Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

                         Шүүгдэгч                                          Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ад холбогдох 1732000000081 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй * тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харчу овогт Батболдын А.

 

Б.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн №05 тоотод 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т.Алтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Т.Алн толгой тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: ... мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэв.

           Хохирогч Т.Ал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Б.А намайг явлаа гэсэн чинь явуулахгүй татаж чангаагаад тэрнээс болж бид 2 маргалдаж намайг стаканаар цохиж гэмтээсэн. А надад эмчилгээний зардалд 300000 төгрөг өгсөн өөр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/ мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ: ... би хийж өгсөн архинаас ууж байгаад 20 цагийн орчим гэр лүүгээ явлаа гэж хэлээд гарах гэтэл Амараа гэдэг залуу миний цүнхийг булааж аваад явуулахгүй гэж хэлээд хувцаснаас татаж суулгаад байсан. Тэр үед Амараа “чи явахгүй ээ гичий минь, энэ архийг уу” гэж хэлэхээр нь би наад архийг чинь уухгүй гэж хэлээд Амараагийн хойд талаас цүнхээ авах гэж татсан чинь Амарааг хальт цохичих шиг болсон. Тэгтэл Амараа “чи эрэгтэй хүний толгой руу цохидог ямар омголон гичий вэ” гэж хэлээд гартаа байсан стакантай ундааг миний нүүр лүү цацаад барьж байсан стаканаа миний толгой дээр цохиж хагалсан. Тэр үед миний толгойн оройн хэсгээс цус гарч маш их өвдсөн. Нэгдсэн эмнэлэгт авч ирээд толгойн хуйхнаас шилний хагархайг түүж аваад хуйханд оёдол тавьсан. Миний толгойноос цус гарч байхад Амараа надад “үх гичий минь, чамайг алчихсан байхад чамайг гэх хүн байхгүй шүү” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р тал/,

         Гэрч Н.Ою мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ал Бэ ахын гэрээс гараад явна гэж хэлсэн чинь Амараа ах Алг явуулахгүй татаж чангаагаад суулгаад байсан. Ал явна гэж уйлж байгаад Амараа ахын толгойг гараараа түлхсэн чинь Амараа ах “Эр хүний тэргүүнд хүрдэг ямар омголон гичий вэ” гэж хэлээд Алг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь гартаа байсан стакантай ундааг Алгийн нүүр лүү цацаад гартаа байсан стаканаар Алг хойш нь орон дээр сууж байгаад толгойн орой руу нь нэг удаа цохичихсон. Тэгтэл Алгийн толгой хагарчихаад толгойноос нь аймар их цус гараад байхаар нь би өөрийн нөхөр Жаргалсайханыг дуудаад Бэ ахын гэрт оруулж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р тал/

        Гэрч Б.Бэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … архи ууж байхад Ал явлаа, харилаа гээд явах гэсэн чинь А Алг явуулахгүй татаж чангаагаад гэрийн баруун талын орон дээр татаж хүчээр суулгаад байсан. А, Алг “чи байж байгаач пизда минь” гээд загнаж байгаад Алг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь манай гэрт байдаг, тэр үед ундаа хийж хүмүүст өгч байсан зузаан стаканыг гартаа барьж байгаад Алгийн толгойн орой руу цохичихсон. Тэгтэл Алгийн толгойноос цус гараад эхэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/

          2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №238 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

                  1. Т.Алн биед толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 20-р хуудас/

                Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-8-р тал/, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 19-р хуудас/

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүгдэгч Б.Аы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн №05 тоотод 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т.Алтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Т.Алн толгой тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Т.Алгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р тал/, Гэрч Н.Оюын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р тал/, Гэрч Б.Бэий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №238 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-8-р тал/, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 19-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Аыг хохирогч Т.Алн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Б.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн №05 тоотод 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т.Алтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Т.Алн толгой тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт Батболдын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Аыг торгох ялыг 03 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн аяганы хагархайг устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.