Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0863

 

2024 11 04 128/ШШ2024/0863

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Н ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар С дүүргийн 32 дугаар дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1803105 дугаар бүхий 5237 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

1.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дүгээр захирамж гарч Н ХХК-д олгосон 5237 м.кв газрын эзэмших эрхийг ...дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

1.3. Нэхэмжлэгчээс анх 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай Н ХХК нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 12 сарын 07-ны өдөр 01/23 дугаартай албан бичгийг илгээснээр тус албаны 2023 оны 12 сарын 14-ний өдрийн №01-08/******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотыг, тус тоотод дурдагдсан болон хавсралтаар хуулбарлан илгээсэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг хүлээн авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

...Нийслэлийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, С дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 5237 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттайгаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан Э-******* тоот гэрчилгээ авч 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн байдаг.

Манай компани нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №01-08/******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотонд дурдсан захирамжийг гардаж аваагүй, мэдээгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газрын төлбөрөө төлөхөөр e-gazar.gov.mn-д нэвтрэн орж үзтэл газрын мэдээлэл программд байхгүй байсан тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01/23 тоот албан бичгээр хандсан болно.

Уг захиргааны шийдвэр гарахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байтал 2023 оны 07 сард шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерөнхий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр тул үндэслэлгүй гэж үзэхээр байна. Энэхүү маргаан бүхий 2 захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй захирамжид дурдсан хуулийн заалтыг үзэхэд Газрын тухай хуулийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийг дурдсан байна.

Манай компани тус газрыг 2019 оны 2,3 дугаар сард эзэмших эрх нээгдсэн бөгөөд энэ цаг хугацаанд барилга барих төлөвлөгөө гарган санхүү бүрдүүлэхээр ажил эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч 2019 оны 12 сарын эхээр дэлхий даяар тэр дундаа хөрш улс болох БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотод Коронавируст халдвар (Ковид-19) бүртгэгдэж эхэлснээр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай агаарын болон газрын хилийн боомтыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хаах шийдвэр гаргаж, хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан байдаг. Монголд Коронавируст халдвар (Ковид-19) тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхны тохиолдолд бүртгэгдэж эхэлснээр халдвар тархсанаар яаралтай горимоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар тус хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарч, Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж ажил зогссон болно.

Дээрх хуулийн үйлчлэлийн үед тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх гэсэн онцгой дэглэм үйлчилж байсан юм.

Гэвч манай компани нь цар тахлын үеийн дэглэм буюу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэсний дараа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эзэмшиж байгаа газраа ашиглах санхүүгийн нөөцөө бүрдүүлэхээр Н******* р******* ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, тооцоо судалгаа хийх, зураг төсөв боловсруулах ажилдаа орсон байдаг.

Тийм учраас манай компани нь эзэмшиж байгаа газраа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хямралд орсон, Монгол Улс төдийгүй дэлхийн бүхий л улсад онцгой дэглэм үйлчилж байсан бөгөөд Н ХХК-ийн газар эзэмшиж байгаа 2 газар цар тахлын онцгой дэглэмд хамрагдсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй учраас Н ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах нь цар тахлын үед тогтоосон онцгой дэглэм, цар тахлын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийн хугацааг үл харгалзан гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцэхгүй шийдвэр байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох", 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох гэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, үндэслэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийг үндэслээд С дүүргийн 32 дугаар хороонд байрлах 5,237 м.кв газрыг үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар15 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар дээр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барихаар ажиллаж байсан. Энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсээд, 2019 оноос хойш 2022 оныг хүртэл энэ Ковид-19 цар тахлын хөл хорио, Монгол Улсын Засгийн газраас гаргасан ээлжит тогтоолуудаар хатуу дэглэм тогтоогоод, хил гааль хаагдаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс тухайн газар дээр үйлчилгээ явуулах боломжгүй. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад барилга байгууламж барих, компанийн эдийн засаг хүндэрсэн. Яагаад гэвэл, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан. ...Гэтэл 2023 оны 7 сард маргаан бүхий хоёр газрыг цуцалсан шийдвэр гарсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс цуцалсныг нь мэдээд шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлээс 24 дүгээр зүйлд заасан сонсох, мэдэгдэх, оролцоог хангах үйл ажиллагааг захиргааны байгууллага хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан бүхий газар дээр зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нөхцөл байдал байсан эсэх, ямар шалтгаанаар ашиглаж чадаагүй вэ гэдэг бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тухайн захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг заавал хийхийг шаарддаг. Сонсох ажиллагаанд яг ямар нөхцөлөөр цуцлах гэж байгаа вэ. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой шалтгаан байсан уу гэдгийг тодруулах шаардлагаар сонсох ажиллагаа хийхээр байдаг. Гэтэл нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулсан гэж 2022 оны 09 дүгээр сард 2 удаа албан бичиг явуулсан гээд байгаа боловч тухайн албан бичиг нь Н ХХК дээр ирж байгаагүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Маргаан бүхий дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан процесс журмын дагуу явагдаагүй, хууль бус захиргааны акт учраас хүчингүй болгож өгнө үү... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч Н ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжаар С дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1803105 дугаар бүхий 5237 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/******* дугаар албан бичгээр хүргүүлсэн ба Өдрийн сонин-ы 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №******* дугаар мэдээнд нийтлүүлсэн байна. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрийн албаны цахим шуудан [email protected] хаягаас [email protected] хаягт захирамжийг хүргүүлсэн байна.

Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд ... хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж заасныг баримтлан хүчингүй болгосон.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар тус хоёр газрыг олгосон. С дүүрэг болон Баянзүрх дүүргийн хоёр газрыг нэг захирамжаар олгосон. Хүчингүй болгохдоо тус тусад нь А/, А/ дугаар захирамжуудаар хүчингүй болгосон. С дүүрэг дэх газрын тухайд, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. Шуудангаас ирсэн материалыг харахад тухайн үед хүргэсэн байна гэж ойлгосон. Сүүлд нотлох баримтаар шүүх авсан. Мөн дээрээс нь Өдрийн сонинд хэвлүүлсэн. Өдрийн сонинд тус С дүүрэг болон Баянзүрх дүүргийн хоёр газрыг хамтад нь нийтлүүлсэн. Сонины 148 дугаарт нь С дүүрэг дэх газар, 26 дугаарт нь Баянзүрх дүүрэг дэх газрыг нийтлүүлсэн. Нийтлүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасны дагуу бусад хэлбэрээр цахим сайтад байршуулж сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дараа 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр С дүүргийн газрыг хүчингүй болгосон мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийг и-мэйл хаягаар явуулсан байдаг. Цахим сайтаар болон шуудангаар явуулсан нь мөн хавтаст хэрэгт авагдсан байдаг. Баянзүрх дүүргийн газрын хувьд 2022 оны 09 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ мэдэгдэл хүргэгдсэн гэж шуудангийн ирүүлсэн баримт дээрээс ойлгосон. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болгосон мэдэгдлийг гаргасан. Мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/23 дугаар албан бичгээр манайд хандсан гомдлын хариуд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 01-08/******* дугаартай баримтаар тухайн газрыг хүчингүй болгосныг мөн дахин мэдэгдэж, хариу явуулсан. Энэхүү баримтыг албан бичгийн бүртгэлийн дэвтэр дээрээсээ хуулбарлаад очсон гэдэг нотлох баримтыг сая гаргаж өгсөн байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан буюу хууль ёсны дагуу ажиллагаа явагдсан захирамж учраас үндэслэл бүхий захирамж учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна... гэв.

4. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн ба Нийслэлийн хоёр өөр дүүрэг болох С, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газарт олгосон газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэрийг нэг огноотой боловч тус тусад нь маргаан бүхий захирамжуудаар шийдвэрлэсэн, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад өөр өөр үйл баримтыг дүгнэх хэрэгцээ гарсан, ингэснээр зарим баримтыг нэмж цуглуулах шаардлагатай болсон тул процессын хэмнэлттэй зарчмыг хангуулах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг хэрэглэж хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар түүнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/ дугаар захирамжаар С дүүргийн 32 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар, 5237 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, ******* нэгж талбарын дугаарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

3. Хариуцагч С дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, хуульд заасан хугацааны дотор зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар ...газар эзэмших тухай гэрээг 2019 онд байгуулж, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаар Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж байсан..., тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй..., сонсох ажиллагаа явуулаагүй зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ...бодит нөхцөл байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, ...газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмын дагуу эзэмшсэн газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан, энэ утгаараа газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай гэрээг, эсхүл Газрын тухай хууль тогтоомж зөрчих, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ...мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласны хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид бий болсон, эсхүл нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлын тухайд, шүүхээс 2024 оны 09 дугаар сарын 14-ний өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн барилга, байгууламж барих зориулалтаар газрыг эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна.

7. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Баримт хүргүүлэх тухай 01-06/1922 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар С дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5237 м.кв үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхтэй Н ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу 1 м.кв нь 5500 төгрөг буюу 5237 м.кв талбайд 28,803,500 /хорин найман сая найман зуун гурван мянга таван зуу/ төгрөг төлөөгүй байна гэх үйл баримт хэрэгт авагдсаныг шүүхээс дүгнэхдээ,

8. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар авсан ба уг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй болох нь дээрх албан бичгээр тогтоогдсон гэж үзэв.

9. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасныг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарлахдаа: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, мөн зүйл, хэсэгт заасан ...ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино хэмээжээ.

10. Маргаан бүхий захирамжид дурдсан энэ үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.8.газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшилтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх гэж заасан ба тухайн маргаан бүхий газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлсэн хариуцагчийн шаардлагыг нэхэмжлэгч нь биелүүлээгүй, дуудлага худалдааны үнийг төлөхгүйгээр зөрчсөн нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарна, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль үндэслэлтэй гарсан гэж шүүх дүгнэв.

11. Иймээс хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.4. газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмуудыг хангуулж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.2. газар эзэмшигч, ... гэрээний дагуу үр ашигтай, зохистой ажиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн... гаргасан захирамж нь хуульд нийцсэн байна.

12. Харин нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн тул тус үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/794 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

13. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/******* дугаар албан бичгээр хүргүүлсэн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарладаг бөгөөд уг мэдэгдлийг Н ХХК гардан авсан болох нь Монгол шуудан ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/636 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдоно.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасан бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг Өдрийн мэдээ ХХК-ийн эрхлэн гаргадаг Өдрийн сонин-ы 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баасан гарагийн №*******/******* дугаарт нийтлүүлсэн болох нь Өдрийн сонин-ы шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарны 09-ний өдрийн121 тоот лавлагаагаар мөн нотлогдож байна.

14. Нөгөө талаас хэдийгээр дээрх байдлаар сонсох ажиллагаа явуулсныг буруутгасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах буюу нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасныг хүлээн авах нөхцөл үүссэн ч гэсэн газрын маргааны зөрчил арилах боломжгүй, зөвхөн сонсох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байсныг дурдах нь зүйтэй.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН