Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/811

 

 

 

 

    2023            8              10                                      2023/ДШМ/811

 

Б.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам  нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлээр Б.Нт холбогдох 2308000000412 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Богд боржгон овгийн Б.Н, 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 70 дугаар байрны 3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВЮ02282732/,

Б.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн төв зах худалдааны төвөөс үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 1 ширхэг Алтайн хойлог шувуу худалдан авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 1 дүгээр баг, 70 дугаар байрны 3 тоотод хадгалсан, улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн 09-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун зорчиж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Москва хороололд өөрийн түрээслэн амьдарч байсан байранд хадгалсан, мөн цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” бүлгэмд өөрийн “Нарантэнгэр.Б” гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулан бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан яллах дүгнэлт дэх шүүгдэгч Б.Нт холбогдох гэмт хэргээс цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” бүлгэмд өөрийн Нарантэнгэр.Б гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулан бусдад худалдахыг завдсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Нийг хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хойлог шувууны бодгаль болох түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 5.500.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон нийт 90.000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 5.410.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт биечлэн эдлэх 5.410.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тус хэрэгт хураагдсан 1 ширхэг алтайн хойлог шувууны бодгалийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Нт урьд авсан Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тодорхойлохдоо “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн. ...” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийн гэмт хэргийн шинжид “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэх шинжүүд бүгд хамаарч байх бөгөөд цахим орчинд хойлог шувууны махыг бусдад худалдахыг завдсан боловч түүнд холбогдох хэргийн “Хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэх үйлдлүүд нь үйлдэгдэж бүрэн төгссөн худалдахыг завдсан үйлдлээрээ энэ гэмт хэрэг илэрсэн буюу төгссөн, бусдад худалдахыг завдсан болох нь хэрэгт авагдсан гэрч Н.Уранбилэгийн “Манай охин хөл өвдөөд, хойлгийн мах сайн гэж хүмүүсээс сонсоод “Мал мах авна, зарна нэгдсэн групп” гэсэн нэртэй фейсбүүк групп дээр өөрийн “Нуурай Уранбилэг” фейсбүүк хаягаас “Хойлогийн мах авна” гэсэн зар тавьсан. Тэгээд зар тавьсныхаа дараа хүмүүс хандахгүй байхаар нь нөгөө зараа тоолгүй хаячихсан, тавьсан зарынхаа дагуу хойлгийн мах гэдэг зүйлийг ч худалдаж аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх- 25/, Б.Нийн яллагдагчаар өгсөн “...мал мах авна, зарна” гэсэн фейсбүүк групп дээр “хойлогийн мах авна” гэсэн зар байсны дор сэтгэгдэл хэсэгт “авсан уу, аваагүй бол чат" гэж бичсэн /хх-44/, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” фейсбүүк групп дээр “Нуурай Уранбилэг” гэх хаягаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хойлогны мах авна” гэсэн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт “Нарантэнгэр.Б” хаягаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулсан” гэх мэдээллийг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Пүрэвжаргал хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн экологийн шинжээч мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Үүрийнтуяагийн “Цахим орчин Илрүүлэлт” аяны хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл хууль бусаар ан агнах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор цахим орчинд “Мах, мах авна, зарна” гэсэн нэгдсэн групп бүлгэмд “Нуурай Уранбилэг” гэх хаягаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хойлогны мах авна” гэсэн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт “Нарантэнгэр.Б” хаягаас “Awsnuu. awaagvi bol chat”  гэж зар оруулсан байсныг уг фейсбүүк хаяг руу холбогдож лавлаж асуухад “Хойлог байгаа” гэж хариу өгсөн болно. Цахим орчинд тавигдсан зарыг хавсаргав” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 4/, Б.Нийн “Байнаа 250к, Хэд хэрэгтэйн одоо бол 1 байна, 95117441” гэсэн бусадтай чаталсан чат /хх-ийн 5/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Н нь цахим орчин буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” бүлгэмд өөрийн “Нарантэнгэр.Б” гэх хаягаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулан бусдад худалдахыг завдсан үйлдлийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийн гэмт хэргийн шинжид “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэх шинжүүд бүгд хамаарч байх бөгөөд цахим орчинд хойлог шувууны махыг бусдад худалдахыг завдсанаараа уг гэмт хэргийг төгсгөж байгаа үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах хууль зүйн үндэслэлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт, мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй. Мөн Б.Н нь гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг мэдэж байсан ба өөрийн сайн дураар үйлдлээ таслан зогсоох ямар ч зорилго байгаагүй. Үүнийг прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хэргийн оролцогч нарын мэдүүлэг, мөрдөгчийн илтгэх хуудас, тэмдэглэл зэргүүдээр тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж байна. Учир нь, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт төгссөн хэргүүдийг тодорхойлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг дурдаж, хадгалсан үйлдэл нь төгсөж, цахим орчинд зар оруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах ёстой байсан. Мөн завдсан гэх үйлдэлд мөрдөгч, прокурор ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдчилан тогтоох ёсгүй, заавал нарийвчлан дүгнэж, нотлох баримтын хүрээнд тогтоох ёстой. Гэтэл энэ ажиллагаануудаа хийж гүйцэтгээгүй, завдсан гэдгийг тогтоож чадаагүй байж шүүхээр гүйцэлдүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай. 

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ “...хойлог шувууны махыг зар оруулан бусдад худалдахыг завдсан үйлдлийг нотлоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокуророос шүүгдэгч Б.Нийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн төв зах худалдааны төвөөс үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 1 ширхэг Алтайн хойлог шувуу худалдан авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 1 дүгээр баг, 70 дугаар байрны 3 тоотод хадгалсан, улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн 09-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун зорчиж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Москва хороололд өөрийн түрээслэн амьдарч байсан байранд хадгалсан, мөн цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” бүлгэмд өөрийн “Нарантэнгэр.Б” гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулан бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нийг цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” бүлгэмд өөрийн Нарантэнгэр.Б гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулан бусдад худалдахыг завдсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь цахим орчинд буюу фейсбүүкийн “Мал мах авна, зарна нэгдсэн групп” бүлгэмд өөрийн Нарантэнгэр.Б гэх хаягнаас “Awsnuu. awaagvi bol chat” гэж зар оруулсан, мөн гэрч Н.Уранбилэг тухайн хойлог шувууны махыг худалдан авах гэж байсан гэх зэрэг баримтууд хавтас хэрэгт авагдсан боловч үүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд дурьдалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ