Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02358

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02358

 

 

 

 

                                            Б.С нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С хариуцагч Г Г ХХК-д холбогдуулан гаргасан эд хөрөнгө хөлслөх гэрээг хууль бусаар цуцалсны улмаас учирсан хохирол, торгуульд нийт 8 822 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г Г ХХК-тай худалдааны талбай түрээсээр ашиглах гэрээг байгуулж, Гурван гал худалдааны төвийн 3 давхрын 1 тоот 30 м.кв талбайг болор эдлэл, цүнх, гутлын худалдаа эрхлэх зориулалтаар сарын 600 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэтэл Г Г ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш үндэслэлгүйгээр түрээсийн талбайг чөлөөлөх, түрээсийн гэрээг цуцалсан гэх шаардлагыг удаа дараа тавьсан. Хэрэв заасан хугацаанд түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй бол барьцаа төлбөрийг олгохгүй, эсхүл түрээсийн талбайн үнийг 1 000 000 төгрөг хүртэл нэмнэ гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг нэмсэн ч хамаагүй түрээслэх гэсэн боловч зай байхгүй, гар гэж шаардсаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хөөж гаргасан. Хариуцагчийн гаргасан уг үйлдлээс нэхэмжлэгчид нийт 8 822 000 төгрөгийн бодит хохирол болон сэтгэл санааны хохирол учирсан. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олох ёстой байсан орлого болох 4 000 000 төгрөгөөр хохирсон. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн талбайг 600 000 төгрөгөөр түрээслэхээр байсан боловч хариуцагч тал гэрээг нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр цуцалснаас болж Б.С нь СТҮ ХХК-тай түрээсийн гэрээг шинээр байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 35 м.кв талбайг 1 162 560 төгрөгөөр түрээсэлсэн. Гэрээ цуцалснаас мөн хугацааны түрээсийн төлбөрийн зөрүү болох 2 812 000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан. Түрээсийн гэрээний 5.3-т заасны дагуу торгууль 300 000 төгрөг шаардах эрхтэй болсон. Хариуцагчийн өмчлөлийн түрээсийн талбайд зориулж засан сайжруулалт хийлгэсэн. Хөөгдөж гарах үед хэрэглэх боломжтой хөрөнгийг авсан бөгөөд зөвхөн тухайн талбайд зориулж, 1 320 000 төгрөгийн шилэн модон тавиур, 300 000 төгрөгийн тааз, 300 000 төгрөгийн шилэн хорго, 160 000 төгрөгийн модон тавиур, 460 000 төгрөгийн цагаан тек зэргийг хийлгэсэн боловч одоо ашиглах боломжгүй болж нэхэмжлэгч өөрийн чингэлэгт хадгалж байгаа. Иймд дээрхийг хийлгэхэд гарсан 2 540 000 төгрөгийн зардлаар хохирсон. Уг эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан үндэслэлээр гарсан зардлын 50 хувийг бууруулж, хариуцагчаас 1 270 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Мөн нүүлгэх явцад түрээслэгч тал албаар цахилгаан шат зогсоож, гэрэл унтрааж ёс бус үйлдэл гаргасан бөгөөд үүнээс үүдэн 3 давхраас хүнд шилэн болор эдлэлүүд тавилгууд 1 цагийн дотор нүүлгэхэд эвдрэл гэмтэл гарсан. Үүнд: 6 ширхэгтэй 2 хос болор эдлэл тус бүр нь 220 000 төгрөгийн үнэтэй байсан эд зүйлээр хохирсон тул 440 000 төгрөгийг хохиролд тооцож шаардах эрхтэй. Иймд хариуцагч Гурвангал групп ХХК-аас нийт 8 822 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбарт:  Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээний 3 дугаар зүйлд аль нэг талын санаачилгаар цуцлах талаар заасан. Компани эд хөрөнгөндөө засвар хийх шаардлага үүссэн тул түрээсийн талбайгаа чөлөөлүүлсэн. Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг бүхэлд нь авч явсан. Засан сайжруулалт хийгээгүй. Ямар засан сайжруулалт хийгдсэн, хэнээр юу хийлгэсэн нь тодорхойгүй. Манай талбайд ямар ч засвар хийгээгүй. Салгаж болох бүх тавилга, тек зэргээ аваад явсан. Нүүх явцад өөрсдийн буруугаас эд зүйлээ гэмтээсэн тул манайх хариуцахгүй. Олох байсан орлого 4 000 000 төгрөг шаардсан ч сард хэдэн төгрөгийн орлого олдог байсныг нь нотлох баримт хэрэгт байхгүй. 20 хоногийн дотор 4 000 000 төгрөгийн орлого олдог байсан тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сарны титэмд түрээсийн талбай авсан гэх боловч гэрээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, акт байхгүй, түрээсийн хөлсийг төлсөн гэх баримт хэрэгт байхгүй. Гэрээгээр торгууль төлөх үүргийг хүлээсэн тул 300 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг тус тус баримтлан Г Г ХХК-аас 1 057 000 төгрөг гаргуулж Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 765 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 102 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 29 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Учралын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын ихэнхи хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Шүүх талуудын хоорондын гэрээний заалтыг бус хуулийн заалтыг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр байна гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.  Түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс болж тохижилт хийсэн эд зүйлсийг нэхэмжлэгч нь ашиглах боломжгүй болсон бөгөөд тус эд зүйлсийг зөвхөн тухайн газрыг урт хугацаанд түрээслэхэд зориулж хийлгэсэн байдаг. Энэ нэхэмжпэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжихгүй бөгөөд харин учирсан хохирлоо гаргуулж хохиролгүй болох, цаашлаад хариуцагч нь өөрийн гаргасан бусдыг хохироосон буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх нөхцөл бүрдэнэ. Олох байсан орлого 4 000 000 төгрөгийг шүүх шийдвэрлэхдээ 2020 оны 6 сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7 433 270 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдож байна гэсэн атлаа зарлага хасагдаагүй дүн учир зайлшгүй орох байсан орлогод тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ашгаа нэхэмжлээгүй бөгөөд түрээслүүлэгч буюу хариуцагч талын буруутай үйлдлээс учирсан хохирол буюу орлогоо нэхэмжилсэн. Хэрэв хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, орлого хэвийн орох байсан. Сарын дундаж орлогоор нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Өөр талбайг өндөр үнээр түрээсэлсний улмаас 2 812 000 төгрөгийн хохирол учирсан тухайд. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээ, дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд түрээсийн төлбөр  сарын 1 162 560 төгрөг болох нь тогтоогдож байхад шүүх шилжүүлсэн төлбөрийн хэмжээг буруу тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2020 оны 12 сард дуусах тул энэ хугацааны түрээсийн төлбөр нь зайлшгүй гарах зардал, хохиролд хамаарна. Шүүх тапуудын хооронд байгуулагдсан “Худалдааны талбай түрээсээр ашиглах гэрээ"-г “талууд түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн байх боловч худалдаа үйлчилгээний төвийн 3 давхрын 1 хэсэг болох 30 м.кв талбайг ашиглуулахаар тохиролцсоноос үзвэл шүүх уг гэрээг иргэний хуулийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан байна гэж үзлээ” гэсэн байх боловч “Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг төрөл учраас шүүх ийнхүү зүйлчлэх нь талуудын хүсэл зориг болон хууль зөрчихгүй гэж дүгнэв" гэх тайлбар нь хоорондоо зөрчилдөөнтэй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг мөр болгож өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 7 225 000 төгрөгийн хэмжээгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г Г ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцалсны улмаас учирсан хохиролд 8 522 000 төгрөг, торгууль 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч торгуулийн 300 000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдааны талбай түрээсээр ашиглах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Гурвангал худалдааны төвийн 3-р давхрын 1 тоот 30 м.кв талбайг болор эдлэл, цүнх гутлын худалдаа эрхлэх зориулалтаар 1 жилийн хугацаатай сарын 600 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ. Гэрээний зүйлийг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл эзэмшиж ашигласан, гэрээ хариуцагчийн санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байна. /хх10-12/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаарх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Торгууль 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд,

Зохигчид гэрээний 7.4-т “түрээслүүлэгч гэрээний 6.2-т заасныг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээслэгчид барьцаа мөнгөний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль төлөх”-өөр тохиролцсон байх ба хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрчээ. /хх49/

Засан сайжруулалтын зардал 1 270 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ. Хэрэгт авагдсан гэрэл зураг, дансны хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглахын тулд тодорхой хэмжээний тохижилт хийсэн болох нь тогтоогдож байх боловч тохижилт хийсэн гэх эд зүйлсээ талбайг чөлөөлөхдөө авч явсан, одоо нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч уг тавилгуудыг дахин ашиглах боломжгүй гэх тайлбарыг нотолсон баримтгүй. Иймд гэрээний 9.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. /хх14-15, 19/

Эд зүйлс гэмтээсний төлбөр 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч нь талбайг чөлөөлөх явцад хариуцагч цахилгаан шат зогсоож, гэрэл унтраасны улмаас 3 давхраас болор эдлэл, тавилгууд зөөх үед тус бүр нь 220 000 төгрөгийн үнэтэй 6 ширхэгтэй 2 хос болор эдлэл эвдэрч гэмтэн 440 000 төгрөгийн хохирол учирсан гэж хэрэгт хагарсан эд зүйлсийн зургийг нотлох баримтаар ирүүлсэн байна. Гэвч болор эдлэл эвдэрсэн нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэхэд учир дутагдалтай. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд зүйлс тухайн цаг хугацаанд эвдэрч гэмтсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. /хх16, 18/

Өөр түрээсийн талбайг өндөр үнээр түрээсэлж 2 812 000 төгрөгийн илүү зардал гаргасан тухайд,

Хариуцагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцласнаас үүдэн нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр СТҮ ХХК-тай худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээг байгуулж, тус худалдааны төвийн 2 давхарт байрлах 34.60 м.кв талбайг сарын 1 162 560 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, барьцаанд 2 422 000 төгрөг, 8 сарын түрээсийн төлбөрт 805 000 төгрөг, 9 сарын түрээсийн төлбөрт 1 152 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх8, 52-55/

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан талбайн түрээсийн гэрээний төлбөрт сард 600 000 төгрөг, 2 сард 1 200 000 төгрөг төлдөг байсан бол СТҮ ХХК-д 8, 9 сарын түрээсийн төлбөрт нийт 1 957 000 төгрөг төлж, хариуцагчид төлөхөөс 757 000 төгрөгийн /1 957 000-1 200 000/ илүү зардал гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн илүү гаргасан зардал 757 000 төгрөгийг хариуцагчийн гэм буруугийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

Харин олох ёстой байсан орлого 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн объектоос гаргаагүй байсан бол 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7 433 270 төгрөгийн орлого олох байсан, түрээслүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас энэ хугацаанд орлого олж чадаагүй тул олох ёстой орлогынхоо 50 хувиар тооцоолон 4 000 000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлан, хэрэгт депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх13/

Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Хэргийн 13 дугаар тал дах нэхэмжлэгчийн Төрийн банкны депозит дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 443 270 төгрөгийн орлоготой ажилласан байх ба хариуцагч хугацаанаас нь өмнө гэрээг цуцлаагүй бол нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд энэ хэмжээний орлоготой байх боломжтой, үүнийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байх тул 4 000 000 төгрөгийн тал хувиар буюу 2 000 000 төгрөгийг олох ёстой байсан ашиг гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г Г ХХК-аас 3 057 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 765 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дах заалтын “29 918 төгрөгийг” гэснийг “63 862 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

                  

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД

 

                                                     А.МӨНХЗУЛ