол” нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1647 дугаартай /1хх 128-131/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 286 дугаартай /2хх 102-103/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Ж.Зыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар хадгалсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...Шүүгдэгч Ж.Зт оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.З нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар хадгалсан үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх. ...” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Зт оногдуулсан хорих ялыгы тэнсэн хянан харгалзах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн, өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүчинтөгөлдөр үйлчилж байгаа Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад дээрх сэтгэцэд нөлөөт бодис хасагдсан талаар албан ёсны баримтгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Зын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх нь эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага буюу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул эд мөрийн баримтаар хураан авсан бортого хэлбэртэй тугалган цаас, 12.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хадгалахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.З нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолд тогтоох хэсгийн 5 дахь заалтад

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бортого хэлбэртэй тугалган цаас, 12.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бортого хэлбэртэй тугалган цаас, 12.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай. ...” гэж өөрчилж, шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ