| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/07433/И |
| Дугаар | 197/ШШ2025/01032 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/01032
2025 02 11 197/ШШ2025/01032
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: ************************* тоот хаягт оршин суух, Г.Э***** /РД:************ /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************************** тоот хаяг байрлах, М************* ХХК, /РД:*************** /-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 12,886,405 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч талууд эвлэрлийн гэрээгээ шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э***** хариуцагч М************* ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлсний үлдэгдэл, ээлжийн амралтын цалин 10,886,405 төгрөг, татварт төлсөн 2,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Э***** нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээс 3,886,405 төгрөгийг мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч М************* ХХК нь 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг захирамж гарсан өдөр 2,000,000 төгрөг 2025 оны 03 дугаар сарын 01-ны дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э***** нь хариуцагч М************* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээс 3,886,406 төгрөгийг мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч М************* ХХК нь 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг захирамж гарсан өдөр 2,000,000 төгрөг 2025 оны 03 дугаар сарын 01-ны дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,132 төгрөгийн 105,566 төгрөгийг улсын төсвөөс, 105,566 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН